Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 05

 

2017 оны 04 сарын 05 өдөр     Дугаар 226/МА2017/00005                                                            Хэрлэн сум


Н.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй,” Цэгцүүлэн дом”
өрхийн эрүүл мэндийн төвд холбогдох
иргэний хэргийн талаар

226/2017/00005/И
Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг  ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд,
Нарийн бичгийн дарга Н.Болор-Уянга,
Өмгөөлөгч С.Цэмбэлмаа, Д.Оюунбаатар,
Нэхэмжлэгч Н.Цэндсүрэн нарыг оролцуулан   
 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Т.Болормаагийн даргалсан шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбаатарын давж заалдах гомдлоор Н.Цэндсүрэнгийн нэхэмжлэлтэй, “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл дох 2016 оны 1,2,3 сарын цалин 2849415 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1799798 төгрөг бүгд  4649213 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэргийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
           Нэхэмжлэгч Н.Цэндсүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би “Өндөр бумбат” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл буюу өрхийн эрүүл мэндийн төвийг анх үүсгэн байгуулж, өрхийн эмчээр ажилласан. 2016 оны 1 дүгээр сараас 4 дүгээр сарыг хүртэлх хугацаанд ажилласан цалингаа авч чадаагүй.  2016 оны 4 дүгээр сард “Цэгцүүлэн дом” өрхийн эмнэлэг байгуулагдаж манай төвийн 1 дүгээр улирлын төсвийг энэ байгууллагад шилжүүлсэн. Бусад ажилтны цалинг 4-р сард “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төв олгосон атлаа миний цалин, хөлсийг олгоогүй. Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар нь гурвалсан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, төсвийг “Цэгцүүлэн дом”” өрхийн эрүүл мэндийн төвд 2016 оны санхүүжилтийг шилжүүлсэн буруутай учир 2016 оны 1 дүгээр сараас 3 дугаар сарын цалин 2849415 төгрөг, 2016 оны ээлжийн амралтын мөнгө 1799798 төгрөг нийт 4649213 төгрөгийг гаргуулж Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар, “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвөөс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Энхмөнх нь шүүхэд болон шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “Өндөр бумбат” бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай  өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч Н.Цэндсүрэнг хууль бусаар даргын албан тушаалд томилсон болон их эмч Г.Анхбаяр нь цалингүй байсан хугацааны мөнгө нэхэмжлэх тухай шүүхийн маргаан нь анхан шатны болон давж заалдах, хяналтын шатны шүүхүүдэд Анхбаярын талд шийдэж их эмч Н.Цэндсүрэнг хууль бусаар даргын албан тушаалд томилогдсон гэж шийдвэрлэсэн юм. Д.Энхмөнх миний бие 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын даргатай гурвалсан гэрээ байгуулж “Цэгцүүлэн Дом” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөлийн эрүүл мэндийн төвийг байгуулсан. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 6 сарын 08-ны өдрийн 151дүгээр шийдвэрийг үндэслэн Г.Анхбаярын нэхэмжилсэн цалин 4693106 төгрөгийг “Цэгцүүлэн Дом ”өрхийн эрүүл мэндийн төвөөс өгсөн.  Иймд Н.Цэндсүрэн бүх шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор хууль бусаар ажиллаж байсан нь тогтоогдож байгаа тул түүний нэхэмжилж буй  4649798 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Н.Цэндсүрэн 2015  оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаас халагдах 50 дугаар тушаал гаргасан байдаг. Өндөр бумбат өрхийн эрүүл мэндийн төвийн 2016 оны 1 дүгээр сараас 3 дугаар  сарын цалинг манай байгууллагад шилжүүлээд, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Энхмандах эмч,  ажилтан нарт цалинг олго гэж утсаар шийдвэр хэлсэн тул цалинг олгосон. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэцэцэг нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өндөр Бумбат” өрхийн эрүүл мэндийн төв нь манай байгууллагатай 2015 оны үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй, баг хамт болон ажиллаж чадаагүй. ... Ингээд хууль бусаар дарга болсон гэж хоорондоо маргалдаж Захиргааны хэргийн шүүх дээр маргаантай байсан шалтгаанаар “Өндөр Бумбат” өрхийн эрүүл мэндийн төвтэй гэрээг байгуулахгүй гэж ажлын хэсэг шийдвэр гаргасан. Мөн Хэнтий аймгийн Засаг дарга, Эрүүл мэндийн газрын дарга нарын хооронд байгуулсан гурвалсан гэрээгээр аймгийн засаг даргын үүргийг заасан байдаг. Аймгийн засаг даргын хувьд өрхийн эрүүл мэндийн санхүүжилтийг батлагдсан төсвийн дагуу тогтмол хугацаанд олгох үүрэгтэй байдаг. Харин Эрүүл мэндийн газрын даргад ийм үүрэг байдаггүй. Мөн гэрээний биелэлтийн 7 дугаар зүйлд тайланг хагас, бүтэн жилээр Эрүүл мэндийн газарт ирүүлэх ёстой гэж заасан байдаг. Өндөр Бумбат өрхийн эрүүл мэндийн төв заасан хугацаанд тайлангаа ирүүлээгүй. Гэрээний биелэлтийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэгт гэрээг дүгнүүлэх тайлангаа 12 дугаар сарын 15-ны дотор Эрүүл мэндийн газарт хүргэсэн байх ёстой байдаг. Гэтэл энэ тайлангууд ирээгүй учраас гэрээг дүгнээгүй юм. Ийм учраас Н.Цэндсүрэн эмчийн шүүхэд гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр:  Иргэний хуулийн 343-р зүйлийн 343.1, 346-р зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төв, зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас 2849415 төгрөгийг гаргуулж Н.Цэндсүрэнд олгож, 1799798 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, ИХШХШТ хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Цэндсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 89337 төгрөгийг улсын орлого болгож хариуцагч “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төв, зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас 60541 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Цэндсүрэнд олгохыг дурдаж  шийдвэрлэжээ.
Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунбаатар нь давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Н.Цэндсүрэнгийн нэхэмжлэлд дурьдсан хугацаанд буюу 2016 оны 01, 02, 03 дугаар саруудад Бор-Өндөр суманд “Өндөр бумбат” нэртэй өрхийн эрүүл мэндийн төв иргэдэд  үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд тэрээр тус эмнэлэгт гэрээгээр их эмчээр ажиллаж байсан. Харин хариуцагч “Цэгцүүлэн дом” зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл нь 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хуулийн дагуу байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлж 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн.  “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төв болон Цэндсүрэнгийн хооронд хөдөлмөрийн болон ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсээгүй. Мөн Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар нь нэхэмжлэгч Цэндсүрэнтэй иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, ажлын хөлс төлөх үүрэг хүлээгээгүй, энэ талаар хэрэгт нотлох баримт байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Н.Цэндсүрэн нь хариуцагч “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төв, зарим гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас 2016 оны 01 сараас 03 сарын цалин болох 2849415 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1 799 798 төгрөг бүгд 4 649 213 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Н.Цэндсүрэн нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Өндөр бумбат” өрхийн эрүүл мэндийн төвд 2014 оны 1 сарын 2 ноос хүний их эмчээр хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж байсан нь   ажил олгогч, ажилтан  нарын хооронд байгуулсан  хөдөлмөрийн гэрээ болон бусад баримтуудаар тогтоогдож байна.
Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын “Өндөр бумбат” өрхийн эрүүл мэндийн төвийн  ажилтнуудын 2016 оны 1,2,3 дугаар саруудын олгогдоогүй байсан цалин хөлсийг шинээр байгуулагдсан “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвөөс 2016 оны 4 сард олгосон бөгөөд их эмч Н.Цэндсүрэнгийн цалин тухайн үед олгогдоогүй байна.
  Н.Цэндсүрэн эрхээ зөрчигдснийг тухайн үед  мэдсэн атлаа  шүүхэд цалин хөлсний нэхэмжлэлээ 2016 оны 11 сарын 8 нд буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож,  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хариуцагч “Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 65041 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:
1.Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн 2017 оны  02 сарын 10 ны өдрийн 20 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1,2 дахь заалтуудыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1- т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Цэндсүрэнгийн “2016 оны 1,2,3 сарын цалин 2849415 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 1799798 төгрөг бүгд 4649213 төгрөг” гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56,1-т зааснаар нэхэмжлэгч Н.Цэндсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжинд  89337 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
             3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Цэгцүүлэн дом” өрхийн эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 65041  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.


               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДЭНСМАА

                      ШҮҮГЧИД                                               Д.БАЙГАЛМАА

                                                   Я.АЛТАННАВЧ