Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 8

 

Ж.Д , Э.М  нарт холбогдох  эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд,

                                             Прокурор Ч.Энхжаргал                                         

                                             Нарийн бичгийн дарга Г.Дорждулам нарыг оролцуулан,

Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаар цагаатгах тогтоолд прокурорын эсэргүүцлээр Ж.Д , Э.М  нарт холбогдох эрүүгийн 1726001640002 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ж.Д  

 

Монгол Улсын иргэн, , Боржгон овогт Э.М  

Ж.Д  нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 24 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хаан банкны орчим хохирогч Д.Б-г Э.М тай бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Э.М  нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 24 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хаан банкны орчим хохирогч Д.Бандийг Ж.Д тэй бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Прокурорын газраас тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэн хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  шилжүүлжээ.   

Анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Д , Э.М  нарт аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял сонсгосон 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, Ж.Д , Э.М  нарт холбогдох 1726001640002 дугаартай эрүүгийн хэргийг прокурорт буцааж, Ж.Д , Э.М  нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч Д.Бандид хохирол төлбөрт шүүгдэгч Ж.Д  Э.М  нар нь 50000 төгрөг тус тус төлсөн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.Д , Э.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгах тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Д , Э.М  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж байхаар заан  шийдвэрлэжээ.

            Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Энхжаргал 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03 дугаартай эсэргүүцэлдээ:

Э.М  нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 24 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хаан банкны орчим Д.Б-г Ж.Д тэй бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, Ж.Д  нь 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 24 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Хаан банкны орчим Д.Б-г Э.М тай бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Ж.Д , Э.М  нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд “...2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн  нутаг дэвсгэрт иргэн Д.Б нь гудамжинд согтуу хүмүүст зодуулсан гэх гомдлыг зөрчлөөр шалгаж,  хохирогч Д.Б-с авсан мэдүүлэг болон шинжээч эмч Э.Х-н 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан №436 тоот шинжээчийн дүгнэлтийг үндэслэж 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай тогтоолоор хэрэг бүртгэлтэнд шилжүүлж, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагааг эхлүүлэн,  Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах ахлагч О.Ганбат зөрчлийн гомдол мэдээллийг шалгахдаа 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хохирогч Д.Б-н биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол үйлдэж шинжээч томилжээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “Гэрч, хохирогч холбогдогч зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл, сэтгэцийн байдлыг тодорхойлох”, 4.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “холбогдогчийн донтох сэтгэцийн эмгэгтэй эсэхийг тогтоох шаардлагатай бол”, 4.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “холбогдогчийн насыг гэрчлэх баримт бичиг байхгүй бөгөөд хүний насыг тогтоох нь зөрчил шалган шийдвэрлэхэд ач холбогдолтой бол” гэж заасан үндэслэлүүдээр хүний биед шинжилгээ хийх эрхтэйг хуульчилжээ.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 436 дугаартай ...шинжээчийн дүгнэлтийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг эхлүүлэхээс өмнө гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл журмыг зөрчиж авсан нотлох баримт байх тул шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлэх боломжгүй байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн тогтоол нь цагаатгах, эсхүл шийтгэх хэлбэртэй байна”, 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаана” гэж зааснаар шүүгдэгч Ж.Д , Э.М  нарт аймгийн прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял сонсгосон 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 10 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, шүүгдэгч Ж.Д , Э.М  нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ” гэжээ.

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаартай цагаатгах тогтоол нь дараах
байдлаар үгүйсгэгдэж байна. Үүнд:                                                                                                         

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Д.Б-с холбоо мэдээллийн хэрэгслээр гудамжинд согтуу хүмүүст зодуулсан гэх гомдол мэдээллийг удирдах ажилтны цохолтоор Өвөрхангай дахь цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах ахлагч О.Ганбат хүлээн авч шалгасан ба зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн аваад Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ажлын 3 өдрийн дотор шалгахдаа хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох зорилгоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тогтоол үйлдэж шинжээчийн дүгнэлт гаргуулсан байна.

Эрх бүхий албан тушаалтны энэхүү ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хийгдсэн хууль ёсны ажиллагаа бөгөөд тухайн этгээдийн үйлдэл нь гэмт хэргийн эсхүл зөрчлийн шинжтэй байна уу гэдгийг шалгаж тогтоож байгаа ажиллагаа юм.

Гэтэл шүүхийн цагаатгах тогтоолд “...хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг эхлүүлэхээс өмнө шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндэслэл журмыг зөрчиж авсан нотлох баримт байх тул шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлэх боломжгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан хүний биед шинжээч томилон дүгнэлт гаргуулсныг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс өмнө шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан нь хууль зөрчиж авсан нотлох баримт тул шинжээчийн дүгнэлтийг шүүх үнэлэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

  Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг шалгах явцад эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “эрх бүхий албан тушаалтан эд зүйл хөрөнгөд үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж, шинжилгээ хийлгэж болно” зааснаар шинжилгээ хийлгэсэн нь үндэслэлтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж үндэслэлгүй юм.

 Хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах ахлагч О.Ганбат нь зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн шинжийг илрүүлсэн байх бөгөөд энэ талаарх үйл баримтыг нотолсон баримтыг прокурорт мэдэгдэж, хүргүүлсэн бөгөөд прокурор 24 цагийн дотор харьяаллын асуудлыг шийдвэрлэсэн, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг 3 хоногийн дотор тухайн байгууллагын харъяалан шалгах гомдол мэдээлэл мөн эсэхийг шалгаж тогтоон, харьяаллын бус болох нь тогтоогдвол шилжүүлж байх талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан.

Учир нь энэхүү ажиллагаа нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед хийгдсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримт, мэдээлэл тул нотлох баримт гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “прокурор, мөрдөгч, төрийн байгууллагад иргэд, байгууллагаас ирүүлсэн гомдол, мэдээлэл өргөдлийг шалгах, эрүүгийн хэргээс бусад зөрчил, хэрэг маргааны хянан шийдвэрлэх ажиллагаа, мэргэжлийн байгууллагын хяналт, шалгалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болон энэ хуулийн дөчин хоёрдугаар бүлэгт заасан журмаар гадаад улсаас ирүүлсэн баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцож болно” гэж заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжтой.

Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж, шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулсан нь Эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй ямар нөхцөл байдал хүргээд байгаа болохыг тодорхой гаргаж дүгнээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байна.

Эрх бүхий албан тушаалтны шинжээч томилж, шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулсан нотлох баримтыг үгүйсгэж байгаа бол хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад дахин дүгнэлт гаргуулах эсэх асуудал гарч ирж байна. Дээрх байдлаар дүгнэлт хийж хэргийг цагаатгаж, прокурорт буцааж байгаа нь нэг талаас зөрчил шалган шийдвэрлэх бүхий л ажиллагааг үгүйсгэж, урьд хийгдсэн ажиллагааг хэрэг бүртгэлтийн явцад дахин шинээр хийж нотлох баримт цуглуулах, хохирогч, яллагдагч нарыг дахин дахин хуулийн байгууллага дуудан ирүүлж, эдийн засгийн хувьд хохирол учруулж, эрхийг нь зөрчдөг, чирэгдүүлдэг, нөхцөл байдал бий болж байна. Цаашлаад зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулиар цугларсан нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар үгүйсгэж байгаа буруу практик бий болж байна. Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 08 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив... гэжээ.

ХЯНАВАЛ:

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны орчим 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 24 цагийн үед Ж.Д  Э.М  нар нь бүлэглэн иргэн Д.Бандийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ж.Д , Э.М  нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, өөрөөр хэлбэл илт үндэслэлгүйгээр прокурорын яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн цагаатгах тогтоол гаргасан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон Ж.Д , Э.М  нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлд заагдсан журмаар хийгдсэн иргэн Д.Б-н биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт нь/хх-ийн 42х/ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлэх боломжтой байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заа-сныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож,  Ж.Д , Э.М  нарт холбогдох 1726001640002 дугаартай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргэгдэн очтол Ж.Д , Э.М  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж   болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс  хойш 30 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын шатны журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                                    

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ЭНХМАА                     

             ШҮҮГЧИД                               В.ЦЭЦЭНБИЛЭГ 

                                                             Д.ЭРДЭНЭБИЛЭГ