Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 126

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ  даргалж,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Нарангарав,

Нарийн бичгийн дарга М.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гүн овгийн Батдоржийн Бд холбогдох 2028000000120 дугаартай нэг хавтас хэргийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, Б-ийн Б, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр багийн нутаг дэвсгэрт Т.А-тай маргалдан, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр А эгч манайд ирээд мал алга байна гээд намайг хэл амаар доромжилж хэрүүл хийсэн. Ер нь мал алга болохоор л манайхыг авчихлаа гээд хардсан байсан. Тэр өдөр манай нөхөр манай мал А эгчийн малтай нийлэх гээд байж байхад нь мотоциклиороо явж эргүүлсэн байсан. 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн үед манай малын цаана А эгчийн мал бэлчиж байхад манай малчин очиж эргүүлсэн байсан. Тэгтэл А эгч залгаж чи малчнаа явуулж намайг тандаад байгаа юм уу? гэсэн. Би тийм зүйл байхгүй манай малчин очиж мал эргүүлсэн байна лээ гэж хэлсэн. Дараа нь дахиж залгаад хүрээд гэхээр нь очиход овоон дээр байсан. Тэгээд би та манайд байгаа залуутай өөрөө уулз гэсэн. Тэгээд маргалдсан. А эгч намайг түлхсэн. Бид хоёр зууралдаж, хэрэлдсэн. Би А эгчийг хамт явж уулз гэсэн гэв.

Хохирогч Т.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2020 оны 06 дугаар сарын 14-ний орой 19 цагийн үед би гэх газарт гэрийнхээ хажуугийн овоон дээр мал дурандаад сууж байтал манай саахалт айлын хүмүүс болох А эхнэр Б-ийн хамт ирсэн /түүнээс өмнө би тэдний гэрт нь очиж манай малын захаар танай хүн явж байна гэнэ танайхыг мал хулгайлдгийг нутгийнхан мэднэ, гэж хэлсэн байсан мөн түүний дараа бас утсаар ярьж хэрэлдсэн байсан/ тэгээд Б намайг машинд суу гээд намайг чирээд миний фудволкноос үснээс зулгаасан, тэгээд миний хүзүүг самардаж хэл үгээр доромжлоод муу хөгшин янхан үхэж далд орохгүй гээд байсан. Манай дүү Ө гэрт байж байгаад харчихаад ирсэн. Тэр залуу боль гэсэн чинь Б тэрийг бас алгадаж авсан. А хажууд зүгээр зогсоод байсан. Ө бичлэг хийсэн чинь Б намайг зодохоо болиод тэр хоёр явчихсан...А тэр хавийн айлуудаас мал хулгайлаад байдаг гэж би харддаг тэрийгээ би өөрсдөд нь хэлсэн гэхдээ би А-г яг мал хулгайлсан гэх баримт байхгүй хараагүй болохоор цагдаад шалгуулж болохгүй байгаа тэрийг нь хэлсэн чинь уурлаад намайг зодсон... гэжээ. /хх-21-22/,

Хохирогч Т.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Б-ийн нөхөр А манай малыг эзэнгүй бэлчээрт явж байхад нь дандаа манай мал дээгүүр очиж харж, хөөж тууж байдаг. Манай мал А, Б нарын малтай нийлцэн эсвэл нийлэх гэж байсан гэх шалтгаанаар өөрийнхөө малыг ялгаж туухдаа манай малаас хэсэг мал нийлүүлж туугаад байдаг юм. Тэгээд би энэ байдлыг нь хэлж эзэнгүй мал хөөж туух нь хулгай болдог гэдгийг өмнө нь хэлж ярьж байсан. Тухайн өдөр буюу 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр манай малаас 1 ямаа өвдөж би өвчтэй ямаагаа бариад зогсож байхад манай малын захад А-ийн гэрт оторлож ирсэн байсан У гэх залуу манай малыг хараад явсан. Би тэр үйлдлийг нь хараад А, Б нар У-г манай малыг тандуулахаар харуулаад явуулж байна мөн өмнө нь манай малыг хөөж тууж ялгаж өөрийн малтайгаа манай малаас тасдаж нийлүүлэн тууж байсанд нь уур хүрч гэртээ ирчихээд А-ийн утас руу залгасан боловч утсаа аваагүй. Тэгээд байж байтал А-ийн эхнэр Б манай утас руу эргээд залгасан. Би утсыг авч ярин У-г явуулж манай малыг шалгуулж харуулсанд, мөн А манай малыг хөөж туудагт нь уурлаж Б-д хэлсэн. Тэгээд хэрүүл маргаан үүссэн. Б намайг өөрөө гэрт ирж уулзаж учраа ол гэсэн. Би нохойноос чинь айж байна чи өөрөө хүрээд ир гээд би өөрийгөө гэрийн хойд талын овоон дээр сууж байгаагаа хэлсэн. Тэгээд байж байтал удалгүй Б өөрийн нөхөр А-ийн хамт ирсэн. Дараа нь болсон зүйлийн талаар өмнөх мэдүүлэгт хэлж ярьж тэмдэглүүлсэн байгаа... гэжээ. /хх-23-24/,

Гэрч Ө.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Анх 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр А-н мал манай гэрт отроор ирсэн У хоёрын мал нийлэх гэж байхад нь би очиж хоёр тийш нь тууж салгаж явуулчхаад гэртээ ирээд байж байхад А араас манай гэрт ирээд эзэн байхгүй байхад мал тууж элдэхийг хулгай гэдэг юм чи манай малыг хөөж тууж хулгай хийх гэлээ гэж намайг загнаж байгаад явсан. 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би адуунд яваад гэрт ирэхэд манай эхнэр Б А-ынхаас утсанд хэд хэдэн удаа дуудлага ирсэн байна гээд эргээд залгаж ярьсан юм. Тэгтэл А манай эхнэрийг загнаж хүн явуулж мал тандууллаа гэж загнасан. Манай эхнэр юу болсон талаар асуухад У малдаа явж байгаад хээр А-ын мал дээр нэг хүн мал барьчихсан бас нэг хүн мотоцикль унаад мал хөөж байхлаар нь юу болж байгааг харахаар очсон юм байна лээ. Тэр үед нь А өөрсдийнхөө мал дээр байж байсан юм. Тэрийг нь А харчихаад бид нарыг хүн явуулж малыг нь хулгай хийхээр тандууллаа гэж ойлгоод хэрүүл маргаан хийсэн юм. Б өөрөө ирээд У-тай уулз гэж хэлсэн чинь танай нохойноос чинь айж байна гээд манай эхнэр Б-г ирж уулз гэрийнхээ хойд талын овоон дээр сууж байна гэж хэлсэн байсан. Тэгээд манай эхнэр очиж уулзаж учраа олъё гээд би машинаа жолоодоод эхнэрийнхээ хамт А-ын байгаа газар очсон. А гэрийнхээ хойд талын овоон дээр сууж байсан. Би хажууд нь очиж зогссон. Манай эхнэр Б, А-тай очиж уулзахаар машинаас буусан. Манай бага хүүхэд хамт явсан болохоор би хүүхдийнхээ гутлыг өмсгөөд машиндаа үлдсэн. Тэгээд байж байтал А, Б хоёр хэрэлдэж муудалцаад машины дэргэд ирсэн байсан. Тэгтэл гэнэт А манай эхнэрийн хувцаснаас нь бариад доош нь бөхийлгөөд дарчихсан байсан. Би хүүхдийнхээ гутлыг өмсөгчихөөд хүүхэдтэйгээ хамт машинаас гараад ирэхэд А, Б хоёр нэг нэгнийхээ үснээс зулгаачихаад байсан... гэжээ. /хх-27-28/,

Гэрч Ш.Ө мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би өөрийн нөхөр М-ын хамт багийн малчин А гэх айлд тэмээ, хонь ноослох ажлаар түр гэрт нь ажиллаж байсан. 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр нар жаргахаас арай өмнө байсан санагдаж байна. А эгч утсаар ярина гээд гэрийнхээ хойд талд байдаг овоон дээр гарсан. Тэр үед би гэрт хоол хийгээд байж байсан юм. Тэгтэл гэрийн хойд талын овоон дээр нэг машин ирээд зогсож байсан. Удалгүй овооны орой дээр эмэгтэй хүмүүс хашхиралдаад хэрэлдээд байгаа сонсогдсон. Тэгээд би юу болоод байгаа талаар хархаар очтол Б гэдэг хүн А эгчийг үснээс нь зулгаагаад дарчихсан өөрийнхөө машинд суулгах гээд А эгчийг түлхээд мөн татаад байсан. А эгч машинд нь суухгүй гээд эсэргүүцээд байсан. Би очоод юу болоод байна болиоч гэж Б-д хэлэхэд А эгч гар утсаа надад өгөөд бичлэг хий гэсэн. Тэгээд би А эгчийн гар утсаар бичлэг хийсэн юм. Миний харснаар А эгчийн хүзүү нь улайж самардуулсан мөртэй байсан. Намайг гар утсаар бичлэг хийхэд Б наад бичлэгээ боль гээд миний гарыг цохиж гар утсыг газар унагаасан. Намайг бичлэг хийхэд Б, А эгчийн үснээс гараа авсан. Тэр бичлэг дээр ямар нэгэн зодооны зүйл бичигдээгүй. А, Б эгч хоёрын хэрүүл маргаан бичигдсэн байсан. Намайг очсоны дараа Б, А эгчийг цохиж зодоогүй. Удалгүй А өөрийн нөхөр А-ийн хамт машиндаа суугаад явсан. Өөр зүйл болоогүй... гэжээ. /хх-29-30/,

Гэрч Б.У мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: Би Мандал-Овоо сумын харьяат малчин хүн. Отроор Ханхонгор сумын нутагт Б, А нарын гэрийг бараадаж тэдний гэрт түр байж малтайгаа оторлож явж байгаа юм. 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 16 цагийн орчимд бэлчээрлэж байгаа малаа хархаар мал руугаа явж очоод өөрийн малаа А-ын малтай нийлчих байх гэж бодоод малаа эргүүлчихээд буцаад явж байхад бэлчиж байгаа мал дээр ямаа барихаар мотоциклтой хүн мал хөөгөөд явж байгаа харагдсан. Бас нэг эмэгтэй хүн ямаа барьчихсан сууж байсан. Би мотоцикльтой хүнтэй нь очиж уулзахад танихгүй хүн байсан. Тэгээд юу болж байгааг асуухад малын эзэн А өөрийнхөө бэлчээрлэж байгаа мал дээр мал бариад байж байгааг надад тэр хүн хэлсэн. Би А-тай уулзаагүй тэгээд гэр рүүгээ харьсан. Гэрт очоод байж байхад Б, А хоёр хоорондоо утсаар яриад хэрэлдэж маргалдаад байсан. Б надаас А манайхыг мал хулгай хийлгэх гэж чамайг явуулж малыг нь тандууллаа гээд хэрүүл хийгээд байна гэж Б надад хэлсэн. Тийм зүйл байхгүй гэдгийг Б өөрөө мэдэж байгаа болохоор А-тай явж очиж учраа олно гээд өөрийн нөхөр А-тай хамт нар жаргаахаас өмнөхөн явсан. Би хамт яваагүй гэрт үлдэж ишиг хургаа тавиад үлдсэн. Тэгээд байж байтал А, Б хоёр эргээд ирсэн. Б ууртай болчихсон ирсэн... гэжээ. /хх-31-32/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 379 дугаартай дүгнэлтэд: Б.Б-ийн биед үс халцарсан, эрүүн доорх жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-35-36/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 375 дугаартай дүгнэлтэд: Т.А-ын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүү, зүүн чихний ар дахь зулгаралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-37/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-1/,

багийн засаг даргын “Б овогтой Б нь тоот регистрийн дугаартай, Дорноговь аймгийн Мандах сумын харъяат иргэн бөгөөд багийн малчин Ө.А-тай 2010 онд гэр бүл болж 2 хүү төрүүлж өсгөсөн бөгөөд 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор тэмээ 51, адуу 44, хонь 250, ямаа 334 бүгд 679 толгой мал тоолуулсан болохыг тодорхойлов” /хх-52/,

багийн засаг даргын тодорхойлолт /хх-52/,

Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-53/,

Мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-54/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/,

Амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-64-66/,

Хохирогч Т.А-ын хохирлын баримт /хх-67/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэрэгт тооцно, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж хохирол учирсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б гэмт үйлдэл, түүний улмаас учирсан үр дагаврыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг шүүх өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч Б.Б-ийн нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр багийн нутаг дэвсгэрт Т.А-тай маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Т.А-ын мэдүүлэг /хх-21-22, хх-23-24/, гэрч Ө.А-ийн мэдүүлэг /хх-27-28/, гэрч Ш.Ө-ын  мэдүүлэг /хх-29-30/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 375 дугаартай “ Т.А-ын биед тархины доргилт, хуйхны зөөлөн эдийн няцрал, эрүү, хүзүү, зүүн чихний ар дахь зулгаралт гэмтлүүд үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй “ гэх мэдүүлэг /хх-37/ зэргээр хөдөлбөргүй тогтоогдож байна.

Дээрх гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.Б-ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 379 дугаартай: Б.Б-ийн биед үс халцарсан, эрүүн доорх жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлтээр /хх-35-36/ тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 14-ний өдөр багийн нутаг дэвсгэрт Т.А-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас  маргалдан, улмаар бие эрх чөлөөнд нь халдаж буй үйлдлээ ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирлыг төлсөн байх тул хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Харин шүүгдэгч Б.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал  тогтоогдсонгүй.

Шүүгдэг Б.Б нь хувийн байдлын хувьд 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй болох нь багийн засаг даргын тодорхойлолт /хх-52/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-53/, Мэргэжлийн боловсролын үнэмлэхийн хуулбар /хх-54/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-55/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иймд шүүх шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч Б.Б--ийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал,  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.А нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт шүүгдэгч Б.Б-ээс баримтаар шатахууны зардалд /хх-67/ 208.000 төгрөг, баримтгүй 42.000 төгрөг нийт 250.000 төгрөг нэхэмжилсэн.

2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд “хохирогч Т.А миний бие холбогдогч Б.Б-ээс хохирлын мөнгө болох 208.000 төгрөгийг авч хохиролгүй болсон бөгөөд цаашид нэхэмжлэх зүйлгүй. Гомдол саналгүй болно. Эвлэрлийн гэрээ байгуулахад Б бид 2 сайн дурын үндсэн дээр ярилцан тохиролцож, харилцан бие биенээсээ уучлалт гуйж эвлэрсэн” гэжээ.

Иймд шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт  208.000 төгрөгийг хохирогч Т.А-д төлж уучлалт гуйж эвлэрсэн байх тул бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Т.А-ын нэхэмжлэлээс 42.000 төгрөгийн хохирол төлбөрт шүүгдэгч, хохирогч хэн хэн нь маргаагүй, энэ талаар хавтаст хэрэгт нотлох баримт авагдаагүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.     

Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг Ди ви диг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүх хуралдааныг хаалттай явуулах үндэслэл тогтоогдоогүй тул нээлттэй явуулсан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б-ийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

4. Хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлсэн 1 ширхэг Ди ви диг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргасугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч Б.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч Б.Б нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.А-д хохирол төлбөрт 208.000 /хоёр зуун найман мянга/ төгрөг төлж эвлэрсэн болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.А-ын нэхэмжлэлээс 42.000 /дөчин хоёр мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.  

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд  зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14  хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ