| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2020/1100/Э |
| Дугаар | 1842 |
| Огноо | 2020-10-22 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 1842
2020 10 22 2020/ШЦТ/1842
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч А.Сайнбаяр,
Шүүгдэгч С.О нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.О холбогдох эрүүгийн 2006 01365 2407 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, захирал ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, регистрийн дугаар , С.О .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч С.О нь 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Топ авто угаалгын 2 давхарт иргэн Г.Ганбилэгийг байгууллагын дотоод цахим программ ашигласан гэх шалтгаанаар нүүр лүү нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учраас өнөөдрийн шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж гэмт хэрэгт холбогдохгүй.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Ганбилэг өгсөн мэдүүлэг /хх-21-23/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3067 дугаартай дүгнэлт /хх-27-28/, гэрч О.Бат-Итгэлийн өгсөн мэдүүлэг /хх-38-39/, Шуурхай удирдлагын тасгын дуудлагын лавлагааны хуудас /хх-15/, С.О ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-68-71/, шүүгдэгч С.О ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-62/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч С.О нь 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Топ авто угаалгын 2 давхарт иргэн Г.Ганбилэгийг байгууллагын дотоод цахим программ ашигласан гэх шалтгаанаар нүүр лүү нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Ганбилэгийн өгсөн: “Би Оргилын Шуурхай хүргэлт ХХК-нд менежерээр ажиллаж байгаад 2020 оны 1 дүгээр сарын 22-нд амралтын өдөр амарлаа гэх шалтгаанаар халагдсан юм. Тэгээд 2020 оны 2 дугаар сарын 21-ны өдөр Оргил намайг ажил дээрээ дуудахаар нь 11 цагийн үед очиж уулзсан чин байгууллагын цахим программ ашигласан байна, Батбаяр надад хэлсэн гэсэн тэгээд миний гар утсыг шалгахад тийм зүйл байгаагүй бөгөөд би ашиглаагүй байсан. Тэгээд Оргил чи ашигласан биз дээ үнэн байдлаа хэл гэж нүүрэнд нэлээн хэдэн удаа гараараа цохиж, өшиглөж зодсон. Тэгээд Баткаг алах аваад ир гэсэн. Тэгэхээр нь би зугтаагаад гарсан чинь Оргил цамцнаас татаж оруулах гэж татсан, би гинжнээс нь бариад орохгүй гэсэн чинь нөгөө хэдтэй гарыг нь тавиулаад оруул гэж хэлсэн чинь уг хүмүүс миний гарыг тавиулах гэтэл Оргил та нар битгий цохь, хэрэгт орно би ганцаараа цохино харьцгаа гэж хэлэхэд нөгөө хэд нь явсан. Тэгээд байж байтал цагдаа ирээд аваад явсан.” /хх-21-23/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Бат-Итгэлийн өгсөн: “Би хүргэлтийн компанид ажилд ороод удаагүй байсан юм. Тэгээд тэр үед хоол хүргэж өгсөн газарт манай байгууллагын хүргэлтийн программыг ашиглаж байсныг оргил захиралд хэлсэн. Тэгээд манайд ажиллаж байгаад гарсан Ганбилэг нөгөө газарт ажиллаж байсан тул түүнийг хардаж захирал өрөөндөө дуудаж уулзахад хажууд нь Золжаргал бид хоёр байсан. Ингээд Оргил захирал манай программыг ашиглаж байгааг чинь харсан хүн байна гэсэн Ганбилэг ашиглаагүй, адилхан программ гэсэн. Тэгэхэд захирал Оргил “чамайг жил гаран дүү шигээ хандаж, харж үзэж явахад муухай зан гаргалаа гэж уурлаж Ганбилэгийг цохиж, зодсон чинь гадагшаа зугтаахад хойноос нь Оргил захирал гарсан. Тэгээд бид нар араас нь гарсан чинь гадаа үүдэнд Ганбилэг гинжнээс барьсан, Оргил захирал түүнийг татаж оруулах зорилготой толгой руу нь цохиж татаж чангааж байсан. Оргил захирал Ганбилэгийг салгаад оруул гэж хэлэхээр нь салгах гэсэн чинь “та нар хэрэгт орно би өөрөө оруулна гэсэн учраас бид нар түүнд ойртоогүй. Тэгээд би шууд гэртээ харьсан. Тухайн үед Ганбилэгийг Оргил захирал зодсон, Золбоо, Ням-Эрхэс бид гурав түүний биед хүрээгүй.” /хх-38-39/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 3067 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Ганбилэгийн биед дух, хоолойд цус хуралт, баруун чихний хэнгэрэг цоорсон гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлэгийни гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид эрүүл мэндэд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй болно. /хх-27-28/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд С.О ын яллагдагчаар өгсөн: “Өчигдөр буюу 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр манайд өмнө менежер хийдэг байсан Ганбилэг гэх залуу манай байгууллагын дотоод аппликейшиныг ашиглаад явж байна гэх зүйлийн манай манай ажилтан Батаа ярихаар нь Ганбилэгийг ажил дээрээ дуудуулж авч ирүүлсэн. Тэгээд Ганбилэг ирэхээр нь чи яагаад манай аппликейшинийг ашиглаад байгаа юм бэ чи хэний эрхээр орсон юм бэ гэж асуусан чинь Ганбилэг би ашиглаагүй гэж хэлсэн. Тэгэхээр би уг утсыг авч шалгасан чинь манай аппликейшин байхгүй байсан. Тухайн аппликейшин болохоор нь манай байгууллага зөвхөн өөрсдөө ашиглах зориулалттай зүйл байгаа юм. Кодыг нь мэдэхгүй бол хэн нэгэн орж чадахгүй бөгөөд дуудлага мэдээлэл ч ирэхгүй аппликейшин байгаа юм. Тэгээд Ганбилэг би энэ программыг ашиглаагүй гээд худлаа яриад байхаар нь би Ганбилэгийг хаашаа нь цохисноо сайн мэдэхгүй байна. Ганбилэг рүү зөндөө цохисон. Тэгээд өшөө жоохон айлгая гэж бодоод манайд байдаг резинэн алхыг аваад ир гэж Ням-Эрхэс. Батаа, Баганаа. Золоо нар байхаар нь хэлсэн. Тэгсэн чинь Ганбилэг гараад гүйж зугтаасан бөгөөд би зугтаалгахгүй гэж ардаас нь хөөгөөд барьж авсан чинь Ганбилэг амь авраарай гээд орилоод байсан бөгөөд хашааны гинжнээс бариад тавихгүй байсан ба Ганбилэгийг зугтаах гээд байхаар нь Ганбилэгийг Батаа, Золоо хоёр цохисон. Яг хаашаа нь цохисон талаар сайн мэдэхгүй байна. Тэгээд машинтай хүмүүс цагдаа дуудсан байх.” /хх-68-71/ гэх мэдүүлэг,
Шуурхай удирдлагын тасгын дуудлагын лавлагааны хуудас /хх-15/,
Шүүгдэгч С.О ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-62/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий хохирогчийг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч С.О нь 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Топ авто угаалгын 2 давхарт иргэн Г.Ганбилэгийг байгууллагын дотоод цахим программ ашигласан гэх шалтгаанаар нүүр лүү нь цохих, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Г.Ганбилэг гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч С.О ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “эрүүгийн
хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Шүүхээс шүүгдэгч С.О ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч С.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэгт хадгалахаар тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.О ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар С.О д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар С.О нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар С.О нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, С.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба С.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол С.О д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС