Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1839

 

2020.10.22                                   2020/ШЦТ/1839

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,

нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний, 

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт С овогт Э.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1806 02169 1814 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн С овогт Э.Б,

урьд Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил хорих ялаар, Мөн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, улмаар 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж уг ялыг эдлээгүй,

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 03 дугар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Ээж хайрхан, Малчны хорооллын 8-38 тоотод оршин суух иргэн Д.Э-ийн эзэмшлийн малыг маллаж байхдаа гэрийн урд байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулах буюу чингэлэг дотроос эрэгтэй хүний өвлийн үстэй сэгсүүргэн дээл, 50 кг савалгаатай малын тэжээлийн хивэг 15 ширхэг, 220 вольтод ажилладаг газар ухдаг молдок, Ланд круйзер автомашины гоёлын никель обудтай 4 ширхэг дугуй зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж, бусдад нийт 4.850.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:

Шүүгдэгч Э.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна”  гэв.

Хохирогч Д.Энхзаяа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зарын дагуу утсаар танихгүй залуу яриад Шархадны эцсийн буудал дээр байдаг манай “Дөл” нэртэй хүнсний дэлгүүр дээр ирж уулзсан. Тэр залуугаас хаана, юу хийж байсан, хаана амьдардаг талаар асуусан чинь тэр залуу “Дорноговь аймагт мал маллаж байгаад айлдаа хүргэн ороод мал маллаж байсан чинь тэр айл намайг хөөж туугаад байхаар нь Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн, мал маллаж чадна, одоо би хороололд амьдарч байгаа” гэсэн. ...маргааш өглөө нь Баянзүрх дүүргийн Ээж хайрханы 3-38 тоот хашаандаа дагуулж ирээд таван ханатай Монгол гэртээ оруулаад “Тамхи, хоол, ундааны мөнгө өгнө, сарын 300.000 төгрөг өгнө” гэж тохирсон. ...тэгээд 2018 оны 03 дугаар сарын 08-ны өглөө хажуу айлын хөрш утсаар яриад “Танай мал гарахгүй байна, гэрийн чинь хаалга онгорхой, хашааны хаалга онгорхой, мал чин хашаанаасаа гараагүй байна” гэж хэлэхээр нь талийгаач нөхөр бид хоёр яараад ирсэн чинь хашааны хаалга, гэрийн хаалга онгорхой байхаар нь орсон чин гэрийн зүүн талын модон орон дээр хөнжлөө нарийхан эвхээд, хүн унтаж байгаа юм шиг хөнжлөөр нь хучаад тавьчихсан, Билгүүн өөрөө байхгүй байсан. Тэгээд бид хоёр малаа гарч тоолсон чин мал бүрэн, харин контэйнер дотор байсан газар ухдаг молдок, Ланд круйзер маркийн автомашины 4 ширхэг гоёлын обудтай дугуй, малын тэжээл 15 ширхэг, үстэй сэгсүүргэн дотортой дээл зэргийг аваад явчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Яллагдагч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2018 оны 02 дугаар сарын дундуур ажил хиймээр санагдаад “Зар мэдээ” авсан чинь “Яаралтай малчин ажилд авна” гэсэн байсан. Бас цалин өндөр гэхээр нь дугаар руу нь залгасан чин “Шархадны эцсийн буудал дээр ирээд уулзчихаач” гэхээр нь 2018 оны 03 дугаар сарын 01-ны өдөр Шархадны эцсийн буудал дээр очоод эцсийн буудал дээр байдаг өөрсдийнх нь гэсэн барааны дэлгүүрт орж уулзсан чин эхнэр нөхөр хоёр “Мал дээр хүн байхгүй, малчин хэрэгтэй байгаа” гэсэн. Тэгээд тэр өдрөө Баянзүрх дүүргийн Хар хошуу тойроод малчны хороолол гэдэг газар том, жижиг нийлсэн 41 үхэр, хонь ямаа нийлсэн 28 бог мал байсан...тэгээд хоол ундгүй болоод тамхи тариа байхгүй болоод өөрсдөө ирэхгүй 2 хоносон. Тэгээд өлсөөд ядраад байхаар нь Шархадны эцэс дээр явган очоод Пробокс машины жолоочийг “30.000 төгрөг өгье, хойноос машины дугуй ачаад Дарь-Эх ормоор байна” гэсэн чинь жолооч нь “За тэгье” гэхээр нь би суугаад мал маллаж байсан айлынхаа хашаанд очсон. Тэгээд тэр машиныг хашааны гадна зогсоож байгаад “Орж дугуйнуудаа аваад ирье” гээд орсон. Тэгээд хашааны урд буланд байдаг саарал өнгийн контэйнерийг надад байдаг түлхүүрээр онгойлгоод гоёлын обудтай 4 ширхэг дугуйг, барилгын газар ухдаг молодок, малын 50 кг ууттай 15 шуудай малын тэжээлийг зөөж машинд ачсан. Би үстэй сэгсүүргэн дээлийг малдаа өмсөж байсан. Тэгээд би малаа хашаандаа хийгээд, хаалга үүдийг нь хаачихаад, контэйнерийн түлхүүрийг нь гэрт үлдээгээд, гэрийнх нь үүдийг онгорхой үлдээсэн. Тэгээд би тэр хөлсний машинтайгаа юмаа аваад Дарь-Эхийн ганцын буудал дээр хүргүүлээд буусан.” гэх мэдүүлэг /ХХ-ийн 87-90 дүгээр хуудас/

”Тод үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 38/, эд зүйл хүлээн авсан баримт /хх-ийн 115-116/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 97/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101/ зэргийг тус тус шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч Э.Б нь 2018 оны 03 дугар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 09 дүгээр хороо, Ээж хайрхан, Малчны хорооллын 8-38 тоотод оршин суух иргэн Д.Э--ийн эзэмшлийн малыг маллаж байхдаа гэрийн урд байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай агуулах буюу чингэлэг дотроос эрэгтэй хүний өвлийн үстэй сэгсүүргэн дээл, 50 кг савалгаатай малын тэжээлийн хивэг 15 ширхэг, 220 вольтод ажилладаг газар ухдаг молдок, Ланд круйзер автомашины гоёлын никель обудтай 4 ширхэг дугуй зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, машин механизм ашиглаж, бусдад нийт 4.850.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь,

Хохирогч Д.Энхзаяагийн: “...би 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зарын дагуу утсаар танихгүй залуу яриад Шархадны эцсийн буудал дээр байдаг манай “Дөл” нэртэй хүнсний дэлгүүр дээр ирж уулзсан. Тэр залуугаас хаана, юу хийж байсан, хаана амьдардаг талаар асуусан чинь тэр залуу “Дорноговь аймагт мал маллаж байгаад айлдаа хүргэн ороод мал маллаж байсан чинь тэр айл намайг хөөж туугаад байхаар нь Улаанбаатар хотод ажил хийхээр ирсэн, мал маллаж чадна, одоо би хороололд амьдарч байгаа” гэсэн. ...маргааш өглөө нь Баянзүрх дүүргийн Ээж хайрханы 3-38 тоот хашаандаа дагуулж ирээд таван ханатай Монгол гэртээ оруулаад “Тамхи, хоол, ундааны мөнгө өгнө, сарын 300.000 төгрөг өгнө” гэж тохирсон. ...тэгээд 2018 оны 03 дугаар сарын 08-ны өглөө хажуу айлын хөрш утсаар яриад “Танай мал гарахгүй байна, гэрийн чинь хаалга онгорхой, хашааны хаалга онгорхой, мал чин хашаанаасаа гараагүй байна” гэж хэлэхээр нь талийгаач нөхөр бид хоёр яараад ирсэн чинь хашааны хаалга, гэрийн хаалга онгорхой байхаар нь орсон чин гэрийн зүүн талын модон орон дээр хөнжлөө нарийхан эвхээд, хүн унтаж байгаа юм шиг хөнжлөөр нь хучаад тавьчихсан, Билгүүн өөрөө байхгүй байсан. Тэгээд бид хоёр малаа гарч тоолсон чин мал бүрэн, харин контэйнер дотор байсан газар ухдаг молдок, Ланд круйзер маркийн автомашины 4 ширхэг гоёлын обудтай дугуй, малын тэжээл 15 ширхэг, үстэй сэгсүүргэн дотортой дээл зэргийг аваад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл  журмын дагуу бэхжүүлж авсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Прокуророос шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Э.Бийг машин механизм ашиглан агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Б нь бусдад 4.850.000 төгрөгийн хохирол учруулсан ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 2 сая төгрөгийн үнэд тооцож мотоцикл хохирогчид өгсөн бөгөөд хохирогч хүлээн зөвшөөрсөн болно. Харин үлдэх хохирол болох нийт 2.850.000 төгрөгийг түүнээс гаргуулж хохирогч Д.Энхзаяад олгохоор шүүх шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл зэрэг байдлыг харгалзан үзэж хуульд заасан хорих ял оногдуулж, өмнөх Орхон аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг өдрийн хорих ялд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл хэмжээг тогтоож, түүний эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. С овогт Э.Б-ийг машин механизм ашиглан агуулахад хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар Э.Б-д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-д өмнөх Орхон аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэг хоногийг 8 цагаар тооцож, 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн Э.Б-ий нийт биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар Э.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Б-ий урьд цагдан хоригдсон нийт 100 /зуу/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Э.Б-ээс нийт 2.850.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Энхзаяад олгосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүү  гийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР