Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2022/0401

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч А.Сарангэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Б.М

Нэхэмжлэгч: “Е” ХХК

Сангийн яам, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, тус газрын Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “С”, “К” Co.Ltd түншлэл

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын НХААГ-21/015 дугаартай Зам, тээврийн хөгжлийн салбарын Улаанбаатар хотод хийгдэх хөрөнгө оруулалт Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн тендерийг хянан үзэж, “С”, “К” Co.Ltd түншлэлийг хамгийн сайн тендерээр сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/1913 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, Зам, тээврийн хөгжлийн салбарын Улаанбаатар хотод хийгдэх хөрөнгө оруулалт Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн тендерийг дахин үнэлэхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах, Монгол Улсын Сангийн яамны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/5659 дүгээр албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 340

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Б.М, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, гуравдагч этгээд “С”, “К” Co.Ltd түншлэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, түүний өмгөөлөгч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин

Хэргийн индекс: 128/2021/0891/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Е” ХХК нь “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын НХААГ-21/015 дугаартай Зам, тээврийн хөгжлийн салбарын Улаанбаатар хотод хийгдэх хөрөнгө оруулалт Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн тендерийг хянан үзэж, “С”, “К” Co.Ltd түншлэлийг хамгийн сайн тендерээр сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/1913 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, Зам, тээврийн хөгжлийн салбарын Улаанбаатар хотод хийгдэх хөрөнгө оруулалт Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн тендерийг дахин үнэлэхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах, Монгол Улсын Сангийн яамны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/5659 дүгээр албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 340 дүгээр шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.6, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1, Татварын ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.2, 49 дүгээр зүйлийн 49.1, 49.1.2, Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 16 дугаар зүйлийн 16.3, 25 дугаар зүйлийн 25.1.9 дэх заалтад тус тус заасныг үндэслэн “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын НХААГ-21/015 дугаартай Зам, тээврийн хөгжлийн салбарын Улаанбаатар хотод хийгдэх хөрөнгө оруулалт Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн тендерийг хянан үзэж, “С”, “К” Co.Ltd түншлэлийг хамгийн сайн тендерээр сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/1913 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, Зам, тээврийн хөгжлийн салбарын Улаанбаатар хотод хийгдэх хөрөнгө оруулалт Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн тендерийг дахин үнэлэхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах, Монгол Улсын Сангийн яамны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/5659 дүгээр албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

3.1. Анхан шатны шүүх “нэхэмжлэгч нь хэдийгээр татварын албанд 90 сая төгрөгийн илүү төлөлттэй байх боловч татварын илүү төлөлтийг суутган тооцох үүрэг нь хариуцагч болох тендерийн Үнэлгээний хороонд олгогдоогүй, хамааралгүй, Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлэхдээ тендер анх нээсэн өдрийн буюу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн татварын цахим системийг үнэлэхээс тендер дахин үнэлсэн өдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар нэхэмжлэгч нь татварын цахимд татварын өргүй болсон тухай мэдээллийг татан авч үнэлэх эрх хуулиар олгогдоогүй тул Тендерийн үнэлгээний хорооны шийдвэр, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас гаргасан захиргааны акт, Монгол Улсын Сангийн яамны 6-1/5659 дүгээр албан бичиг нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсэн гэж үзэхээргүй байна” хэмээн дүгнэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1.1. Нэхэмжлэгч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу захиалагч буюу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүулэгч агентлаг Худалдан авах ажиллагааны газар, түүний байгуулсан Үнэлгээний хорооны шийдвэр 2 үндэслэлээр эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд гомдлын нэг дэх шаардлага нь “Татвар төлөгчдийн мэдээллийн сангаас татаж авсан үнэлгээгээр “Е” ХХК нь тендерийн нээлт хийсэн өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар 48,172,321.53 төгрөгний өртэй байх тул ТОӨЗ 4.2.2-т заасныг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн” асуудал байсан. Сангийн яам гомдлыг хянан үзээд 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 6-1/5659 дугаар шийдвэрээр захиалагчийн шийдвэрийг хүчингүй болгож тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг захиалагчид даалгахдаа нэхэмжлэгчийн татвар төлөлтийн асуудалд захиалагчид ямар нэгэн шаардлага тавиагүй эс үйлдэл нь хууль бус хэмээн үзэж анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

3.1.2. Бодит нөхцөл байдал дээр нэхэмжлэгч нь татварын өргүй байгаа нь илэрхий байхад Сангийн яам тендерт оролцогчдод ил тод байх, өрсөлдөх тэгш боломжийг олгох Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зорилгыг захиалагч хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, залруулах үүргээ хэрэгжүүлээгүй байхад анхан шатны шүүх Монгол Улсын Сангийн яамны 6-1/5659 дүгээр албан бичиг нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

3.1.3. “ТОӨЗ 4.2.2-т “Монгол Улсын, эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байх. Татварын тодорхойлолт ирүүлэх шаардлагагүй ба төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан Татварын ерөнхий газрын татвар төлөгчдийн мэдээллийн сангаас тендер нээсэн цагийн байдпаар татварын өр, төлбөрийн талаарх мэдээллийг шалгана” гэж заасан. Гэтэл анхан шатны шүүх тендерийн Үнэлгээний хороо нь тендерт оролцогчийн тендер нээхэд ирүүлсэн материалаас өөр материалыг үнэлэх эрхийг хүүлиар олгоогүй хэмээн дүгнэлт хийж байгаа нь тендерт оролцогчоос хамааралгүй татварын алба буюу захиргааны байгууллагын үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.6, 26.3-26.5, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтуудыг тус тус баримталж нэхэмжлэгчид хамааруулан, нэхэмжлэгчийн өөрийн буруутай үйл ажиллагаа /нэхэмжлэгч тендер шалгаруулалтын материалаа шаардлага ханган ирүүлээгүй/ хэмээн дүгнэлт хийж байгааг эс зөвшөөрч байгаа болно.

3.1.4. Манай компанийн хувьд татвар, шимтгэлээ цаг тухайд нь төлдөг, татварын өртэй байдаггүй, татварын илүү төлөлттэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн түүхтэй байгууллага. Тухайн тендер нээсэн өдөр буюу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бид 48,172,321.53 төгрөгийн дутуу үлдэгдэлтэй, харин 90,908,257.52 төгрөгийн илүү төлөлттэй байсан. Тухай үед манай компанийн зүгээс удаа дараа цахим систем дээрх дутуу үлдэгдлийг суутгуулан, “0” болгохоор харьяа татварын байгууллагад мэдэгдсэн боловч хариуцсан байцаагч нь амралттай байснаас цахим системийн бүртгэлийг 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр болтол шинэчлээгүй болно. Тус байцаагч нь 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ажилдаа ирж бидний өрийг суутган “0” болгосон ба /Татварын албаны тодорхойлолт бүхий баримт хавсаргасан/. Энэ тохиолдолд тендерт оролцогч буюу татвар төлөгчийг буруутгах үндэслэлгүй. Иймд дээрхи үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Монгол Улсын Сангийн яамны 6-1/5659 дүгээр албан бичиг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаж давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

2.1. Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зарласан НХААГ-21/015 дугаартай Зам, тээврийн хөгжлийн салбарын Улаанбаатар хотод хийгдэх хөрөнгө оруулалт Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын тендерийн сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч “Е” ХХК болон гуравдагч этгээд “С”, “К” Co.Ltd түншлэл оролцож, тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны тендерийн шалгаруулалтын хурлаар аж ахуйн нэгжүүдээс ирүүлсэн тендерүүдэд үнэлгээ хийж “Е” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн ““С”, “К” Co.Ltd түншлэлтэй гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

2.2. Улмаар тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Е” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргаж, уг гомдлыг Сангийн яам хянаад 6-1/5659 дүгээр албан бичгээр “С”, “К” Co.Ltd түншлэлийн ирүүлсэн татварын тодорхойлолтын орчуулга, санал болгож буй автобусны дээд хурдыг дахин нягталж тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгджээ.

2.3. Үүний дагуу тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр хурлаар тендерүүдэд дахин үнэлгээ хийж нэхэмжлэгч “Е” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж, “хамгийн сайн” гэж үнэлэгдсэн “С”, “К” Co.Ltd түншлэлтэй гэрээ байгуулах талаар зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэж, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/1913 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “Е” ХХК-ийн ирүүлсэн тендерээс “2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн цахим лавлагаагаар 48,172,321.53 төгрөгийн өртэй, түншлэл “З” компанийн татварын тодорхойлолтыг ирүүлээгүй, апостиль баталгаа эсхүл тухайн улсын консул, Элчин сайдын яам зэрэг эрх бүхий байгууллагаар баталгаажуулан ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр татгалзаж байгааг мэдэгдэж, гуравдагч этгээд “С”, “К” Co.Ltd түншлэлд гэрээ байгуулах тухай мэдэгдлийг 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/1914 дүгээр албан бичгээр мэдэгджээ.

2.4. Нэхэмжлэгчээс “...түншлэгч “З” компанийн баримт бичгийг нотариатаар гэрчлүүлсэн, мөн тендер нээсэн өдөр “Е” ХХК нь татварын үлдэгдэлтэй байсан ч уг татварын үлдэгдлээс илүү буюу 90,908,257.52 төгрөгийн илүү төлөлттэй байхад манай компанийг татварын өртэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, шударгаар тендерт оролцсон “Е” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр маргасан байна.

2.5. “Е” ХХК-аас гаргасан гомдлыг Сангийн яам хянаад 6-1/5659 дүгээр албан бичгээр “С”, “К” Co.Ltd түншлэлийн ирүүлсэн татварын тодорхойлолтын орчуулга, санал болгож буй автобусны дээд хурдыг дахин нягталж тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг даалгаж байгаа нь дахин шинэ тендер зарлаж буй үйл баримт биш бөгөөд дээрх нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр дахин үнэлгээ хийхийг даалгасан агуулгатай байх тул хариуцагч Үнэлгээний хорооноос “Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно”, 12.5-д Дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явна:”, а/ автобус, троллейбусаар хүн тээвэрлэх үед суурин газарт цагт 50 км, суурин газрын гадна цагт 70 км, тууш замд цагт 80 км;” гэж заасны дагуу техникийн тодорхойлолтод дээд хурдыг 80 км/цаг гэж заасан, доод хурдыг заагаагүй байх тул “С”, “К” Co.Ltd түншлэлийн санал болгож буй автобусны хурд зөрчилдөх зүйл байхгүй” гэж дүгнэн гуравдагч этгээдийг уг тендерт шалгаруулсныг буруутгах үндэслэлгүй.

2.6. Өөрөөр хэлбэл, үнэлгээ дахин хийх нь өмнө ирүүлсэн тендерийн баримтуудыг дахин үнэлэх агуулгатай бөгөөд тендер нээсэн буюу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар “Е” ХХК татварын өр төлбөртэй болох нь тогтоогдсон, энэ нь тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТОӨЗ 4.2.2-т “Монгол Улсын эсхүл үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн байх” гэж заасныг хангаагүй байх тул энэ тохиолдолд шинэчилж ирүүлсэн татварын тодорхойлолтыг үнэлэх ёстой байсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нарын гомдол үгүйсгэгдэнэ.

2.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 27.4-т “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана” гэж тус тус заасан бөгөөд нэгэнт хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч “Е” ХХК нь тендер нээх үед буюу 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн байдлаар татварын өр төлбөртэй болох нь тогтоогдож байх энэ тохиолдолд мөн хуулийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу “С”, “К” Co.Ltd түншлэлийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн тендер гэж дүгнэсэн Үнэлгээний хороо болон захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.

2.8. Тодруулбал, Сангийн яамнаас шалгарсан аж ахуйн нэгжийн ирүүлсэн татварын тодорхойлолт, автобусны дээд хурдыг дахин нягтлах гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар дурдаж, тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасны дагуу мэдэгдсэнийг тендерийн Үнэлгээний хороо хүлээн авч, дахин хянан үзэхдээ нэхэмжлэгч “Е” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийг зөрчөөгүй байна.

2.9. Иймд “Е” ХХК-ийн гаргасан “Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын НХААГ-21/015 дугаартай Зам, тээврийн хөгжлийн салбарын Улаанбаатар хотод хийгдэх хөрөнгө оруулалт Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн тендерийг хянан үзэж, “С”, “К” Co.Ltd түншлэлийг хамгийн сайн тендерээр сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 3/1913 дугаар мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах, Зам, тээврийн хөгжлийн салбарын Улаанбаатар хотод хийгдэх хөрөнгө оруулалт Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн тендерийг дахин үнэлэхийг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгах, Монгол Улсын Сангийн яамны 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 6-1/5659 дүгээр албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж  шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 340 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Е” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

             ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

    

ШҮҮГЧ                                                                       С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ