Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 161

 

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 14 өдөр

      Дугаар 151/ШШ2017/00161

Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Төв аймаг, Батсүмбэр сум, Цогт-Өндөр 2 дугаар багт оршин суух Узбек овогт Гагарины Олимпед /МР80072015/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвд холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Олимпед, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагч Х.Батмөнх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн нар оролцов.

                                     ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Г.Олимпед шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Батсүмбэр сумын Нэгдсэн эмнэлэгт 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдөр галчаар ажилд орсон. Ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулж байгаагүй. 4 хүн 24 цагаар ээлжилж гардаг байсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өглөө ажлаа хүлээж авах гээд ажил дээрээ очиход манай ажилчид чамайг ажлаас халсан, оронд чинь өөр хүн авсан гэж хэлсэн. Намайг ажлаас халсан талаар хэлж байгаагүй. Ажлаас халсан тушаалаа 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр авсан. Ажлаас халсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. Тушаалд өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэж бичсэн байгаа. Миний хувьд ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгөөгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэв.

Хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн ажил үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Засгын газрын 2014 оны 147 тоот тогтоолоор Төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй харуул хамгаалалт, халаалт, дулаан, цэвэрлэгээ зэрэг үйлчилгээгг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэлдүүлэх гэсэнтэй холбоотойгоор сумын эрүүл мэндийн төвийн галчийн орон тоо хасагдсан. Тус эрүүл мэндийн төвийн баригыг дулаанаар хангах үйл ажиллагааны зардлыг бусдаар гүйцэтгүүлэх, бусад нийтлэг ажил үйлчилгээ, зардлын зүйл ангид тусгагдсан. Галчийг сонгон шалгаруулалтаар авна гэж дотоод журмандаа заасан байдаг. Галч нар эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй. 1 жилийн хугацаатай гэрээ хийгээд сард 396.000 төгрөгийн цалин авдаг. Сонгон шалгаруулалтаараа нэг сарын хугацаатай гэрээ байгуулахгүйгээр авч ажиллуулдаг. Энэ талаар дотоод журманд байдаг. Намжилмаа дарга 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр ажлаас халсан тушаалаа гарын үсгээрээ баталгаажуулаад гаргасан байна. Нэхэмжлэгч нь 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр авсан гээд байгаа нь эргэлзээтэй байна. Энэ хоёр хүнийг хоорондоо яаж тохиролцсон талаар би сайн мэдэхгүй байна. Манайх 4 ээлжийн галчтай. Галчийн орон тоо эрүүл мэндийн төвийн ажилчдын орон тоонд орж явдаггүй. Батсүмбэр сумын иргэдээс сонгон шалгаруулалт хийгээд авч ажиллуулдаг. Галч нар 5 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 1-ний өдөр хүртэл цалин авахгүй сул зогсоод байж байдаг. Гэрээндээ тэгээд заасан байгаа. 10 дугаар сарын 1-ний өдрөөс ахиад түр гэрээгээ байгуулдаг. Г.Олимпед нь ажилд орохдоо тус Эрүүл мэндийн төвтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас гэрээт ажилтан бус тул гомдол нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судлаад              

            ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Г.Олимпед нь Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. /хх-1/

            Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн дарга 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1.1 дүгээр заалтыг үндэслэн галч ажилтай Г.Олимпедийг ажлаас нь чөлөөлсөн байна. /хх 15/,

            Хариуцагч Төв аймаг, Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төв дарга Х.Батмөнх нэхэмжлэлийн шаадлагыг эс зөвшөөрч, үндэслэлээ ...Г.Олимпед нь ажилд орохдоо тус Эрүүл мэндийн төвтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас гэрээт ажилтан бус тул гомдол нь үндэслэлгүй... гэж тайлбарлаж байна. /хх 35/

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзэхэд Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвийн даргын 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 6/53 дугаар тушаалаар Г.Олимпедийг Эрүүл мэндийн төвийн галчаар томилж, ажиллуулснаар талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн байх бөгөөд ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн харилцаа үүссэн байх бөгөөд ажилтан нь 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийг хүртлэх хугацаанд үүрэгт ажлаа гүйцэтгэжээ. /хх 14-15/

Нэхэмжлэгч Г.Олимпед нь Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулж ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

Ажил олгогч байгууллагын дарга Н.Намжилмаа нь 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн б/56 дугаар тушаалаараа Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1.1-д заалтыг үндэслэн Г.Олимпедтай байгуулсан гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн өөрийнхөн хүсэлтээр дуусгавар болгосугай цуцалж, түүнийг үүрэгт ажилаас нь чөлөөлсний улмаас талуудын хооронд маргаан үүсчээ.

            Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлсэн байх бөгөөд өөрийнхөн хүсэлтээр ажлаас чөлөөлсөн гэх үндэслэл нь бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул ажилтаныг анх ажилд томилсон тушаалд бичигдсэн галчийн гэсэн ажлын байранд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

            Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвөөс 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 155.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Узбек овогт Гагарины Олимпедийг Төв аймгийн Батсүмбэр сумын галчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Төв аймгийн Батсүмбэр сумын Эрүүл мэндийн төвөөс 70.200 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                         

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.АЛТАНТУУЛ