Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 1874

 

2020.10.27                                  2020/ШЦТ/1874

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго,

улсын яллагч Б.Тулга,

шүүгдэгч Б.С /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэгт Х овогт Б.С-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 03341 2467 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Х овогт Б.

Шүүгдэгч Б.С нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн А.У-тай тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохих, зууралдан ноцолдох хэлбэрээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах болон цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Б.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч А.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Шинжээч эмчийн дүгнэлтэд бичигдсэн гэмтлүүдийг С гэдэг залуу миний биед учруулсан. Намайг тухайн үед Б зодох нь зодсон гэхдээ Б миний биед гэмтэл учрахаар зодоогүй. Шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн гэмтлүүдийг С ганцаар учруулсан. С намайг их хүчтэй цохиод байсан...одоо миний биеийн байдал зүгээр хэвийн байгаа. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,

Гэрч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ингээд замдаа явж байтал У найзууддаа агсам тавьж эхэлсэн. Тэгтэл гэнэт С-ийн баруун нүд рүү нь У нэг удаа гараараа цохисон тул би У-д хандан чи яагаад байгаа юм бэ гэж хэлтэл миний баруун нүд хэсэг рүү У гараараа нэг удаа цохисон. Эргээд хартал С, У хоёр ноцолдоод байж байсан ба С-г У нүүр хэсэгт нэг удаа цохиж харагдсан. Тэр нь нүүрний аль хэсэгт оносон эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

Яллагдагч Б.С мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би шинжээч эмчийн гаргасан №8774 дугаартай дүгнэлттэй танилцсан. Тус дүгнэлтэд бичигдсэн А.У-ы биед учирсан гэмтлүүдийг би учруулсан нь үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-38/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 8774 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1. А.У-ы биед хамар ясны хугарал, хоёр нүдний дотор буланд цус хуралт, хүзүү, цээжинд цус хуралт, зүүн мөрний ар хэсэгт зулгаралт, зүүн дээд 5 дугаар шүдний даалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 28-29/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 44/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Б.С нь 2020 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн А.У-тай тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохих, зууралдан ноцолдох хэлбэрээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч А.У: “...Шинжээчийн дүгнэлтэд бичигдсэн гэмтлүүдийг Сайханбилэг ганцаар учруулсан. Сайханбилэг намайг их хүчтэй цохиод байсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Н.Б: “...Ингээд замдаа явж байтал Унатхан найзууддаа агсам тавьж эхэлсэн. Тэгтэл гэнэт С-ийн баруун нүд рүү нь У нэг удаа гараараа цохисон тул би У-д хандан чи яагаад байгаа юм бэ гэж хэлтэл миний баруун нүд хэсэг рүү У гараараа нэг удаа цохисон. Эргээд хартал С, У хоёр ноцолдоод байж байсан ба С У нүүр хэсэгт нэг удаа цохиж харагдсан. Тэр нь нүүрний аль хэсэгт оносон эсэхийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Б.С-т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч А.У нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Б.С-т хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 800.000 торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Б.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Б.Ст 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.С нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР