| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1741/Э |
| Дугаар | 1773 |
| Огноо | 2020-10-09 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | С.Чимэдцэеэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 1773
2020.10.09 2020/ШЦТ/1773
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч С.Чимэдцэеэ,
шүүгдэгч Д.У /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т овогт Д.У-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2006 00000 2496 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн Т овогт Д.У,
Шүүгдэгч Д.У нь согтуурсан үедээ 2020 оны 09 дүгээр сарын 11-ний оройн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монголросцветмет ТӨҮГ-ын хашаан дотор иргэн Ж.Э-тай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, түүний баруун гар тус газарт хөлөөрөө өшиглөсний улмаас Ж.Э-н биед баруун шуу ясны доод булуунд ташуу цууралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Д.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цаг 30 минутын орчим хуучин ажиллаж байсан Монголросцветмет ХХК байгууллагын хашаан дотор харуулд гарч байсан Б-тэй хувийн ажлаар уулзах гээд очсон. Тэр үед би эрүүл ганцаараа очсон. Тэрэнтэй уулзах гээд хашаан дотор нь орох үед харуулын дарга У-тай таарсан... Тэгээд У машинаасаа бууж ирээд намайг пизда минь чи юу хийж яваа юм гээд, чи миний зурагтыг өг гэсэн. Тэгэхээр нь би та миний 2 зурагтыг өг тэрний дараа би таны зурагтыг өгье гэж хэлсэн... Тэгээд тэр зурагтаас болж бид 2 маргалдаад тэгсэн чинь тэр надаас хэдэн төгрөг авах юм бэ гэхээр нь би 50,000 төгрөг гэж хэлсэн чинь май энийг ав гээд над руу шууд салаавч өгсөн. Тэгээд тэр шууд гараараа миний эрүүн доор болон шанаа руу 2-3 удаа цохисон. Сүүлдээ тэр намайг араас өшиглөөд хөөгөөд байсан...намайг өшиглөсөн, тэгэхээр нь би хөлийг нь хаах гэж байгаад гараа гэмтээсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-10/,
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн орой 18 цагийн үед би ажил дээрээ байж байтал Ж.Э ах над дээр ирсэн. Тэгээд бид 2 юм яриад сууж байтал 20 цаг 10 минутын үед манай харуулын дарга Д.У согтуу ганцаараа орж ирсэн. Тэгээд тэр 2 юм ярилцаж байснаа яг юу болсныг би мэдэхгүй, нэг мэдсэн чинь Д.У даргын дуу нь чангараад чи ер нь давраад байгаа шүү гээд Ж.Э ах руу давшилсан... хэд хэдэн удаа Ж.Э руу өшиглөөд байсан. Тэр үед Ж.Э 2 гараараа хөлийг нь хаагаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13/
Яллагдагч Д.У мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гараараа нүүр рүү нь 1 удаа цохисон. Гэдэс хавьцаа нь нэг удаа өшиглөсөн чинь тэр миний хөлийг баруун гараараа хаах үед би тэрний гарыг нь онож өшиглөсөн. Би Э ахаас маргааш нь уучлалт гуйсан. Мөн Э ахын гар хугарчихсан байна гэхээр нь би бэлнээр эмчилгээний зардал гээд 750.000 төгрөг өгсөн. Архи уучихсан үедээ түр зуурын бухимдлаасаа болж ийм зүйл хийсэн нь миний буруу. Хийсэн зүйлдээ их гэмшиж байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Б-н 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 10987 дугаартай:
1. Ж.Э биед баруун шуу ясны доод булуунд ташуу цууралт, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2.6. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-оос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.7. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 23-24/, гэмт хэргийн талаар бичгээр гаргасан гомдол, түүнийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-2/ урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 35/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Д.У нь согтуурсан үедээ 2020 оны 09 дүгээр сарын 11-ний оройн 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Монголросцветмет ТӨҮГ-ын хашаан дотор иргэн Ж.Э үл ялих шалтгааны улмаас маргалдаж, түүний баруун гар тус газарт хөлөөрөө өшиглөсний улмаас Ж.Э биед баруун шуу ясны доод булуунд ташуу цууралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Ж.Э: “...Би 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 19 цаг 30 минутын орчим хуучин ажиллаж байсан Монголросцветмет ХХК байгууллагын хашаан дотор харуулд гарч байсан Б хувийн ажлаар уулзах гээд очсон. Тэр үед би эрүүл ганцаараа очсон. Тэрэнтэй уулзах гээд хашаан дотор нь орох үед харуулын дарга У-тай таарсан... Тэгээд У машинаасаа бууж ирээд намайг пизда минь чи юу хийж яваа юм гээд, чи миний зурагтыг өг гэсэн. Тэгэхээр нь би та миний 2 зурагтыг өг тэрний дараа би таны зурагтыг өгье гэж хэлсэн... Тэгээд тэр зурагтаас болж бид 2 маргалдаад тэгсэн чинь тэр надаас хэдэн төгрөг авах юм бэ гэхээр нь би 50,000 төгрөг гэж хэлсэн чинь май энийг ав гээд над руу шууд салаавч өгсөн. Тэгээд тэр шууд гараараа миний эрүүн доор болон шанаа руу 2-3 удаа цохисон. Сүүлдээ тэр намайг араас өшиглөөд хөөгөөд байсан...намайг өшиглөсөн, тэгэхээр нь би хөлийг нь хаах гэж байгаад гараа гэмтээсэн...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Бат-Эрдэнийн: “...2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн орой 18 цагийн үед би ажил дээрээ байж байтал Ж.Э ах над дээр ирсэн. Тэгээд бид 2 юм яриад сууж байтал 20 цаг 10 минутын үед манай харуулын дарга Д.У согтуу ганцаараа орж ирсэн. Тэгээд тэр 2 юм ярилцаж байснаа яг юу болсныг би мэдэхгүй, нэг мэдсэн чинь Д.У даргын дуу нь чангараад чи ер нь давраад байгаа шүү гээд Ж.Э ах руу давшилсан... хэд хэдэн удаа Ж.Э руу өшиглөөд байсан. Тэр үед Ж.Э 2 гараараа хөлийг нь хаагаад байсан...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Д.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Д.У-т хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Ж.Э нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.
Шүүгдэгч Д.У-т хуульд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн ба түүний хувийн байдал болон прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500.000 торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Т овогт Д.У-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар Д.У-т 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.У нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Д.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Д.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР