| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2016/09510/и |
| Дугаар | 101/ШШ2017/00010 |
| Огноо | 2016-12-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2017/00010
| 2016 оны 12 сарын 21 өдөр | Дугаар 101/ШШ2017/00010 | Улаанбаатар хот |
|
|
|
|
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ц.М
Хариуцагч: С.З
Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.М, хариуцагч С.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие 1990 онд С.Зтай танилцан улмаар 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр гэрлэлтийн 0 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний амьдрах хугацаанд 1992 оны 08 дугаар сарын 01-нд охин З.М, 1999 оны 01 дүгээр сарын 07-нд охин З.Н нар төрсөн. Одоо том охин .. настай ажил хөдөлмөр эрхэлдэг, бага охин ерөнхий боловсролын сургуулийн .. дугаар ангид сурдаг. Бид зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2016 оны 05 дугаар сараас эхлэн тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хоёр охин минь эх Ц.М миний асрамжинд өсч торниж байгаа. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Бид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй болно” гэв.
Хариуцагч С.З шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн зөвшөөрнө” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч С.Зд холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч С.З нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.
Нэхэмжлэгч Ц.М, хариуцагч С.З нар 1992 оны 02 дугаар сарын..-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна /хх-6/.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар гэрлэгчдийн таарамжгүй харилцааны улмаас байнгын хэрүүл маргаантай байдал тогтоогдож байна. Нэхэмжлэгч Ц.М үүний шалтгааныг тайлбарлахдаа хариуцагч автоосол гаргаж хорих ял эдлэж ирснээс хойш сүүлийн 4-5 жилийн хугацаанд бидний амьдралд маш том сэв суусан, хэрүүл маргаан гардаг, өмнө нь зах дээр зогсож наймаа хийдэг байсан бол одоо ажил хийдэггүй, 2 ч удаа танилаараа дамжуулан ажилд оруулсан боловч хийгээгүй, сүүлийн 2 жилийн хугацаанд эр, эмийн харилцаа байхгүй, миний эрүүл мэндийн байдал хүнд байгаа учир маш тайван байх шаардлагатай, хүн арчлаад явж чадахгүй болсон гэжээ. Хариуцагч С.З тайлбартаа миний сэтгэл зүй сонин болсон, юунд ч итгэх итгэлгүй болсон, нэхэмжлэгчийн хэлж байгааг хүлээн зөвшөөрнө гэжээ.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2016 оны 11 дүгээр сард эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон нь Эвлэрүүлэн зуучлагчийн 2016 оны 11 дүгээр сарын ..-ний өдрийн ... дугаар тэмдэглэлд тусгагджээ /хх-9/.
Дээрх баримтуудаас үзэхэд гэрлэгчдийн хэн аль нь гэрлэлтийн харилцаагаа цаашид үргэлжлүүлэх хүсэл сонирхолгүй, тэдний хайр сэтгэл болон бие биеэ халамжлах, хүндлэх сэтгэлгүй болсон, хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрсөн байдал тогтоогдож байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Гэрлэгчдийн дундаас 1999 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин З.Н эхийн асрамжид байгаа болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон ба хүүхдийн асрамжийн талаар маргахгүй байна.
З.Н 16 нас хүрсэн боловч Баянгол дүүргийн .. дүгээр суруулийн .. дугаар ангид суралцаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу эцэг С.З хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.М, С.З нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 1999 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн охин З.Н-г эх Ц.Мын асрамжид үлдээж, 18 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Згаас сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Зохигчид хамтран өмчлөх дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Батцэнгэлд хариуцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Згаас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Мд олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА