Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 2020/ШЦТ/83

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Ө.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С овогт Өын Тт холбогдох эрүүгийн 2017001220084 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, С овогт Өын Т /РД:ЕЙ/ Улаанбаатар хотод 1991 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, Г аймгийн С сумын 2 дугаар баг, Р... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, ах, эгч, 2 дүү нарын хамт амьдардаг, урьд 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан гэх,

Холбогдсон хэргийн талаар

яллах дүгнэлтэд тэмдэглэснээр:

 

Яллагдагч Ө.Т нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Чойрын 127 тоотод 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэн С.Нийн өмчлөлийн “Huawai Y6” маркийн гар утсаар насанд хүрээгүй /5настай/ Дийг тоглож байхад нь хүнтэй яриад өгье гэж хэлээд авч зугтаан иргэн Б.Үд 50 000 төгрөгөөр зарж иргэн С.Нт 612 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Ө.Т нь 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Чойрын 127 тоотод хашаанд С.Нийн өмчлөлийн “Huawai Y6” маркийн 612 000 төгрөгийн үнэ бүхий гар утсаар түүний зээ хүү бага насны /5 настай/ Б.Дийг тоглож байхад нь хүнтэй яриад өгье гэж хэлж хүүхдээс гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Ө.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Чойрын эгнээнд Х ах, Б ах хоёртой 9 цагийн үед таараад Б ахын гэрт архи уугаад сууж байтал Н эгч зээтэйгээ орж ирээд бид дөрөв цуг архи уусан. Н эгч дахиад нэг шил архи авч ирж хамт уусан. Би гарахдаа Н эгчийн зээ болох жаахан хүүхдээс утсаар нь яриад өгье гэж хэлж аваад утсаар нь ярьж байгаад хашааных нь хажууд байх жижиг завсраар гараад цаашаа явсан. Хүүхэд нь хашаанд утсаар тоглож байсан. Тэгээд дэнжийн Андууд дэлгүүр дээр очоод Тогтох гэдэг ахаас утас авах хүн байна уу гэж асуутал ах нь хүн олоод өгье гэж хэлсэн. Цэнхэр Портертой хүн ирж зогсохоор нь очиж утсаа үзүүлтэл хэдээр зарах гэж байгаа юм гэхээр нь 50 000 төгрөгөөр зарна гэсэн, хэний утас юм гэхээр нь миний утас гэж хэлээд зарсан. Хохирлын 50 000 төгрөгийг Нийн охинд өгсөн. Гар утас авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Хохирогч С.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн үед намайг Б гэртээ ороод ир гэхээр нь ороход Б, Х, Таа гэх хүзүүндээ шивээстэй залуутай хамт архи уугаад сууж байсан. Би ууж байсан архийг нь хамт уусан. Тухайн үед манай охины хүүхэд 5 настай Д надтай хамт миний утсаар тоглоод хажууд сууж байсан. Тэгээд би Бийн дансанд мөнгө шилжүүлээд 1 шил 0,75 граммын Хараа нэртэй архи авч ирээд бид 4 хувааж ууж байгаад би гараад амбаараа ухаж нилээд удаж байгаад буцаад Бийнд орж ирсэн чинь Б ганцаараа унтаж байхаар нь би гэртээ ороод унтаад өгсөн. Орой 21 цагийн үед сэрээд утсаар ярих гэсэн чинь утас байхгүй байхаар нь зээ хүүгээсээ асуусан чинь хүзүүндээ шивээстэй ах хүнтэй утсаар яриад өгье гээд аваад зугтаасан гэж хэлсэн. Тэгээд маргааш нь Т гэх залууг олж уулзсан чинь Андууд дэлгүүрийн хажууд цэнхэр Бонго машинтай хүнд 50 000 төгрөгөөр зарсан гэсэн. Манай охин утас зарсан хүнийг нь олоод 50 000 төгрөг өгөөд утсаа авсан. Би Huawei Y6 маркийн гар утсыг 2019 оны 11 дүгээр сард Мобикомоос лизингээр авсан. Сард 56 500 төгрөг төлдөг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 9-10 хуудас/

 

1.3. Гэрч Б.Ү мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 06 дугаар сарын 30-ны 22 цагийн үед нөхөр Бын хамт дэнжийн Андууд дэлгүүрийн өөдөөс харсан дэлгүүрийн үүдэнд зогсоод нөхөр машиндаа үлдээд би дэлгүүр орж юм аваад гараад иртэл согтуу намхандуу туранхай хар ах манай нөхрийг утас авах уу гээд зогсож байсан. Тэгсэн чинь цаанаас цээж хүзүү гарандаа шивээстэй нэг залуу утас бариад гүйгээд ирсэн. Тэр утсыг нь 50 000 төгрөгөөр авахаар болоод төв Андуудын АТМ-ээс 50 000 төгрөг аваад бэлнээр нь шивээстэй залууд өгсөн. Ямар учиртай утас юм гэсэн чинь миний утас байгаа юм гээд цоожтой байсан утасны цоожийг нь гаргаж өгсөн. Тэгээд утсанд байх зургийг нь үзсэн чинь шивээстэй залуугийн өөрийнх нь хүүхэд болон нэг эмэгтэйтэй авхуулсан зураг байсан. Тэгэхээр нь өөрийнх нь байна гэж бодоод авсан. Хоёр хоногийн дараа ажил дээрээ байж байтал над руу нэг хүн яриад та хулгайлагдсан утас авсан байна, утсаа авах хэрэгтэй байна гээд миний дансыг аваад 50 000 төгрөг хийсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 12 хуудас/

 

1.4. Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 07 дугаар сарын 01-ний өглөө ажлаасаа буугаад ээж Нийнд очсон чинь утсаа алга болгосон гэсэн. Манай хүүхэд ээжийн утсаар тоглож байхад нь хүзүүндээ шивээстэй залуу манай хүүхдээс утсаар чинь хүнтэй яриад өгье гэж хэлээд аваад явсан гэж байсан. Би дэнжийн Андууд дэлгүүрийн хажуугаар байх архи уудаг хүмүүсээс хүзүүндээ шивээстэй хүн Ү6 маркийн утас зарах гээд явж байсан уу гэж асуусан чинь өндөрдүү хар бүдүүн хүн өчигдөр Таа гэж залуу утас зарна гээд бариад явж байсан гэж хэлсэн. Бас өөр нэг хүнээс асуусан чинь цэнхэр Портертой хүнд зарсан байхаа гэж хэлсэн. Маргааш нь би Б гэх айлыг хайж очиход нэг эмэгтэй гарч ирээд манай нөхөр утсыг худалдаж аваад маргааш нь хот явсан одоо байхгүй байна, зарсан хүн нь хулгайн утас гэж хэлээгүй яаралтай мөнгөний хэрэг гараад зарж байна гэхээр нь авсан, утсыг чинь буцааж өгнө харин утас худалдаж авсан 50 000 төгрөгийг буцааж өг гэхээр нь би тэр дор нь эхнэрийнх нь данс руу 50 000 төгрөг шилжүүлсэн. Ү6 маркийн утсыг 2020 оны 01 сард Мобикомоос лизингээр авч байсан. Худалдан авсан хүнд өгсөн 50 000 төгрөгийг Т гэх хүнээс эргүүлэн авсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13-16 хуудас/

 

1.5. Насанд хүрээгүй гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Намайг эмээгийндээ утсаар тоглоод байж байтал хүзүүнийхээ доод хэсэгт цэцэгтэй шивээстэй ах орж ирээд утсаар чинь яриад өгье гэж хэлэхээр нь би түүнд утсаа өгсөн чинь утсаар чинь ярьчихаад өгье гэж хэлээд гудамжаар яваад өгсөн. Араас нь дагаад гарахад байхгүй болчихсон байсан. Надаас тэр ах булааж аваагүй, аваад зугтаасан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 16 хуудас/

 

1.6. Гэрч С.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Намайг дэнжийн Андууд дэлгүүр дээр зогсож байтал Таа гар утас зарна гээд хүрээд ирсэн. Цэнхэр өнгийн Портер машинтай хүн ирэхээр нь гар утас зарна гэхэд үзье гэсэн. Би Таад хэлээд нөхөрт нь үзүүлээд 50 000 төгрөгөөр авъя гэхэд Таа тэг тэг гээд төв Андууд орж АТМ-ээс мөнгө аваад Таад 50 000 төгрөг бэлнээр өгсөн. Таа зарсан 50 000 төгрөгөөрөө дэнжийн Андууд дэлгүүр орж 1 шил 0,75 литрийн Хараа, 2,5 литрийн савлагаатай том пиво аваад бид хоёр хувааж уугаад салцгаасан. Хэний утас байсныг нь мэдээгүй, Таа надад утас зарна л гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17 хуудас/

 

1.7. Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2020 оны 06 дугаар сарын 30-ны орой дэнжийн Андууд худалдааны төвийн гадаа эхнэрээ дотроос гарч ирэхийг хүлээгээд байж байтал нэг танихгүй залуу ирээд утас худалдаж авах уу гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр гарч ирээд хулгайн утас биш биз дээ гээд тухайн залуугаас асуусан чинь миний утас байгаа юм гэж хэлээд утасны түгжээг тайлаад, өөрийнхөө зургийг үзүүлээд байхаар нь хулгайн утас биш гэж бодоод 50 000 төгрөгөөр худалдаж авсан. Маргааш нь намайг Улаанбаатарт байхад манай эхнэр залгаад өчигдөр авсан утас хулгайн утас байна, наад утсаа замын унаанд хийгээд явуул гэхээр нь би 50 000 төгрөгөө буцааж өгвөл явуулъя гэж хэлсэн чинь удалгүй манай эхнэрийн дансанд 50 000 төгрөг орчихлоо гэсэн. Би замын машинд өгөөд явуулсан. Манай эхнэр тосож аваад утас алдсан гэх хүний эгчид нь хүлээлгэж өгсөн гэсэн. Тухайн гар утас Huawei Y6 маркийн шаргал өнгийн утас байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20-21 хуудас/

 

1.8. Сүмбэр сумын үнэлгээний комиссын дүгнэлтэд: “Huawai Y6 маркийн андройд үйлдлийн системтэй гар утсыг 612 000 төгрөг болно” гэжээ. /х.х-ийн 25 хуудас/

 

1.9. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 37-45 хуудас/

 

1.10. Гар утас/төхөөрөмжийн баталгаат засварын хуудас /х.х-ийн 57 хуудас/ зэрэг болно.

 

Прокуророос шүүгдэгч Ө.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

 

Хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглээгүй боловч илээр авсан өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодын болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглээгүй, хэрэглэхээр заналхийлээгүй, зөвхөн ил аргаар эд хөрөнгийг салган авч тэр даруй хохирогчоос зугтаах, зайлсхийсэн шинжтэй үйлдэл хамаарна.

Харин бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэг нь эд хөрөнгийг нууц далд аргаар хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн шууд санаатай үйлдлийг ойлгоно. Мөн үүнээс гадна бага насны, өндөр настай гэх зэрэг бусад байдлаас шалтгаалан тухайн үед болж байгаа явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй, илчлэх чадваргүй байдлыг далимдуулан тэдний хөрөнгийг авсан үйлдлийг нууц, далд аргаар авсан гэж үзнэ.

 

Энэхүү хэргийн нотлох баримтаар тогтоогдож байгаа үйл баримт нь хохирогч С.Нийн Huawai Y6 маркийн гар утсаар түүний 5 настай зээ хүү Б.Д тоглож байхад шүүгдэгч Ө.Т нь гар утсыг нь хүнтэй яриад өгье гэж хэлж аваад явсан үйлдэл нь хүүхдээс гар утсыг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар, нууцаар авсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ.

 Өөрөөр хэлбэл тухайн үед болж байгаа үйл явдлыг 5 настай буюу бага насны хүүхэд ойлгож мэдэхгүй тул уг этгээдийн халдаж буй объект, үйлдлийн шинжид үндэслэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ө.Тт холбогдуулан Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ө.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон ба гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нь архи уух мөнгөтэй болох зорилгоор буюу шунахайн сэдэлтээс үүдэлтэй байна.

 

ХОЁР: Шүүгдэгч Ө.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Гэрч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Т нь 6 дугаар ангиасаа ээж аав нь өнгөрөөд над дээр ирсэн бүтэн өнчин. Хувийн зан байдлын хувьд хүний үгнээс гардаггүй, даруу төлөв, хүнд их тусархуу хүүхэд. Сүүлийн үед архи уугаад байгаа. Архи уухаараа л ийм зүйл хийгээд байх шиг байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 хуудас/

 

2.2. Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Т нь бүтэн өнчин хүн байгаа юм. Миний төрсөн эгч Гийн асаргаанд ахтайгаа хоёулаа байдаг. Хувийн зан байдлын хувьд хүний үгнээс гардаггүй, даруу төлөв, хүнд их тусархуу хүүхэд” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/

 

2.3. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /х.х-ийн 56, 60-62 хуудас/

 

2.5. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр гаргасан хүсэлт, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /х.х-ийн 67, 68 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ө.Тыг бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Прокуророос шүүгдэгч Ө.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах санал тус тус гаргасныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийн хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ө.Тын гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, бусдад учруулсан хохирлын хэмжээ, түүнийг нөхөн төлсөн зэргийг харгалзан албадлагын арга хэмжээг давхардуулан авах шаардлагагүй ба хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хугацааг багасгаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ө.Т нь архидан согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь архи уух зорилготой байсан болох нь нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнд тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид даалгах зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ө.Т нь цагдан хоригдоогүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тт холбогдуулан Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч С овогт Өын Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тт тэнссэн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, түүнд хяналт тавихыг Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Тт шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

6. Шүүгдэгч Ө.Т нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА