| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2020/0135/Э |
| Дугаар | 137 |
| Огноо | 2020-09-28 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 137
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,
Улсын яллагч Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч Х.Г,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нармандах,
Нарийн бичгийн дарга Г.Анужин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны нээлттэй хийсэн хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х-ын Г-д холбогдох 2028000000158 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага ангийн багш мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Х-н Г,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/
Шүүгдэгч Х.Г нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн үед багийн нутаг дэвсгэрт М.Б-тай маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн учир дахин мэдүүлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 08 дугаар сарын 15-ны орой 17 цагийн үед манай танил 3 хүн Баяндалай сум орж ирэх ажил байна гээд хамт Баяндалай орж хоноод маргааш нь буюу 2020 оны 08 дугаар 16-ны өглөө 10 цагийн үед буцаад Даланзадгад сум руу гараад 20 орчим километр явж байхад Даланзадгад сумаас цагаан өнгийн Приус маркийн машинтай хүн гэрлээ дохиод манай машиныг зогсоосон тэр машинаас Г, бүтэн нэрийг нь мэдэхгүй Б гээд нэртэй 2 хүн машинаас бууж ирсэн. Би жолоочийн эсрэг талын ард сууж байсан Г гэж хүн миний сууж байсан машины хаалга нээгээд чи яагаад энэ хүмүүстэй хамт явдаг юм гээд шууд намайг үснээс зулгаагаад намайг машинаас буулгах гээд зуураад байхаар нь машины суудлаас зуураад буугаагүй. Тухайн үед миний толгойтой үс унаж байсан. Тэгээд Г миний сууж байсан машинд орж ирээд миний хажууд суугаад миний үснээс зулгааж байгаад миний хүзүү болон зүүн талын чамархай нүдний хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиж аваад хэл амаар доромжлоод байсан. Тэгээд Г гэж хүн хамт явсан Б гээд байсан хүнээ машинаас утас аваад ир гэсэн. Б нь утсыг нь аваад ирсэн чинь Г чиний зургийг чинь авчихлаа одоо Фэйсбүүк дээр тавина гээд байсан. Тэгээд хамт явсан Б гэж хүнийг Г хайч аваад ир энэ хүүхний үсийг хяргана гээд байсан Б гэж хүн нь Г-д хайч авч ирээгүй. Тэгээд намайг хэсэг хэл амаар доромжилж байгаад хамт ирсэн Б гэж хүнээ орхиод Г машинаа унаад яваад өгсөн Тэгээд би Даланзадгад ороод 2020 оны 08 дугаар сарын 17-ны орой цагдаад хандсан гэв. /хх-9-10/,
Гэрч З.Х мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ... Би 2020 оны 08 дугаар сарын 15-ны орой Даланзадгад сумаас Баяндалай сум орж хоноод өгөө нь буюу 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн үед Баяндалай сумаас Б, Н, Н нарын хамт Н-ийн маркийн машинтай Даланзадгад сум руу гараад 20 орчим километр явж байхад Н-ийн эхнэр Г, Б гээд байдаг \бүтэн нэрийг нь мэдэхгүй\ тэр 2 машинтай урдаас гарч ирэхээр нь бид нар зогсоод уулзсан юм. Н-ийн эхнэр Г гэж хүн машинаас бууж ирээд Н-той уулзаад ямар хүмүүстэй хамт явж байгаа юм гээд машинд сууж байсан хүмүүс рүү харсан. Б гэж хүнийг хараад чи яагаад хамт явж байдаг юм гээд Б сууж байсан талын машины хаалга нээгээд Б-г буугаад ир гээд хөл гараас нь татаж байсан. Тэгээд Б-ийн цүнхийг машинаас гаргаад хаячихаар нь бид буугаад би цүнхийг аваад машинд тавьсан гэжээ. /хх-15-16/,
Гэрч Т.Ц мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ” ... Би 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Н-ийн эхнэр , Г гэрт ирээд Н, Н, Х нар Баяндалай суманд очоо бензин нь дууссан гэнэ хамт хүүхэд тэврээд хамт явчих гэхээр нь Г-ийн машинд суугаад Даланзадгад сумаа гараад Баяндалай сум дөхөж байх үед Н машинаа унаад өөдөөс гараад ирэхээр нь гэрлээ дохисон чинь зогсоод Г бид 2 бууж очоод уулзсан. Н-ийн машинд Х, Н, Б нар явж байсан. Г, Н нар хэрүүл хийгээд байсан. Би нөхөр болох Н-ыг дуудаад Г-ийн машинд ороод уулзсан. Г, Б гэж хүнтэй хэрүүл хийгээд машинаас буугаад ир гээд байсан. Тэгээд удалгүй Г ирээд машиндаа суугаад намайг үлдээгээд Даланзадгад яваад өгсөн гэжээ. /хх-17-18/,
Гэрч Т.Н мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2020 оны 08 дугаар сарын 15-ны орой Н, Х, Б нарын хамт сумын төв орж хоноод өглөө нь буюу 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн Баяндалай сумаас Даланзадгад сум руу гараад 20 орчим километр явж байхад манай эхнэр Г, Ц нар машинтай өөдөөс гарч ирээд гэрлээ дохихоор нь зогссон чинь манай эхнэр Г, Ц нар машинаас бууж ирсэн. Тухайн үед би машин бариад явж байсан надтай уулзаад ямар ажлаар явж байгаа юм гэж асуугаад машины ард сууж байсан Б гэж хүнийг хараад машинд сууж байсан талын хаалга нээгээд Б-г чи юу хийж яваа юм яагаад манай нөхөртэй хамт явж байгаа юм гээд машинаас буулгах гээд гараас нь татаад байсан. Б машинаас буухгүй өөдөөс нь эсэргүүцээд байсан. Надтай хамт явсан хүмүүс миний унаж явсан машинаас буугаад гадаа байсан. Х гэж хүн зам дагаад Даланзадгад сумын чиглэлд алхаад явж байсан. Би Б, Г нарыг нэг нэгнийхээ үснээс нь зулгаагаад байхаар нь очоод боль гээд Г-ийн гараас татсан чинь намайг хол энэ Б гэж яагаад өмөөрөөд байгаа юм бэ гээд байхаар би холдоод явсан. Тэр 2 хэрүүл хийгээд манай эхнэр Г миний амьдралд чи гай болоод байна гээд орилгоод загаад байсан. Тэгээд Г унж ирсэн машинд манай хүүхэд орилоод байсан . Тэгээд Г хүүхдээ аваад машинаа унаад Ц гэж хүнийг үлдээгээд машинаа унаад Даланзадгад явсан. Бид нар удалгүй араас нь хөдлөөд явсан гэжээ. /хх-21-22/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 460 дугаартай дүгнэлтэд: Х.Г-ийн биед баруун шууны жижиг зулгаралт, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-24-25/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 457 дугаартай дүгнэлтэд: М.Б-ийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцарсан, зүүн нүдний зовхи, шанаа, чихний дэлбээ, бугалга, шууны цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-29-30/,
Хохирогч М.Б-ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-41/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-44/,
Дээд боловсролын бакалаврын дипломын хуулбар /хх-45-46/,
Өвчний түүхийн хуулбар /хх-49-51/
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн засаг даргын “Х овогтой Г нь Даланзадгад сумын 8 дугаар баг хойморь 43-10 тоот хаягт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-54/,
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн тодорхойлолт /хх-55/,
Банк түүний харилцагч нарын мэдээлэл /хх-59-67/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-68/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Х.Г гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Г-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч Х.Г-ийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.Г нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн үед багийн нутаг дэвсгэрт М.Бтай маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б-ийн ”...Би жолоочийн эсрэг талын ард сууж байсан. Г гэж хүн миний сууж байсан машины хаалга нээгээд чи яагаад энэ хүмүүстэй хамт явдаг юм гээд шууд намайг үснээс зулгаагаад намайг машинаас буулгах гээд зуураад байхаар нь машины суудлаас зуураад буугаагүй. Тухайн үед миний толгойтой үс унаж байсан. Тэгээд Г миний сууж байсан машинд орж ирээд миний хажууд суугаад миний үснээс зулгааж байгаад миний хүзүү болон зүүн талын чамархай нүдний хэсэг рүү гараараа хэд хэдэн удаа цохиж аваад хэл амаар доромжлоод байсан...”гэх мэдүүлэг. /хх-9-10/, гэрч З.Хийн “...Н-н эхнэр Г гэж хүн машинаас бууж ирээд Н-той уулзаад ямар хүмүүстэй хамт явж байгаа юм гээд машинд сууж байсан хүмүүс рүү харсан. Б гэж хүнийг хараад чи яагаад хамт явж байдаг юм гээд Б сууж байсан талын машины хаалга нээгээд Б-г буугаад ир гээд хөл гараас нь татаж байсан…” гэх мэдүүлэг /хх-15-16/, гэрч Т.Н-ийн “...манай эхнэр Г, Ц нар машинаас бууж ирсэн...машины ард сууж байсан Б гэж хүнийг хараад машинд сууж байсан талын хаалга нээгээд Б-г чи юу хийж яваа юм яагаад манай нөхөртэй хамт явж байгаа юм гээд машинаас буулгах гээд гараас нь татаад байсан. Б машинаас буухгүй өөдөөс нь эсэргүүцээд байсан...Би Б, Г нарыг нэг нэгнийхээ үснээс нь зулгаагаад байхаар нь очоод боль гээд Г-ийн гараас татсан чинь намайг холд энэ Б-г яагаад өмөөрөөд байгаа юм бэ гээд байхаар нь би холдоод явсан… гэх мэдүүлэг /хх-21-22/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 457 дугаартай “...М.Б-ийн биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, үс халцарсан, зүүн нүдний зовхи, шанаа, чихний дэлбээ, бугалга, шууны цус хуралт, зүүн нүдний салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх мэдүүлэг /хх-29-30/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.
Дээрх гэмт хэргийн улмаас шүүгдэгч Х.Г-ийн эрүүл мэндэд хохирол учраагүй болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 460 дугаартай “...Х.Г-ийн биед баруун шууны жижиг зулгаралт, баруун шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлтээр тогтоогдож байна. /хх-24-25/,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Х.Г нь хохирогч М.Б-г өөрийн нөхөр болох Т.Н-той хардсаны улмаас түүний бие эрх чөлөөнд нь халдан зодож байгаа үйлдлээ хууль бус болохыг ухамсарлах боломжтой байсан ч түүнийг хүсч үйлдсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
Шүүгдэгч Х.Г нь хувийн байдлын хувьд 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй болох нь Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-44/, Дээд боловсролын бакалаврын дипломын хуулбар /хх-45-46/,Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 8 дугаар багийн засаг даргын “Х овогтой Г нь хаягт оршин суудаг нь үнэн болно” гэх тодорхойлолт /хх-54/, /хх-55/, Банк түүний харилцагч нарын мэдээлэл /хх-59-67/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-68/ зэргээр тогтоогдож байна.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б нь шүүгдэгч Х.Г-с хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Н гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.Г нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр М.Б-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, уг хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх гэж байна. Энэ гэмт хэрэг гарах болсон шалтгааныг өмгөөлөгчийн хувьд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж үзэж байна. Учир нь тухайн 08 дугаар сарын 16-ны өдөр М.Б нь өдөөн хатгасан тодорхой үйлдэл гаргаагүй хэдий ч энэ харилцаа бол 2019 оны 04 дүгээр сараас эхлээд үргэлжилсэн. Х.Г-г жирэмсэлж эхэлсэн цагаас энэ хүмүүсийн зүй бус гэр бүлээс гадуур харилцаа үүссэн. Шүүгдэгч Х.Г-ийн хувьд нөхөргүй, 2 өнчин хүүхэдтэй үлдэж байгаа. Б-ийн мэдүүлэгт би нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг гэж байдаг. Өөрийнхөө хүүхдүүдийг ч гэсэн өнчрүүлээд, нөхрөөсөө салаад, хүүхдүүдийнхээ эцэг биш хүнтэй амьдрах нь зүй ёсны хэрэг юм уу? Монгол улсад гэр бүл салалт, хүүхэд өнчрөлийн асуудал өндөр түвшинд яригдаж байгаа гэв.
Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Х.Г нь 2020 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 10 цагийн үед нутаг дэвсгэрт М.Бтай маргалдан, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч , гэрч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэмт хэрэг гэр бүлийн гадуурх харилцаа, хардалтын улмаас шалтгаалсан. Хохирогч хэдийгээр гэр бүлээс гадуур шүүгдэгчийн нөхөртэй дотно харилцаатай байсан гэх үйл баримт тогтоогдож байгаа боловч тухайн гэмт хэрэг гарах үед хохирогчийн зүгээс зүй бус үйлдэл гаргасан, гэмт хэрэг гарахад өдөөн хатгасан зүйл байхгүй байгаа учраас гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймд шүүгдэгч Х.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна. Хохирогч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй учраас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэв.
Шүүх хохирогч М.Б-ийн шүүгдэгч Х.Г-ийн нөхөр болох Т.Н-той гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч М.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Х.Г-ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Х.Г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд шүүгдэгч Х.Г торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Г цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.
Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга хэсэгт...М.Б-тай маргалдан зодож... гэж овгийн үсгийг “Х” гэж бичсэн байх ба хэрэгт авагдсан нотлох баримтаар М овогтой Б болох нь тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Х.Г оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Х.Г-с хохирогч, иргэний нэхэмжлэгч М.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Х.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ