Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 1093

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал, улсын яллагч Х.Онолт, шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С овгийн Б-ын С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 00923 0857 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овгийн Б-ын С, Монгол Улсын иргэн, 19** оны ** дугаар сарын **-ний өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум, 5 дугаар багийн ***  гэх  газарт оршин суух бүртгэлтэй боловч ам бүл зургаа, дүү, хүргэн, зээ дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо,  *** дугаар гудамжны *** тоотод түр оршин суудаг, регистрийн дугаар: *******, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр “***” худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг “*****” цайны газарт иргэн С.Н-ын цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 361,119 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч С овгийн Б-н С нь 2019 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр “***” худалдааны төв дотор үйл ажиллагаа явуулдаг “*****” цайны газарт иргэн С.Н-ын цүнхтэй эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 361,119 төгрөгийн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Сын шүүх хуралдаанд өгсөн: “...Би архи ууж яваад дулаацах гэж цайны газарт орсон. Тэгээд хохирогчийн эд зүйлийг авсан. Авсан цүнхтэй зүйлээ эзэнд нь буцаагаад өгсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг;

2. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас (хх-ийн 5 дугаар хуудас), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 14 дүгээр хуудас), нэгжлэг хийсэн болон эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл (хх-ийн 17-18 дугаар хуудас);

3. Хохирогч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүн хараа сумаас Сонгинохайрхан дүүргийн 20 дүгээр хороо, Драгон автовокзал дээр 14 цаг өнгөрч байхад ирсэн. Тэгээд зүүн талд нь байдаг “****” цайны газарт ороод цүнхтэй эд зүйлээ ширээний доор тавиад хоол захиалах гээд тек рүү нь очоод эргээд ирэхэд миний цүнх байхгүй болсон байсан. Камерын бичлэгийг шүүлгээд харахад миний цүнхийг архи уудаг байрын үл таних эрэгтэй хүн аваад гарч байсан. Хулгайд алдагдсан эд зүйлсээс архи, ул боов, сахлын машин, зэс аяга зэргээс бусдыг бүгдийг нь бүрэн авсан. Эдгээр зүйлсийг нэхэмжлэхгүй, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24, 100 дугаар хуудас);

4. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 85 дугаар хуудас), хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 91-95 дугаар хуудас), хохирогчид эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (хх-ийн 96 дугаар хуудас), шүүгдэгч Б.С-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 67 дугаар хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 103 дугаар хуудас), эд хөрөнгийн болон тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 105-106 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хх-ийн 65 дугаар хуудас);

5. Шүүгдэгч Б.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...***** нэртэй цайны газарт ганцаараа ороод сууж байтал яг хаалганы хажуу талын ширээнд нэг хөгшин ах хэдэн цүнхтэй сууж байснаа хоол захиалах гээд тек рүү яваад өгөхөөр нь гэнэт цүнхийг нь авах бодол орж ирээд улаан, ягаан өнгийн цүнхийг нь аваад гарчихсан, хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 41 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл болох эд зүйлсийг нийт 361,119 төгрөгөөр үндэслэл бүхий үнэлсэн байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг бага хэмжээнээс дээш буюу 361,119 төгрөгөөр тогтоосон бөгөөд энэхүү хэмжээ нь хулгайлах гэмт хэргийн материаллаг шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.С-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүх хуралдааны үед шүүгдэгч Б.С нь хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэл, учирсан хохирлын талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.С-ыг “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн ба архи, ул боов, сахлын машин, зэс аяга зэргээ хохирогч нэхэмжлэхгүй, цаашид гомдол саналгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.С-ыг бусдад төлөх төлбөргүй гэж тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:                        

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий компакт дискийг хэрэгт хадгалах нь зүйтэй...” гэв.

Шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар өөрийгөө өмгөөлж: “...Албадан ажил хийлгэх ял өгөхгүйгээр тэнсэж өгнө үү. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх хийгээд нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Б.С нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сум, 5 дугаар багийн *** гэх  газарт оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч ам бүл зургаа, дүү, хүргэн, зээ дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, *** дугаар гудамжны *** тоотод түр оршин сууж байх тул түүнийг одоо амьдарч буй нутаг дэвсгэрийн харьяаллаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.С овгийн Б-н Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.С-д сануулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.С-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА