| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 167/2020/0108/э |
| Дугаар | 108 |
| Огноо | 2020-10-01 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Г.Энэрэл |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 01 өдөр
Дугаар 108
2020 10 01 2020/ШЦТ/108
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул,
улсын яллагч Г.Энэрэл,
хохирогч Б.А, хохирогчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,
шүүгдэгч Г.М, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Дорноговь аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мт холбогдох эрүүгийн 2019001830117 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Г.М
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Г.М нь 2020 оны 6 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг, Зүүнбаянгийн нутаг дэвсгэр Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн урдуур явсан эсрэг чигийн урсгалтай сайжруулсан шороон замд 97-51УНБ улсын дугаартай Toyota prius20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.7 /а/, 11 дүгээр бүлгийн 11.3, 11.9-д заасан заалтыг тус тус зөрчсөний улмаас улсын дугааргүй, Dayun маркийн мотоциклийг мөргөж, хохирогч Б.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хохирогч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ; “...Тухайн үед цэргийн ангийн нэг ахлагч намайг Зүүнбаянгийн шалганы хажууд хүргэж өгсөн. “Цэргийн ангиас холдоорой” гэсэн учраас тэндээс холдож айлд хонох гээд явах гэтэл мотоциклийн гэрэл шатчихаад янзалж болохгүй байсан. Тэгэхээр нь цүнхнээсээ духны гэрэл гаргаж зүүгээд дөнгөж хөдлөөд явсан, холоос нэг машин ирж байх шиг байсан, гэрэл гялбаад юу ч харагдахгүй, сандарсандаа хаашаа ч юм нэг тал руу нь дарсан. Намайг мөргөчихөөд “чи уучихсан юм уу” гэж асуугаад, эгчтэйгээ ярих гэтэл яриулахгүй миний утсыг булааж аваад байсан. Цэргийн ангиас баахан ах нар гүйж гарч ирээд “ахын дүү яасан бэ, хөл гар чинь зүгээр үү” гэж асуусан. Эмнэлэг дуудахад 30-40 минутын дараа ирсэн, зүүн хөлний дунд чөмөг хугараад хадаас хийлгэсэн, жилийн дараа бороолж эдгэхээр нь төмрөө авхуулна. Энэ хугацаанд ажил хийх ямар ч боломжгүй болсон.” гэв.
Хохирогч Б.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр болон хохирогчоор өгсөн; “...Дорноговь аймагт очиж ажил хийхээр өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, Dayun маркийн мотоцикльтой Өмнөговь аймгийн Ханбогд сумаас 2020 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гараад явж байтал миний мотоциклийн их гэрэл асахгүй масслаад байхаар нь цүнхнээсээ духны гэрэл гаргаж, толгойдоо зүүгээд явах гэж байтал үл таних машинтай ах тааралдаад “...би цэргийн ангиас явж байна, Зүүнбаян орж хүнс авахаар явна, мотоциклоо ачаад суугаад яв” гэхээр нь Зүүнбаянгийн цэргийн ангийн гадаа буусан. Цэргийн ангийн гаднаас мотоциклоо асаагаад цэргийн ангийн урдуур явдаг сайжуурсан шороон замаар баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байтал өөдөөс машины гэрэл тусаж, гэрэл нь гялбасан. Тухайн машиныг харахад гулбигнаад хоёр тийш дараад яваад байх шиг байсан, гэтэл гэнэт ирээд мөргөчихсөн. Тухайн машин хурдтай явсан байх, хурдан хугацаанд болж өнгөрсөн...мөргүүлсний дараа миний хөл эвгүй болчихсон, босож чадахгүй байсан, гэтэл машинтай явсан 3 залуу “чиний хөл чинь зүгээр, хугараагүй байна, үхээгүйдээ баярла” гэж хэлсэн...миний гар утсыг булааж аваад яриулахгүй байсан... мотоциклийг би хүнээс 200.000 төгрөгөөр худалдан авсан ба гэрэл дохио нь ажиллахгүй байсан. Бусдаар техникийн хувьд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Надад нийт 1.170.852 төгрөгийн хохирол учирсан, эмчилгээний зардалд 612.852 төгрөг, мотоциклийн эвдрэлд 123.000 төгрөг, 2020 оны 7, 8 дугаар сарын банкны зээлийн төлөлтөнд 435.000 төгрөг болж байгаа, би эрүүл мэндийн хувьд хөл хадаастай, нугаларахгүй, чөлөөтэй хүнд хүчир ажил хийх боломжгүй, хөдөлгөөн хязгаарлагдсан. Би урьдын адил ажил, хөдөлмөр эрхэлж чадахгүй болсон, цалингийн зээлтэй, сарын 220.000 төгрөгийн зээл төлдөг, одоо 5.000.000 төгрөгийн зээл үлдсэн. Би хөлөө бүрэн эдгэртэл цалингийн зээлээ төлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг /хх-15-16, 141/,
Г.Мын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр, мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн; “...Би 2020 оны 6 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Зүүнбаян өртөөнд жижүүрийн үүрэг гүйцэтгэж ажилласан шөнө 00.00 цагийн үед манай найз Ганзориг над руу утсаар ярьж, “...төмөр замын байранд гэртээ байна, Зүүнбаян орж ирэх гэсэн юм, машинтай чинь яваад ирье” гэж дуудахаар нь би машинтай очиход Ганзориг хэдэн хүмүүстэй пиво уугаад сууж байсан. Надад пиво хийж өгөхөөр нь “...найз нь ажилтай байгаа” гэж хэлэхэд нэг л татчих гэсэн, пивоноос нэг аягыг уусан. Тэгээд Ганзориг, Наранболд хоёрыг машиндаа суулгаад Зэвсэгт хүчний 336-р ангийн урд талын сайжруулсан шороон замаар зүүнээс баруун тийш чиглэлтэй явсан. Замын хойд хэсэг дэржигнүүртэй эвдрэл ихтэй тул шөнө машин тэрэг байхгүй байсан болохоор би замын эвдрэл багатай урд хэсгээр урсгал сөрөөд явж байтал гэнэт гэрэлгүй мотоцикль гараад ирсэн. Би тухайн мотоциклийг хараад тормос гишгэсэн боловч машин зогсолгүй очоод мотоцикльтой хүнийг дайрсан.” гэсэн мэдүүлэг /хх-18, 122/,
Гэрч О.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...2020 оны 6 дугаар сарын 27-ны орой би найз танил Энхдэлгэртэй хамт төмөр замын байранд пиво ууж байгаад Зүүнбаян орж ирэх ажилтай болоод найз М руу ярьж “...Зүүнбаян ороод өгчих” гэж гуйсан. Удалгүй “ажлынхаа дундуур хүрээд ирлээ” гээд өөрийн эзэмшлийн prius20 маркийн тээврийн хэрэгсэлтэй хүрээд ирсэн. Мыг ирэхээр нь ууж байсан пивоноос аяганд хийж өгтөл амсаад л өгөх шиг болсон...гэнэт урдаас гэрэлгүй мотоцикльтой хүн гарч ирээд манай машинтай мөргөлдчих шиг болсон, их дуу чимээ гараад явчихсан.” гэсэн мэдүүлэг /хх-17/,
Гэрч А.Наранболд мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...Зам дэржигнүүр ихтэй байсан болохоор М ах замын урд хэсгээр нь зүүнээс баруун тийш чиглэлтэй яваад байсан. Тэгтэл гэнэт дуу гараад мотоцикльтой хүнтэй мөргөлдчихсөн. Би арын суудалд суугаад гар утсаа оролдоод явж байсан болохоор тухайн мотоцикльтой хүнийг анзаараагүй.” гэсэн мэдүүлэг /хх-19/,
Гэрч Б.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн; “...намайг шалганы жижүүртэй байхад 00 цаг 5 минутын орчимд гадаа юм мөргөсөн...гараад хартал манай байгууллагын урд талын замд машины аваарын гэрэл ассан байгаа харагдахаар нь...очтол Toyota prius20 маркийн тээврийн хэрэгсэл мотоциклийн дээгүүр гарсан, хажуу талд нь танихгүй залуу “...хөл өвдөөд босож чадахгүй байна” гэж байхаар нь би эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-126/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 02/0186 дугаар шинжээч, эмч Э.Анхбаярын “...Б.Амарболдын биед зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн химийн шинжээчийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 3604 дугаар “...Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “М” гэж хаягласан цусанд 1,7 промилли спирт илэрсэн. Цусан дахь 1,7 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-77-78/,
Техникийн шинжээч Р.Пүрэвдагвын 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн “...97-51 УНБ улсын дугаартай, Toyota prius20 маркийн тээврийн хэрэгсэл нь... гэрэлтүүлгийн систем ажилтай, тормозны систем ажилтай, тээврийн хэрэгслийн хувьд бүрэн бүтэн байсан байна,
Улсын дугааргүй Dayun маркийн мотоцикль нь гэрэлтүүлгийн систем бүхэлдээ ажилгүй, тормозны системийн эд анги дутуу ажилгүй, техникийн хувьд бүрэн бус байсан байна. Их гэрлийн ламп байхгүй, гэрэлтүүлгийн удирдлагын цахилгааны утаснуудыг хяргаж хаясан, гэрэл, дохио асдаггүй, гар тормозны тросс байхгүй, хойд тормоз дутуу барьдаг зэрэг эвдрэлтэй байсан байна.
97-51 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь ослын өмнө эд ангийн эвдрэлгүй, техникийн хувьд эвдрэл гэмтэлгүй, бүрэн тул осол болоход нөлөөлөөгүй. Улсын дугааргүй, Dayun маркийн мотоцикль нь техникийн хувьд гэрэлтүүлгийн систем, тормозны систем эвдрэлтэй байсан бөгөөд харанхуй үед их гэрлийн ламп байхгүй, дохио ажилгүй байгаа нь осол гарахад нөлөөлсөн байх магадлалтай.” гэсэн дүгнэлт /хх-86/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-87-89/,
Гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-3/,
Осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-5-10/,
Toyota prius 20 тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11/,
Хохирогч Б.Амарболдоос гаргасан “Эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн хуудас” болон “өвчний түүх” /хх-26-46/,
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №440 дугаар “...Б.Амарболдын Dayun маркийн мотоцикльд урд обудь хагарсан, хянах самбар хагарсан, өвдгөвч хугарсан, урд крыло нугаларч хугарсан, гар дөрөө болон асаах дөрөө тахийсан, бензины банк хонхойсон...Нийт 123.000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-97-99/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-98-99/,
Хохирогч Б.Амарболдоос гаргасан нэхэмжлэл холбогдох баримтууд /хх-133-137, 180-187/,
Б.Амарболдын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр 200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 200.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан эрх бүхий албан тушаалтны 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 0940466 дугаартай шийтгэлийн хуудас /хх-138/,
Б.Амарболдоос 190.000 төгрөгийг Төрийн сан, 10060000985 тоот дансанд тушаасан баримт /хх-138/,
Г.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-145/,
Шүүгдэгч Г.Маас хохирол төлсөн баримтууд /хх-174-177/,
Г.Мын жолооны үнэмлэхийг хураан авсан тэмдэглэл /хх-188/,
97-51 УНБ улсын дугаартай, Toyota prius20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-109/, зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Г.М нь 2020 оны 6 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар баг Зүүнбаянгийн нутаг дэвсгэр Зэвсэгт хүчний 336-р ангийн урдуур явсан эсрэг чигийн урсгалтай сайжруулсан шороон замд 97-51 УНБ улсын дугаартай Toyota prius20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолооч дараах зүйлийг хориглоно; а.“...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ...тээврийн хэрэгсэл жолоодох”,
11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”,
11.9. “Чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээ бүхий замд чиглэлийн тээврийн хэрэгсэл нь энэ дүрмийн 10.5-д заасны дагуу байр эзлэх, эсхүл саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд зөвхөн уг эгнээгээр явна” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас улсын дугааргүй, Dayun маркийн мотоциклийг мөргөж, хохирогч Б.Амарболдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай болох нь;
шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
хохирогч Б.Амарболдын “...гэнэт ирээд мөргөчихсөн. Тухайн машин хурдтай явсан байх, хурдан хугацаанд болж өнгөрсөн...Мөргүүлсний дараа миний хөл эвгүй болчихсон, босож чадахгүй байсан.” гэсэн мэдүүлэг,
гэрч О.Ганзоригийн “...Мын машинд Наранболд бид хоёр суугаад бид Баян явахдаа Зэвсэгт хүчний 336-р ангийн урд шороон замаар зүүнээс баруун тийш чиглэлтэй замын урд хэсгээр явж байтал гэнэт урдаас гэрэлгүй мотоцикльтой хүн гарч ирээд манай машинтэй мөргөлдчих шиг болсон. Их дуу чимээ гараад явчихсан.” гэсэн мэдүүлэг,
гэрч А.Наранболдын “...Зам дэржигнүүр ихтэй байсан болохоор М ах замын урд хэсгээр нь зүүнээс баруун тийш чиглэлтэй яваад байсан. Тэгтэл гэнэт дуу гараад мотоцикльтой хүнтэй мөргөлдчихсөн.” гэсэн мэдүүлэг,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмчийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 02/0186 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 3604 дугаартай дүгнэлт, 2020 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 21 дугаартай техникийн шинжээч, Р.Пүрэвдагвын дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан бүртгэл, осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Б.Амарболдын Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх, Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №440 тоот тайлан, Г.Мын жолооны үнэмлэхийн лавлагаа, жолооны үнэмлэхийг хураан авсан тэмдэглэл, 97-51 УНБ улсын дугаартай, Toyota prius20 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, хохирогч Б.Амарболдоос гаргаж өгсөн хохирол нэхэмжилсэн баримтууд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоожээ.
Шүүгдэгч Г.Мын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг согтуурсан үедээ зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Мын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол төлбөрийн талаар;
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Амарболдод шаардлага хангасан баримтаар тогтоогдсон эмнэлгийн байгууллагад эмчлүүлсэн зардал 473.401 төгрөг /хх-26-46/, эмийн болон ор хоногийн гэх мэт эмчилгээтэй холбоотой зардал 442.852 төгрөг /хх-134/, эм авсан баримт 76.000 төгрөг /хх-135/, нийт 992.253 төгрөг, үүн дээр мотоциклийн эвдрэлд 123.000 төгрөг нийт 1.115.253 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч нь 1.421.000 төгрөгийг төлж барагдуулсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэг эхлэхэд хохирогч болон хохирогчийн өмгөөлөгчөөс өмгөөллийн хөлс 800.000 төгрөг, цалингийн зөрүү 2.472.000 төгрөг, Улаанбаатараас Сайншанд руу ирж очих зардал 20.000 төгрөг нийт 3.292.000 төгрөг дээр өмнөх мөнгөний үлдэгдэл 70.000 төгрөгийг нэмээд 3.362.000 төгрөгийг нэхэмжилж, нотлох баримтуудыг хавсарган өгсөн болно.
Өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөгийн тухайд; Хуульд хохирогч нь заавал өмгөөлөгч авч, эрхээ эдлэх үүрэг хүлээгээгүй бөгөөд өмгөөлөгчийн зардал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол биш тул шүүгдэгчээс гаргуулах зардал гэж үзэхгүй,
Цалингийн зөрүү 2.472.000 төгрөгийн тухайд; Хохирогч нь гэмт хэргийн улмаас осолд орж, улмаар хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувиар группт орсон боловч тухайн осол болохоос өмнө буюу 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Шуурхай гоёл” ХХК-ийн барилгын засал чимэглэлчин ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн байна. Иймээс осолд орох үедээ ажилтай, цалин орлоготой байсан талаар баримтгүй тул цалингийн зөрүү гаргуулах боломжгүй байна. Иймд өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, цалингийн зөрүү 2.472.000 төгрөг нийт 3.272.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Улаанбаатараас Сайншанд руу ирж очих зардал 20.000 төгрөгийн тухайд;
Хохирогчийн энэ зардлыг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэх үндэслэлтэй боловч шүүгдэгч нь хохирогчид 305.747 төгрөгийг илүү төлсөн энэ мөнгөнд дээрх 20.000 төгрөгийг шилжүүлэхэд шүүгдэгч нь 285.747 төгрөгийг илүү төлсөн байна.
Харин хохирогч шүүх хуралдаанд “...Зүүн хөлний дунд чөмөг хугараад хадаас хийлгэсэн, жилийн дараа бороолж эдгэхээр нь төмрөө авхуулна.” гэж мэдүүлсэн бөгөөд энэ эмчилгээтэй холбоотой гарсан зардлын талаарх баримтыг бүрдүүлэн шүүгдэгчийн илүү төлсөн 285.747 төгрөгөөс нэмж гарсан зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүхээс шүүгдэгч Г.Мыг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., .1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч Г.Мын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Г.Мт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй бөгөөд шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж байна.
Хэрэгт хураан авсан жолоочийн үнэмлэхийг шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор холбогдох байгууллагад хүргүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1., 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Найман овогт Ганболдын Мыг “автотээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргиийг согтуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Шүүгдэгч Г.Мт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Г.Мт анхааруулж мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186, 189 дүгээр зүйлүүдэд зааснаар албадлагын арга хэмжээ хэрэглэж тэнссэн хугацаанд шүүгдэгч Г.Мт хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.Мын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.
7.Хэрэгт хураан авсан В ангиллын жолоочийн 781311 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч Г.Мт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын харьяа Лицензийн төвд хүргүүлсүгэй.
8.Шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
9.Шүүгдэгч Г.М нь хохирогч Б.А-д эмчилгээний зардалд 1.421.000 төгрөгийг төлснийг дурьдаж, хохирогчийн нэхэмжлэлээс өмгөөллийн хөлс 800.000 төгрөг, цалингийн зөрүү 2.472.000 төгрөг нийт 3.272.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.А цаашид гарах эмчилгээний зардлын талаарх баримтыг бүрдүүлэн шүүгдэгчийн илүү төлсөн 285.747 төгрөгөөс нэмж гарсан зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
10.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр
болох хүртэл шүүгдэгч Г.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ