Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 59

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, хурлын  танхимд  нээлттэй хийсэн  иргэний  хэргийн шүүх хуралдаанаар Б.Алтанцэцэгийн нэхэмжлэлтэй “Ажилласан байдал тогтоолгох”-ыг хүссэн  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх  хуралдаанд:

             Нэхэмжлэгч: Баян-Өлгийн аймгийн Сагсай суманд 1966 онд төрсөн,  бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин-фото зурагчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг, Хушаат сум, Мөнхтолгой 2 дугаар баг, Орхон 4-3 тоотод оршин суух, хувиараа оёдол хийдэг

                                         Оорцог овгийн Баастын Алтанцэцэг

                                         регистрийн дугаар: МЛ-66102001

 

            Шүүх  хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван  оролцов.

                                            

                                                           Тодорхойлох нь:

            Нэхэмжлэгч: Б.Алтанцэцэг шүүхэд  гаргасан нэхэмжлэлдээ:

          ...Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие анх 1982 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Нийтийн аж ахуй үйлчилгээний төв”-ийн харъяа Сант сумын “Ахуй үйлчилгээний тасаг”-т оёдолчингоор ажилд орсон.

                Нийтийн аж ахуй үйлчилгээний сайдын 1986 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн А-289 дүгээр тушаалаар Сант сумын Ахуй үйлчилгээний тасаг төв болсон тул тасралтгүй ажиллаж байгаад 1992 онд Сант сумын ахуй үйлчилгээний төв татан буугдсан учир “Тамир”  хувиараа эрхлэх аж ахуйд оёдолчиноор 1992 оноос 1993 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажилласан. Сант сумын Ахуй үйлчилгээний  төвийн баримт Сэлэнгэ аймгийн Архивт байхгүй тул 1982 оны 08 дугаар сарын 05-наас 1993 оны 03 дугаар сарын 19-нийг хүртэл ажилласан жилийг тодорхойлж өгнө үү! гэжээ.

 

            Нэхэмжлэгч: Б.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        ... Миний бие 1982 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон сумын үйлчилгээний төвийн харъяа “Сант” оёдолын тасагт оёдолчиноор ажилд орсон. 1986 онд Сант сумын ахуйн үйлчилгээний тасаг нь яамны тушаалаар төв болон өргөжсөн. 1982-1992 оныг хүртэл оёдолчин- фото зурагчнаар  ажилласан. 1992 оны 01 дүгээр сард ахуйн үйлчилгээний төв татан буугдсан. Ахуйн үйлчилгээ татан буугдахдаа 3 хувиараа эрхлэх аж ахуй болон хуваагдсан бөгөөд миний бие “Тамир” хувиараа эрхлэх аж ахуйд орж 1993 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ажиллаад түүнээс хойш “Тамир” хувиараа эрхлэх аж ахуй татан буугдсан. Миний ажилласан жилийг хөдөлмөрийн дэвтэрт бичсэн боловч тамга дараад дээрээс нь бичсэн тул шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж хэлсэн. Сэлэнгэ аймгийн архиваас

 

Сант сумын ахуйн үйлчилгээтэй холбоотой баримт гарч ирээгүй.  Иймд 1982 оноос 1993 оны 3-р сарын 19-нийг хүртэл ажилласан жилийг минь тогтоож өгнө үү! гэв.

                

                      Иргэний хэрэгт цугларсан  нотлох баримтуудыг шинжлэн судлаж

                                                         Үндэслэх нь:

             Б.Алтанцэцэг нь 1982 оны хавар ерөнхий боловсролын дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсч Сэлэнгэ аймгийн “Нийтийн аж ахуй үйлчилгээний газар”-ын  харъяа Орхон дахь ахуй үйлчилгээний төвийн  “Сант” тасагт оёдолчноор орж, 1993 оны 3 дугаар сар хүртэл  ажиллаж байсан боловч түүний  ажилд орсон, ажлаас  чөлөөлөгдсөн тушаал шийдвэр олдохгүй болсон гэх шалтгааны улмаас ажилласан байдлыг  тогтоолгохоор шүүхэд ханджээ.

             Б.Алтанцэцэг 1982 оны 08 дугаар сарын 05-нд Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харъяа Орхон дахь ахуй үйлчилгээний төвийн  “Сант” тасагт оёдолчноор ажилд орж, тухайн байгууллага нь Сант сумын Ахуй үйлчилгээний тасаг,  Сант сумын Ахуй үйлчилгээний төв, мөн 1992 онд тус төв нь татан буугдаж “Тамир” ХЭАА болон бүтэцийн өөрчлөлт ороход тус ХЭАА-д  1993 оны 03 дугаар сарын 19-нийг хүртэл оёдолчин, зурагчнаар ажиллаж байсан болох нь Орхон Ахуй үйлчилгээний төвийн захиргаанаас 1982 оны 8 дугаар сарын 05-нд олгогдсон 589872 гэсэн дугаар бичигдсэн, № 034677 дугаартай Баастын Алтанцэцэгийг хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн “АҮ-ний төвийн даргын 1982 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 120 тоот  тушаалаар 1982 оны 08 дугаар сарын 05-нд Орхон АҮ-ний төвийн Сант оёдолын тасагт оёдолчноор авч ажиллуулав” гэх бичилт, Сант оёдолын тасаг нь Ахуй үйлчилгээний төв болон өөрчлөгдөхөд ажлаас нь чөлөөлж, шилжүүлсэн тушаал, мөн 1987 онд тус төвийн фото зурагчнаар ажиллуулсан тушаал, 1992 оны 02 дугаар сарын 01-нд  Сант сумын Нийтийн аж ахуй үйлчилгээний төв татан буугдаж, “Тамир” ХЭАА-нд мэдэлд шилжүүлсэн, тус ХЭАА-д оёдолчноор ажилд авсан тухай тушаал, 1993 оны 03 дугаар сарын 19-нд үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай тушаалын бичилтүүд, Сэлэнгэ аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын харъяа Орхон дахь ахуй үйлчилгээний төвийн даргын ажилчдыг ажилд авсан, ажлаас чөлөөлж, шилжүүлсэн зэрэг тушаалуудын хуулбар, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэнд, Ниймгийн даатгалын хэлтсийн 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Сэлэнгэ аймгийн Сант сумын “Тамир” ХЭАА”-нь 1992 оны 02 дугаар сарын 03-наас 1993 оны 03 дугаар сарын 19-нийг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн тайлан тооцоо хийж байсан нь үнэн болно” /Бааст овогтой Алтанцэцэг МЛ-66102001/  гэх “Архивын лавлалгаа, тухайн ажиллаж байсан байгууллагынхантайгаа хамт авахуулсан гэрэл зураг, мөн нэхэмжлэгчтэй  хамт ажиллаж байсан гэх Ц.Энхбаяр, О.Долгормаа, Х.Эрдэнэчимэг нарын  шүүхэд гаргасан тодорхойлолтууд, дээрх хүмүүст хууль сануулан гэрчээр асууж авсан мэдүүлгүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар   нотлогдсон байна.     

              Иймд Оорцог овгийн Баастын Алтанцэцэгийг  Сэлэнгэ аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын харъяа Орхон дахь Ахуй үйлчилгээний төвийн “Сант” оёдолын тасаг, Сант сумын “Нийтийн аж ахуй үйлчилгээний төв”, “Тамир” ХЭАА зэрг байгууллагуудад 1982 оны 8 дугаар сарын 05-наас 1993 оны 03 дугаар сарын 19-нийг хүртэл оёдолчин, фото зурагчнаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг  хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага  болгон   ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Оорцог овгийн Баастын Алтанцэцэгийг  Сэлэнгэ аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газрын харъяа Орхон дахь Ахуй үйлчилгээний төвийн “Сант” оёдолын тасаг, Сант сумын “Нийтийн аж ахуй үйлчилгээний төв”, “Тамир” ХЭАА зэрг байгуулгуудад 1982 оны 8 дугаар сарын 05-наас 1993 оны 03 дугаар сарын 19-нийг хүртэл оёдолчин, фото зурагчинаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.  

2.  Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар  шийдвэр  танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг  дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  119 дүгээр зүйлийн  119.4-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан  хугацаа  өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.5-д зааснаар  мөн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны  дагуу  хүрэлцэн   ирж  шүүхийн шийдвэрийг  аваагүй бол  шүүх  хугацаа  өнгөрснөөс 7 хоногийн   дотор баталгаат шуудангаар хүргүүлэн, мөн хуулийн 119 дүгээр  зүйлийн  119.6-д  зааснаар шийдвэрийг  гардан  авсанд  тооцсугай.

6. Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн  119.7-д зааснаар энэ хуулийн  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4-т заасны дагуу  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.

 

          7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш  14 хоног дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж  заалдах  шатны шүүхэд давж  заалдах гомдол  гаргах  эрхтэй.

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.МӨНХЦЭЦЭГ