Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2020/ШЦТ/85

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

        нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

        улсын яллагч Ш.Батсүх,

        шүүгдэгч М.Т түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

        Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт М-ын Тд холбогдох 2017001530088 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1981 оны 05 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, Ханангийн 131 тоотод оршин суух, бүрэн дунд боловсролтой, гал сөнөөгч мэргэжилтэй, Б овогт М Т /РД:........./,

       

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

        Яллагдагч М.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Лүнгийн 151 тоотод 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр А.Цыг хувийн таарамжгүй харьцааны улмаас багалзуурдах, хөлийн шилбэ хэсэгрүү өшиглөх, нүүрэн тус газар нь гараараа цохиж газар унагаах зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүгдэгч М.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Лүнгийн 151 тоотод 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр А.Цыг хувийн таарамжгүй харьцааны улмаас багалзуурдах, хөлийн шилбэ хэсэгрүү өшиглөх, нүүрэн тус газар нь гараараа цохиж газар унагаах зэргээр зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1. Шүүгдэгч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр би Т гэх айлд мал хийж өгөөд нэг шил архи тавуулаа хувааж уусан. Тэгээд харанхуй болж байхад гэртээ ирэхэд надтай хамт амьдардаг хүү Д, дүүг Цаа эгч хөөгөөд явуулсан байна гэж хэлсэн. Би эхнэр Агаас 2020 оны 05 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа юм. Надаас салахдаа гэрээ нүүлгээд аваад явсан. Би эхнэрээс яагаад хүүхэд хөөгөөд байгааг асуух гэж очоод эхнэр Атай маргалдсан тэгтэл дүү Цаа нь голоор орж ирэхээр нь чамтай ярих гэж ирээгүй, би эхнэртэйгээ ярих гэж байна гэж хэлтэл Цаа надруу сандал шидсэн. Тэгэхээр нь уур хүрээд Цааг 2 удаа хацарлуу нь алгадсан. Цаа газар хажуу талаараа унасан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 24-р хуудас/

 2. Хохирогч А.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Би Сүмбэр сумын 2 дугаар баг Лүнгийн 151 тоотод ээж, эгч, эгчийн 3 хүүхэд өөрийн 2 хүүхэдтэй цуг амьдардаг юм. Манай эгч нөхөртэйгээ 2020 оны 05 дугаар сарын 03-нд гэр бүлийн маргаанаас болоод муудалцаад манай гэрт цуг амьдарч байгаа юм. 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өглөө манай эгчийн нөхөр Т согтуу орж ирсэн. Т манай хүүхдийн хамаг хувцасыг цүнхэнд хийгээд дэлгүүрийн гадаа гуйлга гуйлгалаа гээд хэрүүл маргаан хийж байгаад гараад явсан. Бид нар айгаад хажуу талын айлд ороод хаалгаа түгжээд сууж байтал хаалга өшиглөөд онгойлгоод ороод ирсэн. Тэгээд Т эгч болон намайг гичий, нохой, банзал, янхан танай гэрийнхнийг хүйс тэмтэрнэ гэх мэт үгээр доромжилсон. Тэгээд эгчтэй зууралдаад цохих гээд байхаар нь  би салгах гээд дундуур нь ортол намайг багалзуурдаад хөлрүү өшиглөөд, боож унагаад баруун талын хацарлуу 1 удаа цохисон. Тэгээд би эгчид цагдаа дууд гэтэл гараад зугтаасан. Үүнээс өмнө 2020 оны 07 дугаар сард наадмаар согтуурхаад намайг 2-3 удаа цохиж авч байсан. Би 2018 оны 04 дүгээр сарын 28-нд автын осолд ороод биеийн зүүн хэсэг эгэмнээс өвдөг хүртэл 11 хугаралтай, тулгуур эрхтэндээ төмөр бэхэлгээтэй. Тухайн үед Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлсэн. Эмч төмөр бэхэлгээ хөдөлсөн байж болзошгүй, рентген зураг муу байсан болохоор сайн харагдахгүй байна гэж байсан. Нүүрлүү цохисны улмаас хацар хавдаж дотор талд нь цус хурсан байна. ...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-13, 16-17-р хуудас/

 3. Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2006 онд Ттуй суугаад гэрлэлтээ батлуулсан. Бид 2 дундаасаа 3 хүүхэдтэй. 2015 оноос хойш Т байнга архи ууж ирээд агсан согтуу тавиад зоддог байсан. Тухайн үед хөдөө байдаг байсан учраас ах дүү нартаа хэлж чаддаггүй байсан. 2016 оноос Чойрын төв дээр нүүж ирсэн. Мөн л байнга архи ууж ирээд агсан тавиад ах дүү нараар чинь хүйс тэмтэрнэ гэж айлгаж дарамталдаг байсан. Тэгээд би арга ядаад 05 сараас өөрийн гэрээ буулгаад аавынхаа амбаарт хураачихаад хүүхдүүдтэйгээ ээж дүү нартайгаа хамт  аавынхаа гэрт амьдарч байгаа юм. Гэтэл өчигдөр буюу 09 дүгээр сарын 10-ны өдөр 20 цагийн үед Т шал согтуу орж ирээд миний 3 хүүхдийг эцэгтэй нь яагаад уулзуулахгүй байгаа юм гэхээр нь чи өөрөө л ирж уулзахгүй байгаа биздээ гэсэн чинь надруу дайраад  элдвээр хэлээд агсамнаад эхэлсэн. Тэгээд намайг ална шүү пизда минь гээд багалзуурдаад цохих гээд далайтал манай хөл муутай дүү Ц дундуур орж ирээд болиулах гэтэл манай дүүгийн шилбэрүү өшиглөөд, нүүрлүү нь гараараа 1 удаа цохиод хүзүүнээс нь багалзуурдаад авах шиг болсон. Дүү хөл муутай учир чирэгдээд унаад өгсөн. Тэгээд цагдаа дуудлаа шүү гэсэн чинь гараад явсан. Миний дүү 2018 онд автын осолд ороод дунд чөмөгний олон хугаралтай хөл муутай, миний асаргаанд байдаг юм...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 11 хуудас/

4. Насанд хүрээгүй гэрч А.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Тухайн өдөр би дэнжийн Андууд дэлгүүрийн хажууд явж байтал манай дүү 4 настай Ариунсанаа явж байсан. Би дүүгээсээ яаж яваа талаар асуухад аав дээрээ оч гээд явуулсан гэж хэлсэн. Тэгээд Цаа эгчийн гэрт Ариунсанааг хүргэж өгсөн. Цаа эгч дүүг хаагуур юу хийгээд яваад байгаа юм бэ гээд загнаж байсан. Тэгээд би Цаа эгчийн гэрээс гараад явсан. Тэгээд орой аавыг гэрт ирэхээр нь Ариунсанааг аав дээрээ оч гээд явуулсан талаар хэлсэн. Манай аав Т архи уусан халамцуу байсан. Аав ээжтэй чинь уулзая гээд Цаа эгчийн гэр болох Лүнгийн 151 тоот хашаанд очсон. Бид нарыг очиход манай ээж дүү нар Ц эгчийн гэрт оччихсон хаалгаа нээхгүй байсан. Аав Цаа эгчийн гэрийн цонхоор ээжтэй юм ярьж байгаад явсан. Тэгээд Ш гэдэг эгчийн гэрт очоод аав ээжтэй утсаар маргалдаад байсан. Тэгээд дэлгүүр орж ундаа авчихаад буцаад ээжтэй уулзахаар очсон. Гэтэл Цаа эгч, ээж дүү нар хажуу айлд нь бөөнөөрөө байж байсан. Би хаалгыг нь тогшсон чинь нээсэн. Тэгээд аав болон манай хамаатны ах Б нар гэрт нь орсон. Аав ороод Цаа эгчтэй маргалдсан. Цаа эгч аавруу сандал шидсэн. Ээж Цаа эгч 2 аавыг гэрээс түлхээд гаргасан. Тэгтэл аав Цаа эгчийг 2 удаа алгадсан. Аль хацарлуу нь алгадсан гэдгийг санахгүй байна. Цаа эгч газар унасан...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18 хуудас/

5. Насанд хүрээгүй гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ Т ах эхнэрээсээ салсан гээд манай гэрт  хүү Дын хамт байгаа юм. 2020 оны 09 сарын 10-ны өдөр гэртээ байж байтал Т ах гаднаас архи уусан халамцуу орж ирсэн. Д Т ахад дүү А-ааг хөөгөөд явуулсан байна гэж хэлсэн. Т ах эхнэртэйгээ уулзана гээд Д бид хоёрыг дагуулаад явсан. Т ахын эхнэр А нь дүү Цаагийн хамт амьдарч байгаа юм. Тэгээд очоод хаалгыг нь нүдсэн нээхгүй байхаар нь буцаж гараад Шар гэдэг айлынд очиж байж байгаад эргээд очсон. Тэгтэл А эгч Цаа нар хажуу айлд нь ороод хаалгаа түгжсэн байсан. Д хаалгыг нь тогшиход нээж өгсөн. Тэгээд ороход Ц эгч өөрийнхөө 2 хүүхдийг болон Т ахын 2 хүүхдийг загнаад байж байсан. Т ах уурлаад хүүхэд хөөж явууллаа гэсэн чинь Цаа эгч уурлаад сандал аваад шидсэн. А эгч Цаа эгч нар нийлээд Т ахыг гэрээс хөөгөөд гаргасан. Гадаа гараад мөн Т ахруу 2 удаа сандал шидсэн. Т ах Цаа эгчийг 2 удаа алгадсан. Цаа эгч газар унаад өгсөн...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19 хуудас/

6. Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ Энэ картан дээр бичсэн бичиг миний бичиг мөн байна. 2020 оны 09 дүгээр арын 15-ны өдөр А.Ц зүүн талын хөл өвдөөд байна би уначихлаа гээд үзүүлсэн. А.Цы зүүн талын хөл хуучин бэртэлтэй байсан. Рентгенд харахад шинэ хугарлгүй, металл бэхэлгээг тогтооосн нэг хадаас /доод/ мурийж хугарсан мэт харагдсан. Зүүн талын хөлийн дунд чөмөг хэсэгт эмзэглэл ихтэй байсан. Би картан дээр нь  зургийн хариу бичээд мэс заслын эмчид үзүүлэхийг зөвлөөд явуулсан. Тухайн үед Ц надад хэлэхдээ манай хамаатны хүн намайг гэмтэлтэйг мэдсээр байж унагаачихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20-21 хуудас/

7. Гэрч Ш.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “ Т иний нагац ах байгаа юм. Хааяа нэг архи уухаараа эхнэр Атайгаа  маргалдсан гэж байдаг. Түүнээс зодож цохиод байдаггүй гэсэн. Одоо А эгч тусдаа дүү Цыхаа хашаанд амьдарч байгаа гэсэн. Т ах хүү Дынхаа хамт манай гэрт амьдарч байгаа.. Т ахын хувьд дуугүй, дөлгөөхөн зантай, хүнтэй эвсэг харилцаатай. Хар бор ажилд сайн. Ер нь ажил голохгүй хийдэг. Хаая нэг архи уухаараа жоохон үглээ болдог. Түүнээс хүнтэй муудалцаад маргалдаад байдаггүй...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22 хуудас/

8. Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 278 дугаар дүгнэлтэнд:

        - А.Цы биед зүүн ташаан толгой, түнх орчмын тархмал зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

        - Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.           

        - Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        - Цаашинд ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг 5 хувь бууруулна.   

        Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 29 хуудас/

9. Яаралтай тусламжийн хуудасны хуулбар /хх-ийн 26-28-р хуудас/

10. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн  53-р хуудас/

11. 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Шинжээч эмчээс мэдүүлэг авсан тэмдэглэлд шинжээч эмч Л.Жаргалтогтох мэдүүлэхдээ: А.Ц нь ослын улмаас олон ясны хугаралтай, тэр нь хадаасаар бэхлэгдсэн байсан. Харин энэ хадаас нь хүний биеийн эд эрхтэн биш учраас хадаас хугарсан тухайд гэмтлийн зэргийг нь тогтоох үндэслэлгүй. Харин А.Цы биед учирсан бодит гэмтэлд л гэмтлийн зэрэг тогтоосон гэх мэдүүлэг. /хх-ийн 32-33-р хуудас/

 

        Иймд шүүгдэгч М.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

        Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

        Хохирогч А.Ц шүүгдэгчид холбогдуулж гаргах годол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М-ын Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Н.АРИУНЖАРГАЛ