Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 2020/ШЦТ/84

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б. овогт А-ийн Эт холбогдох эрүүгийн 2017001540089 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 21-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 5-р баг, Баруун өвөр гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт А-ийн Э /РД:.................../

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч А.Э нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг Баруун өвөр гэх газар 2020 оны 03 дугаар сарын 20-ны үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Оийг 20 гаруй жилийн өмнө үерхэж байсан Б гэгчтэй хардан улмаар багалзуурдан толгой эрүү хэсэгт нь цохиж, 2020 оны 07 дугаар сарын 7,8-ны үед үснээс нь үсдэж чирсэн, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр багалзуурдах, баруун зүүн мөрлүү нь  гараараа цохиж зодсон, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Г.Оийг архи уулаа мотоцикль өг гэж хэлэн мотоциклийн түлхүүрийг авснаас маргалдан улмаар багалзуурдах, нүүр толгой хэсэгрүү нь гараараа цохих зэргээр зодож  гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Э нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг Баруун өвөр гэх газар 2020 оны 03 дугаар сарын 20-ны үед гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Г.Оийг 20 гаруй жилийн өмнө үерхэж байсан Б гэгчтэй хардан улмаар багалзуурдан толгой эрүү хэсэгт нь цохиж, 2020 оны 07 дугаар сарын 7,8-ны үед үснээс нь үсдэж чирж, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр багалзуурдах, баруун зүүн мөрлүү нь  гараараа цохиж зодсон, мөн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Г.Оийг архи уулаа мотоцикль өг гэж хэлэн мотоциклийн түлхүүрийг авснаас маргалдан улмаар багалзуурдах, нүүр толгой хэсэгрүү нь гараараа цохих зэргээр зодож  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “ Тухайн үед манайх Сүмбэр сумын 5-р баг Алсын худаг гэх газар отор хийж байсан юм. 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11 цагийн үед манай эхнэр О Чойрлуу хүүхдэд хоол унд аваачиж өгнө гээд өөрийнхөө Т.Приус 11 маркын машинтай явсан юм. Тэгээд байж байтал 13 цагийн үед Дорноговь аймагруу адуу туугаад явж байгаа гээд танихгүй 2 залуу манай гэрт ирсэн. Би тэр 2 залууд хоол хийж өгчихөөд байж байтал тэр 2 өврөөсөө 0,75 литрийн Хараа нэртэй архи гаргаж ирээд бид 3 хувааж уусан юм. Тэгээд тэр хүмүүс явахаар нь би мотоциклийн араар 2 хүүхдээ сундлаад хониндоо явсан. Гэрээс урагш засмал замын хажууд малаа туугаад явж байтал манай эхнэр машинтайгаа ирсэн. Эхнэр ирээд архи уулаа гэж уурлахаар нь чамд ямар хамаатай юм гээд хэрүүл маргаан болсон.  Тэгээд эхнэр миний мотоциклийн түлхүүрийг булаагаад авахаар нь эхнэрийн зүүн хацарлуу нэг удаа цохисон. Тэгтэл цагдаа дуудна гээд явсан. Тэгэхээр нь би газраас жижиг чулуу аваад машинруу шидсэн чинь манай эхнэр машинаасаа буугаад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би хүзүүг нь боогоод баруун гараараа баруун хацар, баруун нүдрүү нь нэг удаа цохисон. Тэгээд удалгүй цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх байранд авчирсан. Бид хоёрын дунд гэр бүлийн маргаан байдаг байсан. Тэгэхдээ нэг их гар хүрээд зодоод байдаггүй байсан. Саяхнаас архи уухаараа эхнэрийн өмнө нь сууж байгаад салсан Б гэх залуу бодогдоод уур хүрээд байх болсон. Тэр уурандаа болоод 2020 оны 03 дугаар сарын 20-ны үед архи уусан байхдаа эхнэрийг багалзуудаж толгой, эрүү хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж байсан. 2020 оны 07 дугаар сарын 08-ны үед Төв аймгийн Баян сумаас мэргэлдэг Б гэх хүн авчирч  малаа сэтэрлүүлсэн юм. Тэгээд тэр авчирсан хүнтэйгээ архи уугаад салсан. Тэгээд явсаных нь дараа эхнэртэй хэрэлдэж үснээс нь үсдээд чирсэн байна лээ.

2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр айлын хүүхдийн үсний найранд очиж эхнэр бид 2 архи уусан. Тэгээд тэр айлаасаа гараад хөдөө гэртээ очоод мөн л Б ярьж хэрэлдэж байгаад хүзүүг нь боож, цээж, баруун, зүүн мөр хэсэгт нь цохиж байсан удаатай... гэх мэдүүлэг. /хх-ийн 39-р хуудас/

 

Хохирогч Г.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Манайх Сүмбэр сумын 5-р баг Улаан ус гэх газар отроор явж байгаа айл юм. 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 11 цагийн үед Чойрт ирээд бэрдээ хоол цай дөхүүлж өгчихөөд 14 цагийн гэртээ очтол  нөхөр Э болон хүүхдүүд байхгүй болохоор нь хонин дээрээ очтол байхгүй байсан. Тэгэхээр нь хажуу айлын Буриад гуайгаас сураглатал саяхан гэртээ байсан гэсэн. Тэгтэл замын хажуу талд хонин дээр мотоцикльтой хүн явж байхаар нь очтол Э 2 хүүхдээ сундалчихсан шал согтуу мотоциклио унаад хонио туугаад явж байхаар нь хаана архи уучихсан юм, наад мотоцикль өгөөтөх гэж хэлээд түлхүүрийг нь булааж автал Э чиний юмыг унаагүй пизда минь гэж хэлээд бууж ирээд намайг зодох гээд дайраад байхаар нь гарнаас нь барьтал намайг нүүрлүү цохиж зодсон. Тэгэхээр нь зугатаагаад цагдаа дуудтал миний унаж явсан машинруу чулуу шидээд байхаар нь буцаад очтол намайг барьж аваад дахиад толгой тархи руу зодсон. Тэгээд удалгүй цагдаа ирээд аваад явсан. Миний зүүн талын хацарлуу 1 удаа, баруун хацарлуу 2 удаа, нүдрүү 1 удаа цохисон. Мөн толгойруу 2-3 удаа цохисон. Зодож цохисноос болоод зүүн талын хацар шалбарч хавдсан, баруун хацар нүд хөхөрч хавдсан, толгойн орой хэсэг хавдсан хөндүүр байна. 2020 он гарсаар 4 дэх удаагаа зодож байна. Хугацааг нь сайн санахгүй байна. Наадмын үеэр багалзуурдаж нүүр толгойруу цохиж зодож байсан. Саяхан 8 дугаар сарын 27-28-ны үед хэрүүл маргаанаас болж багалзуурдаж, нүүр нүдрүү цохисон, үсдэж чирч цээжрүү өшиглөсөн. Биеийн хөхөрсөн болон хөндүүр нь одоо хүртэл арилаагүй байна...Өмнө нь бол гэр бүлийн хэрүүл маргаан болдог л байсан. Тэгэхдээ нэг их зодож цохиод байдаггүй байсан. 20 гаруй жилийн өмнө Этай суухаас өмнө үерхэж байсан Б гэх хүнтэй хардаад сүүлийн үед намайг цохиж зоддог болсон. Сүмбэр сумын 5-р баг Баруун өвөр гэх газар нутаглаж байхад 2020 оны 03 дугаар сарын 20-ны үед багалзуурдаад толгой, эрүү хэсэгрүү хэд хэдэн удаа цохиж байсан. Энэ талаар мэдсэн хүн байхгүй. Би үр хүүхдүүдээсээ нуугаад хэлээгүй. Өмнө нь Э намайг Сүмбэр сумын 5-р баг Баруун өвөр гэх газар байхад 2020 оны 07 дугаар сарын 7,8-ны үед улсын баяр наадмын өмнө санагдаж байна намайг мөн Бтэй хардаад толгойны үснээс үсдээд чирсэн энэ талаар би бас л хүнд хэлээгүй баяр наадам болох байхад гэж бодоод. 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөр мөн Бтэй хардаж Б-ийн ал минь гээд намайг багалзуурдаж аваад цээж, баруун зүүн мөр хэсэгрүү гараараа цохиж байсан. Энэ талаар би цагдаа болон өөр хүнд хэлж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 24-25-р тал/

 

 Гэрч Л.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: О хөдөөнөөс Чойрын төв орж ирэхээрээ хааяа манай гэрээр орж ирдэг, мөн гадуур явж байгаа харьдаг. Хэзээ билээ он сар өдрийг нь санахгүй байна О надтай Чойрын төв дээр таараад Эт зодуулсан талаараа хэлж байсан. Биед нь нэг их гэмтэл байхгүй үснээс зулгаасан гэж хэлж байсан санагдаж байна. Ер нь Этай гэр бүлийн хэрүүлтэй байдаг гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р тал/

 

Гэрч А.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: манай дүү Э архи тамхи хэрэглэдэг болохоос биш олон ааш байхгүй. Архи уугаагүй байхдаа хүнд тусархуу энгийн байдаг... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-р тал/

 

Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 279 дугаартай дүгнэлтэнд:

  • Г.Оийн биед баруун нүдний зовхинд, зүүн хацарт, хүзүүнд цус хуралт, баруун зүүн хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
  • Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
  • Учирсан гэмтлүүд нь тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 12-р тал/

 

Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн түвшин “өндөр” байгаа болохыг

тодорхойлсон аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 3-5/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.О, гэрч Л.Ц нарын мэдүүлэг болон яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №279 дугаартай дүгнэлт, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хохирогч, яллагдагч нарын хүсэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч А.Эын үйлдэл нь байнга давтагдах шинжтэй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг гурав ба түүнээс дээш удаа зодож цохисон, өөрийн хамааралд оруулж тэгш бус харилцааг бий болгон хүчээр давамгайлсан байдал тогтоогдож байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Прокуророос шүүгдэгч А.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 6 сарын хорих ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус журамлан мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг  буюу 30 хоногийг нэмж нэгтгэн нийт 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч А.Э нь хүлээн зөвшөөрсөн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “шүүх хялбаршуулсан журмаар хэргийн хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн....6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2017001540089 дугаартай хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Г.О нь гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, гэм буруу, хор уршигийн хэм хэмжээ, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд хорих ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт А-ийн Э-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Шүүгдэгч А.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар шүүгдэгч А.Эыг 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус журамлан мөн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг буюу 30 /гуч/ хоногийг нэмж нэгтгэн  07 /долоо/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Н.АРИУНЖАРГАЛ