Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 625

 

 

 

 

 

 

 

   2020         09           25                                       2020/ШЦТ/625

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Доржсүрэн даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Мөнхтулга,

улсын яллагч Б.Алтанцэцэг /томилолтоор/,

шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:

Б овогт Н-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2010000000828 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бага боловсролтой, тогооч мэргэжилтэй, “АПУ” ХХК-ний сүүний үйлдвэрт туслах тогоочоор түр ажилладаг, ам бүл-4, эгч, хүргэн ах, аав нарын хамт хххх тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Н-ын О-. /РД:/,

 

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Н.О нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Мишээл экспо төвийн баруун талын “Эй Пи Констракшн” ХХК-ийн барьж байгаа барилгын хашаан дотор иргэн Б.Э-ын Самсунг-S 8 загварын 320.000 төгрөгийн гар утсыг хүнтэй яриад өгье гэж хуурч мэхлэн өөрийн эзэмшилд шилжүүлэн авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.О мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.  

 

Хоёр: Эрүүгийн 2010000000828 дугаартай хэргээс

1. Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:

“...2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо “Эй Пи Констракшн” ХХК-ийн хашаанд харуулын гэрт сууж байхад манай гэрт уг компанид тогоочийн туслахаар ажилладаг зүс таних залуу орж ирж тогоочийн тухай асууж гал тогооны өрөөний түлхүүр үлдээсэн үү гэсэн. Тэгээд тэр залуу өөрийнх нь гар утасны нэгж дууссан, тогоочтой ярих гэсэн юм гээд миний гар утсыг авч ярьсан. Тэр үед би гэр дотроо цаашаа харан сууж рапортын дэвтэр дээр юм бичээд байж байсан чинь ах би нойл ороод ирье гэхээр нь юм бодолгүй сууж байхад тэр чигтээ миний гар утсыг аваад явсан байсан. Тэгээд эргэж ирээгүй. Би нойл очиж шалгахад бас байхгүй байсан” гэх мэдүүлэг /хх-н 10-12 дугаар хуудас/,

 

2. Тэнцвэр эстимэйнт ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн х-410 дугаартай “...Samsung s8 plus гар утас 320.000 төгрөг“ гэх үнэлгээний тайлан /хх-н 17-19 дүгээр хуудас/

 

3. Шүүгдэгч Н.Оын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:

“... 2020 оны 08 дугаар сарын 21-ний өглөө 8 цагийн үед Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Мишээл экспо төвийн баруун талд баригдаж байгаа барилга дээр өмнө нь тэнд туслах тогоочоор ажиллаж байсан болохоор барилгын харуул ахтай мэндтэй байсан учир гэрт нь орсон чинь Энхжаргал ах сууж байсан. Би найз охин Ану руу залгах гэсэн чинь утсаа авахгүй байсан бөгөөд тэр үед миний утасны цэнэг дуусахаар нь Энхжаргал ахыг утсаа өгч байгаач тогоочтой утсаар ярьчихаад өгье гэж хэлээд Самсунг эс-8 загварын гар утсыг нь аваад гэрийнх нь гадаа зогсож байгаад найз охин руугаа залгасан чинь утсаа авахгүй байхаар нь гар утсыг нь  оруулж өгөхгүйгээр аваад явсан. Тэгээд Баянзүрх дүүргийн сансрын тунел дээр очиж найзтайгаа уулзаад 0,75 граммын 1 шил архи хувааж уугаад согтоод 33 дугаар сургуулийн урд талын байрны саадан дотор сэрэхэд манай найз алга болчихсон байсан. Мөн миний болон Энхжаргал ахын гар утаснууд алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-н 24-25 дугаар хуудас/,

 

4. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 36 дугаар хуудас/, оршин суух хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39-40 дүгээр хуудас/, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтанд шүүгдэгч Н.О нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар яллагдагчид танилцуулж, зөвшөөрсөн талаар дурдаж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.О холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав.Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

 

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.О нь 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо Мишээл экспо төвийн баруун талын “Эй Пи Констракшн” ХХК-ийн барьж байгаа барилгын хашаан дотор хүнтэй яриад өгье гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Б.Э-ын Samsung s8 загварын 320.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг шилжүүлэн авч, хохирол учруулсан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

-Хохирогч Б.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тэр залуу өөрийнх нь гар утасны нэгж дууссан, тогоочтой ярих гэсэн юм гээд миний гар утсыг авч ярьсан. ...би нойл ороод ирье гэхээр нь юм бодолгүй сууж байхад миний гар утсыг аваад явсан байсан. ...эргэж ирээгүй. Би нойл очиж шалгахад байхгүй байсан. ...”гэх мэдүүлэг /хх-н 10-12 дугаар хуудас/,

-Тэнцвэр эстимэйнт ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-н 17-19 дүгээр хуудас/

-Шүүгдэгч Н.О мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:

“...барилгын харуул ахтай мэндтэй байсан.  ...миний утасны цэнэг дуусахаар нь Энхжаргал ахыг утсаа өгч байгаач тогоочтой утсаар ярьчихаад өгье гэж хэлээд Самсунг эс-8 загварын гар утсыг нь аваад ...оруулж өгөхгүйгээр аваад явсан. ...найзтайгаа уулзаад 0,75 граммын 1 шил архи хувааж уугаад согтоод 33 дугаар сургуулийн урд талын байрны саадан дотор сэрэхэд ...миний болон Энхжаргал ахын гар утаснууд алга болсон байсан” гэх мэдүүлэг /хх-н 24-25 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно гэж заасан.

 

Шүүгдэгч Н.О нь хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшилд  шилжүүлэн авч залилсан байх ба, өөрийн энэхүү үйлдлийг хууль бус болохыг мэдсээр байж, ухамсарлаж, хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр үйлдэгдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Иймд шүүгдэгч Н.Оыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролын тухай:

Гэмтхэргийн улмаас хохирогч Б.Э-д 320.000 төгрөгийн хохирол учирсан байх ба, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Н.О нь хохирогчид 320.000 төгрөгийг нөхөн төлсөн байна. Мөн хохирогч нь хавтаст хэргийн материалтай танилцаад нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “...шүүгдэгч Н.Отай эрүүгийн хариуцлагын талаар тохиролцож, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлж, шүүгдэгч Н.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөлд харгалзсан ба, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтуудаар тогтоогдож байна.  

 

            Шүүхээс шүүгдэгч Н.Оыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба, прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Н.От 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого, эд хөрөнгө, санхүүгийн эх үүсвэрийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхээс зайлсхийвэл хорих ялаар солихыг мэдэгдэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

Тус хэрэгт шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүйг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Н-ын О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Н-ын О-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш дөрөв сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Н.От оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шийтгэх тогтоолд хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

   

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Д.ДОРЖСҮРЭН