Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 12

 

 

 

 

 

 

 

         

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                          

           Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.С даргалж тус шүүхийн  “А” танхимд  хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Тгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дундговь аймгийн Засаг дарга /О.Б/-д хариуцагдах,

            Нэхэмжлэлийн шаардлага: “Дундговь аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн А/253 тоот “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Т, түүний өмгөөлөгч Ж.Ч, хариуцагч Э.Ч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мягмардорж  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Дундговь аймгийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 4-ны өдрийн А/323 тоот захирамжаар Сайнцагаан сумын 7-р багийн нутаг дэвсгэр 3-р сургуулийн спорт заалны зүүн талд байршилтай, үйлчилгээний зориулалтай 350м2  газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр болж, 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 000643430 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Дундговь аймгийн  Газрын алба надтай 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан. Газрын албан надтай энэ гэрээг 1 жилийн хугацаатай байгуулсан бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 27-нд гэрээг дахин сунгуулж, газрын төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн байсан. Ингээд миний бие Дундговь аймгийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн А/323 тоот захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын албатай байгуулсан гэрээндээ үндэслэн зохих байгууллагаас нь барилгын ажлын зөвшөөрлийг авч, барилгын ажлаа эхлэх гэтэл Дундговь аймгийн Засаг дарга О.Б нь Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтуудыг үндэслэн 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/253 тоот захирамжаар миний дээрх газрыг эзэмших эрхийг хүчингүй болгосон.

Дундговь аймгийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн А/253 тоот захирамжаар иргэн Д.Т надад Дундговь аймгийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн А/323 тоот захирамжаар олгосон “Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр 3-р сургуулийн спорт заалны зүүн талд байршилтай, үйлчилгээний зориулалттай, 350м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших” эрхийг хүчингүй болгосноос өнөөдөр би барилгын ажлаа эхлүүлж чадахгүй, газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөд байна. Иймээс Дундговь аймгийн Засаг даргын 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/253 тоот захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул уг захирамжийг хүчингүй болгож өгнө үү....” гэжээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Ч гаргасан тайлбартаа: иргэн Д.Тд Дундговь аймаг дахь Засаг даргын тамгын газрын 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 323 дугаар захирамжаар 2014 оны  газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан 3 дугаар дунд сургуулийн спорт заалны зүүн талд байршилтай  350 м2 газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхийг олгосон байдаг. 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газартай газар эзэмших гэрээ байгуулсан.  Үүнээс үзэхэд уг хугацаа нь 2018 оны 09 дүгээр сард дуусах ёстой. Гэтэл Дундговь аймгийн Засаг даргаас 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр иргэн Д.Тд олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээг захирамж гаргаж хүчингүй болгосон. Засаг даргын захирамж гарах болсон үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 39 дүгээр зүйлийн 39.1.1 дэх хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон. Бид энэ хоёр жилийн хугацаанд барилга барих гээд  барилгын зураг төсөл, бусад ажиллагаануудыг хийсээр яваад барилгын ажил эхлэх зөвшөөрлийг 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас зөвшөөрөл авч гарын үсгээ зурсан байдаг. Уг баримтаа хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Мөн барилгын ажилд хяналт тавих учраас Газрын харицлаа, барилга хот байгуулалтын газартай барилгын хяналтын гэрээ байгуулж 3000000 төгрөгийг нь урьдчилгаа болгон газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дансанд төлсөн. Өөрөөр хэлбэл барилгын ажил эхлэх гэж байхад Дундговь аймгийн Засаг дарга үндэслэлгүйгээр бидний газар эзэмших эрхийг зөрчиж захирамж гаргасан. 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/253 дугаартай Засаг даргын захирамж нь газар эзэмших эрхийг зөрчсөн гэж үзэж байна. 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэрээгээ сунгаад хугацаа нь дуусах болоогүй байхад захирамж гаргаж хүчингүй болгож байгаа нь  хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа хийгдээгүй. Э.Ч дарга 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон Засаг даргын захирамж гарсны дараа биднийг дуудаж мэдэгдсэн. Иймд 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Засаг даргын А/253 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

  1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Э.Ч шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Дундговь аймгийн Засаг даргын А/253 дугаартай  газар эзэм эзэмших эрхийг хүчингүй болгох тухай захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээо зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар “Зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй” гэх үндэслэлээр Д.Тгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон.  Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Засаг даргын захирамж хууль зүйн үндэслэлтэй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Тгаас /ЗЮ81092201/ Дундговь аймгийн Засаг даргад холбогдуулан аймгийн  Засаг даргын 2018 оны 6-р сарын 5-ны өдрийн а/253 тоот “  газар  эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй болгох” тухай  захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан. /хх-1-2,7, 16-17/

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 61-р зүйлийн 61.1-т зааснаар .....” эсхүл  шүүхэд” гэснийг үндэслэн тус захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ шууд ирүүлснийг  хүлээн авч хэрэг үүсгэсэн болно/хх-21-22/.

Хариуцагчаас 2018 оны 07 дугаар сарын 09-ны 1/779 тоот албан бичгээр олгосон итгэмжлэлээр “хариу тайлбар гаргах” эрх олгосон тул  Э.Чийн бичгээр ирүүлсэн хариу тайлбарыг хүлээн авсан.

Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн  Хурлын   2014 оны  3-р  сарын 12- ны өдрийн 34 тоот тогтоол түүний хавсралтаар /хх-,68, арын нүүр,  /  тус газрыг газар зохион байгууллагын төлөвлөгөөнд үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Т   2015 оны 7-р сарын 1-ний өдөр /хх-52/ аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт “ газар  эзэмших ашиглахыг хүссэн өргөдлийг “ үйлчилгээний зориулалтаар 350м2 газрыг 15 жилээр эзэмшүүлж өгнө үү “ гэж  гаргасныг үндэслэн  аймгийн Засаг даргын 2015 оны 8-р сарын 4-ний өдрийн а/323  тоот “ газар эзэмшүүлэх тухай” захирамжаар /хх-44/  дээрх газрыг нэхэмжлэгчид олгож, 000643430 дугаартай газар эзэмших /хх-8/ эрх үүсчээ.

Аймгийн Газрын  харилцаа барилга  хот байгуулалтын  газраас дээрх захирамжийг үндэслэн 2016 оны  9-р сарын 27 ны өдөр иргэн Тд гэрчилгээ олгож,    газар эзэмшүүлэх гэрээг /хх--50-51/, 2017 оны 10-р сарын 27-ний өдөр мөн  гэрээг / хх---53-54/  тус тус  байгуулсан нь  нэхэмжлэгчээс гэрээний холбогдох үүргийг  зөрчсөн  буюу сунгалт хийлгэх хүсэлтээ илэрхийлээгүй  гэж үзэх үндэслэлийг үгүйсгэх бөгөөд  газрын албанаас гэрээг байгуулахдаа  холбогдох шаардлагыг хангуулж авсан болох нь  хэрэгт ирүүлсэн , газрын төлбөр төлсөн тухай баримт,   хөрөнгө худалдсан орлогын баримт, байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээ /хх-43, 46-49, 81-85/  гэх зэрэг  баримтуудаар  тогтоогдож байна.

Нэхэмжлэгчид үйлчилгээний зориулалтаар 15 жилээр эзэмшүүлэхээр 350м2 –р олгосон газар нь  Сайнцагаан сумын 3-р сургуулийн спорт заалны зүүн талд  байх бөгөөд  тус сургуулийн  эзэмшлийн талбайг нотлох баримтаар шалгаж үзэхэд /3 дугаар сургуулийн хувийн хэрэг хх-126, 56, 60, 87, /, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “ 3-р сургуульд хамааралгүй” гэх тайлбар, 3 дугаар сургуулийн захирлын албан тоотоор /хх-61/ зэргээр  тус сургуулийн эзэмшлийнх бус байх тул  шүүх гуравдагч этгээдээр татаагүй болно.

Хариуцагч аймгийн Засаг даргаас  дээрх эзэмшил  газрын гэрчилгээг хүчингүй болгож захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.6-т”хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  гэрээнд заасан зориулалтын дагуу  тухайн газраа  2 жил дараалан  ашиглаагүй”,   39-р зүйлийн 39.1.1-т “ газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний  хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” гэж  заасныг үндэслэсэн байх ба аймгийн газрын харилцаа барилга  хот байгуулалтын газар  иргэн Т нараас 2016 оны 9-р сарын 27-нд , 2017 оны 10-р сарын 27-ны өдрүүдэд тус тус иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан/хх-50-51, 9-10/ гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулж хүчин төгөлдөр болсон уг гэрээний 6-р зүйлийн 6.1-т “ гэрээ нь газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож гэрээ байгуулсан өдрөөс  хүчин төгөлдөр болж мөрдөгдөнө” гэж тогтоосон байх ба  гэрээний хугацаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй тул засаг даргын 2018 оны 6-р сарын 5-ны өдрийн а/253 тоот захирамжийг хэвээр үлдээх  хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар  хангагдах боломжгүй болно.

Түүнчлэн хариуцагчаас дээрх захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн  26 , 27 , 29-р зүйлүүдэд   заагдсан  сонсох ажиллагааг  хэрэгжүүлсэн болон  хувийн хэрэг түүний дагалдах хуудсыг  үйлдсэн эсэхийг   шалгахад  “аймгийн  засаг  даргаас дээрх захирамжийг гаргахдаа сонсох ажиллагааг  хэрэгжүүлээгүй, энэ талаарх хувийн хэрэг дагалдах хуудас үйлдэгдээгүй,  шүүхэд ирүүлэх баримтгүй” гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч  шүүх хуралдаанд тайлбарласан нь хуулийг хэрэгжүүлээгүй гэж үзэх  үндэслэлийг бүрдүүлж байна.

Мөн барилга байгууламж барих зөвшөөрлийг аймгийн газрын харилцаа барилга хот  байгуулалтын газраас 2018 оны 5-р сарын 23-нд олгож холбогдох ажиллагааг хийсэн болох нь холбогдох баримтаар тогтоогдох хийгээд гэрээний хугацаа дуусгавар  болоогүй  байхад  зориулалтын дагуу  2 жил дараалан ашиглаагүй  гэх  заалт  үгүйсгэгдэнэ.

Мэдээлэл холбооны сүлжээ  төрийн өмчит хязгаарлагдмал  хариуцлагатай компани Дундговь аймгийн газрын 2016 оны 10-р сарын 6-ны  өдрийн 163 тоот  албан бичгээр” 3-р сургуулийн спорт заалны зүүн талаар явж байгаа кабель шугамын трасс нь 1970 онд байгуулагдсан газар доор трасс бөгөөд манай компанитай зөвшилцсөний үндсэн дээр өөрийн хөрөнгөөр зөөхийг зөвшөөрч байна” гэх  баримтыг хэрэгт ирүүлснийг  шалгаж тодруулахад /хх-42, 79/  тус компаниас 2017 оны 10-р сарын 25-ны өдрийн 146 тоот  албан бичгээр /хх 102/ 3-р сургуулийн спорт заалны  зүүн талаар  явж байгаа  холбооны  кабель шугамын  сувагчлал  трасс нь 1970 онд байгуулагдсан , одоо  энэ шугамыг  зөөж шилжүүлэх боломжгүй, 2016 оны 10-р сарын 6-ны 163 тоот  албан бичгийг  инженерүүдтэй  зөвлөлдөөгүй өгсөн байна” гэж  хариуг  өгсөн байх бөгөөд шүүх хуралдаанд  нэхэмжлэгч Тгаас “ дээрх асуудлыг бид барилга байгууламждаа тооцож   барилгын хэмжээг багасгаж 9*24м2  болгож  энэхүү трассын шугамыг  дайруулалгүйгээр төлөвлөсөн /хх-42, 102/ үүнийг газрын албатай зөвшилцсөн”гэх, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чийн ”тийм, энэхүү трасс шугамыг барилга байгууламжид хамааруулалгүйгээр  төлөвлөсөн төлөвлөлтийг манай байгууллагад ирүүлсэн зөвшилцсөн нь  үнэн” гэж тайлбарласнаас гадна / тэмдэглэлээс/  Барилга хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлтээр “гадна инженерийн шугам сүлжээний зураг төслийг холбогдох хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа норм дүрэм стандартын дагуу боловсруулж мэргэжлийн байгууллагуудтай зөвшилцөн магадлал хийлгэж баталгаажуулах шаардлагатай” , уг  төсөл аймгийн Онцгой байдлын газрын 2018 оны 4-р сарын 23-ны өдрийн 25/01 тоот  гал түймрийн улсын байцаагчийн дүгнэлтээр хянагдсан, спорт заал төлөвлөж буй үйлчилгээний төвийн барилга хоорондын  зайнд анхаарах/хх-110/  шаардлагатай зэргээр  дүгнэж /хх-103-119/, байгаль орчинд нөлөөлөх  байдлын үнэлгээг /хх82-86/ 2018 оны 3-р сарын 28-нд хийлгэсэн байна.

Шүүхээс нэхэмжлэгчид хэдэн оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө ёсоор  газар олгогдсоныг  тодруулахад /хх-31/ аймгийн газрын  харилцаа барилга хот байгууллатын газраас аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө, холбогдох  хавсралтыг /хх-32-38/  хэрэгт   ирүүлсэн нь  буруу байх тул   зөвтгөж /хх-72, 67-68, 135/дахин  ирүүлсэн болно.

Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг   хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 106-р зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.12-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Газрын тухай хуулийн 61-р зүйлийн 61.1, 40-р зүйлийн 40.1.6, 39-р зүйлийн 39.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Тгийн нэхэмжлэлтэй Дундговь аймгийн Засаг даргад /О.Бд/  холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь  хангаж,  аймгийн Засаг даргын 2018 оны 6-р сарын 5-ны өдрийн А/253 тоот “газар эзэмших эрхийн гэрчилгээг  хүчингүй болгох  тухай”  захирамжийг хүчингүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48-р зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч аймгийн Засаг даргаас  70200 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгчид олгосугай.

 Шийдвэрийг  эс зөвшөөрвөл  хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шүүхийн  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

              ДАРГАЛАГЧ                               Б.С