Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 07

 

Ц.Г-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                                   Прокурор  Д.Бат-Өлзий /Цахим сүлжээгээр/

                                                   Өмгөөлөгч Г.Энхбаяр

                                                   Шүүгдэгч Ц.Г  /Цахим сүлжээгээр/                                 

                                                   Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалангийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолд шүүгдэгч Ц.Г , шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр нарын гаргасан давж заалдах гомдлоор Ц.Г д холбогдох эрүүгийн  1727000410046 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт .  Ц.Г

Ц.Г  нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутагт байх Орхон голын гүүрний чиглэлийн засмал замаар “Мустанг-5” маркийн мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9, 2.1 a-д заасан үйлдлийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний үйлдлийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10

дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх, Ц.Г-г согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Ц.Г г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Г д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Г д оногдуулсан 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолж, шүүгдэгч Ц.Г  нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г гээс 1.631.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Өвөрхангай аймгийн Хархорин сумын Вангийн овоо баг Өлийн 14-18 тоотод оршин суух Ачаа овгийн П.О олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 , 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ц.Г д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжилж байхаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ц.Г гийн өмгөөлөгч Г.Энхбаяр давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ц.Г  нь анх удаагаа болгоомжгүй төрлийн гэмт хэрэг үйлдсэн, үйлдлийнхээ гэм буруугийн талаар маргадаггүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хууль заагдсанаар төлөх ёстой хохиролгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д  заасныг баримтлан шийдвэрлээгүй нь буруу болжээ. Иймд шүүгдэгч Ц.Г д ашигтай, эрх зүйн байдлыг дээрдүүлэх хуулийг хэрэглэх нь зөв гэж үзэж гомдол гаргаж байна. Өмгөөлөгч миний бие давж заалдах шатны шүүх хуралд биечлэн оролцох ба Ц.Г  онлайнаар оролцох хүсэлтэй байгаа. Учир нь Г  хүний тусламжгүйгээр явж, зогсож чадахгүй учир Өвөрхангай аймгийн төвд очиж шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна ... гэжээ.

Шүүгдэгч Ц.Г  давж заалдах гомдолдоо:

Миний бие нь Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Би тухайн үед осол гаргаж эрдэнэт хүний амь нас хохироосондоо туйлын ихээр гэмшиж харамсаж байдаг. Энэ үүднээсээ хохирогчийн амьд ахуйдаа авч байсан тэтгэврийн зээлийн үлдэгдэл мөнгө 1354000 төгрөг, мотоцикльд учирсан хохирол 277500 төгрөг, нийтдээ 1631000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогчийн ар гэрээс хохирогчоор тогтоогдож шүүх хуралд оролцсон Осорхүү надад гомдол саналгүй болохоо шүүх хурал дээр илэрхийлсэн. Энэ осолд орсны улмаас миний биед зүүн хөлний шилбэний ил хугарал, зүүн гуя, зүүн гарын шууны далд хугарал зэрэг хүнд гэмтлүүд гарсан ба эдгээр гэмтлүүд эмчилгээний үр дүнгээс нэг жилийн хугацаанд хэвтрийн дэглэм сахиж хөдөлгөөн хязгаарлагдмал байж эдгэрнэ гэсэн. Би эмнэлэгт удаан хугацаанд эмчлүүлсэн ч одоо хорих байранд өвчин шаналал ихтэй. Өөрөө өөртөө үйлчилж чадахгүй, гар бэртэлтэй учир таяг тулж чадахгүй, ямар ч үйлдэл хийсэн заавал хоёр хүний тусламж шаардагддаг тул хүссэн үедээ бие засаж ч чадахгүй хүний гар харсан байдалтай маш хүнд нөхцөлд байна. Миний эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирол төлсөн, хохирогч гомдолгүй байгаа зэрэг байдлуудыг харгалзан  үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж багасгаж өгнө үү. Хохирол төлсөн тухай баримт, эмнэлгийн шийдвэрийг хавсаргаж өгөв ... гэжээ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Өлзийгийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай тайлбарт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн Ц.Г гийн Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан Ц.Г гийн өмгөөлөгч Г.Энхбаярын гаргасан гомдолтой танилцлаа.

Шүүгдэгч Ц.Г  гаргасан гомдолдоо “...миний эрүүл мэндийн байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирол төлсөн, хохирогч гомдолгүй байгаа зэрэг байдлуудыг харгалзан үзэж надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, багасгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч Ц.Г  нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган-Орхон багийи нутагт байх Орхон голын гүүрэн дээр, засмал замаар “Мустанг-5” маркийн мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9, 2.1a дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “...согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч Ц.Г д хуульд заасан ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих ял оногдуулсан ба шүүгдэгч Ц.Г  нь шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэх үед хохирогчид учирсан 1.631.500 төгрөгний хохирлыг нөхөн төлөөгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй байсан болно.

Иймд шүүгдэгч Ц.Г гийн гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна.

 

Мөн хяналтын прокурор Д.Бат-Өлзийгийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 02 дугаартай тайлбарт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн Ц.Г д холбогдох эрүүгийн хэргийн талаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 тоот шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан Ц.Г гийн гаргасан гомдолтой танилцлаа.

Шүүгдэгч Ц.Г  нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ  Орхон голын гүүрэн дээр, засмал замаар “Мустанг-5” маркийн мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9, 2.1 а дахь заалтыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч Ц.Г д хуульд заасан ялын доод хэмжээ болох 2 жилийн хорих л оногдуулсан ба шүүгдэгч Ц.Г  нь шүүх хуралдаанаар хэрэг хянан шийдвэрлэх үед хохирогчид учирсан 1.631.500 төгрөгний хохирлыг нөхөн төлөөгүй байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэх боломжгүй байсан болно.

Иймд шүүгдэгч Ц.Г гийн өмгөөлөгч Г.Энхбаярын гаргасан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байх тул Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 тоот шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр тайлбар гаргаж байна. Шүүх хуралдаанд прокурор оролцоно ...гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.Г  нь 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Өвөрхангай аймгийн Хархорин сумын Ганган Орхон багийн нутагт байх Орхон голын гүүрний чиглэлийн засмал замаар “Мустанг-5” маркийн мотоцикль жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9, 2.1 a-д заасан үйлдлийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон нь 

 анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч П.О-н      “...Манай ах хөдөө хэдэн ямаа хариулаад ганцаараа байдаг... Би 2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ямаагаа саах гэж очоод энэ хэрэг гарсан гэдгийг мэдсэн. Тухайн хэрэг гарснаас хойш шүүгдэгчийн ар гэрээс хэн ч ирж уулзаагүй. Миний зүгээс шүүгдэгчид гомдол санал байхгүй. Би шүүгдэгчийн биеийн байдлыг ойлгож байгаа. Манай талийгаач ах маань тэтгэвэрийн зээлтэй байсан гэж мэдээгүй. Оршуулгын тэтгэмж авахдаа тэтгэврийн зээлтэй гэж мэдсэн. Одоо шүүгдэгчээс тэтгэврийн зээлийн үлдэгдэл 1354000 төгрөг, мөн мотоцикльд учирсан хохирол 277500 төгрөг нийт 1631500 төгрөгийг нэхэмжилж байна ...” гэсэн,

Хавтаст хэрэгт авагсан мөн хохирогч П.О-н “...2017 оны 08 дугаар сарын 20-ны өдөр малд явж байгаад зам тээврийн осолд орсон. Талийгаач П.Т нь уг мотоциклийг 2017 оны 07, 08 дугаар сарын эхээр Хархорин сумын хүнс барааны зах дээр мотоцикль худалдан борлуулдаг хүнээс 1750000 төгрөгөөр худалдаж авсан... Тэр 7 хоногт архи ууж хэрэглээгүй, орой болгон би талийгаачийн ямааг сааж байсан болохоор мэднэ. Тухайн өдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 20-ны орой 18 цагийн орчим талийгаачийн ямааг саах гэж явж байхдаа зам тээврийн осол гарсан талаар мэдсэн. Тухайн өдөр талийгаачийн гэрт очиход гэрт нь айраг байсан. Миний бодлоор талийгаач айраг л ууж хэрэглэсэн байх гэж бодож байна. Талийгаач Хархорин сумын Төрийн банкнаас 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 2371800 төгрөгийн зээл авсан байсан. Үүнийг тухайн үед мэдээгүй байсан. Оршуулгын тэтгэмж авах үед зээл авсан талаар мэдсэн. Иймд бид нар оршуулгын 1000000 төгрөгийн тэтгэмж, тэтгэврийн зөрүүний мөнгө зэргийг банкинд тушаасан өнөөдрийн байдлаар 1354000 төгрөгийн үлдэгдэл мөнгө байна. Үүнийг би нэхэмжилж мөн унаж явсан мотоциклийг нь авч хохирлын үнэ болох 277500 төгрөг болсон байсан. Тэгээд нийт 1631500 төгрөг болсон. Тийм болохоор үнийн дүнгээр нь нэхэмжилж байна. Харин талийгаачийн оршуулгын зардал болон бусад гарсан зардлыг бид нэхэмжлэхгүй. Тухайн зам тээврийн осол гаргасан байсан хүүхдийг биеийн байдал хүнд байгааг ойлгож байна. Гэхдээ бид нарын хувьд бүхэл бүтэн хүнээ алдсан учраас хүнд байгаа. Гэхдээ бид нартай эцэг, эх нь уулзаж хүн ёсоор сэтгэл санааны хүнд байдлыг хуваалцсан бол бид нар илүү ойлгох байсан. Одоо ямар хүмүүс байдаг талаар нь мэдээгүй байна. Бид нарыг үгүй юм аа гэхэд амь насаараа хохирсон хүнийг үл хүндэлж байна гэж бодож байна. Тиймээс гомдолтой байна...” /хх 75-78х/ гэсэн,

Гэрч С.Б-н “... Би хойноосоо урагшаа чиглэлтэй Улаанбаатар хот орохоор Хархорин сумын засмал замаар явж байсан. Гэр хорооллын засмал зам дээр явж байхад туслах замаас улаан өнгийн малгайтай мотоцикль унасан хүн туслах замаас засмал зам руу орохоор зүүн гар талаас орж ирсэн. Би тэр мотоциклийг засмал зам руу орж байна даа гэж хараад хурдаа хасаад явж байтал юу юугүй л хоёр мотоцикль мөргөлдөөд эргэлдээд ороод ирсэн. Нөгөө мотоцикль нь миний өөдөөс шар малгайтай их хурдтай орж ирж байсан. Ер нь их хурдтай орж ирсэн... Ямар ч гэсэн улаан малгайтай хүн л гялс урдуур орж ирсэн өөдөөс шар малгайтай мотоцикл унасан хүнтэй мөргөлдсөн...” /хх 86х/ гэсэн,

гэрч А.Б-н “...Манай “Мөнгөн жолоо” нэртэй авто жолооны сургуульд Ц.Г  нь 2016 оны 12 дугаар сарын 25-наас эхлэн суралцаж жолооч болсон болно. Ц.Г  нь сургалтын төлбөр өгөөгүй байгаа учир жолоочийн үнэмлэх нь манай авто сургуульд байгаа. Ц.Г  манай авто сургуульд зөвхөн “В” ангилалаар суралцаж төгссөн болно...” /хх 90-91х/гэсэн мэдүүлгүүд,

“1.Талийгаач П.Т-н биед дух, зулай, баруун зүүн хацар, зүүн эгэм, баруун мөр, баруун гар баруун зүүн хөл, баруун зүүн нүдэнд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайлбал, авто ослийн үед үүсэх боломжтой.

3. Нас барсан хугацаа 24-28 цаг.

4. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой байна.

5. Талийгаач П.Т-н тархины гэмтэл, мөн гавал яс, суурь ясны хугарал, цээжний битүү гэмтэл нь үхэлд хүргэх гэмтэл юм. Хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй.

6. Талийгаач П.Т нь гавал тархины гэмтэл, цээжний битүү гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч Э.Х-н 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 90 дугаартай акт/хх 102-103х/,

“1.Супер Даюун болон Мусманг-5 маркийн мотоцикль жолоодсон П.Төмөрпүрэв, Ц.Г  нарын хэн хэн нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.

2. Улсын дугааргүй, улаан өнгийн, Мустанг-5 маркийн мотоциклийн жолооч Ц.Г  нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.9 дэх заалт “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгслийн ангилалд зам тавьж өгнө” 2.1 А дахь заалт Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” мөн дүрмийн 2.3 В “Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2.7 “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг,

Супер даюун маркийн, улаан өнгийн улсын дугааргүй мотоцикль жолоодож явсан жолооч П.Т нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1 А дахь заалт “Тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, дүрмийн 2.7 “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна...” гэсэн Өвөрхангай аймгийн Хужирт сум дахь Цагдаагийн тасгийн замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч, техникийн шинжээч Э.Бямбацэрэнгийн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 17 дугаартай дүгнэлт /хх-ийн 119-121х/, Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг/хх-ийн 8-12х/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 13-19х/, Замын цагдаагийн байцаагчийн ослын акт /хх-ийн 20-21х/, Ц.Г гийн согтуурлыг шалгасан тэмдэглэл /хх-ийн 22х/, талийгаач П.Т-н жолоодож явсан Даюун маркийн мотоцикльд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мотоциклийн гаалийн бичиг /хх-ийн 61-69х/, талийгаачийн Төрийн банкнаас авсан тэтгэврийн зээлийн гэрээ, дансны үлдэгдлийн хуулга /хх-ийн 79-80х/, Талийгаачийн эзэмшлийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээ /хх-ийн 111-112х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон,

Ц.Г г хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9, 2.1 a-д заасан үйлдлийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний амь нас хохироосон гэж дүгнэн,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна.

Ц.Г  нь анх удаа болгоомжгүй хүнд гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа нөхөн төлсөн, түүний биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан Ц.Г д анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хөнгөрүүлэх, өөрөөр хэлбэл Ц.Г , түүний өмгөөлөгч Г.Энхбаяр нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

 


Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 05 (2018/ШЦТ/05) дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  

2 дахь заалтыг бүхэлд нь “Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар Боржигон овгийн Ц.Г г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /таван/ жилийн хугацаагаар хасч, 1 / нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж,

3 дахь заалтын “2” гэснийг “1/нэг/” гэж,

4 дэх заалтын  “6” гэснийг “5/тав/” гэж  тус тус өөрчлөн,

6 дахь заалтыг бүхэлд нь хассугай.

2. Мөн шийтгэх тогтоолын 7 дахь заалтыг 6 гэж, 8 дахь заалтыг 7 гэж, 9 дэх заалтыг 8 гэж дугаарлаж,  бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Г гийн цагдан хоригдсон 61 хоногийг түүний  ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж   болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.                                                                      

 

                 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.ЭНХМАА                     

              ШҮҮГЧИД                              В.ЦЭЦЭНБИЛЭГ 

                                                            Д.ЭРДЭНЭБИЛЭГ