Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2022/0333

 

  

“Д” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч С.Мөнхжаргал,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Лхагвасүрэн,

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц,

Гомдол гаргагч: “Д” ХХК,

Хариуцагч: Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М,

Гомдлын шаардлага: “Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М-ийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 002098 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн өмгөөлөгч У.Х, хариуцагч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2022/0128/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 271 дүгээр шийдвэрээр:

“Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.6, 29 дүгээр зүйлийн 29.1, Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д тус тус заасныг баримтлан “Д” ХХК-ийн гомдолтой, нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М-т холбогдох нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М-ийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 002098 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

2.Гомдол гаргагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-аас анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр анхан шатны шүүх нь хэт нэг талыг баримталсан, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу хэрэглэсэн гэсэн давж заалдах гомдлыг гаргажээ. Үүнд:

2.1.Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “... гомдол гаргагч нь нийслэлийн Хан-уул дүүргийн 20 дугаар хороонд барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байхдаа барилгын сууриас гарсан хөрсний усыг Туул гол руу цутгасан, ингэхдээ дээрх хуульд заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар гаргуулаагүй, холбогдох гэрээг байгуулаагүй болох нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр холбогдогчоос авсан мэдүүлэг, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоос авсан мэдүүлэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Туул голын сав газрын захиргааны 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 05/120 тоот албан бичиг зэргээр тус тус нотлогдож байна. Дээрхээс дүгнэвэл гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан зөрчлийг гаргасанд тооцож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцжээ...” гэжээ.

2.2..Анхан шатны шүүх гомдол гаргагч “Д” ХХК-ийн үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан Ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй гэх зөрчил гаргасанд тооцож, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

2.3.Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1-д Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно гэж заасан бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйл нь Усны тухай хууль тогтоомж зөрчих, 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д Ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй гэх зөрчлийн шинжийг тодорхойлохдоо Усны тухай хуулийн холбогдох зохицуулалтаар тодорхойлно. Усны тухай хуулийн 30 дугаар зүйл Ус ашиглагчийн үүрэг, ус ашиглагчид тавигдах шаардлага гэж Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан зөрчлийн шинжийг тодотгон нэрлэн зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, Ус ашиглагчийн хүлээх үүрэг, тавигдах шаардлагыг зохицуулсан бөгөөд тухайн зүйлд заасан үүргээ зөрчих, тавигдах шаардлагыг хангаагүй бол Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан зөрчил гаргасан гэж үзэх боломжтой. Гэтэл анхан шатны шүүх гомдол гаргагчийн Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан зөрчил гаргасан гэж тооцохдоо Усны тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан ус ашиглагчийн ямар үүргийг зөрчсөн, ус ашиглагчид тавигдах ямар шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж буй нь тодорхойгүй.

2.4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.6, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан хуулийн хэм хэмжээг үндэслэл болгож хэрэглэсэн. Гэвч хуулийн эдгээр зохицуулалт нь Ус ашиглагчид олгох зөвшөөрөл, Ус ашиглах гэрээ байгуулах, цуцлах харилцааг зохицуулсан бөгөөд хуулийн эдгээр заалтыг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан өөр зөрчлийн шинж болохыг анхан шатны шүүх анхаарч үзээгүй хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.

2.5.Хариуцагч нь маргаан бүхий шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна” гээд тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д /тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх/ гэж заасныг зөрчсөн.

2.6.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт “... зөрчил үргэлжилсэн хугацааг нарийн тооцох боломжгүй байх тул өмнөх буюу Туул голын сав газрын захиргаанаас 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр “М” ХХК-д олгосон ус ашиглуулах дүгнэлтэд үндэслэж зөрчил гаргасан хугацаа, хохирлын хэмжээг тогтоосныг буруутгах боломжгүй байна...” гэжээ.

2.7.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын Ерөнхий прокурор батална” гэж заасан. Энэ журмын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/75 дугаар тушаалын хавсралтаар Улсын Ерөнхий прокурор баталсан болно. Уг журмын 3 дугаар зүйлийн 3.2-д “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад хохирол нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актыг баримталж, түүнд заасан үндэслэл, журмын дагуу хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тооцно”, мөн энэ журмын 2 дугаар зүйлийн 2.2-д “Хохирол гэдэг нь Зөрчлийн улмаас иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шууд учирсан үр дагавар байна” гэж, мөн энэ зүйлийн 2.3-д “Нөхөн төлбөр гэдэг нь зөрчлийн улмаас устсан, гэмтсэн, эд хөрөнгө бараа, эд зүйл, түүнчлэн хорогдсон, үрэгдсэн, агнасан ан амьтан, мал, ургамал, байгаль орчны өртөг, үнэлэмж, үнэлгээ байна” гэж тус тус тодорхойлсон. Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлалын 3 дугаар зүйл буюу Усны нөөцөд учирсан хохирол тооцох, 3.1-д Усны нөөцөд учирсан хохирлын хэмжээг тооцоход усны нөөцийг хэрэглэх, ашиглах явцад хууль тогтоомжийг зөрчсөнийг илрүүлэх, уг зөрчлийг хяналт, шалгалтын үр дүн, бодит судалгаа, зориулалтын багаж, хэрэгслээр хийсэн хэмжилтийн үндсэн дээр баримтаар тогтоох зарчмыг баримтална гэж заасан бөгөөд хариуцагч нь бодит судалгаагүй хэдэн хоног ус шавхсаныг баримтаар тогтоогоогүй, шинжээч нь өмнөх гаргасан дүгнэлт дээр үндэслэн гаргасан хохирлын хэмжээ нь гомдол гаргагч талын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн ямар ч үндэслэлгүйгээр 26, 174, 697 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн хариуцагч талын үйл ажиллагааг зөв гэж үзсэн анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.

2.8.Хууль зүйн утгаараа нөхөн төлбөр гэдэг ойлголт нь бодит учирсан хохирол дээр яригдах асуудал болохоос биш таамгаар, эсхүл өмнө гаргасан дүгнэлтийг ашиглан тогтоодог зүйл биш. Тийм учраас бодит судалгаа, зөрчил үргэлжилсэн хугацааг тогтоосон нотлох баримтыг үндэслэн хохирлын хэмжээг гаргах зарчимд үндэслэдэг.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 271 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу захиргааны хэргийг гомдол гаргагч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Гомдол гаргагч “Д” ХХК-аас “Нийслэлийн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М-ийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 002098 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг улсын байцаагч М.М-т холбогдуулан гаргажээ.

2.Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар[1] гомдол гаргагч компанийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутагт барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байхдаа барилгын сууриас гарсан хөрсний усыг “Туул” гол руу цутгасан, ингэхдээ хуульд заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар гаргуулаагүй, холбогдох гэрээг байгуулаагүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасны дагуу нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,500,000 төгрөгөөр торгож, 26,174,697 төгрөгийн хохирол, нийт 27,674,697 төгрөгийг төлүүлэх шийтгэлийг оногдуулжээ.

3.Анхан шатны шүүхээс гомдол гаргагч “Д” ХХК нь барилга угсралтын үйл ажиллагаа явуулж байхдаа барилгын сууриас гарсан хөрсний усыг “Туул” гол руу цутгасан, ингэхдээ дээрх хуульд заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаар гаргуулаагүй, холбогдох гэрээг байгуулаагүй болох нь 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр холбогдогчоос авсан мэдүүлэг, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хохирогчоос авсан мэдүүлэг, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Туул голын сав газрын захиргааны 2021 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 05/120 дугаар албан бичиг зэргээр тус тус нотлогдож байна гэж үзэн, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.

4.Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4-т зааснаар “ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй” бол зөрчилд тооцогдохоор зохицуулсан.

Мөн Усны тухай хууль нь усны нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулдаг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага нь тодорхой зориулалт, хугацаа, болзол нөхцөл заасан ус ашиглах зөвшөөрөл, гэрээний үндсэн дээр хууль тогтоомжийн дагуу ус ашиглах эрхтэй байна гэж заасан.

Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэл, үйлчилгээндээ усыг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27-д заасан “ус ашиглагч” юм.

5.Ус ашиглагч нь хуульд заасан үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлэх үүрэгтэй. Хэрэв биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээнэ.

Усны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасан үндэслэлээр зөвхөн ус ашиглагчийн үүрэг хязгаарлагдахгүй байна. Учир нь Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасны дагуу ус ашиглагч нь ус ашиглах хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргах ба 28.6-д “ус ашиглах зөвшөөрлийг”  эрх бүхий этгээдээс авах бөгөөд мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.11-д заасны дагуу холбогдох зөвшөөрлийг үндэслэн ус ашиглах эрхийн бичиг олгогдож, мөн усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан гэрээ байгуулагдсанаар ус ашиглах эрх үүсэхээр хуулиар зохицуулжээ.

Тодруулбал, “ус ашиглагч” аж ахуйн нэгж, байгууллага нь ус ашиглах зөвшөөрөл болон ус ашиглах эрхийн бичиг авч, ус ашиглах гэрээ байгуулсан нөхцөлд ус ашиглах эрх үүсэхээр байна.

Хэрэв эдгээр ус ашиглах зөвшөөрөл, эрхийн бичгийг авах, гэрээ  байгуулах хуульд заасан нөхцөл, болзлыг хангаагүй, энэ хуулиар хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй этгээд усыг ашигласан бол Зөрчлийн тухай хуулийн 7.15-р зүйлийн 1.4-т заасан зөрчилд тооцогдохоор байна.

6.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.7-д “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 10.1-д заасан төлбөр тооцох үзүүлэлтийн нэгжид дараах хязгаарт багтаан тогтооно: “Уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд... в/усыг шавхан зайлуулах...” гэж, мөн зүйлийн 15.З-д “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно” гэж заасан.

7.Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулах үйл ажиллагааг шууд заагаагүй хэдий ч Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 326 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтын Тайлбар 1-д[2] барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулах үйл ажиллагааг уул уурхайн үйлдвэрлэлийн усыг шавхан зайлуулах үйл ажиллагаатай адилтган үзэхээр заажээ.

Эдгээр хуулийн зохицуулалтын агуулгаас дүгнэхэд “усыг шавхан зайлуулах” гэдэгт барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулах үйл ажиллагаа мөн хамаарахаар байна.

8.Мөн Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.18-д “"усны нөөцийн хомсдол" гэж усны нөөц багасах, усны чанар, байгалийн үнэ цэнэ, өгөөж доройтохыг” хэлэхээр,  10 дугаар зүйлийн 10.1.6-д “Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага усны харилцааны асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал батлах” гэж тус тус заасан.

9.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/59 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ын 2.2.1-д “Байгаль орчны багц хуулиуд, Усны тухай хууль тогтоомж зөрчсөн дараах  шалтгааны улмаас усны нөөцөд учирсан хохирол, нөхөн төлбөрийг энэхүү аргачлалаар тооцно. Үүнд:Гадаргын болон газрын доорх усны нөөцийг зөвшөөрөлгүй ашиглах, зөвшөөрөгдсөн хэмжээ, нөөцөөс хэтрүүлэн ашиглах”, 4.1.2-т “Усны нөөцөд учирсан хохирлын үнэлгээг дараах төрлөөр тооцно. Үүнд:Газрын доорх усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр  тооцох” гэж зохицуулсан.

            Эдгээр хууль, журмын заалтын агуулгаас дүгнэхэд “хөрсний усыг шавхан зайлуулах үйл ажиллагаа”-г газрын доорхи усны нөөцийг багасгах, үүнтэй холбоотойгоор гадаргын усны түвшин буурах, хомсдоход нөлөөлдөг тул усны нөөцөд учруулсан хохирол гэж үзэн байгалийн нөөц ашиглах буюу ус ашиглах үйл ажиллагаанд хамааруулж, байгалийн нөөц ашигласны төлбөр, нөхөн төлбөр авдаг байна.

10.Гомдол гаргагч компаниас Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 326 дугаар тогтоолын холбогдох хэсэгтэй маргаагүй ба уг тогтоол нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна.

Дээр дурдсанаас дүгнэхэд, “барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулах үйл ажиллагаа” нь ус ашиглах үйл ажиллагаанд хамаарч байгаа ба  барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулах үйл ажиллагаа явуулж байгаа этгээдийг “ус ашиглагч” гэж үзэх үндэслэлтэй.

11.Зөрчлийн тухай хуулийн 7.15-р зүйлийн 2 дахь хэсэгт “...усыг... зөвшөөрөлгүйгээр... ашигласан  бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж заасан.

Харин Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчилд хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан бол 2 дахь хэсэгт заасан зөрчилд хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ.

Хэдийгээр гомдол гаргагч “Д” ХХК-ны гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 7.15-р зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг агуулж байгаа хэдий ч захиргааны хэргийн шүүх эрх бүхий этгээдийн гаргасан шийтгэлийн хуудас, түүний хууль зүйн үндэслэлийг өөрчлөх тэр дундаа гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулах байдлаар өөрчлөх эрх хэмжээгүй юм.

12.Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 01/27 албан тоотоор Хохирол, нөхөн төлбөрийн тооцоог Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэст хүргүүлжээ.[3]

Уг албан тоотын хавсралтад 26,174,697.6 (Хорин зургаан сая нэг зуун далан дөрвөн мянга зургаан зуун ерэн долоон төгрөг, зургаан мөнгө) төгрөгийг усны нөөцөд учирсан хохирлыг Байгаль хамгаалах, уур амьсгалын санд төвлөрүүлэх тооцоо гарч байна гэсэн байна.

Нэгэнт эрх бүхий этгээдээс зөрчлөөс үүссэн хохирол, нөхөн төлбөрийг тооцоолон гаргасан, уг акттай гомдол гаргагч захиргааны хэргийн анхан шатны журмаар хянан хэлэлцэх явцад маргаагүй учир анхан шатны шүүхээс хохирол, төлбөрийн хэмжээг өөрчлөөгүйг буруутгах хууль зүйн үндэслэлгүй.

Эдгээр үндэслэлээр гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “анхан шатны шүүх хуулийг буруу х эрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 271 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагч “Д” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                       Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

           

 

[1] Хэргийн 1-р хавтас 7 дахь тал

[2] ХХ-ийн 24-р тал

[3] ХХ-ийн 150 дахь тал