Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 00325

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга З.Энэбиш, 

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,

Шүүгдэгч Г.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гомбосүрэнгийн Г.От холбогдох эрүүгийн 2038000000377 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ иргэн Б.Оүл ялих зүйлээр шалтаглан гараараа нүүрэн тус газарт нь цохиж хамар ясанд хугарал, духанд няцралт, хамарт зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Г.О нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ иргэн Б.Оүл ялих зүйлээр шалтаглан гараараа нүүрэн тус газарт нь цохиж хамар ясанд хугарал, духанд няцралт, хамарт зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2038000000377 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Намайг гэрийн баруун талын орон дээр дарж миний дээр гарчихсан байсан. Тэгэхэд хүүхэд уйлаад байхаар нь хоёулаа гаръя гэж Оюунбилэг ахад хэлэхэд босохгүй байхаар нь доороос нь босохдоо хажуу тийш нь түлхэхэд өөрөө орны урд талын булан руу нүүрээрээ унасан. Тэгэхэд дух нь хавдаад хамар нь халцарсан байдалтай хамраас нь цус гарсан байсан...Оюунбилэг ахтай харилцан тохиролцон хохирлыг нь барагдуулж эвлэрлийн гэрээ байгуулсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Оийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Г.О намайг гэрийн баруун талд багалзуурдаж боогоод газарт унагаж дарсан. Намайг дарахдаа миний нүүр хэсэгт гурван удаа цохисон...Г.Оын доороос босоход миний хамраас цус гарч хавдсан мөн хоёр хөмсөгний дунд хавдсан, баруун хацар духны дээд хэсэгт халцарсан байсан. Тэгээд би гэртээ харьсан...Г.Отай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Гэрч Ж.Үмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай нутгийн ах Б.О манайд согтуу орж ирэн...манай хонийг харсан уу гэж асуухад нь Г.О харсан. Танай хонийг Хөх хаднаас доош туусан гэж хэлэхэд Оюунбилэг ах Хөх хаданд манай хонь бэлчээрлэх ёстой, чи яахаараа манай хонийг туудаг юм гэж хэлээд Г.Оыг барьж аваад орон дээр багалзуурдаж дараад толгой руу нь цохиод байсан...Г.О Оюунбилэг ахыг хажуу тийш нь түлхээд холдуулсан чинь согтуу байсан тул өөрийнхөө биеийг татаж чадалгүй нүүрээрээ орны толгой руу мөргөчихсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,

Гэрч О.Цмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай аав Оюунбилэг нүүр ам нь цус болчихсон дух нь хавдсан, хамар нь дунд хэсэгтээ язарсан байдалтай нүүр нь шарх болсоор ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад Г.О намайг бэлчээрээс болж зодсон гэсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 459 дугаартай:

       1. Б.Оийн биед хамар ясанд хугарал, духанд няцралт, хамарт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Б.Оийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/,

 Хохирогч Б.О нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 38-39-р хуудас/,

 Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 35-36-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2038000000377 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.О нь 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ иргэн Б.Оүл ялих зүйлээр шалтаглан гараараа нүүрэн тус газарт нь цохиж хамар ясанд хугарал, духанд няцралт, хамарт зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Б.Оийн /хх-ийн 11-12-р хуудас/, гэрч Ж.ҮО.Ц/хх-ийн 21-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 459 дугаартай дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/,      

Хохирогч Б.О нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 38-39-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Г.О нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Г.О нь хохирогч Б.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.О нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-р хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Г.О нь 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2038000000377 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Г.ОЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.О нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2038000000377 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.От урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР