Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2022/0403

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Г.Э-

Нэхэмжлэгч: Г.Э

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/43 дугаар хууль бус захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Г.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А, Ш.Д нар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 126/2021/0043/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Э нь “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/43 дугаар хууль бус захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-аар маргасан байна.

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1, 48.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Э-ын Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/43 дугаар хууль бус захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

3.1. Нэхэмжлэлийн шаардлагын 1 дүгээрт “Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалтыг зөрчиж аймгийн Засаг дарга хууль бус шийдвэр гаргасан тухай гомдлын үндэслэл болгосон. Шүүх хэргийн шийдвэрлэхдээ шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “ёс зүйн хэм хэмжээг зөрчин шийтгэл ногдуулах нөхцөлд Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай зөвшилцөх шаардлагагүй” гэж үзсэн. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6 дахь заалт нь Аймаг, нийслэлийн Засаг дарга байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ “Аймаг, нийслэлийн байгаль орчны албаны даргыг байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөж томилох, чөлөөлөх" эрхийг хэрэгжүүлэх хүрээ хязгаарыг заасан ба монгол хэлний тайлбар тольд “Чөлөөлөх гэдэг үгийн утгыг “үүрэгт ажлаас чөлөөлөх-албан ажлаас гаргах” гэсэн утгыг илэрхийлж байна. Энэ нь чөлөөлөх, халах гэсэн бүхий л утгыг илэрхийлж байгаа бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд туссан ерөнхий ойлголтыг Төрийн албаны хуулиар нарийвчлан тайлбарлаж хуулийн зохицуулалтад хамаарахгүй гэж дүгнэж буй шүүгчийн шийдвэр үндэслэлгүй юм. Нөгөө талаас Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ нэхэмжлэлийн 1 шаардлагад үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүй хэргийг шийдвэрлэсэн.

3.2. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 59 дүгээр тогтоолыг зөрчиж “Салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргын албан үүргийг орон тооны бусаар гүйцэтгэдэг бол түүнийг үндсэн ажлаас нь чөлөөлөх, халах, буруулахад томилох эрх бүхий этгээд нь Төрийн албаны зөвлөлтэй зөвшилцөнө” гэж заасан заалтыг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарласан. Гэтэл шүүх шийдвэрлэхдээ “... энэ талаар нэхэмжлэгчээс шүүхэд энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж нэхэмжлэгчийн энэхүү тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөх боломжгүй юм” гэжээ. Миний бие Хөвсгөл аймаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгчээр /орон тооны бусаар/ журмын дагуу Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор томилогдон ажиллаж байсан ба нэхэмжлэлийн үндэслэлийн 1 хэсэгт тухайлан дурдаж нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх нэхэмжлэлийн шаардлагад байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгт дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн нь хууль бус болсон.

3.3. Аймгийн Засаг даргын томилсон ажлын хэсэг зөрчлийг шалгаад Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дахь заалтыг зөрчсөн гэж дүгнээд “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 5.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулах саналыг аймгийн Засаг даргад хүргүүлсэн” байдаг. Энэ нь “Албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл 20 хүртэл хувиар бууруулах" сахилгын шийтгэл юм.

3.4. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.1-д “Шалгагч албан хаагч сахилгын шийтгэл ногдуулах тухай дүгнэлт, баримт материалыг Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулах бөгөөд эрх бүхий албан тушаалтан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 3.1.1-д “Энэ журмын 1.5.1-1.5.4-т заасан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулах”, 3.1.2-т “Нэмэлт шалгалт хийлгэхээр буцаах”, 3.1.3-т “Албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах санал үндэслэлгүй болох нь тогтоогдвол сахилгын шийтгэл ногдуулахаас татгалзах” гэж заасан.

3.5. Аймгийн Засаг дарга Ш.И нь ажлын хэсгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй талаар ямар нэг баримт гаргаагүй бөгөөд нэмэлт шалгалт хийлгэхээр буцаагаагүй. Гэтэл ажлын хэсэг зөрчлийн шинж байдал, анх буюу давтан үйлдсэнийг харгалзан холбогдох саналыг журмын дагуу хүргүүлсэн байхад аймгийн Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлэн шийдвэрлэсэн байдлыг хариуцагчийг буруутгах, маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх дүгнэж буй нь “Хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн" явдал болсон.

3.6. Нөгөө талаас Шүүхийн шийдвэрийн 16 дахь хэсэгт намайг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний биед хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон ... Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 27 дугаар тогтоолоор Г.Э- нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн баримтууд зэргээр нотлогдож байгаа ... гэж дүгнэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл ... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэсэн заалтыг зөрчжээ гэж үзэж байна. Учир нь намайг гэм буруутайд тооцсон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй байхад гэм буруутай нь нотлогдсон гэж дүгнэсэн нь хууль бус гэж үзэж байна.

3.7. Шүүхийн шийдвэрийн 17 дахь  хэсэгт “Г.Э- нь ... чиг үүргийн дагуу ажиллаж явахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хувийн таарамжгүй харилцааны улмаас... маргалдан харилцан зодолдсон, ... гэх тайлбар, гомдол гаргасан иргэний холбогдох байдлыг тогтоох ажлын хэсгийн ажиллагаа баримтууд, тэмдэглэлүүд зэргээр тогтоогдож байна” гэжээ.

3.8. Тэгвэл маргаан бүхий акт болох 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн “Г.Э-т төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/43 дугаар захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх хэсэгт “иргэнээс ирсэн гомдлыг шалгах ажлын хэсгийн дүгнэлтээр албан ажлаар явахдаа архидан согтуурч, ёс зүйгүй үйлдэл гаргасан нь тогтоогдсон тул ...” гэсэн байгаа.

Тэгвэл Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн Зургаадугаар зүйлийн 6.1-д “Төрийн албан хаагч ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэх асуудлаар эцэслэн дүгнэж шийдвэр гаргах эрх бүхий төрийн албан хаагчийн “Ёс зүйн зөвлөл төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагын дэргэд ажиллана” гэж зааснаар намайг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дэргэдэх Ёс зүйн зөвлөл ёс зүй зөрчсөн эсэх асуудлаар ёс зүйн зөвлөл хороогоор хэлэлцэж тухай ёс зүйн дүгнэлт гараагүй болно. Үүнийг шүүх ялгаж салгаж шүүхийн шийдвэрт дүгнэлт хийгээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадахгүй байна. Нөгөө талаас шүүхийн шийдвэрийн 18 дахь хэсэгт “... гомдлыг шалгаж дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг аймгийн Засаг даргын 2021 оны А/311 дугаар захирамжаар байгуулж уг ажлын хэсгийн 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтээр... ёс зүйгүй үйлдэл гаргасан нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн зургаадугаар зүйлийн 6.1-д заасантай нийцээгүй бөгөөд энэхүү ажлын хэсэг нь дээрх журамд заасан Ёс зүйн зөвлөл биш юм.

3.9. Шийдвэрийн 21 дэх хэсэгт “... Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.18-д... сахилгын шийтгэл ногдуулна гэж заасан” гэжээ. Тэгвэл маргаан бүхий захиргааны актад дээрх журмыг үндэслээгүй, энэ талаар огт дурдаагүй.

3.10. Шийдвэрийн 24 дэх хэсэгт Г.Э-т холбогдуулан гаргасан иргэний гомдлыг шалгах ажлын хэсгийн... гомдол шалгах, энэ тухай Г.Э-тай ажлын хэсгийн бүрэлдэхүүн уулзаж, гомдлыг танилцуулсан, энэ тухай амаар тайлбар авсан тухай 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тэмдэглэл хөтөлсөн, түүнчлэн ажлын хэсгийн дүгнэлт саналыг Г.Э-т 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр танилцуулж гарын үсэг зуруулсан гэжээ. Тухайн ажлын хэсгийн дүгнэлттэй танилцахад “Төрийн захиргааны албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах түүнд гомдол гаргах журам”-ын 5.1 дэх хэсэгт заасан “Албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах” шийтгэл ногдуулах байсан боловч аймгийн Засаг даргын шийдвэр энэ дүгнэлтийг зөрчиж тус журмын 6.1 буюу төрийн албанаас халах шийдвэрийг Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг явуулаагүй. Мөн аймгийн Засаг дарга Ш.И өөрийн албан ажлын өрөөнд 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлж, Г.Э-т танилцуулсан нотлох баримт байна гэжээ. Энэ өдөр сонсох ажиллагаа явуулаагүй бөгөөд иргэнээс ирсэн өргөдөл гомдол танилцуулсан, биечилж ирсэн гэсэн гарын үсэг зуруулсан бөгөөд Эрүүл мэндийн шалтгаанаар 2, 3 сарын чөлөө авах санал тавьсан үүнийг нь хүлээн аваагүй учир 5 минутыг сонсох ажиллагаа явуулсан мэтээр хуурамч тэмдэглэл үйлдсэн байсан.

3.11. Хөвсгөл аймгийн Засаг дарга бус Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, аймгийн Засаг даргын туслах нар хуйвалдан аймгийн Засаг даргыг эзгүй буюу Улаанбаатар хотод ажиллаж байх хугацаанд намайг төрийн албанаас халах энэхүү шийдвэр гарсан ба мөн л хууль зөрчсөн дээрх албан тушаалтнууд өөрсдийн хариуцсан ажил албан тушаалын тодорхойлолтод заагдаагүй эрх мэдлийг хэрэгжүүлж, эрх мэдлээ хэтрүүлэн хууль бус захиргааны албан, хуурамч гарын үсгээр захиргааны актыг албажуулсан байдал нь аймгийн шүүхийн шинжилгээний алба, цагдаагийн байгууллагын шалгалт, аймгийн Прокурорын байгууллагын шийдвэрээр нотлогдсон. Энэхүү баримтыг уг маргааныг шийдвэрлэсэн хэргийн баримтад нэхэмжлэгч би нотлох баримт гаргаж өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагад ч уг асуудлаар маш тодорхой бичиж нэхэмжлэлийн үндэслэл шаардлага болгон шүүхэд хандсан. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийн огт нягтлаагүй бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт шүүгч уг асуудлаар огт дүгнэлт хийгээгүй нь нэхэмжлэлийг шаардлагыг бүрэн хянаж шийдвэрлэсэн гэх үндэслэл болохгүй төдийгүй нэг талыг барьсан илт хууль бус шүүхийн шийдвэр боллоо. Иймд Хөвсгөл аймаг дахь захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2,121.3.7 дахь заалтыг зөрчиж шийдвэр гаргасан тул Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нэхэмжлэгч Г.Э- нь “Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/43 дугаар хууль бус захирамжийг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.2. Анхан шатны шүүх “...Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн /2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулснаас өмнөх Г.Э-ын гаргасан зөрчлийн шинж байдлыг харгалзан ... төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг сонгон хэрэглэснийг нь хариуцагчийг буруутгах, нэхэмжлэгчийн ажил үүргээ гүйцэтгэж явахдаа архи согтууруулах ундаа хэрэглэж удирдлага доороо ажиллаж буй ажилтнаа зодсон үйлдлийг үгүйсгэх, зөвтгөх хууль зүйн үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул маргаан бүхий захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасантай нийцсэн байна.

3.3. Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/43 дугаар захирамжаар тус аймгийн Байгаль орчны газрын дарга Г.Э-ыг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3, 48.3, 48.8, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 43 дугаар зүйлийн 43.1, 94 дүгээр зүйлийн 94.1, Засгийн газрын 2018 оны 258, 2019 оны 33 дугаар тогтоол, Монгол Улсын Сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ыг тус тус үндэслэн төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.

3.4. Маргаан бүхий актад заасан “...төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх үүргээ биелүүлээгүй, төрийн удирдах албан хаагчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн, удирдах албан тушаалтны хувьд доод албан хаагчдадаа буруу үлгэрлэл үзүүлж албан үүргээ гүйцэтгэж явахдаа архи согтууруулах ундаа хэрэглэж, бусдыг буюу доод шатны албан тушаалтан Э.Нямдавааг зодсон” зөрчлийг нэхэмжлэгч Г.Э- гаргасан болох нь хэрэгт авагдсан иргэн Б.Цэрэнлхамын гомдол, 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн ажлын хэсгийн дүгнэлт, Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн шинжилгээний дүгнэлт, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Прокурорын тогтоол,   шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

3.5. Тодруулбал, иргэн Б.Ц-ын гомдлын дагуу аймгийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/311 дүгээр захирамжаар томилогдсон өргөдлийг судлан шалгаж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хурлаар Хөвсгөл аймгийн Байгаль орчны газрын дарга Г.Э-т ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлж явахдаа согтууруулах ундаа хэрэглэж, өөрийн удирдлага дор ажилладаг албан хаагчийн биенд халдсан ёс зүйн зөрчил гаргасан гэсэн дүгнэлт гаргаж “албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах” сахилгын шийтгэл ногдуулах саналтайгаар аймгийн Засаг даргад санал хүргүүлсэн ч хариуцагч нь “Г.Э-ыг албан ажлаар явахдаа архидан согтуурч, ёс зүйгүй үйлдэл гаргасан” гэсэн үндэслэлээр түүнийг төрийн албанаас халах” шийдвэрийг гаргасан байна. Нэхэмжлэгчээс албаны шалгалтаар тогтоогдсон зөрчлүүдийг үгүйсгэж, алба хаагчийг цохиж гэмтэл учруулаагүй гэж маргаагүй, харин маргаан бүхий захирамжид зурагдсан гарын үсэг Засаг даргын өөрийн гарын үсэг биш, мөн сонсох ажиллагаа явуулаагүй гэж маргадаг ч шүүхээс цуглуулсан баримтуудаар сонсох ажиллагаа явуулсан болох нь тогтоогдож байх тул Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/43 дугаар захирамжийн холбогдох хэсэг үндэслэлтэй байна.

3.6. Мөн нэхэмжлэгчээс гомдлын шаардлагын үндэслэлээ “хариуцагч нь намайг албан тушаалаас халахдаа холбогдох этгээдүүдээс буюу Төрийн албаны зөвлөл болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай зөвшилцөөгүй” гэж тайлбарлах боловч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-ийн 6-д зааснаар аймгийн Засаг дарга нь аймгийн байгаль орчны албаны даргыг томилох, чөлөөлөхөд байгаль хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөх, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн албаны салбар зөвлөлийн ажиллах журам”-ын бөгөөд 2.7-д  зааснаар салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн даргын албан үүргийг орон тооны бусаар гүйцэтгэдэг бол түүнийг үндсэн ажлаас нь чөлөөлөх, халах, буруулахад томилох эрх бүхий этгээд нь Төрийн албаны зөвлөлтэй зөвшилцөхөөр байх зохицуулалттай ч төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тохиолдолд дээрх хууль болоод журмын зохицуулалт хэрэглэгдэхгүй тул гомдлын энэхүү шаардлага үгүйсгэгдэнэ.

Иймд маргаан бүхий актын үндэслэл болсон ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоосон зөрчлийг няцаан үгүйсгэх баримт байхгүй тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Э-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

    

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ