| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2020/0943/Э |
| Дугаар | 1081 |
| Огноо | 2020-10-07 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Д.Агар |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 1081
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Д.Агар, шинжээч Б.Ганбаатар, иргэний хариуцагч “****” ХХК-ийн төлөөлөгч Б.Ж, түүний өмгөөлөгч Б.Гэрэл-Очир, Л.Баттогтох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О, Ц.Э, М.Н, М.Д, Г.Э, тэдний өмгөөлөгч Ч.Атарболд, шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч Б.Намнансүрэн, Т.Баярбат нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овгийн Б-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1919 00417 0155 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овгийн Б-ын Ц, Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, ам бүл гурав, эцэг, эхийн хамт Налайх дүүргийн 3 дугаар хороо, *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар: ****, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Б.Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны 03 цагийн орчим Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн төвөөс баруун хойш 2 километрийн зайд Улаанбаатар-Замын Үүд сум орох босоо тэнхлэгийн хатаа хучилттай зам дээр **** УНЕ улсын дугаартай Вольво маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...“, мөн дүрмийн 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам дээр зогсож байсан **** БНА улсын дугаартай “Хьюндай Старекс” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж Б.А, М.Н, Д.Л О.Б, Г.О нарын амь насыг хохироож, М.Г-ийн эрүүл мэндэд хүнд, О.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Х овгийн Б-ын Ц нь 2019 оны 11 дүгээр сарын 17-ны 03 цагийн орчим Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 4 дүгээр багийн төвөөс баруун хойш 2 километрийн зайд Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн хатуу хучилттай зам дээр ****УНЕ улсын дугаартай “Volvo” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.“ гэж, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж тус тус заасныг зөрчиж, зам дээр зогсож байсан **** БНА улсын дугаартай “Hyundai Starex” маркийн тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас Б.А, М.Н, Д.Л, О.Б, Г.О нарын таван хүний амь насыг хохироож, М.Г-ийн эрүүл мэндэд хүнд, О.Т-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Б.Ц-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би 2012 онд жолооч болсон. С ангиллын тээврийн хэрэгслийг 2014 оноос хойш жолоодож байгаа. **** УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2019 оны 9 дүгээр сард авсан. Тэгээд Замын-Үүд чиглэлд, мөн өөр энд тэнд жижиг ажилд явж байсан. Баталгаатай ажилд орно гээд “ ***** ” ХХК-ийн нэр дээр тээврийн хэрэгслээ 10 дугаар сард шилжүүлсэн. Оросын Холбооны Улсад очоод үнэтэй ачаа ачих тул тээврийн хэрэгслээ эрсдэлийн барьцаа болгож шилжүүлсэн гэсэн үг. Уг машин намайг худалдаж авахад оношилгоо хийгдсэн байсан. Осол гарах үед би Улаанбаатараас Замын-Үүд чиглэлд ачаа ачих гээд явж байсан. Улаанбаатар хотоос 21 цагт гарсан, ганцаараа явсан, тухайн үед ачаа ачаагүй байсан. Очоод карго ачих гэж явж байсан. Замын нөхцөл байдал цасан шуургатай, гэрэлтүүлэг хэвийн байсан. Би 50-60 километр цагийн хурдтай явж байсан. Замд ослын тэмдэг байгаагүй. Том оврын машины гэрлийг бол харсан. Гэнэт л тулаад ороод ирсэн. Би зайлуулж дараад тоормос гишгээд юу мөргөсөн гэдгээ мэдээгүй зогссон. Би хохирогч нартаа хандаж хэлэхэд үнэхээр харамсаж байна, уучлаарай. Гэхдээ шинжээчийн дүгнэлтээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-д заасныг зөрчсөн гэсэн үзэж байгааг би хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Хохирол төлбөрөө барагдуулж, 2 хүүхдийн тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна. Манай том хүүхэд 11 настай, бага нь 8 настай. Нийт 13,511,836 төгрөгийн оршуулгын зардал гарсан, үүнийг нэхэмжилж байна. Улсаас 178,000 төгрөгийн тэтгэмжийг 2 хүүхдийн дунд өгдөг. Манайх түрээсийн байранд амьдардаг, би өөрөө зээлтэй, цалин хөлс хүрэлцэхгүй байна. Нэмж тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг;
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-ий шүүх хуралдаанд өгсөн: “...Би 18 настай, 11 настай 2 хүүхэдтэй. Нийт оршуулгын зардал 17,080,088 төгрөгийг нэхэмжилж байна. Одоо 2 охины хамт гэрт байх боломжгүй тул дүүгийнхээ орон сууцанд амьдарч байгаа. Том охин оюутан өглөө хичээлдээ явдаг, бага охин намайг ажилдаа явахад гэртээ ганцаараа үлддэг болохоор ашиглалтынх нь зардал төлөөд амьдарч байна. Нөхөр бид хоёр зээлтэй байсан, нийлээд төлөхөд арай гэж хүрдэг байсан. Аын нэр дээр байсан зээл төлөгдөж дуусаагүй надаас нэхэгддэг. Миний нөхөр амьд сэрүүн байсан бол багадаа сард 1,000,000 төгрөгийн цалин хөлс авах байсан. Одоо тэгэхэд 2 хүүхдийн дунд 188,000 төгрөг авч байна. Би ганцаараа ажиллаж байна, мөнгөний дарамтад амьдарч байна. Өдөр алгасахгүй нөхрийгөө бодож амьдарч байна. Ц үлдсэн ар гэр амьдрал нь яаж байна гэж нэг ч удаа утсаар асууж байгаагүй. Оршуулгын зардал гэж 500,000 төгрөг өгсөн. Бага охин аавыгаа санаад сэтгэл санааны асуудалтай болоод сэтгэл зүйч дээр очиж байгаа. Бага охиноосоо айгаад аавынх нь тухай ярьж чадахгүй байна. Мөнгө байхгүй байж болно, та яаж байна, би мөнгөгүй байна, миний буруу байсан гээд нэг удаа утсаар ярьж болох л байсан. Өмнөх шүүх хурал дээр чадахгүй мэдэхгүй, мөнгө олдохгүй байна, та нарын утас холбогдохгүй байна гээд ээж нь загнаж байсан. Би хариуцлагатай ажил хийдэг тул миний утас байнга асаалттай байдаг. Би маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг;
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би 11 настай, 7 настай, 2 настай 3 хүүхэдтэй. Нийт 13,771,719 төгрөгийг нэхэмжилж байна. Бид Баянхонгорт аймагт амьдарч байгаад Улаанбаатар хотод айлын хашаанд амьдарч байсан. Ажил хийж байх хугацаандаа орон сууцанд орох гээд мөнгө хадгалж байсан. Гэтэл ийм осол хэрэг гарч би 3 хүүхдийн хамт өнчирч үлдээд байна...” гэсэн мэдүүлэг;
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Д-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би ахтайгаа хамт амьдардаг байсан. Манай ах 13 настай ганц охинтой байсан. Улсаас 178,000 төгрөгийн тэтгэмж тогтоож өгсөн. Миний ах амьд ахуйдаа охиноо гэсэн сэтгэлтэй хүн байсан. Нийт 16,002,170 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг;
6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би 20 настай, 17 настай, 10 настай 3 хүүхэдтэйгээ хамт амьдарч байна. Маш их гомдолтой байна. Ц тухайн үед бүтэн нойртой явсан бол ийм осол хэрэг гарахгүй байсан гэж би боддог. Нийт 20,535,510 төгрөгийн зардал гарсан. Бид зээлтэй байсан, би групптэй байж байгаад нөхрөөсөө хойш ажил хийж байгаа...” гэсэн мэдүүлэг;
7. Шинжээчийн шүүх хуралдаанд өгсөн: “...Жолоочийн өөрийн үзэгдэх хүрээ гэж юу вэ, энэ тохиолдолд ямар хурдыг сонгож явах ёстой вэ гэдэг талаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд тодорхойлж заасан зүйл байхгүй. Жолооч хөдөлгөөний аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах хурдыг тохируулж явна. Үзэгдэх орчин гэдэг нь тухайн тээврийн хэрэгслийн гэрэлтүүлэг, цаг агаарын байдал зэргийг хэлнэ. Тухайн жолооч машиныг харсан гэж мэдүүлсэн байсан. Хэрэв харсан бол дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ авах ёстой. Старекс загварын тээврийн хэрэгслийн жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 18.4-т зааснаар тээврийн хэрэгслээ замаас гаргаж эсвэл зогсоох бөгөөд ийм бололцоогүй бол энэ дүрмийн 9.3, 9.4-т заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй гэж үзсэн. Жолооч урдаа гарсан аюул ослыг харах үүрэгтэй. Хүн ч бай автомашин ч бай ослын тэмдэг байхгүй байлаа гэхэд мөргөөд явна гэсэн зүйл байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр хурдыг тогтоох боломжгүй. Тухайн цаг орчны байдал шуургатай байсан, тухайн жолооч аюул саад бий болохыг харсан тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээг авна. Тэр хоорондын зайг самбаачлах хугацаа гэдэг. “А” цэг анх мөргөсөн цэг. “А” цэгээс баруун тийшээ замын хөвөө хүртэл 1,1 метр. “А” цэгийн харалдаа зорчих хэсгийн баруун талын хөвөө, старекс автомашины баруун талын дугуйг гэрэл зургаар харуулсан байх ба старекс загварын автомашины араас нь мөргөсөн байна. Старекс загварын автомашин зам чөлөөлж зогсоогүй, зам дээр зогсож байсан. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд шатахуун дуусаад зогссон зогсолтыг зайлшгүй зогсолт гэж үздэггүй. **** УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл тойрч гарах боломжтой байсан. Тухайн тээврийн хэрэгсэл эхний гаргасан шинжээчийн дүгнэлтээр мөргөсний дараа тоормос гишгэсэн мөр байсан. Өөрөөр хэлбэл, тухайн том оврын тээврийн хэрэгсэл зогсоох арга хэмжээ аваагүй гэсэн үг юм. Анх мөргөсөн болон замын хөвөө хэсэгт зогсож байсан тээврийн хэрэгслийн хооронд 39,60 метр зайтай байсан...” гэсэн мэдүүлэг;
8. Иргэний хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн: “...Анх Оросын холбооны улс руу ачаа тээвэр хийх ажил гарсан. Хувь хүнтэй гэрээ хийхгүй заавал компани байх ёстой гээд “ **** ” ХХК-ийн нэр дээр Оросын холбооны улсаас тээвэр хийх гэрээг 5 хүн хийсэн. Цаашид үйл ажиллагаа гайгүй байвал ачаа тээвэр явуулна гээд 2 автомашин түрүүлээд явсан боловч ажил нь бүтээгүй 2 автомашин буцаж ирсэн. Гэрээ хийгээгүй, зөвшөөрөлгүй 3 автомашин явсан байсан. “****” ХХК-ийн нэр дээр 2 автомашин байгаа, бусад нь ажил гараагүй гэдээ нэрээ шилжүүлсэн. Дарханбаатар одоо хүртэл “****” ХХК-ийн нэр дээр явж байгаа. Компанийн дансаар мөнгө орж ирдэггүй. Оросын холбооны улс руу ачаа тээвэр хийхэд итгэмжлэгдсэн тээвэрлэгч гэж зөвшөөрөл авах ёстой байдаг. Ц-т ямар учраас автомашиныг шилжүүлээгүй вэ гэхээр анх би хууль ёсны байгууллагын зөвшөөрөлтэй байж Ц-ын нэр дээр шилжүүлээрэй гэж хэлж байсан. Түүнээс хойш өмгөөлөгчийн хамт 2 удаа ирж уулзсан. Олон хүний амь хохирсон тул эргээд “****” ХХК-ийн нэр дээр бууна гэдгийг хэд хэдэн удаа хэлсэн...” гэсэн мэдүүлэг;
9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр О.Б 2019 оны 04 дүгээр сард Дорноговь аймгийн Даланжаргалан суманд хөрс хуулалтын үйл ажиллагаа явуулдаг компанид жолоочоор ажилд орсон, 20 хоног ажиллаад 10 хоног амардаг хуваарьтай. 2019 оны 11 дүгээр сарын 16-ны орой 20 цагийн орчимд санагдаж байна, манай нөхөр надтай яриад 25 дугаар зөрлөг ороод ирлээ одоо унтлаа гэж хэлсэн. Тэр оройдоо дахин яриагүй. Хэргийн талаар 2019 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр нөхрийн ахаас мэдсэн. “ мэдүүлэг (1хх-ийн 31 дүгээр хуудас);
10. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...талийгаач М.Н нь манай хамгийн том ах байгаа юм. 2018 онд энэ компанид жолоочоор ажилд орсон. Бидний хувьд манай ах ямар ажлаар, яах гэж явж байгаад аваарт орсон талаар мэдэхгүй байна. Энэ гэмт хэргийг үйлдсэн буруутай этгээдэд маш их гомдолтой байна...“ гэсэн мэдүүлэг (1хх-ийн 35-36 дугаар хуудас);
11. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр Л Дорноговь аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг нүүрсний уурхайд жолооч хийдэг. Миний хувьд юунаас болж осол болсон талаар мэдэхгүй байна, маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 39 дүгээр хуудас);
12. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө нөхөртэйгөө 11 цагийн үед фейсбүүкээр видео дуудлагаа хийхэд уучихсан байдалтай ярьж байсан. Тэр үедээ ажил дээрээ явж байсан. Би “чи уучихсан байж машин барьж болж байгаа юм уу?” гэхэд “би бариагүй ээ манай мастер барьж байгаа” гэж байсан, маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 43-44 дүгээр хуудас);
13. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өсгөн: “...2019 оны 11 дүгээр сарын 16-ны орой 22 цагийн үед манай нөхөр О надтай утсаар ярихад эрүүл байсан. Тухайн шөнө ажлынхантайгаа ямар ажлаар хаашаа явж байсныг мэдэхгүй байна... Энэ хэргийг үйлдсэн хүнд маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 48 дугаар хуудас);
14. Хохирогч М.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...Би “****” ХХК-д том ачааны автомашинаар шороо зөөдөг ажил хийж байсан. 2019 оны 08 дугаар сараас хойш ажилласан. 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өглөө 07:00 цагаас орой 19:00 цаг хүртэл өөрийн автомашинаар шороо зөөх ажил хийж байгаад ажлаас буусан. Ажлаас буугаад хоол идчихээд кемп дотроо байж байтал талийгаач О.Б ирээд намайг сум руу хамт явчхаад ирье гээд хэлсэн. Би тэгье гээд нягтлангаас сум явах зөвшөөрөл аваад Б-ын автомашинтай Т, А бид 4 сум руу явсан. Даланжаргалан суман дээр очоод эмийн сан ороод О.Б ханиадны эм аваад гараад ирсэн. Тэндээсээ дэлгүүр ороод дэлгүүрээс хүн бүр 0.75 литрийн 1 шил “Хараа” нэртэй нийтдээ 4 шил архи, 2 том кока кола ундаа аваад ажил руугаа буцсан. Бид бүгдээрээ нэг том контейнерт унтдаг бөгөөд ажил дээр ирээд унтахын өмнө архиа уусан. Т хажуугийн контейнерт унтах гээд мөн нэгийг нь аваад явсан. 3 шил архийг том автомашины жолооч Б, талийгаач О.Б, Н, О, А бид 6 ууж дуусгасан. Талийгаач О.Б бага буюу 100 гр орчим архи уусан. Архиа ууж дуусгаад бүгд унтах гээд орондоо орчихсон байтал Т орж ирээд О.Б-ыг “Сум яваад өгөөч” гэж байсан. Талийгаач О.Б зөвшөөрөөд бүгдээрээ хамтдаа яваад ирье гээд гарахаар болсон. Тэгээд бүгдээрээ явах гэхээр гаргахгүй байх гэж ярилцаад Т болон О.Б нар автомашинтай гарч Н, О, А, Л бид 5 ногоон дээгүүр алхаж гарсан. Тэгээд нөгөө 2 машинтайгаа хүрээд ирэхээр нь суугаад сум руу явсан. Даланжаргалан сум орж цэнхэр өнгийн 2 давхар цайны газрын үүдэнд очиж зогсоод надаас бусад нь бүгд цайны газар луу орсон. Удалгүй 5-10 минут болоод гараад ирсэн. Тэгээд буцаад ажил руугаа явсан. Явж байтал сумаас 10 орчим километр яваад түлш дуусаад зогссон. Бид бүгд буугаад сум руу машинаа түрсэн. Тухайн үед машин их явахгүй байсан. 2-3 машинд гар өргөх үед нэг нь ч зогсоогүй. Тэгээд осол гарсан газар буюу сумаас 2 км орчим газарт зогсоод би даараад байсан тул машиндаа орж суусан. Нөгөө хэд машины гадаа зогсоод үлдсэн. Тэд машин зогсооно гэж хоорондоо ярьж байсан. Би машин дотор ороод унтаад өгсөн. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Нэг сэрэхэд Улаанбаатарт гэмтлийн эмнэлэгт сэрсэн. Осол болсныг сүүлд л мэдсэн. Сум руу харсан байдалтай, зүүн талын 2 дугуй нь засмал дээр, баруун талын 2 дугуй нь шороон дээр байдалтай зогсож байсан. Сум надад харагдаж байсан. Унтсанаас хойш яасныг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 237-239 дүгээр хуудас);
15. Хохирогч О.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “****” ХХК-д том автомашинаар шороо зөөдөг ажлыг 2019 оны 3 дугаар сараас хойш хийж байна. 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өглөө 07:30 цагаас орой 20:00 цаг хүртэл өөрийн автомашинаар шороо зөөх ажил хийж байгаад ажлаас буусан. Ажлаас буугаад хоол идчихээд кемп дотроо байж байтал О.Б, А, Г 3 сум руу явах гэж байхаар хамт явъя гээд явсан. Сум руу явах зөвшөөрөл аваад О.Б2ын автомашинтай Г, А бид 4 явсан. Даланжаргалан суман дээр очоод эмийн сан ороод О.Б ханиадны эм аваад гараад ирсэн. Тэндээсээ дэлгүүр ороод дэлгүүрээс хүн бүр 1 шил “Хараа” нэртэй нийтдээ 4 шил архи, 3 нь 0.75 л байсан, 1 нь 0.5 байсан, 2 том кока кола ундаа аваад ажил руугаа буцсан. Би контейнерт унтах гээд явахдаа 1 шил архийг авч яваад талийгаач Л, талийгаач А, талийгаач О нартай хамт уусан. 3 шил архийг том автомашины жолооч Б, талийгаач О.Б, Н, О, А, Г нар ууж дуусгасан. Талийгаач О.Б бусдаасаа бага уусан. Архиа ууж дуусгаад бүгд дахиад архи олж ууцгаая, 25-ын бүх юм хаалттай байгаа гээд Даланжаргалан явахаар тохиролцсон. О.Б-ын автомашиныг би авч гарахаар ярилцаж тохирсон. Үүдний харуулууд надад гайгүй байдаг тул би ямар нэгэн шалтгаан хэлээд гаръя гэж ярилцсан. Тэгээд машиныг унаад үүдэнд очиход харуулууд гаргахгүй байхаар нь нөгөөдүүлдээ буцаж ирээд гаргахгүй байна гэхэд талийгаач О.Б ах би гаргаж чадна гээд машинаа унаад би хажууд нь суугаад үүдэнд очсон. Харуулуудад “Би Чойр орж эхнэр дээрээ очлоо” О.Б ах намайг хүргэж өгнө гэж хэлэхэд гаргахгүй байснаа гаргаж явуулсан. Тэгээд биднийг гараад очиход талийгаач Н, О, А, Л болон Г нар алхаж, зоогоо давж, кемпийн баруун урд ирсэн байсныг очиж авсан. Бүгд суугаад сум руу явсан. Даланжаргалан сум орсон эсэхээ мэдэхгүй байна. Ямар ч байсан явж байгаад түлш дуусаад зогссон. Тэгээд ярилцаж байснаа санаж байна. 25 руу түрэх үү, Даланжаргалан руу түрэх үү гэж байснаа арай уруу газар гээд Далан руу машинаа эргүүлэн түрсэн. Тухайн үед машин их явахгүй байсан. 2-3 машинд гар өргөх үед нэг ч машин зогсоогүй. Тэгээд осол гарсан газар буюу сумаас 2 км орчим газарт зогсоод би сум руу суудлын жижиг автомашинд дайгдаад ШТС-руу явсан. ШТС-ын хавиас сав олно гээд ганцаараа явсан. ШТС дээр иртэл хаалттай бүх гэрэл нь унтарсан байсан тул замын хойд талын “Болор 2” гэж санаж байна 2 давхар цайны газрын үүднээс каргоны автомашины жолоочтой уулзаж бид замд явж байгаад түлш дуусчихлаа та түлш зарах уу гэж гуйгаад 5 литр түлш авахаар болоод машинд нь суугаад хөдөлсөн. Тэгээд машин байсан газраа иртэл манай хэд машин зогсоочихсон түлш аваад түлшээ хийгээд дуусаж байсан. Тэгээд миний сууж ирсэн автомашины жолооч “за та нар түлштэй болсон байна ш дээ” гэхээр нь та яв гээд явуулсан. Тэгээд би автомашин руу орж жолоочийн хажуугийн урд талын суудал дээр суугаад л таг гээд дуу гарсан, тэгээд эргэлдээд байх шиг байсан. Би өөр юу ч мэдэхгүй нэг сэрэхэд эмнэлэг дээр сэрсэн. Сэрэхэд миний толгой дээр нэг цагдаа юм яриад байх шиг байсан. Осол болсон талаар, 5 хүн нас барсан талаар хэлж байсан....” гэсэн мэдүүлэг (3хх-ийн 10-12 дугаар хуудас);
16. Гэрч Д.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Тэр өдөр би хотоос орой 21 цагийн үед гараад замд явсаар Өлзийт зөрлөгийн хойд замд Вольво маркийн автомашиныг гүйцэж түрүүлээд явж байсан. Даланжаргалан орохын өмнө 2 орчим км-ийн наана явж байх үед Х.Старекс маркийн автомашин зам дээр зогсож байсан бөгөөд зам ангийнхан шиг гэрэлтүүлэгчтэй хувцастай 5 залуу зам дээр гар гараасаа барьчихсан зам хаагаад зогсож байсан. Би ойртож очоод зогстол 2 нь гүйж ирээд “3 цаг гаран энд зогсож байна, хөлдөж үхлээ, та бидэнд 5 литр түлш өгөөч” гэхээр нь би “за миний дүү нар замаа чөлөөлчих ах нь урд чинь гараад зогсооё” гээд урагшаа гараад зогссон. Урагшаа 50-60 м зайтай зогсоод оврын гэрлээ асаагаад, ослын гэрлээ мөн асаагаад баруун талын дугуйгаа шороон хэсэг дээр гаргаж зогссон. Гэтэл нөгөө залуучуудын 2 нь гүйж ирэхээр нь би автомашинаасаа буугаад “хувингаа аваад ир” гэхэд бидэнд юу ч байхгүй гэсэн. Тэгээд би машин угаадаг хувиндаа шланкаар түлш соруулж, 5-6 литр түлш өгсөн. Нөгөө 2 миний шланкийг хувинтай түлшний хамт аваад автомашин дээрээ очсон. Би хүлээгээд 3-4 минут орчим болоод байсан тул араас нь автомашин дээр нь очтол түлшээ хийгээд дуусаж байсан. Би хувин шланкаа аваад эргэтэл нөгөө хүмүүс бүгд машиндаа сууж байгаа нь харагдаж байсан. Тэгээд автомашин болон Старексийн хоорондох зайны голд явж байх үед Даланжаргалан талаас нэг төмөр ачсан том шаланз ирж хойшоо явах урсгалд зогсохоор нь би эргээд хартал түүнээс мөн нөгөө залуустай адилхан хувцастай 1 залуу бууж ирээд Старекс машины араар гүйгээд орж байгаа нь харагдаж байсан. Яг суусан эсэхийг хараагүй. Нөгөө залуугийн буусан автомашин хөдлөөд явж байсан. Тэгээд би урагшаа хараад автомашин дээрээ очиж байтал ард түс няс хийх чимээ гарахаар нь хартал хажуугаар автомашин нисээд өнгөрөх шиг л болсон. Миний автомашины хажуугаар нөгөө Вольво автомашин ороод урсгал сөрөөд зогссон. Би шууд нөгөө Вольво дээр гүйж очоод жолоочид нь “чи хүн алчихлаа” гэхэд нөгөө жолооч “би хүн алаагүй шүү дээ, юу байгаагүй шүү дээ” гээд байсан. Жолоочтой яриад зогсож байх үед араас нэг Т.Приус ирээд зогсох үед нь би очоод жолоочийн утсаар нь түргэн, цагдаа дуудуулсан. Тэгээд эргэн тойрноо хартал автомашины урдаас нэг хүний гар нь гозгоноод амьд байгаа нь мэдэгдэж байсан. Миний машины урдаас 2-3 том автомашин ирэхээр нь би очоод осол гарсан талаар хэлтэл 1 жолооч нь анхны тусламж үзүүлье гээд автомашин дотроосоо хөнжил гудас гаргаж ирсэн. Тэгээд бид 4-үүлээ нөгөө гараа өргөөд байсан хүн дээр очоод хөнжлөөр хучиж байтал түргэний машин ирсэн. Тэд 2 эмч, 1 жолоочтой ирсэн бөгөөд гараа өргөөд байсан хүнийг болон автомашин дотор байсан 1 согтуу хүнийг өргөлцөн түргэний автомашин дотор хийгээд явуулахдаа 1 эмэгтэй эмч нь үлдээд Вольвогийн жолоочоор арын хаалгыг нь бариулаад Далан руу хөдөлсөн. Үлдсэн нэг эмч нь нөгөө зам дээгүүр унасан хүмүүсийг хуруунд нь юм хавчуулаад судсыг нь бариад үзэж байгаад 1 хүнийг нь амьтай байна гэж байсан. Цагдаагийн алаг автомашинтай эмэгтэй, эрэгтэй 2 цагдаа ирсэн. Араас нь эмнэлгийн автомашин удалгүй давхиж ирэхээр нь нөгөө амьтай гээд байсан хүнийг бас түргэний автомашинд хийгээд явсан. Үүний дараа бас 25-аас 1 цагдаа ирж замыг зохицуулж байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 51-53, 3хх-ийн 26-27 дугаар хуудас);
17. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (1хх-ийн 4-15 дугаар хуудас), ****УАЕ улсын дугаартай Вольво маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 17-19 дүгээр хуудас), **** БНА улсын дугаартай Хьюндай Старекс маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 20 дугаар хуудас);
18. Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 128 дугаартай: “...Амь хохирогч М.Н-ийн цогцост хийсэн шинжилгээгээр тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, гадна, орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, Гавлын суурь яс зүүн чулуулаг дээд хэсгээр үргэлжлэн турк эмээлийг дайрч дагзны баруун хэсэгт төгссөн хугарал. Баруун далны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчийн цогцост учирсан тархины баруун, зүүн тал бөмбөлгийн дух, чамархай, гадна, орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, Гавлын суурь яс зүүн чулуулаг дээд хэсгээр үргэлжлэн турк эмээлийг дайрч дагзны баруун хэсэгт төгссөн хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, баруун далны зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл байна. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн амь насыг аврах боломжгүй. Амь хохирогчийн цогцсоос авсан цусанд 2,8 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын хүчтэй зэрэгт хамаарна. Амь хохирогч М.Н нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 157-165 дугаар хуудас);
19. Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 126 дугаартай “...Амь хохирогч Б.А-ын цогцост хийсэн шинжилгээгээр гавлын яс зүүн нүдний ухархайн дотор хананаас дух, зулай, орой хэсгийг хамран дагзны баруун доод хэсэгт төгссөн босоо шугаман хугаралтай, мөн зулай хэсгээс баруун, зүүн тийш үргэлжилж заадлаар салж, зүүн талдаа цөмөрсөн хугаралтай. Тархины хатуу бүрхүүлийн урагдал. Тархины баруун тал бөмбөлгийн чамархай, гадна, орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Зүүн тал бөмбөлгийн орой хэсгийн тархины эдийн няцрал. Бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн их хэмжээний эдийн няцрал. Гавлын суурь яс суурийн өмнөд, дунд, арын хонхрыг нэлэнхийд нь хамарсан турк эмээл болон баруун, зүүн чулуулаг ясыг дайрсан тодорхой бус чиглэлтэй их хэмжээний хугарал. Баруун бөөрний эдийн няцрал, орчмын эдийн цус нэвчилт. Элэгний эдийн язралт. Баруун 1, 2, 3, 5, 6 дугаар хавирга эгмийн дунд шугамаар, баруун 2, 3, 4 дүгээр хавирга нурууны хажуугийн шугамаар хугарал. Дух, зүүн бугалгын шарх, зүүн бугалга, зүүн гуя, баруун өвдөгнөөс баруун шилбэний урд доод хэсэг хүртэлх талбайд олон тооны, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн шилбэний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчийн цогцост учирсан гавлын яс зүүн нүдний ухархайн дотор хананаас дух, зулай, орой хэсгийг хамран дагзны баруун доод хэсэгт төгссөн босоо шугаман хугаралтай, мөн зулай хэсгээс баруун, зүүн тийш үргэлжилж заадлаар салж, зүүн талдаа цөмөрсөн хугаралтай. Тархины хатуу бүрхүүлийн урагдал. Тархины баруун тал бөмбөлгийн чамархай, гадна, орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Зүүн тал бөмбөлгийн орой хэсгийн тархины эдийн няцрал. Бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн их хэмжээний эдийн няцрал. Гавлын суурь яс суурийн өмнөд, дунд, арын хонхрыг нэлэнхийд нь хамарсан турк эмээл болон баруун, зүүн чулуулаг ясыг дайрсан тодорхой бус чиглэлтэй их хэмжээний хугарал. Баруун бөөрний эдийн няцрал, орчмын эдийн цус нэвчилт. Элэгний эдийн язралт. Баруун 1, 2, 3, 5, 6 дугаар хавирга эгмийн дунд шугамаар, баруун 2, 3, 4 дүгээр хавирга нурууны хажуугийн шугамаар хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, Дух, зүүн бугалгын шарх, зүүн бугалга, зүүн гуя, баруун өвдөгнөөс баруун шилбэний урд доод хэсэг хүртэлх талбайд олон тооны, зүүн шилбэ, зүүн гуя, зүүн шилбэний зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн амь насыг аврах боломжгүй. Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн цогцсоос авсан цусанд 2,3 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Амь хохирогч Б.А нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан байна...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 139-141 дугаар хуудас);
20. Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 130 дугаартай “...Амь хохирогч Б.Л-ийн цогцост хийсэн шинжилгээгээр гавлын ясны хэлбэр дүрс алдагдсан олон тооны хугарал, тархины хатуу хальс дух, орой, дагз хэсгээр том хэмжээний урагдал, аалзан бүрхүүлийн урагдал, баруун, зүүн тал бөмбөлгийн дагз, зүүн тал бөмбөлгийн орой хэсгийн тархины эдийн няцрал. Бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн суурь хэсгээр их хэмжээний эдийн няцрал. Хуйхны дотор гадаргуу дахь язарсан шарх. Өвчүү ясны зүүн хэсгийн бүдэрхийнүүд цөмөрч хугарал, гол судасны тасрал, баруун уушгины дээд, доод дэлбэнгийн няцрал, зүүн уушгины дээд дэлбэнгийн шархтай, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал. Өрцний урагдал. Баруун бөөрний няцрал, баруун, зүүн бөөрний язралт. Үнхэлцгийн урагдал. Элэгний эдийн задрал. Дэлүүний эдийн задрал. Хүзүүний 2 дугаар нугалам хөндлөн хугарал, баруун эгэм хугарал, баруун 2, 3, 4, 5 дугаар хавирга эгмийн дунд шугамаар болон суганы урд шугамаар, баруун 1,2,3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирга суганы арын шугамаар, зүүн 1, 3, 4, 5, 6 дугаар хавирга эгмийн дунд шугамаар, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирга нурууны хажуугийн шугамаар хугарал. Зүүн бугалга ясны бяцарсан ил хугарал, баруун шилбэний далд хугарал. Хамар ясны хугарал. Баруун, зүүн хөмсөгний гол хэсгийн шарх, зүүн чамархайн язарсан шарх, баруун шилбэний язарсан шарх. Нүүрний, баруун бугалга, баруун алганы ар хэсэгт олон тооны, зүүн шилбэний ар хэсэг олон тооны, зүүн шагайн дотор хэсгийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчийн цогцост учирсан гавлын ясны хэлбэр дүрс алдагдсан олон тооны хугарал, тархины хатуу хальс дух, орой, дагз хэсгээр том хэмжээний урагдал, аалзан бүрхүүлийн урагдал, баруун, зүүн тал бөмбөлгийн дагз, зүүн тал бөмбөлгийн орой хэсгийн тархины эдийн няцрал. Бага тархины баруун, зүүн тал бөмбөлгийн суурь хэсгээр их хэмжээний эдийн няцрал. Хуйхны дотор гадаргуу дахь язарсан шарх. Өвчүү ясны зүүн хэсгийн бүдэрхийнүүд цөмөрч хугарал, гол судасны тасрал, баруун уушгины дээд, доод дэлбэнгийн няцрал, зүүн уушгины дээд дэлбэнгийн шархтай, зүүн уушгины доод дэлбэнгийн няцрал. Өрцний урагдал. Баруун бөөрний няцрал, баруун, зүүн бөөрний язралт. Үнхэлцгийн урагдал. Элэгний эдийн задрал. Дэлүүний эдийн задрал. баруун 1, 2, 3, 4, 5 дугаар хавирга эгмийн дунд шугамаар болон суганы урд шугамаар, баруун 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10,11 дүгээр хавирга суганы арын шугамаар, зүүн 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хавирга эгмийн дунд шугамаар, зүүн 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирга нурууны хажуугийн шугамаар хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, Хүзүүний 2 дугаар нугалам хөндлөн хугарал, баруун эгэм хугарал, зүүн бугалга ясны бяцарсан ил хугарал, баруун шилбэний далд хугарал гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, Хамар ясны хугарал. Баруун, зүүн хөмсөгний гол хэсгийн шарх, зүүн чамархайн язарсан шарх, баруун шилбэний язарсан шарх. Нүүрний, баруун бугалга, баруун алганы ар хэсэгт олон тооны, зүүн шилбэний ар хэсэг олон тооны, зүүн шагайн дотор хэсгийн зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн амь насыг аврах боломжгүй. Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн цогцсоос авсан цусанд 2,2 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Амь хохирогч Д.Л нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан байна...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 103-105 дугаар хуудас);
21. Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 129 дугаартай “...Амь хохирогч Г.О-ын цогцост хийсэн шинжилгээгээр Гавлын яс баруун нүдний дээд ухархайнаас духны хэсэгт цөмөрч, духны зүүн хэсэг рүү болон орой хэсэг рүү салаасан шугаман хугарал. Суурь ясыг шалгахад суурийн өмнөд хонхорт баруун нүдний дээд ухархай болон гадна ухархайнаас доош турк эмээлийг дайрч зүүн чулуулаг ясны төгсгөл хэсэгт хүрсэн ташуу хугарал. Тархины тал бөмбөлгийн чамархай хэсгээр хар хүрэн өнгийн аалзан хальсан доорх цус харвалт, мөн баруун тал бөмбөлгийн дух хэсгийн тархины эдийн няцрал. Зүрхний булчингийн задрал, зүрх чихэгдэлт. Баруун уушгины хатгагдсан шарх. Элэгний эдийн задрал. Зүүн шилбэний бүрэн бус тасрал. Баруун дунд чөмгөний зөрүүтэй хугарал. Зүүн шилбэ, шаант ясны ил хугарал. Баруун 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хавирга эгмийн дунд шугамаар, зүүн 1, 2, 3, 4, 6 дугаар хавирга эгмийн дунд шугамаар хугарал. Баруун гуяны шарх, шарх орчмын булчингийн сэмрэл. Зүүн гуяны шарх, шарх орчмын зөөлөн эд сэмэрсэн урагдал. Духны баруун дээд хэсгээс хамрын үзүүр хүртэлх язарсан шарх, духнаас хамрын үзүүр хүртэлх, баруун чих, эрүү, хүзүү, цээж, хэвлийн зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчийн цогцост учирсан Гавлын яс баруун нүдний дээд ухархайнаас духны хэсэгт цөмөрч, духны зүүн хэсэг рүү болон орой хэсэг рүү салаасан шугаман хугарал. Суурь ясыг шалгахад суурийн өмнөд хонхорт баруун нүдний дээд ухархай болон гадна ухархайнаас доош турк эмээлийг дайрч зүүн чулуулаг ясны төгсгөл хэсэгт хүрсэн ташуу хугарал. Тархины тал бөмбөлгийн чамархай хэсгээр хар хүрэн өнгийн аалзан хальсан доорх цус харвалт, мөн баруун тал бөмбөлгийн дух хэсгийн тархины эдийн няцрал. Зүрхний булчингийн задрал, зүрх чихэгдэлт. Баруун уушгины хатгагдсан шарх. Элэгний эдийн задрал. Зүүн шилбэний бүрэн бус тасрал гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, Баруун дунд чөмгөний зөрүүтэй хугарал. Зүүн шилбэ, шаант ясны ил хугарал. Баруун 1, 2, 3, 4, 5, 6 дугаар хавирга эгмийн дунд шугамаар, зүүн 1, 2, 3, 4, 6 дугаар хавирга эгмийн дунд шугамаар хугарал. Баруун гуяны шарх, шарх орчмын булчингийн сэмрэл. Зүүн гуяны шарх, шарх орчмын зөөлөн эд сэмэрсэн урагдал гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр, Духны баруун дээд хэсгээс хамрын үзүүр хүртэлх язарсан шарх, духнаас хамрын үзүүр хүртэлх, баруун чих, эрүү, хүзүү, цээж, хэвлийн зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэн амь насыг аврах боломжгүй. Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн цогцсоос авсан цусанд 2,3 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Амь хохирогч Г.О нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан байна...“ гэсэн дүгнэлт (1хх-ийн 121-123 дугаар хуудас);
22. Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 126 дугаартай “...Амь хохирогч О.Б-ын цогцост хийсэн шинжилгээгээр Тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Гавлын суурийн өмнөд хонхрын баруун хэсэг, зүүн чулуулаг ясны шугаман хугарал. Өрцний урагдал, элэгний эдийн язралт, чацархайн урагдал. Зүүн 3 дугаар хавирганы хугарал. Эрүү ясны хугарал. Зүүн аарцгийн далд хугарал. Баруун хөлийн 1 дүгээр хурууны 1 дүгээр нугалмын мултарсан хугарал. Гадна бэлгэ эрхтний хуухнагийн урагдал, хэлбэр дүрсний алдагдал, зүүн төмсгийн шувтрал, зүүн гуяны урд дээд хэсгээс цавь хүртэл үргэлжилсэн язарсан шарх. Баруун хөлийн 1 дүгээр хурууны 1 дүгээр шивнүүрээс 3 дугаар шивнүүрийн доод хэсэг хүртэл үргэлжилсэн шарх. Дух, зүүн нүдний дээд зовхи, хамрын үзүүр, зүүн шанаа, зүүн нүдний доод зовхи хамарсан, баруун хацар, эрүү, доод уруул, баруун алганы ар хэсэг сарвуунуудыг хамарсан, зүүн алганы ар хэсэг, баруун шагайнд, зүүн тавхайн дээд хэсгийн зулгаралтууд. Хуйхны дотор гадаргуу дахь дух, оройн хэсгийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Амь хохирогчийн цогцост учирсан тархины баруун тал бөмбөлгийн чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт. Гавлын суурийн өмнөд хонхрын баруун хэсэг, зүүн чулуулаг ясны шугаман хугарал. Өрцний урагдал, элэгний эдийн язралт, чацархайн урагдал гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэгт, Эрүү ясны хугарал. Зүүн аарцгийн далд хугарал. Баруун хөлийн 1 дүгээр хурууны 1 дүгээр нугалмын мултарсан хугарал. Гадна бэлгэ эрхтний хуухнагийн урагдал, хэлбэр дүрсний алдагдал, зүүн төмсгийн шувтрал, зүүн гуяны урд дээд хэсгээс цавь хүртэл үргэлжилсэн язарсан шарх гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, Зүүн 3 дугаар хавирганы хугарал, Баруун хөлийн 1 дүгээр хурууны 1 дүгээр шивнүүрээс 3 дугаар шивнүүрийн доод хэсэг хүртэл үргэлжилсэн шарх. Дух, зүүн нүдний дээд зовхи, хамрын үзүүр, зүүн шанаа, зүүн нүдний доод зовхи хамарсан, баруун хацар, эрүү, доод уруул, баруун алганы ар хэсэг сарвуунуудыг хамарсан, зүүн алганы ар хэсэг, баруун шагайнд, зүүн тавхайн дээд хэсгийн зулгаралтууд. Хуйхны дотор гадаргуу дахь дух, оройн хэсгийн цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарна. Амь хохирогчид эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн амь насыг аврах боломжгүй. Амь хохирогчийн цогцост хийсэн шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогчийн цогцсоос авсан цусанд 2,4 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Амь хохирогч О.Б нь хавсарсан олон гэмтлийн улмаас нас барсан байна...” гэсэн дүгнэлт (1хх-ийн 171-172 дугаар хуудас)”
23. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2620 дугаартай шинжээчийн: “...М.Г-ийн биед их тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархай, бага тархины эдийн гүн дэх цусан хураа, баруун чамархайн, шанаа хэсгийн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (3хх-ийн 162-163 дугаар хуудас);
24. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2666 дугаартай шинжээчийн: “...О.Т-ын биед зулайн хуйханд сорви, баруун түнхний үеийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна...” гэсэн дүгнэлт (3хх-ийн 168-169 дүгээр хуудас);
25. Техникийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 68 дугаартай “...Volvo маркийн ****УАЕ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Б.Ц нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн /тээврийн хэрэгслийн хурд/ -ийн 12.2-т заасан “харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...“, мөн дүрмийн 12.3-д заасан “...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” гэсэн заалтуудыг зөрчсөн байна. “ гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 88-89 дүгээр хуудас);
26. Тээврийн Цагдаагийн албаны техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 199 дугаартай “...Volvo маркийн ****УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б овогтой Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна...“, мөн дүрмийн 12.3-д заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна..” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна...“ гэсэн дүгнэлт (3 дугаар хх-ийн 207-210 дугаар хуудас);
27. Цагдаагийн Ерөнхий Газрын Бүртгэл хяналтын төвийн мэргэжилтэн, техникийн шинжээч, цагдаагийн ахмад Д.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем, гэрэл зургаас харахад А цэгээс өмнө ямар нэгэн тоормосны мөр үлдээгүй байх тул зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзсэн. Хэдийгээр Старекс маркийн машины жолооч ослын зогсолтын тэмдэг тавиагүй, ослын гэрэл дохио асаагаагүй нь дүрэм зөрчсөн боловч зорчих хэсэгт дээр тээврийн хэрэгсэл нь хойноо гэрэл ойлгох улсын дугаартай, бөгсний гэрэлтэй байсан учир тодорхой хэмжээний зайнаас харагдах боломжтой гэж үзсэн...” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хх-ийн 36-37 дугаар хуудас);
28. Шүүгдэгч Б.Ц-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (2хх-ийн 03 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2хх-ийн 02 дугаар хуудас), жолоочийн үнэмлэхийн хуулбар (2хх-ийн 03 дугаар хуудас), тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (3-р хх-ийн 08 дугаар хуудас), иргэний хариуцагчийн өмгөөлөгч нараас шинээр гаргаж өгсөн “****” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Авто тээврийн үндэсний төвд хандсан албан бичиг, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэр шилжүүлэх маягт /2019.10.03/ зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Намнансүрэн гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Техникийн шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, жолоочийн гэм бурууг шинжлэх ухааны үндэслэлтэй тогтоосон гэж үзэхгүй байгаа тул удаа дараа, шат шатны прокурорын байгууллагад гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд шинжээчийг оролцуулах санал гаргасан. Шинжээч шүүх хуралдаанд ирж мэдүүлэг өглөө. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан зам тээврийн осол нь ямар хүчин зүйлийн улмаас осол хэрэг гарсан, ямар учир нөлөөлсөн бэ гэдгийг шинжээч нар үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Замын хөдөлгөөний дүрмийн зөвхөн зүйл заалтыг бичээд ямар нэгэн онолын үндэслэлээр хөдөлбөргүйгээр гаргасан дүгнэлт байхгүй байна. Харанхуй болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээндээ тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэж заасан боловч гэрэл ойлгогч 140 метр зайнаас харагддаг юм байна, хар бараан өнгийн зүйл 10 орчим метрийн зайнаас харагддаг байхад жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор ямар өнгийн зүйл харагдана гэж хурдаа сааруулах вэ? Хэрэв ослын зогсолтын тэмдгийг 30 метр зайд тавьсан тохиолдолд жолооч тухайн тээврийн хэрэгслийг мөргөсөн бол Ц энэ зүйл заалтыг зөрчсөн гэм буруутай. Гэтэл суурин газрын гаднах замд ослын зогсолтын тэмдгийг автомашин 30-аас доошгүй метрийн зайд тавьсан тохиолдолд 80 километр цагийн хурдтай явж байгаа автомашин тэнд зогсож байсан автомашиныг мөргөхгүйгээр зогсох боломжтой гэж тооцдог юм байна. Старекс загварын автомашины жолоочийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдад аюултай нөхцөл байдал үүсгэсэн байна, замын зорчих хэсгийг чөлөөлөөгүй байна гэж үзээд нөгөө талд нь эргээд чи мэдэх ёстой гэж өөрийн гаргасан дүгнэлтээ эсрэгээр нь үндэслэлгүйгээр тайлбарлаж байна гэж үзэж байна. Жолооч бусад хөдөлгөөнд оролцогч нарт өөрийгөө мэдээлж хөдөлгөөнд оролцох үүрэгтэй. Жолоочийн үзэгдэх хүрээ гэдэг нь тухайн замын орчин, замын тэмдэг тэмдэглэгээ, саад зэрэг бүхий л зүйл тухайн замын орчин байдаг. Өөрийгөө бусдад мэдэгдэх үүргээ жолооч биелүүлээгүй байхад араас ирсэн жолоочийг мэдэх үүрэгтэй гэж байгаа нь ойлгомжгүй байна. Автомашины хөдөлгөөн физикийн хуулийн үйлчлэлийн дагуу явагддаг учраас хүний чадавх, оюун ухаан бодол санаанд захирагддаггүй. Аюул ослыг гэнэт харсан тохиолдолд автомашиныг яаралтай зогсоох арга хэмжээ авахад автомашины бүрэн зогсолтын зам буюу жолоочийн сэтгэн бодох хугацаанд явсан зам, жолоочийн самбаачлах хугацаанд явсан зам, тоормосны механизм ажиллаж эхлэх хүртэлх хугацаанд явсан зам, тоормосны мөр зэргийн нийлбэр байна гэсэн шинжлэх ухааны үндэслэлтэй онолын томьёо байдаг. Эдгээр хугацааны нийлбэрээр бодоод үзэхэд 50 километр цагийн хурдтай явж байгаа ачааны автомашин 54,4 метр замыг туулж байж бүрэн зогсох боломжтой. Тоормосны мөр гарахаас өмнө гэдэг нь жолооч самбаачлах хугацаанд явсан зам, тоормосны механизм ажиллаад дугуй чирэгдэх хүртэлх хугацаанд явсан замууд 34,6 метр замыг дугуй чирэгдэж эхлэхээс өмнө тухайн тээврийн хэрэгсэл явсан байна. Өөрөөр хэлбэл 40-өөд метрийн зайнаас харсан ямар нэгэн саадыг жолооч 4-5 метр зайд ойртож очиж байж харах боломжтой. Дүгнэж хэлэхэд жолооч хэдий зогсоох арга хэмжээ авсан ч физикийн хуулийг зөрчиж чадахгүй гэдэг нь харагдаж байна. Урьдчилан анхааруулсан тохиолдолд жолооч түүнийг харж шийдвэр гаргаж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч аюулгүй зорчих боломж бүрдэх ёстой. Шинжээчийн дүгнэлтийг Замын хөдөлгөөний дүрмийн хүрээнд гаргасан байна. Хууль эцсийн шийдэл байдаг тул онолын түвшинд шийдэх хэрэгтэй байна. Дүгнэлтээ гаргасан эх сурвалж нь тодорхойгүй тул шүүхээс дараагийн шатны мэргэшсэн шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна...” гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярбат гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 заалтыг зөрчсөн гэж буруутгасан. Хурд, зогсоох, самбаачлах хурдыг тогтоодог мэргэжлийн шинжээч нарын дүгнэлт зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Шинжээч Чинзориг “Анхааруулах дохиог бусад хөдөлгөөнд оролцогч нарт өгч мэдээлсэн байхад зам тээврийн осол гаргасан болон зогсоох арга хэмжээ аваагүй буюу жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн байдаг гэж үздэг гэж...” мэдүүлсэн байдаг. Гэтэл Ц-ыг хурд тохируулаагүй, зогсоох арга хэмжээ авч чадаагүй гэж буруутгасан. Хэрэв хурдтай явсан бол зогсоох арга хэмжээгээ авсан ч зам тээврийн осол гаргадаг. Тээврийн хэрэгслийн нарийн мэргэшсэн бүрэлдэхүүнтэй шинжээч нараар хурдыг тогтоолгох, самбаачлах хугацаа байсан уу үгүй юу гэдэг асуудлыг тогтоож байж гэм бурууг тогтоох ёстой гэж үзэж байна. Шинжээч Ганбаатар шүүх хуралдаанд тодорхой тайлбар гаргаж чадахгүй, ямар дүгнэлт гаргасан гэдгээ өөрөө ч сайн ойлгохгүй байна. Хэдийгээр болгоомжгүй хэрэг ч гэсэн ийм шинжээчийн дүгнэлтээр 5 хүний амь нас хохирсон хэргийг хөнгөн шийдэж болохгүй. Хохирол төлбөрийн хувьд иргэний хариуцагч төлөх үү, шүүгдэгч төлөх үү гэдэг асуудал эхний ээлжид яригдана. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсгүүдэд тодорхой заасан байгаа. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд “****” ХХК өмчлөгч байсан гэдэг нь тогтоогдож байна. Учир нь Оросын холбооны улс руу ачаа тээвэр хийхэд зайлшгүй энэ компанийн нэр дээр шилжүүлэх хэрэгтэй байсан, хэдэн тэрбум төгрөгөөр тооцогдох ачаа ачих тул баталгааны асуудал байсан тул тээврийн хэрэгслээ барьцаанд өгсөн гэдгийг шүүгдэгч мэдүүлсэн. Түүнээс хойш Ц хохирол төлөх үүднээс тээврийн хэрэгслээ шилжүүлж авах талаар удаа дараа очиж уулзахад компанийн зүгээс шилжүүлж өгөөгүй. Иймд Иргэний хуульд заасан үүргийг “****” ХХК биелүүлэх үүрэгтэй гэж үзэж байна. Хохирлын тооцооны талаар иргэний нэхэмжлэгч старекс загварын автомашины хувьд улсын яллагч 3,950,000 төгрөгийн хохирол учирсан талаар дурдаж байна. Тэгвэл ямар учраас 10,000,000 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт оруулсан бэ? Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.4 дүгээр зүйлд заасан нотолбол зохих асуудал, хохирлын хэм хэмжээ, хэн нь төлөх вэ гэдгийг нарийвчлан тогтоож чадаагүй. Дараагийн асуудал нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд байна. Хүний амь нас хохирсон тохиолдолд эхний ээлжид оршуулгын зардал төлөх үүрэг нь хуульд заасны дагуу байгаа. Үүнийг нотлох баримтын хэмжээнд үндэслэж нэхэмжилдэг. Гэтэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар 2019 оны 11 сарын 17-ноос хойш 02 сарыг дуустал ахуйн хүрээнд хэрэглэсэн эд зүйлийнхээ баримтуудыг нэхэмжилсэн байна. Иймд шүүх зайлшгүй нарийн судалж анзаарч үзнэ үү. Жишээлбэл, амь хохирогч Л-ийн ар гэрээс гаргасан нэг өдрийн баримтад 5,331,000 төгрөг нэхэмжилсэн боловч зөрүү 160,000 төгрөг болж байна. Үүнийг хүлээлгэж өгсөн хүн нь гарын үсэг зурах ёстой байтал зураагүй. Тухайн компани ийм баримт гаргаж өгсөн бол зөрүү гаргах ёсгүй гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар өмгөөлөгчийн зөвлөсний дагуу сүүлд хохирлын баримтууд бүрдүүлсэн байх магадлалтай. Иймд нотлох баримтыг зайлшгүй шинжлэн судлах, дүгнэлт хийх шаардлагатай. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О нь 4,684,900 төгрөгийн баримт бичүүлсэн. Үүнээс 1,590,000 төгрөгийн зөрүү гарч 3,940,700 төгрөг болж байна. Амь хохирогч А-ын ар гэрээс гаргасан 2019 оны 11 сарын 17-ноос 11 сарын 24-ны өдөр хүртэлх баримтыг шүүж үзээд, 49 хоног, буяны зардал зэргийг оруулаад 8,801,804 төгрөг гарч байна. 14,685,079 төгрөгөөс хасахад тодорхой хэмжээний зөрүү гарч байна. Амь хохирогч Н-ийн ар гэрээс гаргасан баримтыг шүүж үзээд оршуулга болон 49 хоногийн зардлыг оруулан тооцоход 8,033,670 төгрөг, амь хохирогч Л-ийн ар гэрээс гаргасан баримтыг шүүж үзэхэд 11,767,425 төгрөг, амь хохирогч Б-ын ар гэрээс гаргасан баримтыг шүүж үзэхэд 7,990,531 төгрөг, амь хохирогч О-ын ар гэрээс гаргасан баримтыг шүүж үзэхэд 6,766,880 төгрөгийн тооцоо гарч байна. Эдгээр баримтууд нь хуульд заасан шаардлага хангасан байх тул хохирол төлбөрт тооцох боломжтой гэж үзэж байна. Нэмж хэлэхэд их хэмжээний үнийн дүнтэй гар утасны торгууль гэх мэт ойлгомжгүй, амь хохирогч байхдаа, түүний ар гэр аваад хэрэглэсэн цалингийн зээл зэргийг оршуулгын төлбөрт оруулах боломжгүй байна...” гэв.
Шүүгдэгч Б.Ц нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.“ гэж, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж тус тус заасныг зөрчсөн болох нь Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 4-14 дүгээр хуудас), хохирогч М.Г, О.Т, гэрч Д.Г нарын мэдүүлэг, Техникийн шинжээчийн 68 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнтэй техникийн шинжээчийн дүгнэлт, бүрэлдэхүүний шинжээч Д.Чинзориг, шүүх хуралдаанд оролцсон шинжээч Б.Ганбаатар нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон хэмээн шүүх үзсэн болно.
Шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч Б.Ц-ыг урд нь аюул, саад тулгарсныг мэдсэн гэж дүгнээд байгаа шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна. Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, ШУТИС-ийн харьяа МИС-ийн багш нарыг оролцуулсан 5 хүний бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргуулах шаардлагатай” хэмээн мэтгэлцсэн бөгөөд анхан шатны шүүх “хоорондоо зөрөөгүй байдлаар нэг болон гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй техникийн хоёр дүгнэлт хэрэгт авагдсан, бүрэлдэхүүний шинжээч Д.Чинзоригийн “...хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем, гэрэл зургаас харахад А цэгээс өмнө ямар нэгэн тоормосны мөр үлдээгүй байх тул зогсоох арга хэмжээ аваагүй гэж үзсэн. Хэдийгээр Старекс маркийн машины жолооч ослын зогсолтын тэмдэг тавиагүй, ослын гэрэл дохио асаагаагүй нь дүрэм зөрчсөн боловч зорчих хэсэгт дээр тээврийн хэрэгсэл нь хойноо гэрэл ойлгох улсын дугаартай, бөгсний гэрэлтэй байсан учир тодорхой хэмжээний зайнаас харагдах боломжтой гэж үзсэн...” гэсэн мэдүүлгээр үндэслэл бүхий няцаагдсан гэж үзээд, хэргийг прокурорт буцаах тухай өмгөөлөгчийн саналыг хүлээн аваагүй.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтүүдээр амь хохирогч Б.А, М.Н, Д.Л, О.Б, Г.О нарын нас барсан шалтгааныг, мөн хохирогч М.Г-ийн биед хүнд зэргийн гэмтэл, хохирогч О.Т-ын биед хөнгөн зэргийн гэмтэл тус бүр учирсныг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр, эргэлзээгүй тогтоосон байх тул хууль зүйн хувьд замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас таван хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна гэж үзэв.
Шүүгдэгч Б.Ц-ын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлах буюу мэдэх үүрэгтэйн сацуу хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн гэм буруутайд тооцно.
Анхан шатны шүүх хохирогч нарын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь гэмт хэргийн хор уршигтай шууд шалтгаант холбоогүй гэж үзлээ. Тодруулбал, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдсан “А” цэг зөвхөн нэг талын буюу нэгэнт зорчих хэсэг дээр саатсан байгаа тээврийн хэрэгслийг мөргөсөн болгоомжгүй үйлдлийн улмаас үүсгэгдсэн болох нь шүүхийн хуралдаанаар тогтоогдсон бөгөөд энэхүү нөхцөл байдал нь гэмт хэргийг үгүйсгэх болон гэмт хэргийн шинжгүй гэж үзэх хууль зүйн ойлголтод хамаарахгүй. Харин хохирогч нарын дүрэм зөрчсөн үйлдлийг шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын хүрээнд авч үзвэл зохилтой.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэргийн “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг таван хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн” шинжийг хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.Ц-ыг “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг таван хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт О.Т нь хохирогчоор тогтоогдсон бөгөөд түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон боловч зам тээврийн ослын улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учрах нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид үл хамаарах тул шүүгдэгч Б.Ц-ыг гэм буруутайд тооцоход тусгаагүй бөгөөд гэм хорын асуудлыг эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар нэг мөр шийдвэрлэсэн болно.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Тээврийн хэрэгсэл “****” ХХК-ийн эзэмшил, өмчлөлд байсан гэдэг нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдсон. Тухайн өмчлөл хэрхэн яаж үүсэж “****” ХХК-д шилжиж ирсэн бэ гэдэгт шүүх хууль зүйн дүгнэлт хийх байх. “****” ХХК-д тээврийн хэрэгслийг шилжүүлж аваад Цаар ямар ямар ажил гүйцэтгүүлээд, ямар хэмжээний ашиг хүртсэн бэ? 2019 оны санхүүгийн тайланд “****” ХХК үйл ажиллагаа эрхлээд олсон орлого байхгүй, 5-6 тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлж аваад буцаагаад хувь хүмүүст нь шилжүүлж өгсөн баримт байна. “****” ХХК 2019 онд тээвэр жуулчлалын үйл ажиллагаа эрхлээгүй. Иргэний хариуцагч мөн, биш гэж маргаж байна. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар шууд эзэмшигч нь Ц өөрөө, тээврийн хэрэгслийг гэрчилгээнд нэр бичүүлэх замаар шууд бусаар “****” ХХК эзэмшиж байсан. Гэхдээ “****” ХХК-д захиран зарцуулах эрх байгаагүй. Энэ тээврийн хэрэгсэл одоо ч гэсэн Цын өмчлөлд байгаа. Энэ тал дээр мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Тээврийн хэрэгслийг битүүмжилсэн бол “****” ХХК-ийн зүгээс тухайн тээврийн хэрэгсэлд үнэлгээ хийх замаар хохирол төлбөрийг тээврийн хэрэгслээс гаргуулах боломжтой гэж ойлгож байсан. Гэтэл “****” ХХК-аас мөнгө гаргуулах, Цаас мөнгө гаргуулах асуудал яг адилхан болсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцтай холбогдуулан хэлэхэд дахиад нэг иргэний хариуцагчийн асуудал яригдах ёстой. Старекс загварын тээврийн хэрэгсэл жолоодон явсан этгээд Замын хөдөлгөөний дүрэм журам зөрчсөн гэдэг утгаараа гэм хороос учирсан хохирлыг хуваах тухай асуудал яригдах боломжтой гэж үзэж байна. Хамгийн хэцүү нь 5 бэлэвсэн эхнэр ямар нэгэн хэлбэрээр мөрдөн шалгах ажиллагааны үйл явцаас болоод дахиад хохирох нөхцөл бүрдэх боломжтой. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн асуудлыг нэг мөр шийдвэрлээд Нийгмийн даатгалын ерөнхий газраас холбогдох лавлагаа гаргуулж хавтаст хэрэгт хавсаргасан бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг хангах үүднээс чухал ач холбогдолтой байсан. Тэтгэмж нөхөн олгогдохгүй. Иймд иргэний хариуцагч буюу “****” ХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Ц-ыг тухайн хохирол төлбөрийг хариуцуулахаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа хэрэв нэмж хийлгэх байр суурийг шүүгдэгчийн өмгөөлөгч нар илэрхийлж шүүх хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаавал хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын эрх ашгийг хамгаалах талаар, ялангуяа иргэний нэхэмжлэлтэй холбоотой гэрчээр асуух, тээврийн хэрэгслүүдийг “****” ХХК ашиглаж байсан эсэх, тэтгэмжтэй холбоотой асуудлыг нэг мөр шийдвэрлэх талаар шүүгчийн захирамжид тусгаж өгнө үү...” гэв.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Л.Б гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...**** ХХК-ийг төлөөлж 2 өмгөөлөгч оролцож байна. Өмгөөлөгчийн байр суурь нэгдмэл, өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна. Үнэлгээний материалыг шинжлэн судлахад нийт 92,000,000 төгрөгийн баримт бүрдүүлсэн байсан. Үүнээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч зарим зүйлийг хасаад 80,000,000 орчим төгрөг болно гэж байна. Тооцоо хийж үзэхэд 92,000,000 төгрөгөөс баримт давхацсан, цалингийн зээл, гар утасны төлбөр зэрэг 38,000,000 төгрөг хасагдахаар байна. Гар утасны төлбөрийн үнэлгээ хийгдээгүй, тэтгэмж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна. Тэжээгчээ алдсан тэтгэмж харьяа орон нутаг, дүүргээс гаргуулан авдаг. Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол нь 54,000,000 төгрөг болж байна. Старекс автомашины үнэлгээ 10,000,000 төгрөг нь 100 хувь борлогдох төлбөр юм. 3,950,000 төгрөгийн зардал нь бодит хохирол, харин 10,000,000 төгрөг гэдэг боломжгүй үнэлгээ гэж үзэж байна. Энэ хэргийн улмаас 5 хүний амь хохирсонд гүнээ эмгэнэж байна. Бодит хохирол болох оршуулгын зардал болон хоног тоолох зардал орно. Хэрэв мөрдөн байцаах ажиллагаанд хэргийг буцаасан тохиолдолд тээврийн хэрэгслийг буцаан битүүмжлэлд авах, бодит хохирлыг тогтоох зайлшгүй шаардлагатай байна...” гэв.
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан ... бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, мөн зүйлийн 499.4 дэх хэсэгт “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч, эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус тээврийн хэрэгсэл ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдийг тодорхой заасан байна.
Түүнчлэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдээс гадна Иргэний хуулийн 498 дугаар зүйл, 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4, 500 дугаар зүйлийн 500.1, 501 дүгээр зүйлийн 501.1, 502 дугаар зүйлийн 502.1, 512 дугаар зүйлийн 512.1 дэх хэсэгт заасан иргэн, хуулийн этгээд хамаарах бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишиг, шүүхийн практикт хэдий нь тогтсон ойлголт билээ.
Энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан хуулийн этгээд болох “****” ХХК нь “Volvo” загварын ****УАЕ улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгслийн хууль ёсны эзэмшигч болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (3-р хх-ийн 08 дугаар хуудас), иргэний хариуцагчийн өмгөөлөгч нараас шинээр гаргаж өгсөн “****” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Авто тээврийн үндэсний төвд хандсан албан бичиг, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэр шилжүүлэх тухай 2019.10.03-ны өдрийн маягтын хуулбар зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байх тул иргэний хариуцагчаар татагдсан хуулийн этгээд болох “****” ХХК-ийг гэм хорын хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй.
Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “Гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгийн эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно.” гэж заасан боловч мөн зүйлийн 2 дахь хэсэгт зохицуулснаар эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол 91.1 дэх хэсэг хамаарахгүй юм.
Гуравдугаар хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд авагдсан улсын бүртгэл бүхий гэрчилгээний хуулбар болон иргэний хариуцагчийн шинээр гарган өгч, шинжлэн судалсан бусад баримтаар гэмт хэрэг гарах үед “Volvo” загварын ****УАЕ улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгсэл нь “****” ХХК-ийн өмчлөл, эзэмшилд бүртгэлтэй байсан тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зааснаар гэм хорын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.
- Амь хохирогч Д.Л-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Э-ийн гаргаж өгсөн нийт 85 ширхэг хохирлын баримт бүхий 20,535,514.00 төгрөгийн нэхэмжлэлээс гэмт хэргийн хохиролд үл хамаарах өд сөдөн куртик худалдан авсан 22,800.00 төгрөгийн (3хх-ийн 43 дугаар хуудас) нэхэмжлэлийг хасаж, 20,512,714.00 төгрөгийн нэхэмжлэлийг;
- Амь хохирогч Б.А-ын хууль ёсны төлөөлөгч Ц.Э гаргаж өгсөн 138 ширхэг хохирлын баримт бүхий 17,080,088.00 төгрөгийн нэхэмжлэлээс гэмт хэргийн хохиролд үл хамаарах гар утасны хэрэглээний төлбөр 67,880.00 төгрөг, 68,970.00 төгрөгийн (3хх-ийн 57, 60 дугаар хуудас) нэхэмжлэл, гар утасны зээлийн үлдэгдэл 559,320.00 төгрөг, 111,880.00 төгрөгийн (3хх-ийн 57, 66 дугаар хуудас) нэхэмжлэл, Candy орлогын гүйлгээ 201,200.00 төгрөгийн (3хх-ийн 68 дугаар хуудас) нэхэмжлэлийг тус тус хасаж, 16,070,838.00 төгрөгийн нэхэмжлэлийг;
- Амь хохирогч М.Н-ийн хууль ёсны төлөөлөгч М.Д-ын гаргаж өгсөн нийт 72 ширхэг хохирлын баримт бүхий 16,002,174.00 төгрөгийн нэхэмжлэлийг;
- Амь хохирогч Г.О-ын хууль ёсны төлөөлөгч Г.О-ийн гаргаж өгсөн нийт 116 ширхэг хохирол баримт бүхий 13,511,836.00 төгрөгийн нэхэмжлэлээс тооцооны алдаатай баримтын зөрүү болох 1,590,200 төгрөгийн (3хх-ийн 102 дугаар хуудас) нэхэмжлэл, гэмт хэргийн хохиролд үл хамаарах Lend.mn болон Голомт банкнаас авсан 309,500.00 төгрөг, 659,400.00 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хасаж, 9,448,236.00 төгрөгийн нэхэмжлэлийг;
- Амь хохирогч О.Б-ын хууль ёсны төлөөлөгч М.Н-ийн гаргаж өгсөн нийт 318 ширхэг хохирлын баримт бүхий 13,771,719.00 төгрөгийн нэхэмжлэлийг;
Хохирогч М.Г-ийн гаргаж өгсөн нийт 14 ширхэг хохирлын баримт бүхий 895,740.00 төгрөгийн нэхэмжлэлийг;
Хохирогчоор тогтоогдсон О.Т-ын гаргаж өгсөн нийт 17 ширхэг хохирлын баримт бүхий 1,019,280.00 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хангаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт тус бүрд нь 500,000.00 төгрөгийг сайн дурын үндсэн дээр, үл маргах журмаар хүлээлгэн өгсөн байх тул дээр хангаж шийдвэрлэхээр дурдсан нэхэмжлэлийн үнийн дүнгээс тус бүр хасаж тооцох нь зүйтэй.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499, 505, 508, 510 дугаар зүйлд тус тус зааснаар иргэний хариуцагчаар татагдсан хуулийн этгээд болох “****” ХХК-аас нийт 79,170,701.00 төгрөг гаргуулан хууль ёсны төлөөлөгч М.Н-д 13,271,719.00 төгрөгийг, Г.Э-т 20,012,714.00 төгрөгийг, М.Д-д 15,502,174.00 төгрөгийг, Г.О-д 8,948,236.00 төгрөгийг, Ц.Э-д 15,570,838.00 төгрөгийг, хохирогч М.Г-т 865,740.00 төгрөгийг, хохирогч О.Т-д 1,019,280.00 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.О-д 3,950,000.00 төгрөгийг тус тус олгуулахаар тогтоолд тусгах нь зүйтэй.
Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн ... хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөрөө буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэж зааснаар иргэний хариуцагч “****” ХХК нь хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлсөн төлбөрөө гэм буруутайд тооцогдсон этгээдээс иргэний журмаар жич буцаан нэхэмжлэх эрхтэй бөгөөд уг нэхэмжлэлээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргахгүйн зэрэгцээ сөрөг нэхэмжлэл гаргах эрхгүй болно.
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь нас барсан хохирогчийн асрамжид байсан хөдөлмөрийн чадваргүй хүн болон хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэврийн зөрөөг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй бөгөөд энэхүү зөрөөг бодитой тогтоох боломж бүхий баримтыг шүүхээс өмнөх болон шүүхийн шатанд гаргаж өгөөгүй байх тул шийдвэрлэлгүй орхисныг дурдах нь зүйн хэрэг.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Ц нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 жилийн хугацаагаар хасаж, 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас учирсан 77,720,701 төгрөгийн хохирлыг “****” ХХК-аас гаргуулах, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий компакт дискийг хэрэгт хадгалж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар: “...Хүний амь нас хохирно гэдэг хэзээ ч нөхөн сэргээгдэшгүй хор уршиг учирч байгаа юм. Өнөөдөр 5 бэлэвсэн эмэгтэй насаараа өрх толгойлж, хүн бүрийн ард 1-3 хүүхдийн хувь заяа яригдаж байна. Ц-ын хувьд нас залуу байна, шүүхээс оногдуулсан шийтгэлийг биечлэн эдлээд гарч ирэх боломжтой. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан байсан бол шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах нь зүй ёсны асуудал. Өнөөдрийг хүртэл тийм зүйл байгаагүй тул улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Баярбат эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Энэ гэмт хэрэг болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйн улмаас гардаг гэдгийг хэлмээр байна. Тухайн зүйл ангид заасан ялын хэмжээ 2-8 жилийн хорих ялтай. Амь хохирогчийн тоо, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын сэтгэл санааны болон эд зүйлийн хохирол гэх мэт асуудлыг ойлгож, харамсаж байгаагаа илэрхийлсэн. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Тухайн хэрэг гарахад амь хохирогч Б-ын гэм буруутай үйлдэл шууд нөлөөлсөн. Үүнийг нотлох баримт шинжлэн судлахдаа тодорхой хэлсэн. Амь хохирогч Б Ц-тай адил Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 заалтыг зөрчсөн. Үүнд замын тэмдэг тавиагүй, ослын дохионы гэрэл асаагаагүй буруутай гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Түүний буруутай үйл ажиллагааг хувьчилж үзвэл 60 хувь байж болох талтай. Энэ байдалтай холбогдуулан Намнансүрэн өмгөөлөгчийн хамт дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт удаа дараа гаргасан боловч Ц-ын гэм буруутай болох нь тогтоогдсон тул Б-ын буруутай үйлдлийг ял шийтгэл оногдуулахдаа зайлшгүй харгалзан үзнэ үү. Улсын яллагч 7 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргаж байгаа нь амь хохирсон хүний тоотой уялдуулсан гэж ойлгож байна. Ц-ын ямар гэм буруутай гэдгийг ярих ёстой байтал хэдэн хүний амь нас хохирсон гэдгээр ял шийтгэл оногдуулах нь зохимжгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан болгоомжгүй гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирол төлбөргүй, шүүхээс “****” ХХК-ийг хохирол төлбөр төлөхөөр шийдвэрлэсэн, Ц өөрийн боломжоороо 2,500,000 төгрөгийг төлсөн, хохирол төлөх гэж хүчин чармайлт гаргасан зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 үйлчилнэ гэж үзэж байна. Хэрэв Ц-ыг гэм буруугаа хүлээгээгүй гэж үзэж байвал дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах асуудлыг гаргасан нь гэм буруугаа хүлээгээгүй гэсэн заалтад орохгүй байх гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү. Хэрэв боломжгүй гэж үзвэл хорих ялын доод хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Намнансүрэн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Баярбат өмгөөлөгчийн саналыг дэмжиж байна...” гэв.
Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон гэмт хэргийн улмаас таван хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан хохирлын хэр хэмжээ, талуудын дүгнэлт, тайлбарыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Ц-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, зургаан жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, уг таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Х овгийн Б-ын Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад зааснаар “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг таван хүний амь насыг хохироож, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Ц-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасаж, зургаан жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан зургаан жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагчаар татагдсан хуулийн этгээд болох “****” ХХК-аас 79,170,701.00 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Н-д 13,271,719.00 төгрөгийг, Г.Э-т 20,012,714.00 төгрөгийг, М.Д-д 15,502,174.00 төгрөгийг, Г.О-д 8,948,236.00 төгрөгийг, Ц.Э-д 15,570,838.00 төгрөгийг, хохирогч М.Г-т 865,740.00 төгрөгийг, хохирогч О.Т-д 1,019,280.00 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.О-д 3,950,000.00 төгрөгийг тус тус олгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “хэргийн газрын үзлэгийн бичлэг” бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.
6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Ц-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8.Шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг найман жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд оногдуулсан үндсэн ял болох хорих ялаа эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолж, түүний ***** дугаартай B, C, Е, М ангиллын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд шилжүүлсүгэй.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Ц-т авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА