Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2018/01137

 

Д-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/00253 дугаар шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 709 дүгээр магадлалтай,                                                                                                           

            Д-ны нэхэмжлэлтэй,

           “Баянзүрх дүүргийн нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨААТҮГ-т холбогдох

           Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3,135,038 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзул, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнхзул, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзулын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д  2013 оноос эхлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газар хоёрт жолоочоор ажиллаж байсан бөгөөд энэ хугацаанд ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл байгууллагаас 2017 оны 10 сарын 02-ны өдөр ажлаас халах болсон талаар сонсгох ажиллагаа хийх мэдэгдэл өгч, 2017 оны 10 сарын 17-ны өдөр ажлаас халсан тушаал гардуулсныг дараах үндэслэлээр хууль бус хэмээн үзэж хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Миний ээж 2017 оны 09 сарын 27-ны өдөр бурхан болж, би захиргааны чөлөөтэй байх хугацаанд буюу хайрт ээжийгээ хөдөөлүүлсэн 2017 оны 10 сарын 02-ны өдөр намайг ажлаас халах сонсгох ажиллагаа хийж байна хэмээн шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн дагуу ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байгаа ажилтныг ажлаас халсан хууль бус ажиллагаа болсон байна.

2. Ажлаас халсан тушаалын үндэслэл нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас удаа дараа гомдол ирдэг гэх боловч хэнээс хэзээ ямар гомдол ирснийг үзьё, харья гэхэд үзүүлээгүй, энэ талаар ямар ч мэдээлэл өгөөгүй учир сонсгох ажиллагааг хэлбэрийн төдий явуулсан.

3. Хог тээвэрлэлт хийхдээ хуваарийн дагуу ачдаггүй, ачих ёстой рейсийн тооноос дутуу ачдаг гэсэн нь мөн л намайг ээлжийн амралттай байх хугацаанд гарсан асуудал байна. Учир нь Д  нь 2017 оны 06 сарын 30-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авсан ба ажилд ороод удаагүй байхад ээжийн бие муудаж 8 сараас эхлэн захиргааны чөлөө авсан зэргээр ажлаа хийгээгүй үед буюу ажил албан тушаал хэвээр хадгалагдаж байх үед ирсэн гомдлуудыг надад хамаатуулж байна. Түүнчлэн хог ачилт, дутуу ачилт нь ачигчтай хамаатай болохоос жолоочид хамаагүй байтал ийнхүү шийдвэрлэж байгаад гомдолтой байна.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан зөрчлөөр ажлаас халахад тухайн ноцтой зөрчил нь Хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан зөрчил байхыг шаарддаг. Гэтэл ажил олгогчийн үндэслэл болгон барьж буй заалт нь надтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд заасан ноцтой зөрчилд огт дурдаагүй байна. Тиймээс энэ нь хууль бус халалт юм. Ажлаас чөлөөлсөн тушаал 2017 оны 10 сарын 17-ны өдөр гарсан боловч 10 сарын 02-ны өдрөөс ажил хийлгээгүй тул ажилгүй байсан хугацааны цалинг 10 сарын 02-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдөр болох өнөөдрийг хүртэл хугацаагаар тооцоход 3,135,038 төгрөг гарч байна. Д  нь багаар ажилладаг хүн учраас хавтаст хэрэгт авагдсан баримт нь Д-ны гаргасан зөрчил гэдгийг нотлох боломжгүй, хугацаа хэтэрсэн нотлох баримтууд байна. Хариуцагч тал ёс зүйн зөрчил гаргасан гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Хамгийн гол нь Д ыг захиргааны чөлөөтэй байхад нь халсан байдаг. Ажлаас халсан тушаалыг гаргаагүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан захиргааны чөлөөтэй байх хугацаанд ажил нь хадгалагдаж байх үед буюу 9 сарын 26-наас хойш тухайн хүнийг ажиллуулахгүй байна гэдэг нь ажлаас халсантай адилтган үзэж байгаа. Харин ёс зүйн зөрчлийн хувьд тухайн хүн зээлтэй, сэтгэл санааны хямралтай байх үед нь ажлаас нь чөлөөлсөнд гомдсон, харин ч маш сайн ажилтан байсан гэдэг нь тогтоогддог. Иймд Д-г  халсан 2017 оны 10 сарын 17-ны өдрийн Б/206 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 3,135,038 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гэрэлтуяагийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д  нь 2013 оноос эхлэн Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Нийтлэг үйлчилгээний газар хоёр ОНӨӨАТҮГазарт ажиллаж байгаад 2017 оны 10 сарын 17-ны өдрийн Б/206 тоот тушаалаар ажлаас халагдсан. Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д 3ахиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно гэж заасны дагуу 2017 оны 10 сарын 02-ны өдөр сонсгох ажиллагааны талаар мэдэгдэл Д д өгсөн. Д  нь гаргасан нэхэмжлэлдээ:

1. Ажлаас халсан тушаалын үндэслэл нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас удаа дараа гомдол ирдэг гэх боловч хэнээс хэзээ ямар гомдол ирсэнийг үзье, харья гэхэд үзүүлээгүй, энэ талаар ямар ч мэдээлэл өгөөгүй учир сонсгох ажиллагааг хэлбэрийн төдий явуулсан гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь 2017 оны 9 дүгээр сарын 26-нд ёс зүйн хорооны хурлаар Д д иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирсэн гомдлыг албан ёсоор танилцуулан, хариу тайлбарыг нь авсан.

2. Хог тээвэрлэлт хийхдээ хуваарийн дагуу ачдаггүй, ачих ёстой рейсийн тооноос дутуу ачдаг гэсэн нь мөн л намайг ээлжийн амралттай байх хугацаанд гарсан асуудал байна гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Олимп хотхоноос ирсэн гомдолд “жолооч Д  нь харьцааны хүнд доголдолтой, хүн болгонтой дарга цэрэггүй хэрэлддэг, 2017 оны 08 сарын 28-нд 17 бункерээс 10 бункер хог ачсан. Анх удаагаа 10 бункер хог ачихыг харлаа. Ачъя гэвэл болдог юм байна” гэсэн байна. 2017 оны 09 сарын 04-нд ирсэн гомдолд “2017 оны 09 сарын 01-нд 3 бункер хог ачсан. Хэзээ ч гүйцэд 17 бункер хог ачдаггүй. Хотхон нь хогондоо дарагдаж, бүх бункерын хог нь өмхийрсэн байдалтай байна. Яаралтай арга хэмжээ авч өгнө үү” гэсэн байна. 2017 оны 09 сарын 01-нд жолооч Д  нь хуваарийн дагуу 4 рейс хог ачих ёстой байснаас 2 рейс хог ачаад өдөр 15 цаг гээд ажлаасаа буусан нь хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтан нь НҮГ-2-ын дотоод журам, ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ бүрэн биелүүлж ажиллах үүрэгтэй, 5 дугаар зүйлийн 5.1.е-д зааснаар удирдлагаас өгсөн үүрэг даалгавар удаа дараа биелүүлээгүй буюу хангалтгүй биелүүлсэн, ажлын чанарын гологдол удаа дараа гаргасан /2 ба түүнээс дээш/ хариуцан ажиллаж байгаа ажил үүргийн талаар харилцагч байгууллага, хувь хүмүүсээс гомдол удаа дараа гарсан гэсэн заалтыг, харьцааны хүнд доголдолтой, хүн болгонтой дарга цэрэггүй хэрэлддэг гэсэн нь байгууллагын Дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.18.1-д зааснаар ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэж байх үедээ бүдүүлэг зан авир гаргах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлэх, ажил хэрэгт хайнга, ёс төдий хандах гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзсэний үндсэн дээр ажлаас нь чөлөөлсөн.

Захиргааны чөлөөтэй байх асуудал нь 1 хороонд ганцхан машин явах тохиолдол байдаг. Жолооч байхгүй бол тэр хороо тэр чигтээ хогондоо дарагдаж гомдол их ирдэг учраас тэр бүр чөлөө олгодоггүй. Гэтэл асуудлыг нь шийдээд чөлөө олгосон байхад хугацаа нь дуусаагүй байхад шууд ажиллана гэж ирээд маргаан үүссэн байдаг. Иймд Д-ны гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.                                              

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/00253 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал буюу Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар хоёр ОНӨААТҮГ-ын Хог тээврийн автомашины жолооч-ын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор 3,135,038 төгрөгийг хариуцагч Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар хоёр ОНӨААТҮГ-аас гаргуулж, нэхэмжлэгч Д д олгож, Д-ны нийгмийн даатгалын хураамжийг нөхөн төлүүлж, зохих журмын дагуу дэвтэрт нөхөн бичилт хийхийг Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар хоёр ОНӨААТҮГ-т даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, нэхэмжлэгч Д д олгож, хариуцагч Баянзүрх дүүргийн Нийтлэг үйлчилгээний газар хоёр ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 65,110 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.              Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 709 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/00253 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзулын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс гарсан магадлалд дараах гомдлыг гаргаж байна.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгч Д д ээлжийн амралт олгосон тушаал, “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨААТҮГ-ын 26 дугаар хороонд хог ачиж тээвэрлэх 8, 9 дүгээр сарын хуваарийг шүүхэд ирүүлсэн, харин нэхэмжлэгч 7, 8, 9 дүгээр саруудад захиргааны чөлөөтэй байсан тушаал, Д-ны орон тоон дээр ажилд орсон тушаал зэрэг баримтыг шүүхэд ирүүлээгүй талаар хариуцагчийн төлөөлөгч тус байгууллагад байхгүй гэж гараар бичиж ирүүлснийг шүүгчийн захирамжийг биелэгдсэн, эсхүл хүндэтгэн үзэх шалтгаанаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх боломжгүй тухайгаа мэдэгдсэн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн, нэхэмжлэгч шүүхэд гаргасан хүсэлтээс зөвхөн 6, 7 сарын ажлын хувиар гаргуулах хүсэлтээс татгалзсан бусад хүсэлтээс татгалзаагүй байхад энэ талаар шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон гэж магадлалын хянах хэсэгт дүгнэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасан тул шүүх нотлох баримтыг цуглуулах үүргийг хүлээхгүй юм. Харин мөн хуулиин 38.6-д хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ гэж заасан байна. Хэргийн оролцогч болох нэхэмжлэгч тал нотлох баримт гаргуулахаар хүсэлт бичиж өгсөн боловч хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөх боломжгүй тийм тушаал, шийдвэрүүд тухайн байгууллагад байдаггүй талаар шүүх хуралдааны үед мэдүүлж нэхэмжлэгч нотлох баримт гаргуулах хүсэлтээсээ татгалзаж, харин хариуцагч тухайн нотлох баримтгүйгээр хэргийг шийдвэрлэж өгөх хүсэлт гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл, ээлжийн амралтын тушаал гаргасан боловч хэзээ ажилд эргэн орох талаар дурдаагүй, энэ талаар дурдсан өөр ямар нэгэн тушаал тухайн байгууллагад байхгүй, мөн захиргааны чөлөө авахад ямар нэгэн тушаал гаргадаггүй болохоо хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан. Мөн 6, 7 дугаар сарын ажлын хуваар Баянзүрх дүүргийн тамгын газрын архивт байгаа дараагийн шүүх хурал дээр авчирна гэж хариуцагчийн зүгээс шүүх хурлыг хойшлуулсан боловч дараагийн хурал дээр ирэхдээ архивт материал байхгүй талаар тайлбарласан учир нэхэмжлэгч хүсэлтээсээ татгалзаж, хариуцагч энэ талаар хүсэлт бичиж, шүүх хурлыг хийсэн байхад байхгүй тушаал, баримтыг гаргуулах үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж байгааг ойлгохгүй байна. Нэмж хэлэхэд давж заалдах шатны шүүх хурлын үеэр хариуцагчийн өмгөөлөгч шүүгчээс асуусан асуултанд “эдгээр баримтуудыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч байхгүй гэж анхан шатны шүүх хуралд хэлсэн байдаг” гэж хариулсан байтал ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь хууль зүйн ямар нэгэн үндэслэлгүй байна.

2. Магадлалд заасан нэхэмжлэгч 7, 8, 9 дүгээр саруудад захиргааны чөлөөтэй байсан тушаал, Д-ны орон тоон дээр ажилд орсон тушаал зэрэг баримтыг шүүхэд ирүүлээгүй талаар хариуцагчийн төлөөлөгч тус байгууллагад байхгүй гэж гараар бичиж ирүүлснийг шүүгчийн захирамж биелэгдээгүй гэж дүгнэсэн шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй юм. Бодит байдал дээр уг баримтууд нь дээр дурдсанчлан архивт ч байхгүй байхад Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг буцаж очсон ч уг нотлох баримтуудыг гаргаж өгөх боломжгүй байгаа юм. Тийм учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46.1-т “Иргэн, хуулийн этгээд шүүхээс шаардсан бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг шүүхээс заасан хугацаанд гаргаж өгнө. Хэрэв иргэн, хуулийн этгээд хүндэтгэн үзэх шалтгаанаар бичмэл нотлох баримт, эд мөрийн баримтыг гаргаж өгөх боломжгүй бол энэ тухайгаа шаардсан шүүхэд мэдэгдэнэ” гэж заасны дагуу хариуцагч тал нотлох баримт гаргаж өгөх боломжгүй болохоо шүүхэд зохих ёсоор мэдэгдсэн гэж үзнэ.

3. Шүүх хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай цуглараагүй, дээрх шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасныг зөрчсөн гэж хэргийн бодит байдлыг харгалзан үзэхгүйгээр дүгнэсэн нь мөн л хэргийг тал бүрээс үнэн бодитоор дүгнэсэн шийдвэр хууль ёсны байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Маргааны агуулгыг бүхэлд нь авч үзвэл захиргааны чөлөөтэй байх хугацаанд нь буюу ээжийгээ хөдөөлүүлсэн өдөр нь ажлаас халах мэдэгдлийг өгч, тухайн өдрөөс хойш ажил үүрэг гүйцэтгүүлээгүй тул тухайн өдрийг ажлаас халагдсан өдөрт тооцож шүүхийн шийдвэр гаргасан байгааг огт харгалзан үзээгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн гаргасан магадлалыг бүхэлд нь үл хүлээн зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасны дагуу уг магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн хууль ёсны эрхийг хангаж өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзулын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д  нь хариуцагч Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨААТҮГ-т холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/206 тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3,135,038 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэхээр шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ажилтан сахилгын зөрчил давтан гаргасан, ажлаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй гэж маргажээ.

Д  нь 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар хоёр” ОНӨААТҮГ-т хог тээврийн автомашины жолоочоор ажиллахаар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ба ажил олгогчийн 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/206 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. Уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.3, байгууллагын дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.6.7в, 4 дүгээр зүйлийн 4.18.1, 13 дугаар зүйлийн 13.2, хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1е дахь заалтуудыг үндэслэсэн боловч ажилтныг сахилгын ямар зөрчил, хэзээ гаргасныг нэрлэн заагаагүй байна.    

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр ажил олгогчийн гаргасан Б/98 дугаар “Ээлжийн амралт эдлүүлэх тухай” тушаалаар Д  нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд ээлжийн амралттай байсан,     тэрээр 8, 9 дүгээр сард ар гэрийн гачигдлын улмаас тодорхой хугацаагаар чөлөө авч байсан зэрэг нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан “Нийтлэг үйлчилгээний газар 1, 2, 3, 4 орон нутгийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм”, Баянзүрх дүүргийн “Нийтлэг үйлчилгээний газар хоёр”-ын хөдөлмөрийн дотоод журам, 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл”, “Санрайс” СӨХ-ны 2017 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Зөрчил арилгуулах тухай”, “Нарлаг-Өргөө” 5 СӨХ-ны 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Албан шаардлага хүргүүлэх тухай”, “Юна Кузин” ХХК-ийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Гомдол гаргах тухай” албан бичиг, 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Увидаст шанд” ХХК-ийн гомдол гэсэн баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

Хариуцагчийн “...Хог тээвэрлэлт хийхдээ хуваарийн дагуу ачдаггүй, ачих ёстой рейсийн тооноос дутуу ачдаг нь ..., ...Байгууллагын удирдлага, тээвэр үйлчилгээний албыг хариуцан ажиллах үүрэг бүхий ерөнхий инженерт мэдэгдэлгүйгээр хагас өдөр ажиллаад буусан ... зэрэг зөрчил гаргасан” гэсэн тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, дээрх зөрчлүүд нь тогтоогдоогүй буюу иргэн, аж ахуйн нэгжийн гаргасан гомдлууд ажилтан Д д хамааралтай эсэхийг тодруулах ажиллагааг хариуцагч хийгээгүй атлаа нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг зөрчөөгүй, ажил олгогч нь ажилтны сахилгын зөрчлийг давтан гаргасан үйлдлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т зааснаар тодорхойлж чадаагүй байна. 

Д ыг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан боловч ажил олгогч нь түүнийг 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш ажил үүрэг гүйцэтгүүлээгүй нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тооцож, олговорт 3,135,038 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан анхан шатны шүүхийн дүгнэлтийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д нийцсэн гэж үзнэ.  

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаахдаа “...хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий нотлох баримт хангалттай цуглараагүй, дээрх шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасныг зөрчсөн” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэнгүй.

2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчаас нотлох баримт гаргуулахаар хүсэлт гаргасан ба Д д ээлжийн амралт олгосон тушаал, 7, 8, 9 дүгээр саруудад захиргааны чөлөөтэй байсан тушаал, 6, 7, 8, 9 дүгээр сард аль хороог хариуцан ажилладаг байсан ажил үүргийн хуваарь, ажлын график, Д-ны орон тоон дээр ажилд орсон ажилтны тушаал зэргийг хариуцагчаас нотлох баримтаар гаргуулах тухай шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШЗ2018/21710 дугаар захирамж гарчээ.

Захирамжийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгч Д д ээлжийн амралт олгосон тушаал, Нийтлэг үйлчилгээний газар хоёр ОНӨААТҮГ-ын 26 дугаар хороонд хог ачиж тээвэрлэх 8, 9 дүгээр сарын хуваарийг шүүхэд ирүүлсэн, харин 7, 8, 9 дүгээр саруудад захиргааны чөлөөтэй байсан тушаал, Д-ны орон тоон дээр ажилд орсон ажилтны тушаал зэрэг баримтыг шүүхэд ирүүлэх боломжгүй, ийм баримт тус байгууллагад байхгүй тухай шүүхэд бичгээр мэдэгдсэн ба нэхэмжлэгч тал уг баримттай танилцаж, 6, 7 сарын ажлын хувиар гаргуулах хүсэлтээс татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн, шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд талууд дахин хүсэлт гаргаагүй, нотлох баримт бүрэн гэсэн тайлбар гаргасан байна. /хх-48, 49, 77, 101, 102, 107, 110/

Нэхэмжлэгчийн хариуцагчаас нотлох баримт гаргуулахаар гаргасан хүсэлтэд заасан зарим баримт тус байгууллагад байхгүй тухай хариуцагч тал шүүхэд тайлбар ирүүлсэн, түүнчлэн хариуцагч нотлох баримт гаргах үүргээ хэрэгжүүлээгүй нь оролцогчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8-д заасан эрхийг зөрчсөн гэж үзэхгүй.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг “...нотлох баримт бүрдүүлэх журам зөрчигдсөн, шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж буруутган, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3, 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасантай нийцээгүй, анхан шатны шүүхийг мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлд хамаарах зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 709 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШШ2018/00253 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.   

2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.УНДРАХ

     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН