Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 1846

 

2020.10.23                                  2020/ШЦТ/1846

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

улсын яллагч Б.Ганзориг,

хохирогч О.М,

шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Т.Н-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2253 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн Б овогт Т.Н

Шүүгдэгч Т.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр О.М-тай “Б.М-тай намайг муу хэлсэн, маргалдсан” гэх шалтгааны улмаар маргалдаж, улмаар толгойн тус газарт нь жижиг халуун тогоо авч шидэж түүний эрүүл мэндэд нь баруун зулайд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Т.Н шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч О.М шүүх хуралдаанд: “Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрхийн дагуу өөрийн нөхрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй” гэв.

Хохирогч О.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр миний төрсөн өдөр болсон..., тэр өдөр Н.М, Н.О нар ирсэн...манай нөхөр Н, Н.М, Н.О нар архи уусан...манай нөхөр унтаж байхад Н.М нөхөр Н-ыг муулаад байсан. Тэгсэн Н босож ирээд М-г боль гээд “чи байж чадахгүй бол яв” гээд хөөсөн..., манай нөхөр Н жижиг халуун тогоо шидэхэд би М-г холдуулах гэж байгаад оногдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10/,

Гэрч Э.Мөнхзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн орчимд Н.Төгөлдөр зодоон болоод байна гэж хэлсэн..., очиход Мөнхзул Над зодуулсан толгой хэсгээс цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-16/,

Гэрч Б.Мөнгөнтуяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 12 цагийн орчимд Н утсаар залгаад “О.Мын төрсөн өдөр хүрээд ир” гэсэн...гэрт ирээд Н.О, О.М, Н бид хэд 750 грамм архи уусан...би Оюунаатай маргалдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Яллагдагч Т.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Гарсан дүгнэлттэй санал нийж байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,

Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9548 дугаартай:

1. 2 О.М-ын биед баруун зулайд шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй.

6. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /хх-ийн 20-21/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 56/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Т.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 23 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын задгай тоотод байрлах өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр О.Мтай “Б.Мөнгөнтуяатай намайг муу хэлсэн, маргалдсан” гэх шалтгааны улмаар маргалдаж, улмаар толгойн тус газарт нь жижиг халуун тогоо авч шидэж түүний эрүүл мэндэд нь баруун зулайд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

Хохирогч О.Мын: “...2020 оны 08 дугаар сарын 15-ны өдөр миний төрсөн өдөр болсон..., тэр өдөр Н.М, Н.О нар ирсэн...манай нөхөр Н, Н.М, Н.О нар архи уусан...манай нөхөр унтаж байхад Н.М нөхөр Ныг муулаад байсан. Тэгсэн Н босож ирээд Мөнгөнтуяаг боль гээд “чи байж чадахгүй бол яв” гээд хөөсөн..., манай нөхөр Н жижиг халуун тогоо шидэхэд би Мөнгөнтуяаг холдуулах гэж байгаад оногдсон...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Т.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Т.Над хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч О.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

Шүүгдэгч Т.Над хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 500.000 торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт Т.Н-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар Т.Над 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Н-ын урьд цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийн нэг хоногийг торгох ялын 15 /арван таван/ нэгжээр тооцон түүний эдлэх ялаас 210 /хоёр зуун арав/ нэгж хасч түүний торгох ялыг 290 (хоёр зуун ер) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 290.000 (хоёр зуун ерэн мянга) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Н нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Т.Над хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР