| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2016/00246/И |
| Дугаар | 25 |
| Огноо | 2017-03-07 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 25
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Цэцэг сумын Баян-овоо багт оршин суух, РД:ПЮ91100522, Шонхор овогт Нямдаваагийн Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Шинжиан “Лю Ди Ван” ХХК-д холбогдох
ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацааны олговор /цалин/ гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлд 2016 оны 12 сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтангэрэл оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шинжиан “Лю Ди Ван” ХХК-д 2014 оны 09 сарын 20-ны өдрийн 20 дугаартай тушаалаар Уулын инженерээр томилогдон ажиллаж эхэлсэн. 2015 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байгаад жирэмсний амралтаа авсан. Ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн харилцааны зөрчил гаргаж байгаагүй. 2015 оны 11 сарын 19-ний өдөр хүүхэд төрүүлсэн. Жирэмсний амралтын хугацаа 2015 оны 10 сарын 25-ны өдрөөс 2015 оны 12 сарын амралтын мөнгө миний дансанд орсон байсан. Хавар 3 сард ажилдаа орохоор очиход хүүхэд чинь бага байна. Том болохоор нь ажилдаа ор гэсэн хариу өгсөн. 2016 оны 09 сард ажилдаа орохоор очиход: “Энэ удаагийн ажлын байранд чи тохирохгүй гээд ажилд аваагүй. Дараагийн ажлын байранд авна гэсэн. Намайг ажилд авна гэдгээ Ван Вэй Шин гэдэг дарга хэлсэн. Буян гэдэг орчуулагч байсан. Намайг ажил хүлээж байх хугацаанд хэд хэдэн ажлын байр гаргасан. Диспичерийн орон тоо гарсан боловч ажилд орох хүмүүсийг шалгаруулж авна гэсэн. Миний ажлын байр хадгалагдаж байгаа тул би ажилдаа орох байх гэж их хүлээсэн. 2015 оны 11 сарын 20-ны өдөр захиралын 15-110 дугаартай тушаалаар нэр бүхий 21 ажилчинг ажлаас чөлөөлсөн байна. Энэ ажилчдын дунд миний нэр байгаа юм байна. Намайг ажлаас чөлөөлсөн гэдгийг би мэдээгүй. Над тушаалын эх хувийг гардуулж өгөөгүй. Би шаардаж байгаад хүний нөөцийн мэргэжилтэнээс тушаалын канондсон хувийг авсан. Би сард 1200000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгний цалинтай ажилладаг байсан. Миний дансанд 720000 төгрөг нэг удаа орж ирсэн. Намайг жирэмсний амралт дуусаад ажилдаа орохоор ирэхэд ямарч шалтгаангүйгээр ажилд авахгүй хохироож, Монгол улсын Хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчиж байгаа тул миний гомдлыг хянан үзэж намайг Шинжиан “Лю Ди Ван” ХХК-д уулын инженерийн ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан үеийн цалинг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү. Миний ажилд орсон тушаал цалингийн тодорхойлолтыг Шинжиан “Лю Ди Ван” ХХК-аас гаргуулан нэхэмжлэлд хавсаргуулахыг хүсэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ван Вэй Шин шүүхэд гаргасан тайлбартаа: Н.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй Шинжиан “Лю Ди Ван” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагч Шинжиан “Лю Ди Ван” ХХК-ний төлөөлөгч Ван Вэй Шин миний бие иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хариу тайлбар гаргаж байна. Н.Алтанцэцэгийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Н.Алтанцэцэгийг ажлаас чөлөөлсөн халсан зүйл огт байхгүй. Тухайн үед хэл ам гараад байна, шалгалт өгөхөөр ирсэн хүмүүстэй хамт суугаад шалгалт өг гэсэн тэгтэл Н.Алтанцэцэг нь уурлаад гараад явсан. Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг нь нийгмийн даатгалын сангаас болон компаниас олгодог тэтгэмжүүдэд бүрэн хамрагдсан. Дэлгэрэнгүй тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргах болно гэжээ.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн Эвлэрлийн гэрээнд: Н.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй Шинжиан “Лю Ди Ван” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийн зохигчид нэхэмжлэгч Н.Алтанцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ван Вэй Шин, Ц.Энх-Амар нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дараах зүйлийг тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав. Иймд эвлэрлийн гэрээг баталж өгнө үү. Тохиролцоо:
1. Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг нь ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзав.
2. Хариуцагч Шинжиан “Лю Ди Ван” ХХК нь нэхэмжлэгч Н.Алтанцэцэгийн ажилгүй байсан үеийн цалинд 6000000 /зургаан сая/ төгрөгийг 2017 оны 04 сарын 01-ний өдөр гэхэд нэхэмжлэгч Н.Алтанцэцэгийн ХААН банкны 25029981880 тоот дансруу шилжүүлнэ.
Энэхүү гэрээг бид сайн дурын үндсэн дээр байгуулсан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Алтанцэцэг хариуцагч Шинжиан “Лю Ди Ван” ХХК-иас ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч эвлэрэн хэлэлцэж, нэхэмжлэгч Н.Алтанцэцэг ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж, ажилгүй байсан үеийн цалинд 6000000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч Шинжиан “Лю Ди Ван” ХХК нь ажилгүй байсан үеийн цалинд 6000000 /зургаан сая/ төгрөгийг 2017 оны 04 сарын 01-ний өдөр гэхэд нэхэмжлэгч Н.Алтанцэцэгийн ХААН банкны 25029981880 тоот дансруу шилжүүлэхээр хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй Шинжиан “Лю Ди Ван” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан үеийн цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй хэргийн зохигчид ажилгүй байсан үеийн цалинд 6000000 /зургаан сая/ төгрөгийг 2017 оны 04 сарын 01-ний өдөр гэхэд нэхэмжлэгч Н.Алтанцэцэгийн ХААН банкны 25029981880 тоот дансруу шилжүүлэхээр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 106 дугаар зүйлийн 106.5 -д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч Шинжиан “Лю Ди Ван” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлбөл зохих 110950 төгрөгийн 50 хувь болох 55475 /тавин таван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэхүү захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.