| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0125/Э |
| Дугаар | 125 |
| Огноо | 2020-09-07 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 125
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч А.Амгалан,
Шүүгдэгч Д.О, Л.М, З.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл, Ц.Баярмаа,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б,
Мөрдөгч И.Золбообаатар,
Нарийн бичгийн дарга М.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Д-н О, Чонос овгийн Л-ийн М, Бэйс овгийн З-ийн Бнарт холбогдох 1928000440042 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ял шийтгэлгүй, Д-н О,
Монгол Улсын иргэн, 47 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ял шийтгэлгүй, Л-ийн М,
Монгол Улсын иргэн, 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ял шийтгэлгүй, З-ийн Б,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч З.Б нь Л.М, Д.О нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутагт буюу “Индэрийн ам” гэх газарт Монгол Улсын улаан номонд нэн ховор зүйлээр бүртгэгдэж, агнахыг хориглосон нэн ховор амьтан болох 1 тооны зулзаган эр цоохор ирвэс, 1 тооны нас бие гүйцсэн эм цоохор ирвэсийг тусгай зөвшөөрөлгүй агнаж, амьтны аймагт нийт 22.100.000 /хорин хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Л.М нь З.Б, Д.О нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутагт буюу “Индэрийн ам” гэх газарт Монгол Улсын улаан номонд нэн ховор зүйлээр бүртгэгдэж, агнахыг хориглосон нэн ховор амьтан болох 1 тооны зулзаган эр цоохор ирвэс, 1 тооны нас бие гүйцсэн эм цоохор ирвэсийг тусгай зөвшөөрөлгүй агнаж, амьтны аймагт нийт 22.100.000 /хорин хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.О нь Л.М, З.Б нартай бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутагт буюу “Индэрийн ам” гэх газарт Монгол Улсын улаан номонд нэн ховор зүйлээр бүртгэгдэж, агнахыг хориглосон нэн ховор амьтан болох 1 тооны зулзаган эр цоохор ирвэс, 1 тооны нас бие гүйцсэн эм цоохор ирвэсийг тусгай зөвшөөрөлгүй агнаж, амьтны аймагт нийт 22.100.000 /хорин хоёр сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлнэ гэв.
Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би М-ынд байгаагүй. Хотод ажил явдалтай байсан. Хотоос ирээд гэртээ байж байтал утсанд минь дуудлага ирсэн. Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтсээс ярьж байна гэхлээр нь найзуудыгаа тоглож байна гэж бодоод юу яриад байгаа юм тийм юм байхгүй гээд утсаа тасдаад хэвтэж байтал удалгүй цагдаа ирээд намайг Өмнөговь аймгийн цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн. Тухайн үед ямар хэрэгт холбогдож байгааг минь хэлж өгөөгүй. Чи Улаанбаатар хотод байсан юм байна ирээд нэг хонож байгаа юм байна гэхлээр нь тийм гэсэн. Цагдаа намайг цахим гэмт хэрэгтэй холбоотой, хүнээс мөнгө авсан байна гээд хамгийн анх Улаанбаатар хот руу авч явсан. Хотод очоод намайг цахим сүлжээний гэмт хэргээр авч ирээгүй ирвэс алсан гээд авч ирсэн гээд тухайн хэрэгт холбоотой мэдүүлэг авсан. Цагдаа компьютер дээр юм бичээд байсан. Бичиж байхдаа надаас байцаалт авч байсан. Надад өмгөөлөгч авах, мэдүүлэх өгөхгүй байх эрхийг минь хэлж өгч танилцуулаагүй. Тухайн үед мэдүүлэг авахдаа цагдаа чи 2 цоохор ирвэсийг М, Б нартай нийлж алсан юм байна. Чи мөнгийг нь үрчихээд худлаа яриад байвал цааш нь хийчихнэ шүү гэж намайг айлган сүрдүүлсэн. Тиймээс би энэ хэргийг хийсэн гэж байцаалт өгсөн. Байцаалтандаа би айсандаа хийсэн гэж худлаа хэлсэн. Улаанбаатарт байцаалт өгөөд надаас мэдүүлэг авахад хажууд өмгөөлөгч байгаагүй. Надаас мэдүүлэг авч дууссаны дараа өмгөөлөгч гээд хүн орж ирээд чиний мэдүүлсэн мэдүүлэгтэй танилцлаа гээд гарын үсэг зуруулсан. Тэгээд намайг гаргасан тухайн үед хотод газар мэдэх үү гэж асуусан мэдэхгүй гэсэн гэрээсээ хүн дууд гэсэн. Би хотод 2 хоносон 3 дахь хоног дээрээ Золбообаатар байцаагчаар наашаагаа авахуулсан. Энэ хэргийн талаар надад өөр мэдэх юм байхгүй гэв.
Шүүгдэгч Л.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлнэ гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Монгол улсад 1993 оноос хойш агнахыг хориглосон. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор эр цоохор ирвэсийг 11.200.000 /арван нэгэн сая хоёр зуун мянга/, эм цоохор ирвэсийг 13.000.000 /арван гурван сая/, төлийг нь эх ирвэсийн 70 хувиар экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг. Шүүхээс эдгээр хүмүүсийг гэм буруутайд тооцвол дээрх хохирлыг Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах сангийн дансанд оруулах хүсэлтэй байна гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Монгол Улсын улаан номонд нэн ховор зүйлээр бүртгэгдсэн. Монгол улсад 1993 оноос хойш агнахыг хориглосон. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор эр цоохор ирвэсийг 11.200.000 /арван нэгэн сая хоёр зуун мянга/, эм цоохор ирвэсийг 13.000.000 /арван гурван сая/, төлийг нь эх ирвэсийн 70 хувиар экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон байдаг. Амьтны тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль зааснаар нөхөн төлбөрийг 2 дахин нэмэгдүүлсэн тэнцэх мөнгөн төлбөрийг буруутай этгээдээр гаргуулахаар заасан байгаа...” гэжээ. /хх-37-38/,
Гэрч Д.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...М ах Б бид хоёрыг уулан дээрээс хүрээд ир гэж дуудсан. Тэгээд Б ах бид хоёр морьтой очсон чинь хавханд орсон ирвэс энд гинжээ гээсэн байна. тухайн ирвэс одоогоор шархдаад хавхаа гээгээд явсан байх гэхдээ энд бас 2 сул ирвэсийн мөр байна гээд тухайн сул 2 ирвэсийн мөрийг Б ах тэр 2 явган дагаж явсан. Би харин 2 морио бариад хавхны гинж хаягдсан газарт үлдэж хавхаа хайсан. М ах чи хавхаа хайж байгаад олдохгүй бол бид хоёрын араас морьтойгоо хүрээд ирээрэй гэж хэлсэн. Нилээд хэсэг хугацааны дараа би Б, М ах 2-ын араас морьтойгоо явж байсан чинь 1 удаа буун дуу гарсан. Тэгээд би араас нь яваад уулын орой дээр гараад хартал Б, М хоёр уулын хажуу дээрээс намайг дуудсан. Би морио орхичихоод явган алхаж очоод яасан байна уу юу болов гэж асуусан чинь сая энэ доороос 2 ирвэс босоод явчихлаа араас нь нэг буудаад алдчихлаа гэж М хэлсэн. Тэгэхээр нь би хавхтай байсан юм уу гэхэд хавхгүй сул байна лээ гэж хэлсэн. За тэгвэл хэдүүлээ буцах уу гэсэн чинь М ах миний өөдөөс инээгээд тоглосон юм нөгөө ирвэс чинь тэнд байна гэж гараараа заасан. Тэгээд би харсан чинь М ахын цаад талд нь 50 орчим метрийн зайд хадны энгэр дээр 1 ширхэг зулзаган цоохор ирвэс буудуулж үхсэн байдалтай байсан. Тэгээд М, Б ах бид гурав тухайн зулзаган цоохор ирвэсийн арьсыг нь махнаас нь салгаж хуулаад махыг нь бутан доогуур хаяад арьсыг нь аваад явсан...тэгээд Б ах бид 2 модон голыг хөндлөн гатлаад уулын орой руу морьтой зүтгэсэн чинь М ах хэдий нь түрүүлээд уулын орой дээр гарчихсан нөгөө ирвэс чинь энд хавхтайгаа байна гэж хэлсэн...тэгтэл гэнэт 1 удаа буун дуу гараад хадан дээрээс яг миний хажууд 20-30 орчим метрийн зайд нас бие гүйцсэн цоохор ирвэс суманд оногдон хадан дээрээс унасан...М ах баруун хойд талын орой дээрээс буугаа үүрээд явган хүрээд ирсэн. Б, М бид 3 үхсэн цоохор ирвэсийн арьсыг нь хуулаад махыг нь тэндээ хаяад арьсыг нь аваад гэр рүүгээ явсан. Тухайн үед үхсэн ирвэсийн буруу талын урд талын хөл нь хавхтайгаа байсан...М өөрийн эзэмшлийн Сайга нэртэй хар буугаар 2 ширхэг цоохор ирвэсийг нэг нэг удаа буудаж алсан. Тухайн бууг М ах 2018 оны 11 дүгээр сард хүнээс худалдаж авсан юм...Эхэнд нь буудуулж үхсэн цоохор ирвэс нь 1 настай цоохор толбо суугаагүй саарал өнгөтэй эр зулзага байсан. Харин сүүлд буудуулж үхсэн ирвэс нь нас бие гүйцсэн нилээд том биетэй цоохор толбо нь бүгд тодроод гарчихсан эм ирвэс байсан...чоно барих санаатай М ах бид 2 1 ширхэг хавх тавьсан юм. Тэгтэл тухайн хавханд 1 ширхэг цоохор ирвэс орсон байсан. Сүүлд хавханд орсон цоохор ирвэсийг алаад би хавхаа аваад эмээлийнхээ ганзаганд уясан юм. Тэгээд гэртээ ирсэн чинь нөгөө хавх алга болчихсон байсан...” гэжээ. /хх-41-44/,
Гэрч Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Өмнөговь аймгийн Зүүн сайхан уул нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн Цогцолборт газрын ангилалд хамаардаг бөгөөд цөөн тооны ирвэс амьдардаг. Яг хэдэн тоо толгой ирвэс байдгийг нь сайн мэдэхгүй байна. Жил бүр Ирвэс хамгаалах сангаас Гурвансайхан ууланд амьдардаг ирвэсийн тоо толгойг гаргах гэж хяналтын камер тавьдаг тул тоо толгойг нь Ирвэс хамгаалах сангийн ажилчдаас асуувал мэдэх байх, Цоохор ирвэс бол ер нь уулархаг газарт амьдардаг махчин амьтан байгаа юм. Гол хоол хүнс нь бол янгир ямаа байдаг ер иь бол айлын бэлчээрт байгаа малнаас мал барьж иддэг. Манайхаас хойш 10-аад километрт байдаг саахалт айл болох М гэх айлынхаас цагаан сарын үеэр бэлчээрт байсан малнаас нь ирвэс барьсан сураг байсан яг хэзээ барьсанг нь мэдэхгүй байна. Мөн манай малнаас цагаан сараас хойш хэд хэд мал ирвэсэнд бариулсан байсан ер нь бол жилдээ манай 10 гаруй бага малыг ирвэс барьж иддэг. Би сайн мэдэхгүй байна. М-д нэг калибр маркийн буу бий байх үүрээд яваад байдаг байсан одоо байгаа үгүйг нь сайн мэдэхгүй байна...” гэжээ. /хх-49-50/,
Ерөнхий болон Сорилын биологийн Хүрээлэнгийн Хөхтний Экологийн лабораторийн шинжээчийн дүгнэлт: Хэргийн газрын нөхөн үзлэгээр илрүүлсэн амьтны үснээс амьтны зүйлийг тодорхойлох боломжгүй. Амьтны хүйсийг тодорхойлох боломжгүй. Төмөр хавх дээр наалдсан цусны толбо, хялгас үснээс амьтны зүйлийг тогтоох боломжгүй. Амьтны зүйлийг тогтоох боломжгүй тул экологи эдийн засгийн үнэлгээг тогтоох боломжгүй гэжээ. /хх-57/,
Шинжээч Г.Гантулга мөрдөн байцаалтын шатан мэдүүлэхдээ: Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн амьтны үс нь уг хэсэгтээ булцуугүй байсан тул генетикийн шинжилгээ хийж хүйс болон зүйлийг тодорхойлох боломжгүй юм. Тухайн шинжилгээнд ирүүлсэн амьтны үсний гадаргуугийн хээг микроскопоор харж үзэхэд энэ нь амьтны зүйлийг тодорхойлоход хангалттай хөгжөөгүй тул шинжилгээ хийх боломжгүй байсан юм. Манай Шинжлэх ухааны академийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн нь төрийн үйлчилгээний байгууллага учраас энэ төрлийн шинжээчийн дүгнэлтийг манайхаас өөр байгууллага гаргадаггүй. Би амьтны үсэнд шинжилгээ хийдэг өөр байгууллага манай улсад байхгүй гэж бодож байна гэжээ. /хх-59-60/,
Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх-1-6/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-24-25/,
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-26-30/,
Хавханд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-31/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-83/,
Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-84/,
Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-88/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-95-97/,
Цоохор ирвэсийн үнэлгээний баримт /хх-114-128/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч З.Б, Л.М, Д.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч З.Б, Л.М, Д.О нарын гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч З.Б, Л.М, Д.О нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна.
Шүүгдэгч Д.О, Л.М, З.Б нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Мандах багийн нутагт буюу “Индэрийн ам” гэх газарт Монгол Улсын улаан номонд нэн ховор зүйлээр бүртгэгдэж, агнахыг хориглосон нэн ховор амьтан болох 1 тооны зулзаган эр цоохор ирвэс, 1 тооны нас бие гүйцсэн эм цоохор ирвэсийг тусгай зөвшөөрөлгүй агнаж, амьтны аймагт нийт 22.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Б.Батболдын “...Өмнөговь аймгийн Зүүнсайхан уул нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгалийн Цогцолборт газрын ангилалд хамаардаг бөгөөд цөөн тооны ирвэс амьдардаг...Манайхаас хойш 10-аад километрт байдаг саахалт айл болох М гэх айлынхаас цагаан сарын үеэр бэлчээрт байсан малнаас нь ирвэс барьсан сураг байсан яг хэзээ барьсанг нь мэдэхгүй байна...М-д нэг калибр маркийн буу бий байх үүрээд яваад байдаг байсан одоо байгаа үгүйг нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-49-50/, Хэргийн газарт үзлэг хийсэн “... Д.О нь “Би эндээс гэр рүүгээ буцах замдаа ирвэс барьсан төмөр хавхаа унаж явсан мориныхоо эмээлийн ганзаганд нь хийсэн байсныг гээчихсэн юм. Одоо хэдүүлээ миний явсан замаар явъя. Хавх байж магадгүй” гэснээр Д.О заасан замаар модон голыг гатлан уг голын хойд хэсэгт байрлах огцом өндөр уул өөд өгсөн жим даган явахад цасан дээр хүрэн улаан өнгийн гол хэсэгтээ дугуй хэлбэртэй хоёр талдаа төмөр түгжээ мэт зүйлтэй ангийн хавх байх ба хавхны арзгар ир хэсэгт цайвар шаргал өнгийн амьтны үс ноос бүхий зүйл наалдсан байдалтай байсныг гэрч Д.О олсон ба тухайн хавхыг “Энэ миний гээсэн хавх мөн байна гэж хэлэв”. Уг хавхыг гэрэл зургаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авав...үзлэгийг цааш үргэлжлүүлэн Индэрийн амны мөсний зүүн талын үзүүр хэсэгт байрлах “Алсан ирвэсийн арьсыг булсан гэж Мын ярьж байсан нүхийг дахин ухаж үзлэгийг хийхэд ямар нэгэн сэжиг бүхий биологийн гаралтай эд зүйл илрээгүй болно...” гэх тэмдэглэл ”/хх-24-25/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-26-30/, хавханд үзлэг хийсэн “...уг хавх нь бага зэргийн зэв идсэн...уг хавхны тэлэгдэж, хумигдах зориулалт бүхий хэсэгт буюу арзгар шүдтэй хэсэгт цайвар шаргал өнгийн амьтны бага хэмжээний үс ноос наалдсан байсныг шинжилгээнд явуулах зорилгоор гялгар уутанд битүүмжлэн авав...” гэх тэмдэглэл /хх-31/, мөрдөн шалгах ажиллагааны магадлагаа, мэдүүлгийг нууцалж өгсөн гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байх тул нотлох баримтаар үнэлсэн болно.
Ховордож устах аюулд тулгарсан амьтан, ургамал, бусад амьд биетийн бүлгийг ховордсон зүйл гэнэ.
Монгол Улсын амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т “амьтан” гэж Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад “амьтан гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэн хамаарна” заасныг ойлгоно. Цоохор ирвэс нь хөхтөн амьтны төрөл зүйлд хамаарна.
Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт нэн ховор амьтанд “…Цоохор ирвэс /Uncia uncial/ ..... зэрэг амьтан хамаарна.” гэж.
Мөн хуулийн 7.2 дугаар зүйлд “Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно.” гэж тус тус хуульчилсан байна.
Иймд шүүгдэгч З.Б, Д.О, Л.М нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр нэн ховор амьтан болох 2 тооны цоохор ирвэсийг агнасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Л.М нь Тоз 8, Дробинк маркийн галт зэвсэгтэй болох нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1/637 дугаартай “иргэн З., Д.О нарын нэр дээр галт зэвсгийн бүртгэлгүй бөгөөд Л.М-ын галт зэвсгийн ногдол, төлөлтийн судалгааг хавсралтаар хүргүүлж байна” гэх албан бичиг /хх-92/, татвар төлөлтийн судалгаа /хх-93/, бууны бүртгэл /хх-94/-ээр зэргээр тус тус тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан байдаг.
Шүүгдэгч Д.О, Л.М, З.Б нар нь бүлэглэн нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг тусгай зөвшөөрөлгүй агнах нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзнэ.
Хоёр болон түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэж гүйцэтгэсэн гэж үзэхээр хуульчилсан ба шүүгдэгч Д.О, Л.М, З.Б нар нь санаа зорилгоороо нэгдэж цоохор ирвэсийг агнасан байх тул бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.О, Л.М, З.Б нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх-65-67/ тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Харин шүүгдэгч Д.х, Л.М, З.Баяраа нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Д.О нь хувийн байдлын хувьд 35 настай, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ял шийтгэлгүй болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-83/,оршин суугаа газрын тодорхойлолт /хх-84/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-97/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-100/, банз түүний харилцагч нарын мэдээлэл /хх-102-110/, зэргээр,
Шүүгдэгч Л.М нь хувийн байдлын хувьд 47 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ял шийтгэлгүй болох нь, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-88/,малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар /хх-89/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-96/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-100/, банз түүний харилцагч нарын мэдээлэл /хх-102-110/ зэргээр,
Шүүгдэгч З.Б нь хувийн байдлын хувьд 52 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ял шийтгэлгүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-95/, үл хөдлөх хөрөнгийн лавлагаа /хх-100/, банз түүний харилцагч нарын мэдээлэл /хх-102-110/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-144/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-145/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-146/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.О-г 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод гэрчийн мэдүүлэг авах гэж хуурч мэхэлж авч очин мэдүүлэг авсан. Манай үйлчлүүлэгч Д.О- аас гэрчийн мэдүүлэг авахдаа гэрчийн өмгөөлөгч сонгон авах эрхээр хангалгүй мэдүүлэг авсан. Тухайн мэдүүлгийг манай үйлчлүүлэгч өгөөгүй байхад мөрдөгч хөтөлж, тулгаж өөрт цугларсан нотлох баримт дээр үндэслэн мэдүүлэг өөрөө бичиж авсан байна. Иймд шүүгдэгч Д.Ос авсан гэрчийн мэдүүлэг нотлох баримтын шаардлага хангахгүй хууль зөрчиж авсан мэдүүлэг байна гэж үзэж байна. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хавх нь шүүгдэгч Д.О-ын эзэмшлийн хавх биш хэний хавх эсэх нь тодорхойгүй байхад хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан байна. Хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл үзлэгээр бол эрүүгийн хэргийн гэмт хэргийн ул мөр тогтоогдоогүй. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар хэрэгт нотлогдвол зохих байдал бүрэн тогтоогдоогүй гэж үзэж байх тул шүүгдэгч Д.О-ыг гэм буруугүйд тооцож өгнө үү гэх утга бүхий дүгнэлтийг гаргажээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтаар шүүгдэгч Л.М, З.Б нар нь 2 тооны ирвэс агнасан гэх гэмт хэргийг бүрэн бодитой нотолж чадаагүй байна. Хэрийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлээр гэмт хэргийн ул мөр илрээгүй, шинжээчийн дүгнэлтээр амьтны зүйлийг тодорхойлоогүй, хэргийн гол сэжүүр болж байгаа Д.О-ын гэрчийн мэдүүлгийг хууль зөрчиж авсан байх тул эдгээр шүүгдэгч нарыг 2 тооны цоохор ирвэс агнасан гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар эргэлзээгүй байдлаар тогтоогдохгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Иймд шүүгдэгч З.Б, Л.М нарыг гэм буруугүйд тооцож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх утга бүхий дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Д.О, Л.М, З.Б нарыг бүлэглэн нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг тусгай зөвшөөрөлгүй агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Учир нь: Хавтаст хэргийн 41-44 дүгээр талд шүүгдэгч Д.О нь 2019 оны 02 сарын 21-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн байна.
Уг мэдүүлгийг цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн ахмад Б.Батзаяа гэрч Д.О-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэрчийн эрх үүрэг, худал мэдүүлэг өгснөөр гарах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж, гэрчид хуульд заасан дараах эрх, үүргийг тайлбарлан өгөв гэх хэсэгтэй “танилцсан гэрч хэсэгт Д.О, өмгөөлөгч гэх хэсэгт Г.Зоригтбаатар нар гарын үсэг зурж баталгаажуулан мэдүүлгийг эхлүүлжээ.
Гэрчийн мэдүүлгийг мөрдөн байцаах байрны 411 тоот өрөөнд 09 цаг 40 минутанд эхлүүлж, гэрчийг болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярина уу гэх асуултаар эхлэн, гэрч Д.О “надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьж хэлсэн бүгд үнэн зөв” гэснээр мэдүүлгийг 10 цаг 40 минутанд дуусгаж, мэдүүлэг өгсөн гэрч гэх хэсэгт Д.О, өмгөөлөгч гэх хэсэгт Г.Зоригтбаатар “уншиж танилцуулав” гээд гарын үсэг тус тус зурж гэрчийн мэдүүлгийг хуулийн дагуу баталгаажуулсан байна.
Дээрх мэдүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэрчийн мэдүүлэг авч болохгүй үндэслэл болон мөн хуулийн 25.1 дүгээр зүйлд заасан мэдүүлэг авах ажиллагаа зөрчигдсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн шүүгдэгч Д.О-с мэдүүлэг авах ажиллагаанд эрүүдэн шүүсэн гэх гомдлын дагуу эрх бүхий байгууллага шалгаж хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн нь баримт бичиг, материалд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-202-203/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-204-214/, уг материалд гэрчээр Д.О, Б.Б, И.З, Г.Знарын мэдүүлгийн хуулбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.О-с 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр гэрчийн мэдүүлэг авахдаа эрх бүхий албан тушаалтан эрүүдэн шүүсэн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Д.О, Л.М, З.Б нар нь хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хавхыг харж байгаагүй, хэнийх гэдгийг нь мэдэхгүй, хэргийн газрын үзлэгээр явахад шүүгдэгч Д.О нь тухайн хэргийн газрыг зохиож заасан талаар шүүх хуралдаанд мэдүүлсэн бөгөөд хавтаст хэргийн хүрээнд авагдсан хэргийн газарт үзлэг хийхэд “...гэрч Д.О нь “Би эндээс гэр рүүгээ буцах замдаа ирвэс барьсан төмөр хавхаа унаж явсан мориныхоо эмээлийн ганзаганд нь хийсэн байсныг гээчихсэн юм. Одоо хэдүүлээ миний явсан замаар явъя. Хавх байж магадгүй” гэснээр Д.О-ын заасан замаар модон голыг гатлан уг голын хойд хэсэгт байрлах огцом өндөр уул өөд өгсөн жим даган явахад цасан дээр хүрэн улаан өнгийн гол хэсэгтээ дугуй хэлбэртэй хоёр талдаа төмөр түгжээ мэт зүйлтэй ангийн хавх байх ба хавхны арзгар ир хэсэгт цайвар шаргал өнгийн амьтны үс ноос бүхий зүйл наалдсан байдалтай байсныг гэрч Д.О олсон ба тухайн хавхыг “Энэ миний гээсэн хавх мөн байна гэж хэлэв”. Уг хавхыг гэрэл зургаар бэхжүүлэн эд мөрийн баримтаар хураан авав... гэх тэмдэглэл ”/хх-24-25/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-26-30/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-35/ зэргээр шүүгдэгч Д.О нь 2 тооны цоохор ирвэс агнасан үйл баримтыг мэдүүлж, хавхыг өөрийн эзэмшлийн хавх мөн гэдгийг нотолсон байна.
Иймд шүүх шүүгдэгч нарыг гэм буруугүйд тооцож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт үндэслэлгүй байх тул шүүгдэгч Д.О, Л.М, З.Б нарыг бүлэглэн нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг тусгай зөвшөөрөлгүй агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д-н О-д 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, Л-ийн М-д 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял, З.Б-д 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.О, З.Б, Л.М нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.О, З.Б, Л.М нар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдэх нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О, З.Б, Л.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хавх, түүнд наалдсан байсан цайвар шаргал өнгийн үс ноос бүхий зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Ховордсон амьтны зүйлүүдийг олон улсын хэмжээд устах аюулд хэр ойрхон байгаагаас хамааруулан ховор, нэн ховор, устаж байгаа, байгаль дээр устсан, бүрмөсөн устсан зэргээр ангилж үздэг.
Монгол улсын засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон байна.
Монгол улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дугаар зүйлд “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Д.Од, З.Б, Л.М гэм буруутай үйлдлийн улмаас Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор эр цоохор ирвэсийг 11.200.000 /арван нэгэн сая хоёр зуун мянга/, эм цоохор ирвэсийг 13.000.000 /арван гурван сая/, төлийг нь эх ирвэсийн 70 хувиар экологи эдийн засгийн үнэлгээг тогтоосон байх бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол 22.100.000 төгрөг гарсан байна.
Дээрх амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар ...хоёр дахин өсгөж 44.200.000 төгрөгийг шүүгдэгч Д.О, Л.М, З.Б нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах сангийн дансанд оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөрдөн шалгах шалгах нууц ажиллагааны явцад олж авсан нотлох баримттай эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хаалттай явуулсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д-н О, Л-ийн М, З-ийн Б нарыг бүлэглэн нэн ховор амьтан болох цоохор ирвэсийг тусгай зөвшөөрөлгүй агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж овгийн Д-н Од 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял, Чонос овгийн Л-ийн Мт 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял, З-ийн Б-д 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О, З.Б, Л.М нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.От, З.Б, Л.М нар оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О, З.Б, Л.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хавх, түүнд наалдсан байсан цайвар шаргал өнгийн үс ноос бүхий зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Монгол улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дугаар зүйл, Монгол улсын засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолд зааснаар шүүгдэгч Д.О-д, З.Б, Л.М нарын амьтны аймагт учруулсан хохирол болох 44.200.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулан Өмнөговь аймгийн Байгаль орчныг хамгаалах сангийн дансанд оруулсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.О, З.Б, Л.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг тус тус мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ