Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 829

 

Д.Говьсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 182/ШШ2017/00321 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Д.Говьсайханы нэхэмжлэлтэй

Хариуцагч Сангийн яаманд холбогдох

 

Ажилласан хугацааны цалин 10 325 ам.доллар буюу 17 636 960 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч                                     Ө.Эрдэнэ-Очир  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч              Ж.Оргилсайхан

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Говьсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 302 тоот тушаалаар Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3” төсөлд санхүүгийн ажилтнаар орж ажилласан. Гэтэл 2012 оны 10 дугаар сард Б.Булганчимэг төслийн удирдагчаар шинээр томилогдон ирж ажилласнаар ажлаа өг гэж удаа дараа дарамталж байсан тул нэгэнт ойлголцон ажиллах хүсэлгүй байгаа хүнтэй хамтран ажиллах нь ёс зүйн хувьд зохимжгүй гэж үзэн 2013 оны 6 дугаар сард чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Миний хүсэлтийг Б.Булганчимэг хүлээн аваад Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргад хандсан ч ажлаас чөлөөлөх шаардлагагүй гэж үзсэн тул би ажлаа үргэлжлүүлэн хийсээр байсан бөгөөд улмаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А12 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Дээрх хугацаанд би ажлаа зохих ёсоор хийж байсан ч Б.Булганчимэг нь намайг ажлаас чөлөөлөх боломжийг байнга эрэлхийлж байснаар барахгүй 2013 оны 7 дугаар сараас хойш миний батлагдсан цалинг олгохгүй хохироосоор ирсэн. Иймээс “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-3” төслөөс 2013 оны 7 дугаар сараас 12 сарын цалин cap тутам (нэг сард 1400 ам.доллар) 8400 ам.доллар, 2014 оны 1 дүгээр сарын цалин 700 ам.доллар, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-4” төслөөс 2013 оны 10 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал хугацааны цалин 1050 ам.доллар, 2014 оны 1 дүгээр сарын цалин 175 ам.доллар нийт 10 325 ам.доллар буюу 17 936 960 төгрөгийг Сангийн яамнаас гаргуулж өгнө үү. “Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх 3, 4” төслийг хариуцагчаас татахаас татталзаж, хариуцагчаас чөлөөлж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оргилсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Говьсайхан нь тус төслийн нэгжид ажиллаж байхдаа санхүү нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүй хэд хэдэн гүйлгээ хийсэн нь “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийн "Аудитаар өгсөн зөрчил, дутагдалд өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг дахин хянасан тухай" 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 264 тоот төслийн нэгжид ирүүлсэн албан бичигт тодорхой тусгагдсан байсан. Мөн эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэлбаатар болон Д.Говьсайхан нарын хооронд 2011 оны 2 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан гэрээнд ажил үүргийн хуваарьт заагдсан ажлыг гүйцэтгэсэн тохиолдолд төслийн ажилтанд цалин олгохоор тодорхой заасан. Д.Говьсайхан нь ажлаа тасалж, санхүүгийн тайлангаа хугацаанд нь гаргаж өгөхгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Сангийн яаманд холбогдох ажилласан хугацааны цалин 10325 ам.доллар буюу 17 636 960 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Говьсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч нь “Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх 3, 4” төслийг хариуцагчаар татахаас татгалзаж, чөлөөлсөн болохыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Говьсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Шүүх талуудын хооронд шинэчлэн байгуулсан "Хөлсөөр ажиллах гэрээг үндэслээгүй. Талуудын хооронд 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдөр "Хөлсөөр ажиллах гэрээ"-г шинэчлэн байгуулсан бөгөөд нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу cap тутам 1400 ам.долларын цалингаа нэхэмжилж байгаа. Шинэчлэн байгуулсан хөлсөөр ажиллах гэрээгээр талуудын хоорондын эрх үүрэг, цалин хөлс, хариуцлага өмнөх гэрээнээс өөрөөр зохицуулагдсан. Иймд шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэг бүхэлдээ алдаатай гарчээ. Хэргийн үйл баримт талуудын хариуцлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Шинэчлэн байгуулсан 2011 оны 12 дугаар сарын 1-ний "Хөлсөөр ажиллах гэрээ"-ний гурав дахь хэсэгт "Төсөл хэрэгжүүлэх нэгж"-ийн зүгээс гэрээлэгчийн гүйцэтгэх ажил үүрэг, түүний биелэлтийг үзүүлсэн хүснэгт бүртгэл хөтөлнө. Гэрээлэгчийн ажил үүргээ гүйцэтгэж байгаа байдалд үр дүнгээс хамаарч дараах арга хэмжээг авна. 3.1-т Гэрээлэгч нь ажлын төлөвлөгөөнд заасан ажил үүргээ цаг хугацаанд нь үр дүнтэй, сайн хийж гүйцэтгэсэн тохиолдолд цаашид гэрээг сунгаж ажиллах, сарын хөлсийг нэмэгдүүлэх боломжтой. 3.2-т Гэрээлэгч нь онцгой нөхцөл байдал давагдашгүй хүчин зүйлээс бусад тохиолдолд ажлын төлөвлөгөөний биелэлт, үйл ажиллагааг хангалтгүй, хугацаа хожимдуулж гүйцэтгэсэн, эсвэл бусад аливаа зөрчил гаргасан тохиолдолд төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зохицуулагч түүнд сануулга өгч, сарын ажлын хөлсний хэмжээг 20 хүртэл хувиар бууруулж болно. 3.3-т Гэрээлэгч нь сануулга авсан хэдий ч удаа дараалан зөрчил гаргасан, эсвэл ажлын төлөвлөгөөгөө хангалтгүй биелүүлсэн хэвээр байвал Төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зохицуулагч сарын ажлын хөлсийг 20 хүртэл хувиар бууруулж цаашид дахин гэрээлэхгүй байж болно гэж заажээ. Иймд талууд хөлсөөр ажиллах гэрээний дагуу гэрээлэгч буюу Д.Говьсайханы гүйцэтгэсэн ажил, түүний чанар, хугацаандаа гүйцэтгэсэн эсэх асуудлаар төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдагч биелэлтийг дүгнэсэн хүснэгт бүртгэл хөтөлж түүнийгээ эргэн дүгнэж зөрчил алдаа дутагдал гаргасан гэж үзвэл сануулах, сарын хөдөлмөрийн хөлсний хэмжээг 20 хувиар бууруулах, дахин гэрээлэхгүй байх гэсэн арга хэмжээг авах эрхтэй байна. Гэвч төсөл хэрэгжүүлэгч нэгжийн удирдагч гэрээгээр эдлэх дээрх эрх хэмжээгээ хэрэгжүүлж Д.Говьсайханы ажил түүний гүйцэтгэлийг дүгнэх хүснэгт хөтлөөгүй, түүндээ үндэслэж гэрээнд заасан дээрх арга хэмжээний аль нэг хариуцлагыг хүлээлгээгүй атлаа алдаа дутагдал гаргасан учраас хэмээн тайлбарлаж нийт ажилласан хугацаанд ногдох өөрөө бодож батлан улмаар Сангийн яамнаас санхүүжилтээ авсан цалинг олгохоос татгалзаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дээрх тайлбарыг дэмжсэн шүүхийн шийдвэр мөн адил хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Ажил тасалсантай холбогдуулан Ажил олгогчийн өмнөөс шүүх нэхэмжлэгчид хариуцлага оногдуулж байна. Д.Говьсайхан ажилласан хугацааны цалингаа нэхэмжилж шүүхэд хандсан. Ажилласан гэдэг нь “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр 3, 4” төслийн ажилтнуудын цагийн бүртгэлээр /хавтас-1, х-18-23/ тогтоогдоно. Ажлын гүйцэтгэл, чанар, үр дүн, ажил тасалсан талаар ажил олгогч буюу “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр 3, 4” төсөл хэрэгжүүлэх нэгжийн удирдагч гэрээний дагуу 3.1-д заасны дагуу дүгнэж 3.2, 3.3-д заасан хариуцлага хүлээлгээгүй байхад шүүх ажилласан бүх хугацааны цалинг нь олгохгүй байхаар шийдвэрлэж байгаа нь шүүх ажил олгогчийн өмнөөс ажилтан Д.Говьсайханыг бүх цалингаар нь торгож шийтгэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн шүүх хөндлөнгийн байх болон хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх үндсэн зарчмыг зөрчиж тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхэд халдаж эрх зүйн байдлыг нь дордуулжээ. Иймд шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Говьсайхан нь хариуцагч Сангийн яаманд холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 10325 ам.доллар буюу 17 636 960 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч байгууллага эс зөвшөөрч “…Д.Говьсайхан нь ажил тасладаг, санхүүгийн тайланг хугацаанд гаргаж өгдөггүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүдэггүй” байсан гэх тайлбарыг гарган маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 302 дугаар тушаалаар “Эрүүл мэндийн салбарын хөгжлийн хөтөлбөр-3” төслийн санхүүгийн ажилтнаар нэхэмжлэгч Д.Говьсайханыг 6 сарын туршилтын хугацаагаар томилж, 2011 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс 1 жилийн хугацаагаар, 2011 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар “Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хөлсөөр ажиллах гэрээ”-г байгуулжээ.

 /хэргийн 1 дүгээр хавтас 5-6, 173-176, 180 дугаар тал/

 

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А12 дугаар тушаалаар “Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх 3” төсөл, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 4” төсөл хэрэгжүүлэх нэгжийн санхүүгийн ажилтан Д.Говьсайханыг 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрөөс ажлаас нь чөлөөлсөн байна.

 /хэргийн 1 дүгээр хавтас 7 дугаар тал /

 

Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан бөгөөд уг асуудлаар зохигчид маргаагүй байна.

 

Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохирсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хүлээдэг тул тодорхой ажил үйлчилгээ үзүүлэх нь хөлсөөр ажиллах гэрээний зүйл байх бөгөөд ажиллуулагч нь хөлс төлөх үүргийг хуулиар хүлээдэг.

 

Иймд нэхэмжлэгч буюу ажиллагч Д.Говьсайхан нь ажил үүргээ бодитоор биелүүлж байсан байх тул хариуцагч буюу ажиллуулагч Сангийн яамнаас Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй.

 

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн, 2013 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 414/13 тоот албан бичиг, ажлын цагийн бүртгэл, гэрч Б.Булганчимэгийн мэдүүлэг зэрэг болон зохигчдын тайлбарыг харьцуулж үзэхэд нэхэмжлэгч Д.Говьсайхан нь төслийн нэгжид санхүүгийн баримтуудыг өгдөггүй, тайланг хугацаанд нь гаргадаггүй, ажил тасладаг зэрэг зөрчлүүдийг гаргасан гэх үйл баримт тогтоогджээ.   

  /хэргийн 1 дүгээр хавтасны 18-23, 136, 142 дугаар тал/

 

Харин нэхэмжлэгч Д.Говьсайханы ажил үүргээ хангалтгүй биелүүлж байсан, ажил тасалсан зөрчил гаргаж байсан нь түүний гэрээний хугацаанд ажилдаа ирж, ажил үүргээ гүйцэтгэж байсан бусад хугацааны хөлсийг шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй юм. Талуудын хоорондын гэрээнд эдгээр зөрчлүүдыг гаргасан тохиолдолд тухайн сарын ажилласан хөлсийг бүхэлд нь олгоогүй байх талаар заагаагүй болно.

 

Анхан шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээний дагуу хөлс төлөх үүргийн талаарх Иргэний хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв.

 

Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үнэлэлт, дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийг зөвтгөн өөрчлөх шаардлагатай болно.

 

Нэхэмжлэгч Д.Говьсайхан нь “Эрүүл мэнд хөгжлийн хөтөлбөр 3” төсөлд 1400 ам.долларын, “Эрүүл мэнд хөгжлийн хөтөбөр 4” төслөөс нэмэлт 350 ам.долларын цалин хөлсийг сар бүр авч байхаар тохиролцсон нь болох нь дээр дурьдсан хөлсөөр ажиллах гэрээ, ажиллуулагч байгууллагын тушаалаар тогтоогдсон  байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болох ажлын цагийн бүртгэлээс үзэхэд нэхэмжлэгч Д.Говьсайхан нь 2013 оны 7 дугаар сард 11 хоног, 8 дугаар сард 12 хоног, 9 дүгээр сард 10 хоног, 10 дугаар сард 15 хоног, 11 дүгээр сард 14 хоног, 12 дугаар сард 10, 2014 оны 1 дүгээр сард 10 хоног ажилласан болох нь тогтоогдсон байна.  

 /хэргийн 1 дүгээр хавтас 14-28 дугаар тал/

 

Иймд нэхэмжлэгч Д.Говьсайхан нь “Эрүүл мэнд хөгжлийн хөтөлбөр 3” төсөлд 2013 оны 7 дугаар сараас 12 сар хүртэл 72 хоног ажилласан хугацааны хөлс нь 4581.36 ам.доллар, /1400 ам. доллар: 22 = 63,6 ам.доллар х 72 хоног = 4581.36/, 2013 оны 10, 11, 12 саруудад “Эрүүл мэнд хөгжлийн хөтөбөр 4” төсөлд 39 хоног ажилласны хөлс 620 ам.доллар, /350 : 22= 15.89 х 39 хоног = 620 ам.доллар/, 2014 оны 1 дүгээр сард 10 хоног ажилласны хөлс 318.18 ам.доллар, нийт 5519.5 ам.долларыг /4581.36 + 620 + 318.18 = 5519.5/ хариуцагч байгууллагаас гаргуулахаар Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу шаардах эрхтэй үндэслэлтэй байна.

 

Хэргийн 4 дүгээр талд Монгол банкны 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн лавлагаагаар нэг ам.долларын ханшийг 1708.18 төгрөг гэж тогтоосон байх тул монгол мөнгөөр тооцоход нийт 9 428 300 /5519.5 х 1708.18= 9 428 300/ төгрөг болно.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгч Д.Говьсайханы нэхэмжлэлийн шаардлагыг 9 387 732 төгрөгийн хэмжээнд хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 182/ШШ2017/00321 дүгээр шийдвэрийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Сангийн яамнаас 9 387 732 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Говьсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8 249 228 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

шийдвэрийн 3 дахь заалтын “…Д.Говьсайханы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэсний дараа       “…хариуцагч Сангийн яамнаас 165 153 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Говьсайханд олгосугай” гэж нэмж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.Говьсайханаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 246 500 төгрөгийг буцаан олгохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ                     

                          ШҮҮГЧИД                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                          

                                                                            Ц.ИЧИНХОРЛОО