| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2016/09423/и |
| Дугаар | 101/ШШ2017/00070 |
| Огноо | 2017-03-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 101/ШШ2017/00070
| 2017 оны 01 сарын 03 өдөр | Дугаар 101/ШЗ2017/00070 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 5 тоотод оршин суух Э.Д-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, L хотхон 5 дугаар байр, 8 тоотод оршин суух Т.М-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3.650.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Д, хариуцагч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “…Э.Д би Т.Мтай 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3.000.000 төгрөгийг 0 хувийн хүүгүй 2 сарын хугацаатайгаар 2015 оны 12 сарын 20-ны өдөр хүртэл зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд бид гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссаны дараа 2016.02.05-ны өдөр 500.000 төгрөг, мөн 2016.03.30-ны өдөр 500.000 төгрөг тус тус шилжүүлэн өгсөн. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Т.М нь зээлийн үлдэгдэл төлбөрөө бүрэн төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож 330 хоногийн алданги болох 1.650.000 төгрөг, үндсэн зээлийн 2.000.000 төгрөгийн хамт нийт 3.650.000 төгрөгийг хариуцагч Т.Мас гаргуулан өгнө үү” гэв.
Хариуцагч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зээлийн гэрээ хийж 3.000.000 төгрөг авсан нь үнэн. 1.00.000 төгрөгийг төлсөн. Өөрийн үйлдлийн хариуцлагыг хүлээн ёстой. Шүүхээс гарах шийдвэрийг хүндэтгэж хүлээн зөвшөөрнө. Нэхэмжилж байгаа үнийн дүн зөв эсэхийг шүүх нягталж үзнэ үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч Т.Мд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3.650.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Т.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээ байгуулж зээл авсныг маргахгүй, нэхэмжилж байгаа үнийн дүн зөв эсэхийг шүүх нягталж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.
Зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулагдаж, нэхэмжлэгч нь хариуцагчид 3.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, хүүгүй нөхцлөөр зээлдүүлэхээр харилцан тохиролцсон ба зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан талаар болон хүчин төгөлдөр байдлын талаар тус тус маргахгүй байна /хх-4/.
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэстэй.
Нэхэмжлэлд хариуцагчийг зээлд 2 удаагийн төлөлтөөр нийт 1.000.000 төгрөг төлсөн тул зээлийн үлдэгдэл 2.000.000 төгрөг, алданги 1.650.000 төгрөг, нийт 3.650.000 төгрөгийг гаргуулна гэжээ.
Хариуцагч зээлээс 1.000.000 төгрөг төлж, 2.000.000 төгрөг төлөөгүйг мөн маргахгүй байна /хх-5, 6/.
Зээлийн гэрээнд алдангийн нөхцөл тусгагдсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасантай нийцсэн байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээнд заасан нөхцлөөр алданги төлөхийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч алдангийн тооцоогоо тайлбарлахдаа 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 330 хоногийн алданги нэг хоногийг 10.000 /2.000.000*0.5%/ төгрөгөөр тооцоход 3.300.000 төгрөг болсон тул Иргэний хуульд нийцүүлэн түүний 50 хувь болох 1.650.000 төгрөг нэхэмжилсэн гэжээ.
Шүүх зээлийн гэрээний нөхцлийн дагуу хариуцагчийн 2 удаагийн төлөлт болох 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 500.000 төгрөг, 2016 оны дугаар сарын 30-ны өдөр төлсөн 500.000 төгрөгийг тооцож алдангийг бодоход зээлийн эхний төлөлт хүртэлх 46 хоногийн алданги 690.000 /3.000.000*0.5%*46/ төгрөг, дараагийн төлөлт хүртэлх 53 хоногийн алданги 662.500 /2.500.000*0.5%*53/ төгрөг, үүнээс хойш нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны 243 хоногийн алданги 2.430.000 /2.000.000*0.5%*243/ төгрөг, бүгд 3.782.500 төгрөг тооцогдохоор байна.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заажээ.
Нэхэмжлэгч нэг хоногт бодогдох алдангийг гүйцэтгээгүй үүрэг болох 2.000.000 төгрөгөөс тооцсоныг буруутгах үндэслэлгүй боловч нийт алдангийн 50 хувиар тооцсон нь хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй байх тул шүүх зөвтгөж гүйцэтгээгүй үүрэг болох 2.000.000 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэхгүй тооцох нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагч Т.Мас зээл 2.000.000 төгрөг, алданги 1.000.000 төгрөг, нийт 3.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Дд олгож, илүү нэхэмжилсэн 650.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Т.Мас 3.000.000 /гурван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Дд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 650.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Мас 62.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Дд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА