Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 132

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Д.О,

Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д-ийн О-т холбогдох 2028002020151 дугаартай эрүүгийн нэг хавтас хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, урьд нь Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн  123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Д-ийн О, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Д.О нь 2020 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө, 25-наас 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоотод хамтран амьдрагч Б.Б-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөх зүйл байхгүй, өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч  Б.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 07 дугаар сарын 23-ны шөнө О намайг найзтайгаа хардаад чимхэж базаад байхаар нь би босох гэтэл босгохгүй дээрээс дарчихаад чимхэж базаад байсан. 07 дугаар сарын 26-ны шөнө би гэртээ ганцаараа орондоо унтах гээд хэвтэж байтал О ороод ирэхээр нь би яах гэж ирсэн юм бэ гэж асуусан чинь чи муу яасан их байна гэж хэлэхээр нь би юу яриад байна яв гэж хэлээд хэвтэж байгаад өндийгөөд суусан чинь ширээн дээр ил байсан хутгыг О шууд аваад миний дээр гараад суусан. Тэгснээ шууд хутгаа миний нүүрний хажууд бариад байхаар нь би чи болиоч гээд хутгыг нь авах гээд гарыг нь түлхэж булаацалдсан чинь миний хацар, эрүүний доор, бас зүүн гарын долоовор хуруунд зүсэгдсэн. Тэгж байгаад би О-г өндийгөөд хажуу тийшээ суухаар нь зугтаад гэрээс гарч байгаад цагдаа руу утсаар ярьж дуудлага өгчихөөд зогсож байтал О араас гарч ирсэн. Тэгээд дахиж хэрүүл хийж зууралдаад гэр рүү орсон чинь цагдаа нар ирсэн... О надад эмчилгээ хийлгэ гэж 500.000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, /хх-20-21/,

Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Манай найзууд болох Э, О бид нар хөдөөгүүр явж байгаад аймагт 07 сарын 23-ны өдөр О-нд очсон юм. Тэндээ хонохоор болсон. Тэгээд оройхон Э, О, О-н эхнэр Б бид нар нэг том пиво хувааж уусан. Тэгээд дахиад архи ууя гэсэн чинь Э өглөө эрт явна одоо боль унтацгаая гээд гэр рүү ороод унтчихсан. Тэгэхээр нь О, Б бид 3 нийлж 1 шил 0.75 граммын Хараа архи нэг авч ирж ууж дуусгачихаад унтацгаасан. Тухайн үед Э гэрт нь ороод унтаж байтал О эхнэртэйгээ гадаа хоносон. Тэгээд унтаж байхад шөнө О-н эхнэр гэрт орилоод ороод ирсэн. Яасан юм гэж асуухад О намайг базаж, чимхээд зодоод байна гэсэн. Тэгэхэд бараг өглөө болчихсон байхаар нь би бие засчихаад гэрээс гараад машинд унтчихсан. Тэгсэн чинь Э намайг сэрээгээд чи босоодох цаад О чинь эхнэрийнхээ биеийг хөх няц болгочихсон байна та нар яах гэж архи нэмж уусан юм бэ? гэж загнаад намайг босгосон. Тэгээд очоод харахад О-г эхнэр нь загнаад гэрт байж байсан. Тэгэхэд Б-ийн цээж, мөр зэрэг нь хөх эрээн болчихсон байсан. Тэгээд Э, О бид нарыг наадхаа аваад яв гэхээр нь О-г бид хоёр аваад явсан гэжээ. /хх-24-25/,

Гэрч С.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би О, Б нартай хамт хөдөө явж байгаад 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр аймагт ирж О-н гэрт нь буусан. Тэгээд орой нь Б, О, Б нар 1 ширхэг 2.5 литрийн савлагаатай пиво хувааж уусан. Би тэр пивоноос огт уугаагүй. Тэд нар пивоо уучихаад дахиж уух гэхээр нь би тэд нарыг одоо боль маргааш их ажилтай унтаж амарцгаая гээд би гэрт нь унтсан. О, Б 2 гэрийн гадаа унтана гээд гарцгаасан. Тэгсэн Б ч бас дагаад гарсан. Тэгээд би унтчихсан байсан. Нэг сэрсэн чинь гадаа хүн хашхирах шиг болсон. Тэгсэн чинь нэг эмэгтэй хүн дуугараад болиоч чи өвдөж байна гэж ярих сонсогдсон. Тэгээд би гэрээс гараад харсан чинь О, Б-ийн дээр гарчихсан тэр хоёр муудалцаад байгаа бололтой байсан. Тэгэхээр нь би болиоч гэж хэлээд О-г босгосон чинь Б нь та нар найзыгаа аваад манайхаас яв, энэ чинь намайг зодоод байна гэсэн. Тэгээд би О-г боль гэсэн чинь явцгаая гэсэн. Тэгээд Б-г дуудсан чинь Б гадаа машинд согтуу унтаж байсан. Тэгээд бид 3 тэндээс явсан. /хх-26-27/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 421 дугаартай дүгнэлтэд “Б.Б-ийн биед тархины доргилт, эрүү, зүүн гарын 2-р хурууны эсгэгдсэн шарх, хуйх зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, баруун бугалга, сарвуу, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эсгэгдсэн шарх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-29-30/,

Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-39-43/,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-47-49/,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-50-53/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54/,

Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-55-60/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-63/,

Бакалаврын дипломны хуулбар /хх-64-65/,

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-66/,

Мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-67-68/,

Өмнөговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ариунжаргалд гаргасан “Яллагдагч Д.О миний бие хохирогч Б.Б-тэй эвлэрсэн. Хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-73/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагч Д.О-т хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэл /хх-74-75/,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаартай прокурорын тогтоол /хх-76/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Д.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.О-н гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.О-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Д.О-н нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Д.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргаж 2020 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 37 дугаартай Прокурорын тогтоолоор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтож яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндсэн 5 нөхцөл байдлыг хянаж шүүгдэгч Д.О-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.О нь 2020 оны 07 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө, 25-наас 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тоотод хамтран амьдрагч Б.Б-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Б-ийн мэдүүлэг /хх-20-21/, гэрч Б.Э-н  мэдүүлэг /хх-24-25/, гэрч С.Э-н  мэдүүлэг /хх-26-27/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 421 дугаартай “Б.Б-ийн биед тархины доргилт, эрүү, зүүн гарын 2-р хурууны эсгэгдсэн шарх, хуйх зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, баруун бугалга, сарвуу, зүүн бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эсгэгдсэн шарх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн, бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт  /хх-29-30/, шүүгдэгч Д.О-н үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Гэрч Б.Э-н “...Манай найзууд болох Э, О бид нар хөдөөгүүр явж байгаад аймагт 07 сарын 23-ны өдөр О-ынд очсон юм. Тэндээ хонохоор болсон. Тэгээд оройхон Э, О, О-ын эхнэр Б бид нар нэг том пиво хувааж уусан. Тэгээд дахиад архи ууя гэсэн чинь Э өглөө эрт явна одоо боль унтацгаая гээд гэр рүү ороод унтчихсан. Тэгэхээр нь О, Б бид 3 нийлж 1 шил 0.75 граммын Хараа архи нэг авч ирж ууж дуусгачихаад унтацгаасан гэх мэдүүлэг /хх-24-25/, гэрч С.Э-ын “...Би О, Б нартай хамт хөдөө явж байгаад 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдөр аймагт ирж О-ын гэрт нь буусан. Тэгээд орой нь Б, О, Б нар 1 ширхэг 2.5 литрийн савлагаатай пиво хувааж уусан. Би тэр пивоноос огт уугаагүй. Тэд нар пивоо уучихаад дахиж уух гэхээр нь би тэд нарыг одоо боль маргааш их ажилтай унтаж амарцгаая гээд би гэрт нь унтсан гэх мэдүүлэг /хх-26-27/, гэрч С.Э-ын  “...О намайг унтахаас өмнө тэд нар 1 том савлагаатай 2.5 литрийн архи хувааж уусан...” гэх мэдүүлэг /хх-26-27/ зэргээр шүүгдэгч Д.О нь хамтран амьдрагч Б.Б-г зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болох нь тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд хэн нэгнийхээ сэтгэл санаа, бие махбодь, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульд тодорхойлсон.

Шүүгдэгч Д.О нь Б.Б-тэй 2019 оны 10 дугаар сараас хамтран амьдарсан болох нь хохирогч Б.Б-ийн “Би О гэх хүнтэй 2019 оны 10 дугаар сараас эхлэн хамтран амьдарч нэг гэрт амьдарч эхэлсэн” гэх мэдүүлэг /хх-18-19/, шүүгдэгчийн хамтран амьдарч байгаа гэх  мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байхаар хуульд тодорхойлсон ба шүүгдэгч Д.О нь эхнэр Б.Б-г хардсаны улмаас бие эрх чөлөөнд нь халдаж хохирогч Б.Б-ийн биед тархины доргилт, эрүү, зүүн гарын 2-р хурууны эсгэгдсэн шарх, хуйх зүүн шанааны зөөлөн эдийн няцрал, эрүү, цээж, баруун бугалга, сарвуу, зүүн бугалганы цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдлийг бие махбодийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгч Д.О-ын Өмнөговь аймгийн Прокурорын газарт гаргасан “Яллагдагч Д.О миний бие хохирогч Б.Б-тэй эвлэрсэн. Хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн. Миний бие гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” /хх-73/ гэх нотлох баримтаар шүүгдэгч Д.О-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж үзэв. 

Шүүгдэгч Д.О нь Прокуророос санал болгосон 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялын саналтай танилцан гарын үсэг зурж санал, хүсэлт гаргаагүй байх тул  сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-д шүүгдэгч Д.О нь хохирол төлбөрт 500.000 төгрөг төлсөн болох нь хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатан өгсөн “...О надад эмчилгээ хийлгэ гэж 500.000 төгрөг өгсөн, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Д.О-ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж хуульд заасан үндэслэл журмыг танилцуулсан тэмдэглэлээр шүүгдэгч Д.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцохоор заасан.

Шүүгдэгч Д.О нь хохирогч Б.Б-ийн бие эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ хууль бус гэдгийг ухамсарлах боломжтой байсан хэдий ч түүнийг хүсч үйлдсэнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Д.О нь хувийн байдлын тухайд 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, тоотод оршин суух, урьд нь Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 67 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан болох нь Банк түүний харилцагч нарын талаарх мэдээлэл /хх-39-43/, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 67 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-47-49/, Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 95 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-50-53/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-54/, Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-55-60/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-63/, Бакалаврын дипломны хуулбар /хх-64-65/, Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-66/, Мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-67-68/ зэргээр тогтоогдож байна.  

Шүүгдэгч Д.О-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн гэж үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч Д.О-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Д.О-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Улсын яллагч шүүгдэгч Д.О-т 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлт гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, прокурорын ялын саналын хүрээнд эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Д.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод  тус тус нийцнэ гэж дүгнэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.О нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч Д.О торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.О өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д-ийн О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-т 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Д.О 800.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

5. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Б-д шүүгдэгч Д.О нь хохирол төлбөрт 500.000 /таван зуун мянга/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч Д.О цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ