Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 06

 

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 226/МА2017/00006                           

                            Хэрлэн сум

 

Ч.Ганцацралын нэхэмжлэлтэй, Б.Мөнгөнсүхэд холбогдох

иргэний хэргийн талаар

 

226/2017/00006/И

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Ганцацралын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Мөнгөнсүхэд холбогдох  “ашиглаагүй түрээсийн төлбөр 45 400 000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Б.Мөнгөнсүхийн давж заалдах гомдлоор 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.    

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Ганцацрал, өмгөөлөгч Ц.Азбаяр, хариуцагч Б.Мөнгөнсүх, өмгөөлөгч Б.Жаргалсайхан,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Болор-Уянга нар оролцов.

             Нэхэмжлэгч Ч.Ганцацрал нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: Би Б.Мөнгөнсүхийн эксковаторыг нэг сард 10 000 000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож, түүний  данс руу нь 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр өөрийн 5007133379 данснаас 33640 ам долларыг шилжүүлсэн. Удалгүй  Мөнгөнсүх   эксковатор түрээслэхээ больсон тул 2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр тооцоо нийлэхэд 45400000 төгрөгийг надад өгөхөөр болж тооцоо нийлсэн бичвэр үйлдсэн. Мөнгийг 2014 оны 10-р сард багтаан буцаан төлөхөөр тохиролцсон боловч одоог хүртэл төлөөгүй.  Иймд Б.Мөнгөнсүхээс ашиглаагүй түрээсийн мөнгө 45 400 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Мөнгөнсүх нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ганцацралаас эксковатор түрээслэж мөнгө аваад дуусаагүй 45.400.000 төгрөгний барьцаанд тавьсан молотокоо тухайн үед 3100 доллараар авсан. Түүнийгээ мөнгөө төлж чадахгүй учир /бүх ажлууд зогсоод эксковаторыг ХАС банкны лизинг компаний төлбөрөө төлөөгүй хураалгасан/ үүгээрээ хаая гэж ярьсан байсан. Тийм учир энэ барьцаагаараа төлбөрийг хаах хүсэлтэй байна.  Миний бие  Ч.Ганцацрал, Рэн Дэвэн нартай ярилцаж тохиролцоод эксковатор түрээслүүлсэн. 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр надад 33640 ам долларыг өгсөн нь үнэн. Энэ мөнгөний тал Рэн Дэвэн-ний мөнгө юм. Энэ мөнгийг Ч.Ганцацрал ганцаараа нэхэмжлэх эрхгүй, дараа нь Рэн Дэвэн надаас мөнгө нэхэмжилвэл би яах вэ, тийм учраас нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр шийдвэрээр:  Иргэний хуулийн 318-р зүйлийн 318.1, 319-р зүйлийн 319.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Мөнх Ёст хатагин овогт Батмөнхийн Мөнгөнсүхээс 45.400.000 /дөчин таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч, Үст овогт Чимэдрэгзэнгийн Ганцацралд олгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч Ч.Ганцацралын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 384950 төгрөг улсын орлого болгож, хариуцагч Б.Мөнгөнсүхээс 384950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44-р зүйлийн 44.1 дэх хэсэгт зааснаар илүү төлсөн 50 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Ганцацралд буцаан олгохоор дурдаж тус тус шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Б.Мөнгөнсүх нь давж заалдах гомдолдоо: Би БНХАУ-ын иргэн Рэн Дэвэн, Монгол Улсын иргэн Ч.Ганцацрал нартай ярилцаж миний банканд хураагдсан байгаа эксковаторын мөнгийг төлөөд эксковаторыг 10 сая төгрөгөөр түрээслэхээр тохиролцсон юм. Ингээд надад нийт 33640 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 60451000 төгрөгийн төлбөр төлсөн.  Ганцацрал бид хоёр тооцоо нийлэхэд 45400000 төгрөгийн өр надад үүссэн. Зөвхөн Ганцацрал надаас мөнгө нэхэмжилж байгаа нь буруу. Би Рэн Дэвэн, Ганцацрал хоёрт эксковатороо түрээслэж байсан юм. Бидэнд бичгээр хийсэн гэрээ, хэлцэл байхгүй. Би анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр эрхээ хамгаалуулах хүсэлтэй байгаа илэрхийлэхэд огт хүлээж аваагүй шүүх хурлыг явуулсанд гомдолтой байна. Иймд миний бие өмгөөлөгч авч чадаагүйн улмаас хэргийн оролцогчийн бүрэн эрхээ эдэлж чадаагүй, шүүх хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан тул 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн байна.

Хариуцагч Б.Мөнгөнсүхийн 2017 оны 02 дугаар сарын 10, 13-ны  өдрүүдэд өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох талаар гаргасан хүсэлтүүдийг анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34-р зүйлд заасан хариуцагчийн өмгөөлөгч авах эрхийг хязгаарласнаар мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байх тул хариуцагч Б.Мөнгөнсүхийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож,  дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 384950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Б.Мөнгөнсүхийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 384950  төгрөгийг шүүгчийн захирамжаар   буцаан олгохыг дурдсугай.

              Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДЭНСМАА

 

                                      ШҮҮГЧИД                                               Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                            Я.АЛТАННАВЧ