| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/1042/Э |
| Дугаар | 1070 |
| Огноо | 2020-10-05 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 1070
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч О.Пүрэвсүрэн, шүүгдэгч Э.М, өсвөр насны шүүгдэгч Э.Ж, түүний хууль ёсны төлөөлөгч Д.О, тэдний өмгөөлөгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар мөн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О овгийн Э-ын М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт, О овгийн Э-ын Ж-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус бүр холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908057411216 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. О овгийн Э-ын М, Монгол Улсын иргэн, 20** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, МҮИС-ийн харьяа Универсал коллежийн **** ангийн * дугаар дамжааны оюутан, ам бүл тав, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, **** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ******, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
2. О овгийн Э-ын Ж, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил эрхэлдэг, ам бүл тав, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, **** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Э.М, өсвөр насны шүүгдэгч Э.Ж нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын *** тоотод оршин суух хохирогч А.Э-ын байнга амьдрах зориулалттай өвлийн байшинд хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар нэвтрэн орж “Самсунг” фирмийн “Галакси Жи-4” загварын гар утсыг хулгайлж, 550,000 /таван зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
2019 оны 10 дугаар сарын 30-ны орой энэ хэргийн шүүгдэгч Э.Ж, Э.М нарын эх Д.О өөрийн найз О.Г-тай хамт энэ хэргийн хохирогч А.Э-ын гэрт очиж, гурвуулаа 1 лонх архи хувааж уугаад, караоке орохоор болж гадагш гарахдаа Д.О нь цүнхээ орхин явжээ.
Тэгээд Д.О нь караокеноос гараад 30-аас 31-нд шилжих шөнө гэртээ очоод маргааш өглөө нь эрт ажилтай байсан учир өөрийн хүү Э.Ж-ийг хохирогч А.Э-ын гэр лүү цүнхээ авчруулахаар хаягийг нь зааж өгч явуулсан байна.
Харин өсвөр насны шүүгдэгч Э.Ж нь хохирогч А.Э-ын гэр лүү явахдаа төрсөн ах Э.М-ийг хань болгон дагуулж явсан байх бөгөөд хохирогчийн хашааны гадна очоод Э.М гудамжинд бие засаад үлдэх хооронд өсвөр насны шүүгдэгч Э.Ж дотогш орж, хашаан доторх байшингийн хаалгыг тогшсон байна. Тэгээд хаалга цоожгүй болохоор нь ортол хохирогч А.Э унтаж байсан бөгөөд өсвөр насны шүүгдэгч Э.Ж хохирогчийг сэрээх гэж оролдсон боловч сэрэхгүй байхаар нь эхийнхээ цүнхийг авч гарах гэж байхдаа хохирогчийн “Samsung Galaxy J-4 plus” загварын гар утас цэнэглээтэй байгааг хараад хулгайлах сэдэл төрөн нууцаар авч гарч, бусдад 550,000 төгрөгийн хохирол учруулсан.
Өсвөр насны шүүгдэгч Э.Ж гудамжинд гараад ахынхаа хамт гэр лүүгээ явах замдаа А.Э-ын гар утсыг нь авчихсан талаар ахдаа хэлэхэд ах М нь гар утсыг 170,000 төгрөгөөр худалдан борлуулжээ.
Энэхүү үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Э.М-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 30-ны орой ээж гэртээ ирээд найзынхаа гэрт цүнхээ орхисон байна гэж хэлсэн. Ээжийн цүнхийг авах гээд тэр айлын гадаа ирээд би бие зассан. Хаалгыг нь цохиод хүн гарч ирэхгүй болохоор нь манай дүү Ж орчхоод ирье гээд гэрт нь орсон. Тэгээд бид хоёр гэртээ харих замд Ж надад “би саяын айлаас гар утас авчихлаа” гэж хэлсэн бөгөөд би “яаж байгаа юм бэ” гэхэд “одоо нэгэнт өнгөрсөн” гэж хэлсэн. Тэр утсыг би фейсбүүкээр зар тавьж байгаад 170,000 төгрөгөөр зарсан юм. Мөрдөн байцаалтын шатанд би ээжийнхээ цүнхийг авах гэж айл руу явсан талаар мэдүүлээгүй. Учир нь мөрдөгч “чи ээжийнхээ талаар хэлээд муухай юм биш үү” гэхээр нь би тэр талаар хэлээгүй юм...” гэсэн мэдүүлэг;
2. Өсвөр насны шүүгдэгч Э.Ж-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 30-ны орой ээжийнхээ зааж өгсөн айлд очоод хаалгыг нь цохиход тайлаагүй. Тэгээд хаалга нь цоожгүй болохоор нь байшинд ортол нэг хүн унтаж байхаар нь сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан. Тэгэхээр нь ээжийнхээ цүнхийг аваад буцаж гарахдаа хохирогчийн дэргэд гар утас цэнэглээтэй байхыг нь хараад авчихсан юм. Би тэр айлд хулгай хийх гэж ороогүй, ээжийнхээ цүнхийг авах гэж ороод, гар утас байхыг нь хараад, авмаар санагдаад авчихсан юм. Миний буруу, би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Манай ах намайг хүний утас хулгайлсныг гэртээ харих замдаа мэдсэн бөгөөд “яаж байгаа юм бэ” гээд намайг зэмлэхээр нь би “одоо нэгэнт өнгөрсөн” гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг;
3. Хохирогч А.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 21 цагийн орчимд өөрийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын **** тоотод ирж унтсан. Би гэртээ ганцаараа амьдардаг, манай хашаанд өөр айл байхгүй. Би унтахдаа гэрийнхээ хаалгыг түгжилгүй унтчихсан байна лээ. Өөрийн гар утсаа толгойныхоо хажууд цэнэглээд унтсан. Үүрээр 04 цаг 30 минутын орчимд сэрээд гар утасныхаа цагийг харах гэтэл миний утас алга болсон байсан, өөр эд зүйл алдагдаагүй ба хаалга, цонхнууд бүрэн бүтэн байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй, гэрийн ойр орчимд хяналтын камер байхгүй. Би өөрөө нэг өдөр ажилтай, нэг өдөр гэртээ байдаг учир манайд хүн их ирээд байдаггүй. Алдсан утас маань 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдөр “PC mall” дэлгүүрээс 599,000 төгрөгөөр лизингээр худалдан авсан, “Samsung galaxy G4” загварын гар утас байсан. 35281810531****, 35281910531**** гэсэн имей кодуудтай хоёр сим карт уншдаг, шаргал өнгөтэй, элдэв сэв зураасгүй, шилэн наалт байхгүй, хар өнгийн гэртэй утас байсан, худалдан авсан үнээрээ үнэлж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-20 дугаар хуудас),
- “...Би О-той 2019 оны 09 дүгээр сард найз Г-аар дамжуулан танилцсан. ...манай гэрт Г, О бид гурав 1 лонх архи хувааж ууцгаасан. Тэгээд О нь “цүнх чирч яваад яах юм, танайд үлдээчихье” гээд манай гэрт цүнхээ орхиод бид гурав Баянхошууны тойргийн хуучин эцсийн караокед орж дуулцгаасан. Би өглөө ажилтай байсан болохоор тэр хоёрыг үлдээгээд ганцаараа гэртээ харьсан. Хэдэн цагт харьснаа санахгүй байна. Сүүлд 2019 оны сүүлээр О-тэй уулзаад “чи ер нь яаж цүнхээ авсан юм бэ” гэхэд “хүүхдэдээ танай гэрийг зааж өгч явуулаад цүнхээ авхуулсан” гэж хэлсэн. Би нөхрөөсөө салаад ганцаараа 4 хүүхдээ өсгөж яваа эрх толгойлсон эмэгтэй. Манай гэр бүлийн амьдралын нөхцөл байдал хүнд л байдаг. Гэхдээ манай хүүхдүүд хүмүүжил сайтай, ар гэрийн зүгээс анхаарал халамж их тавьдаг юм. Хүүхдүүд маань уг нь гадуур тэнэдэггүй, хэрэгт орооцолдож байгаагүй...” гэж дахин өгсөн мэдүүлэг (хх-ийн 19 дүгээр хуудас);
4. Гэрч О.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр найз О-тэй уулзаад Э гэж найз руугаа ярихад “ажлаасаа буучихсан гэртээ байна” гэхээр нь О бид хоёр гэрт нь очсон юм. Тэгээд бид гурав нийлж 1 лонх архи хувааж уучхаад караоке орж дуулахаар тохиролцоод Баянхошууны хуучин эцсийн караокед очиж дуулцгаасан. Тэр үед О “цүнхээр яах юм” гэж хэлээд Э-ын гэрт цүнхээ үлдээгээд гарсан. Бид ойролцоогоор 2-3 цаг дуулаад Э “маргааш өглөө эрт ажилтай” гээд түрүүлээд явсан юм. О бид хоёр хэсэг сууцгааж байгаад гэр гэртээ таксигаар харьцгаасан...” гэсэн мэдүүлэг (хх- ийн 43-44 дүгээр хуудас);
5. Хууль ёсны төлөөлөгч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө нэлээд оройтож гэртээ ирсэн юм. Тэр үед өөрийн танил Э-ын гэрт нь очиж, юм ярьж суунгаа жоохон архи ууж байгаад гар цүнхээ гэрт нь орхисон байсан. Гэртээ ирээд маргааш өглөө нь эрт ажилтай байсан болохоор өөрийн хүү Ж-д ээжийнхээ цүнхийг айлаас аваад ир гээд хаягийг нь зааж өгөөд явуулсан. Тэр үед ах М-ийн хамт гарч явсан. Тэгээд манай хоёр хүү удаагүй 30 орчим минутын дараа гэртээ ирсэн бөгөөд надад ямар нэгэн зүйл хэлээгүй, миний цүнхийг өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-30 дугаар хуудас);
6. Гэрч Г.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 онд Юнител ХХК-аас дараа төлбөрт 8807**** дугаарыг 20,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Худалдаж авсан өдрөөс хойш манай төрсөн ах Г.Э ашиглаж байсан. Ах Э 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр фейсбүүк зараар 170,000 төгрөгөөр Galaxy G4 маркийн гap утас худалдаж авсан гэж байсан. Гандангийн урд М гэх хүнтэй уулзаад данс руу нь 170,000 төгрөгийг шилжүүлсэн гэж хэлсэн. Э одоо Өмнөговь аймагт ажилтай байгаа. Тухайн гар утсыг одоо ашиглахаа больсон, нойлын усанд унагаагаад эвдчихсэн гэж байсан. Э утас зарсан хүнтэй фейсбүүкээр харьцсан зурвасуудаа над руу явуулсан. Уг хүн нь 20 орчим насны залуу байсан, найз охинтойгоо хамт очиж зарсан гэж байна лээ...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 35-38 дугаар хуудас):
7. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 19/183 дугаартай: “...Samsung galaxy G4 plus” загварын гар утас 550,000 (таван зуун тавин мянган/ төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээ (хх-ийн 54-57 дугаар хуудас);
8. Өсвөр насны шүүгдэгч Э.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай ах гадаа бие засаадахъя гэж хэлэхээр нь би тэр айл руу орсон. Хашаан дотор 1 байшин байсан ба хаалгыг нь татахад цоожгүй, шууд нээгдэж байхаар нь дотогш ороход гэрэл асаалттай, нэг ах ганцаараа унтаж байхаар нь сэрээх гэтэл сэрэхгүй байсан. Би ээжийнхээ гар цүнхийг авчхаад тэр ахын толгойн хажууд байсан Самсунг маркийн шаргал өнгийн гар утсыг нь аваад гарсан. Гэрийн гадаа очоод ах М-д нөгөө айлаас гар утсыг нь авчихсан гэж хэлсэн. Тэр гар утас нь шаргал өнгийн “Samsung galaxy G4” маркийн утас байсан. Манай ах М яах гэж авсан юм бэ гэж асуухаар нь одоо өнгөрсөн гэж хэлсэн. Би дотор нь байсан юнителийн сим картыг нь хаячихсан, утас нь дотроо мемори картгүй, гадуураа гэргүй байсан. Маргааш өглөө нь би ахтайгаа ярилцаж байгаад зарахаар болоод фейсбүүк дээр зар тавиад 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянбүрдийн тойргийн орчимд нэг танихгүй хүнд 170,000 төгрөгөөр зарсан. Мөнгийг нь манай ахын дансаар авсан. Тэгээд М ах бид 2 мөнгөөр нь хувцас аваад өөрсдөдөө зарцуулаад дуусгасан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 69-70 дугаар хуудас);
9. Шүүгдэгч Э.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнгөрсөн 2019 оны 10 дугаар сарын 30-аас 31-нд шилжих шөнө дүү Ж бид хоёр алхаж байгаад Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын **** тоот хашааны гадна талд би бие засаад зогсож байтал манай дүү Ж айлын хашаа руу ороод 5-10 орчим минутын дараа гарч ирсэн. Тухайн үедээ надад юу ч хэлээгүй. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хороо **** тоотод байх гэрийнхээ гадна ирээд шар өнгийн “Samsung galaxy G4” маркийн гар утас үзүүлэхээр нь би “хэнийх юм бэ” гэтэл “сая орсон айлын гэрээс хулгайлаад гараад ирлээ” гэж хэлсэн. Маргааш өглөө нь би Ж-д гар утсыг зарчихъя гэж хэлээд 09 цагийн үед фейсбүүк дээр зар тавиад 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Баянбүрдийн тойргийн хажууд үл таних залуутай уулзаад 170,000 төгрөгөөр зарсан. Бид 2 мөнгөө аваад PC тоглоод, идэж уугаад дуусгасан. Би дүүгээ нэгэнт гар утас хулгайлаад гарч ирсэн болохоор нь болиулаагүй юм. Хохирлоо барагдуулна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 74-75 дугаар хуудас);
10. Шүүгдэгч Э.М-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 94 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 89 дүгээр хуудас), өсвөр насны шүүгдэгч Э.Ж-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 95 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 88 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн хэргийн үйл баримтыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...М-ийн зүгээс хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байгаа. Тухайн айлд ороогүй, Ж-ийг гар утас авсан гэдгийг мэдээгүй, гэрийнхээ гадаа ирээд мэдсэн болох нь шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээс харагдаж байна. Хохирогч, гэрч, хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлгээр тэд архи, согтууруулах ундааны зүйл хамт хэрэглэж байгаад дараа нь караоке орох болж О гар цүнхээ Э-ын гэрт үлдээгээд явсан, улмаар ээжийнхээ гар цүнхийг аваад ир гэж хэлснийх нь дагуу М, Ж нар гэрт нь очсон. Ж хаалгыг нь цохиод хүн гарч ирэхгүй, гэрэл нь асаалттай болохоор нь гэрт нь нэвтэрсэн гэдгээ мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн. Энэ бүгдээс дүгнэлт хийхэд М нь хулгайлах гэмт хэргийг үйлдэх санаа зорилго, сэдэлт байгаагүй, хэргийн нотлогдвол зохих байдал бүрэн тогтоогдохгүй байна. Харин Ж-ийн хулгайлж авсан эд зүйл гэдгийг мэдсээр байж бусдад худалдан борлуулж, ашиг олж хувцас худалдан авч, компьютер тоглоом тоглосон үйлдэл нь гэрч Д-ийн мэдүүлгээр нотлогдож байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, улсын яллагчийн санал болгосон зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү. Ж-ийн зүгээс гэм буруугийн талаар маргах зүйлгүй, гэхдээ тухайн айлд нэвтэрч ээжийнхээ гар цүнхийг аваад гарах замдаа хохирогч унтаад сэрэхгүй болохоор нь гар утсыг нь хараад авах сэдэлт төрж байгаа нь анхнаасаа хулгайлах сэдэлт зорилго байгаагүй гэдгийг харуулж байна. Үүнийг шүүх анхаарч үзнэ үү...” гэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийг “хүн байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтэрч үйлдэх” гэдгийг үйлдлийн хувьд бусдын орон байранд онгорхой байхад сэм орох үйлдлийг хамааруулдаг боловч гэмт хэргийн субьектив талын шинжийн хувьд анхнаасаа шунахайн сэдэлтэйгээр, хулгай хийх зорилгоор нэвтэрч орсон байхыг ойлгоно.
Энэ хэргийн тухайд өсвөр насны шүүгдэгч Э.Ж нь хохирогч А.Э-ын гэр лүү эхийнхээ явуулснаар цүнхийг нь авах гэж л орсон байх бөгөөд харин эхийнхээ цүнхийг авч гарахдаа гэрийн эзнийг унтаж байгааг далимдуулан, хажууд нь цэнэглээтэй байсан гар утсыг хараад хулгайлах сэдэл төрч, нууцаар авч гарсан байх тул түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхийн тулд бусдын оронд байранд нэвтэрсэн гэж үзэхгүй.
Шүүгдэгч Э.М-ийн хувьд өөрийн төрсөн дүү Э.Ж-ийн хулгайлах үйлдлийг нь мэдээгүй, гудамжинд бие засаад гадаа үлдсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нарын хэн аль нь үүнийг мэдүүлдэг, харин үүнийг нь няцаан үгүйсгэх нотлох баримт шинжлэн судлагдаагүй тул түүнийг хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзэх боломжгүй юм. Харин тэрээр дүүгээ хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг, мөн хулгайн гар утас болохыг мэдсээр байж, фейсбүүкээр зар тавьж, худалдан борлуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэргийн “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг эзэмшсэн буюу захиран зарцуулсан” шинжийг хангаж байгаа учраас шүүгдэгч Э.М-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх нь зүйтэй байна.
Хулгайлах гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгч Э.Ж нь мөн адил гар утас худалдан борлуулах, мөнгийг нь захиран зарцуулахад хамтран оролцсон боловч тэрээр үндсэн гэмт хэргийг нь үйлдсэн хүн учир түүнийг мөнгө угаах гэмт хэрэгт давхар зүйлчлэхгүй.
Иймд шүүхээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, өсвөр насны шүүгдэгч Э.Ж-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчлөв.
Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлагдсан эд зүйл болох “Samsung galaxy G4” загварын гар утсыг 550,000 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд шүүх уг шинжилгээний үр дүнг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзсэн тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 550,000 төгрөгөөр тогтоосон болно. Энэхүү хохирлын хэмжээ нь хүндрүүлэх бүрэлдэхүүнгүйгээр хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Э.М, Э.Ж нарын үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул тэднийг гэм буруугийн санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Э.М-ийг “мөнгө угаах” гэмт хэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг эзэмшиж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, өсвөр насны шүүгдэгч Э.Ж-ийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол бүрэн төлөгдсөн байх тул шүүгдэгч Э.М, өсвөр насны шүүгдэгч Э.Ж нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.М, Э.Ж нар нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Э.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, өсвөр насны шүүгдэгч Э.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг мөн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...М нь эх, 3 дүүгийн хамт амьдардаг, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөрөө төлсөн зэргийг харгалзан үзэж, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарах тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү. Харин Ж нь 17 нас 6 сартай, өсвөр насны шүүгдэгч тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялын хугацааг хойшлуулж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлд зааснаар зохих хэмжээний үүрэг хүлээлгэж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Э.М-д нь хорих ялыг зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан, өсвөр насны шүүгдэгч Э.Ж нь хорих ялыг зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг тус бүр журамлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой байна.
Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан өсвөр насны шүүгдэгч Э.Ж-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Э.М-д мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулах-гүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон нийгэмшүүлэх зорилгод нийцнэ.
Шүүх хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул гарцаагүй байх эрүүгийн хариуцлагын хүрээнд шүүгдэгч Э.М-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар “гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ... тусгай ангид заасан ял оногдуулж эдлэх ялыг хоёр дахин багасгана.” гэж зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ж-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх анх удаа энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, ...гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 7.6 дугаар зүйлд заасны дагуу шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахдаа 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан өсвөр насны хүн шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргана.” гэж тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Жөд 3 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлэхээр тогтоосон шийтгэх тогтоол биелүүлэхийг нэг жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар “гурван сарын хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь үр нөлөөтэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Э.Ж, шүүгдэгч Э.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тэдэнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О овгийн Э-ын М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, О овгийн Э-ын Ж-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2.О овгийн Э-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөнгө угаах” гэмт хэргийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг эзэмшиж үйлдсэн, О овгийн Э-ын Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг журамлан өсвөр насны шүүгдэгч Э.Ж-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг журамлан шүүгдэгч Э.М-д мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.М-д гурван сарын хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.
5.Шүүгдэгч Э.М-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг сануулсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ж-д оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг хоёр дахин багасгаж, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 3 (гурав) сарын хугацаагаар тогтоож, уг ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Ж-д ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар “гурван сарын хугацаагаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
8.Өсвөр насны шүүгдэгч Э.Ж нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хойшлуулсан хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл мөн зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хорих ялыг биечлэн эдлүүлэх шийдвэр гаргахыг сануулсугай.
9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Э.Ж, шүүгдэгч Э.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч Э.Ж, шүүгдэгч Э.М нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
11.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
12.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч Э.Ж, шүүгдэгч Э.М нарт авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус бүрд нь хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА