Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 14

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч В.Ц даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.С, Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийж,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот ...... тоот “Ч” ХХК

Хариуцагч: Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хариуцагдах,

Нэхэмжлэлийн шаардлага: Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/21 дүгээр, мөн аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 11/2 дугаар тогтоолуудын хавсралтад заасан талбайгаас “Ч” ХХК-ийн 020393Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж буй талбайтай давхцаж буй хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Н.Б, нарийн бичгийн дарга А.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Ч” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Манай компани нь Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт байрлах Хавцал уул нэртэй газарт 4069.48 га талбайд 2009 оноос ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшин үйл ажиллагаа явуулж ирсэн. Гэтэл Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 215 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 19-ны өдрийн 312 дугаар тогтоолууд тус тус гарч манай компани болон хэд хэдэн компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон юм. Манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох гол үндэслэл нь төрийн захиргааны байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагаанаас болсон. Тухайлбал, “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 19 дүгээр зүйлийн 19.12 дахь хэсэгт заасан “Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн геологийн судалгааны ажлын явцад тогтоогдсон эрдсийн хуримтлал бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Тусгай зөвшөөрөл нь дуусгавар болсон, цуцлагдсан, тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд хүлээлгэн өгсөн бол сонгон шалгаруулалт явуулж талбайг шинээр олгоно”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь тухайн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй бол уг талбайд сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоно”, 26 дугаар зүйлийн 26.9-д “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалт явуулахгүйгээр 106 тусгай зөвшөөрлийг олгосон нь хууль зөрчсөн төрийн захиргааны ажилтны буруутай үйлдэл гэж үзэж манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байдаг.

Үүнээс хойш удалгүй Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 216 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор дээрх шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон ашигт малтмалын 106 тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгоход сонгон шалгаруулалтад оролцогчдын тэгш байдлыг хангасан, төр болон тусгай зөвшөөрөл эзэмшигчид эд хөрөнгийн хохиролгүй байдлаар шийдвэрлэх үүднээс “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 10 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгуурлалтын журам”-ыг баталж сонгон шалгаруулалт явуулахыг Уул уурхайн сайдад үүрэг болгон даалгаж шийдвэрлэсэн байдаг.

Улмаар Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дах заалт, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоол, Уул уурхайн сайдын тушаалыг тус тус үндэслэн Ашигт малтмалын газар /одоогийн АМГТГ/-аас 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Номгон сумын нутаг дахь 4069.48 га бүхий “Хавцал уул”-ын талбайн сонгон шалгаруулалтыг зарлаж уг шалгаруулалтад манай компани оролцон комиссын үнэлгээгээр 67.2 хувийн санал аван ашигт малтмалын 20393Х дугаартай тусгай зөвшөөрөл эзэмших эрхтэй болсон. Гэтэл Өмнөговь аймгийн Номгон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/2 дугаар тогтоол болон Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/21 дүгээр тогтоолуудаар “Байгалийн нөөц газар”-ын зориулалтаар манай сонгон шалгаруулалтаар зөвшөөрөгдөн авсан талбайг аймгийн болон орон нутгийн тусгай хэрэгцээнд хэсэгчлэн авсан байна.

... Гэтэл аймгийн болон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас манай компанийн хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахдаа манай компанид огт мэдэгдээгүй, хуулийн хүрээнд олгогдсон хайгуулын талбайн солбицлыг зөв зүйтэй шивж оруулаагүй зэрэг төрийн захиргааны байгууллага хоорондын ажлын уялдаа холбоо муугаас болж бодит байдал дээр манай компанийг хойшид ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй байдалд хүргээд байна. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авсанаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үргэлжлүүлэн явуулах эрхтэй” гэж тус тус зааснаас үзвэл Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас болон тус аймгийн Номгон сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас манай компанид нөхөх олговрыг олгох нь битгий хэл дээрх тогтоолуудыг гаргахдаа бидэнд огт мэдэгдээгүй, нөхөн олговрын тусгайлан заасан хуулийн хугацаа 3 жил хэтэрсэн зэргийг харгалзан үзэж, Өмнөговь аймгийн Номгон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/2 дугаар тогтоол, Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/21 дүгээр тогтоолуудыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.   

Нэхэмжлэгч “Ч” ХХК 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр  нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж: “... Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/2 дугаар тогтоол, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/21 дугаар тогтоолуудын хавсралтад заасан талбайгаас “Ч” ХХК-ийн 020393Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж буй дээр дурьдсан координат бүхий талбайтай давхцаж буй хэсгийг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “...  2014 онд Монгол Улсын засгийн газраас 216 дугаартай тогтоол гаргасан. ... Энэ тогтоолын дагуу манай компани 2009 онд өмнө нь эзэмшиж байсан талбай дээрээ өөрсдөө хөрөнгөө гарган босго үнийг байршуулан оролцож, Өмнөговь аймгийн Номгон сумын Хавцал уул нэртэй газарт комиссын дүнгээр 67.2 хувийн санал авч дахин ялсан. Ийнхүү 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон.

Манай компани хайгуулын тусгай зөвшөөрлөө гардан аваад 2016 онд тухайн газраа очоод хайгуулын ажлаа хийх гэтэл сумын зүгээс Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/2 дугаартай тогтоол гарч танай тусгай зөвшөөрөлтэй газар орон нутгийн тусгай хэрэгцээний газар болсон. Мөн Өмнөговь аймгийн хэмжээнд тогтоол гарсан гэж тайлбарласан. Энэ хайгуулын ажил нь газрыг ухаж төвхнөх биш, энэ бол геологийн судалгаа юм. Үүний дагуу бид Ашигт малтмалын газарт хандаж, энэ талаар тодруулахад Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/2, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 9/21 дүгээр тогтоолуудаар танай компанийн хайгуулын тусгай зөвшөөрлөөр авсан газар чинь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газартай давхцаж байна гэсэн хариуг бидэнд өгсөн.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлд нэгдүгээрт цаг хугацааны дарааллыг авч үзэх нь зүйтэй. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас анхны тогтоол гарсан. Гэтэл Ашигт малтмалын газар 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сонгон шалгаруулалтыг зарлаж, Монголын мэдээ сонины дугаарт нийтлүүлж, байгууллагын вэб сайтад байршуулсан байсан. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалт 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хоёр тогтоол гарахаас өмнө түрүүлж зарлагдсан. Энэ тогтоолууд Кадастрын бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болох ёстой. Хэрвээ сонгон шалгаруулалт зарлахаас өмнө аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоолуудаа гаргаад Кадастрын бүртгэлд бүртгүүлсэн байсан бол Ашигт малтмалын газарт анхнаасаа энэ сонгон шалгаруулалт явагдахгүй байсан.

Хууль зүйн үндэслэлийн хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т тухайн орон нутаг, сум эсхүл аймгийн засаг, захиргааны байгууллага Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно гэж заасан. Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т энэ хуулийн 16.1.1, 16.1.6 16.1.7,16.1.11 дэх хэсэгт заасан 4 үндэслэлээр тухайн шатны Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрыг тусгай хэрэгцээнд авч болно гэж заасан. Энэ дөрвөн үндэслэлд юу хамаардаг вэ гэхээр улсын тусгай хамгаалалтын газар, аймаг дундын отрын бэлчээр, улсын тэжээлийн сангийн хадлангийн талбай, бичил уурхайн олборлолтын талбай гэж байна. Ийм л дөрвөн үндэслэлээр авч болно. Энэ хоёр тогтоолын хувьд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтыг үндэслэсэн байх ба энэ заалтаас үзвэл тодорхой газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа 5 жилээс доошгүй байна гэж заасан. Өмнөговь аймгийн болон Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Ашигт малтмалын тухай хуульд зааснаар газрыг тусгай хэрэгцээнд авах гэж байгаа бол Газрын тухай хуульд заасан үндэслэлээр авах ёстой байсан. Захиргааны үйл ажиллагаа нь бүхэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар хуульд нийцсэн байх зарчмыг баримтална. Гэвч Газрын тухай хуулийг огт үндэслээгүй байгаа нь энэ газрыг орон нутаг тусгай хэрэгцээнд авах зорилго нь тодорхойгүй гэж үзэж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт эрх бүхий байгууллага тодорхой газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан бол дор дурдсан мэдээллийг шийдвэр гарснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. Энэ нь тусгай хэрэгцээнд авсан газар байрших аймаг, сумын нэр, цэгийн солбицлууд, авсан зорилго гэж тусгайлан зааж өгсөн байна. Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэмдэглэлийг судлаад үзэхэд тухайн орон нутагт хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг байхгүй болгоё. Иймээс зөвшөөрөл огт өгөхгүй гэж ярилцаад бүгдээрээ санал нэгдээд тогтоолоо гаргасан байдаг. Гэтэл Газрын тухай хуульд газрыг тусгай хэрэгцээнд авах үндэслэлийг зааж өгсөн байдаг. Эдгээр үндэслэлд зөвшөөрлийг огт олгохгүй байя гэсэн үндэслэл байхгүй. Иймээс хууль зөрчиж манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй газарт хууль бусаар халдсан. Орон нутаг газрыг тусгай хэрэгцээнд авч болно. Гэхдээ авах гэж байгаа бол тухайн захиргааны байгууллага Ашигт малтмалын газраас манай энэ хоёр тогтоолын дагуу лизенц эзэмшиж байгаа компаниуд байна уу гэж нэрийг нь тодруулах ёстой байсан. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар лизенц эзэмшигч байгууллагын тусгай зөвшөөрөлтэй газрыг тусгай хэрэгцээнд авсан бол хохирлыг барагдуулах ёстой. Хохирлыг барагдуулаагүй бол лизенц эзэмшигч байгууллага лизенцээ үргэлжлүүлэн ашиглах эрхтэй. Энэ тухай Ашигт малтмалын тухай хуульд нарийвчлан заасан байдаг. 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Өмнөговь аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал болсон. Энэ хурал дээр би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Булгамаа гэдэг хүнээс хурлын тэмдэглэлээс чинь үзэхэд танайх лизенц олгохгүй гэдэг үндэслэлээр газраа тусгай хэрэгцээнд авсан юм байна.  Тийм үү гэж асуухад тийм гэж хариулсан байдаг.

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ашигт малтмал газрын тосны газраас Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 9/21 дугаартай тогтоолыг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бүртгэсэн тухай болон мөн 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1/6 дугаартай тогтоолыг бүртгээгүй талаар тодорхойлж албан бичгийг нотлох баримтаар ирүүлсэн байна. Мөн 2009 оны 8 дугаар сарын 19-ны өдрийн 45 тоот Өмнөговь аймгийн Засаг даргын саналыг  дэмжсэн тухай баримт байна. 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Ашигт малтмалын газраас Ч ХХК нь сонгон шалгаруулалтад оролцож 67.2 хувийн санал авч шалгарсан тухайг мэдэгдсэн. Эндээс юу хэлэх гэж байна вэ гэхээр 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тогтоол гарахаас өмнө сонгон шалгаруулалт зарлагдаж, 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол бүртгэгдэхээс өмнө дүн шийдвэр нь гарсан байгаа юм.

Бидний зүгээс Ашигт малтмал газрын тосны газарт хуулийн мэргэжилтнээр ажилладаг Дашдаржааг гэрчээр асуулгах хүсэлтийг гаргаж асуулгасан. Түүний мэдүүлэгт үндсэн 3 санаа байна. Үүнд: Тухайн үеийн Ашигт малтмалын газрын даргын буруутай үйл ажиллагаанаас болоод 106 компаний тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон. Үүнээс болоод төр, компани хохирсон. Иймээс төр болоод иргэдийг хохиролгүй болгох үүднээс Засгийн газрын тогтоол гарч хүчингүй болсон 106 талбай дээр сонгон шалгаруулалт зарласан. Сонгон шалгаруулалтад Ч ХХК оролцсон гэдгийг нотолсон. Хоёрдугаарт нэгэнт сонгон шалгаруулалт зарлагдсан байхад энэ 2 тогтоолыг бүртгэсэн нь Кадастрын мэргэжилтний буруу гэдгийг хэлсэн байна. Гуравдугаарт Сонгон шалгаруулалт зарласан байхад Өмнөговь аймаг тухайн газрыг тусгай хэрэгцээнд авсан нь Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх ажилд саад учруулсан гэдгийг нотолсон байна.

Энэ сонгон шалгаруулалтын хувьд арай өөр онцлогтой. Өөрөөр хэлбэл өмнө нь авч байсан лизенцийг сэргээх зорилгоор энэ сонгон шалгаруулалт явагдсан. Тийм учраас Өмнөговь аймгийн Засаг даргын 2009 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 45 тоот санал хүчин төгөлдөр. Сонгон шалгаруулалт зарлаж, шийдвэр гарсны дараа орон нутаг тусгай хамгаалалтад авсан. Давж заалдах шатны шүүхээс 2 үндэслэлээр анхан шатны шүүх рүү буцаасан. Энэ нь маргаж буй тогтоолуудыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эзэмшиж буй хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай тусгай хамгаалалттай талбайгаас гарахгүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгчээс тодруулах, мөн маргаан бүхий тогтоолууд нь Кадастрын хэлтсийн санд бүртгэгдсэн эсэхийг тодруулсны үндсэн дээр дүгнэлт хийж шийдвэрлэх нь зүйтэй гэж заасан байдаг. Анхан шатны шүүх холбогдох ажиллагааг хийсэн. Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2012 оны 11 дүгээр 26-ны өдрийн 1/6 дугаар тогтоолыг Кадастрын бүртгэлд бүртгээгүй тухай хариу болон үүнтэй холбоотой 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх” тухай албан бичиг байна. Иймээс бидэнд энэ тогтоолтой маргах шаардлага байхгүй.

Бид сүүлд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Үүндээ тогтоолд орсон газруудыг координатаар нарийвчлан гарган өгч, холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн. Иймд дээрх үндэслэлүүдээр Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/21 дүгээр, Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/2 дугаар тогтоолуудын хавсралтад заасан талбайгаас “Ч” ХХК-ийн 020393Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж буй талбайтай давхцаж байгаа хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/2 дугаартай, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 9/21 дугаартай тогтоолууд Ашигт малтмалын газарт ирэх үед нь тус газар Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу энэ газруудын талбайд чинь нэгэнт сонгон шалгаруулалт зарлагдсан. Иймээс бүртгэх боломжгүй байна гээд анхнаасаа бүртгэхгүй байх ёстой байсан юм билээ. Гэтэл ажилтны хариуцлагагүй үйлдэл, програмын алдаанаас болоод бүртгэчихсэн гэж ашигт малтмалын газар өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Шинээр лизенцийг олгох гэж байгаа бол аймгийн Засаг даргаас санал авдаг. Харин энэ тохиолдолд өөр. Засгийн газрын тогтоолын дагуу өмнөх зөвшөөрлийг сэргээх зорилгоор явагдсан тул 2009 оны аймгийн Засаг даргын санал хүчинтэй. Бүх зүйл хуулийн дагуу болсон. Өмнөговь аймаг бол ногоон бүрхэвчгүй, модгүй газар. Номгон суманд гүний ус байна гэж тогтоогдсон зүйл байхгүй. Би энэ үйл ажиллагааг өөрийн эзэмшсэн мэргэжлийн хүрээнд явуулна. Бидний ард ямар нэгэн нууц ноёнтон байхгүй” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Э.Г нар шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “... Нэхэмжлэгч Ч ХХК нь 2009 оноос Өмнөговь аймгийн Номгон сумын Баянбулаг орчмын нутаг буюу Хавцал уул нэртэй газарт 4069.48 га талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан боловч Ашигт малтмалын газраас уг тусгай зөвшөөрлийг  Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж, үндэслэлгүйгээр олгож шийдвэрлэсэн нь Нийслэлийн Баянгол дүүргийн анхан шатны шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 215 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 тогтоолоор тус тус тогтоогдож нэхэмжлэгч компанийн ашигт малтмалын тухай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Ашигт малтмалын газраас нэхэмжлэгч “Ч” ХХК-д хууль бусаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон байх хугацаанд буюу 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 1/6 дугаар тогтоол гарган Номгон сумын Хавцал уул гэх газар хамаарах Баянбулаг, Борзонгийн говь, Ямаат толгой зэрэг газрын 139904.41 га талбайг “Байгалийн нөөц газрын ангилал”-аар буюу байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилго бүхий ой, амьтан ус, ургамал байгалийн нөөц газраар орон нутгийн тусгай хамгаалалтад авч холбогдох хууль, журмын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлд бүртгүүлсэн юм.

Ашигт малтмалын газраас 2009 онд “Ч” ХХК-нд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсэгт “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон талбайд ашиглалтын тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгоно” гэж заасныг зөрчиж тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн нь илт хууль бус байсан болох нь анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхээр тус тус тогтоогдож, шүүхийн шийдвэр эцсийн байдлаар хүчин төгөлдөр болсон.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч компани Номгон сумын Баян булаг орчмын нутаг буюу Хавцал уул нэртэй газарт 4069.48 га талбайд 2009 оноос ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан гэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар олгогогдсон эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэлд дурьдсан ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдоогүй газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад зохих ёсоор авсан 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1/6 дугаар тогтоол нь дээрх цаг хугацаанаас 3 жилийн дараа буюу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Ашигт малтмалын газраас зарласан сонгон шалгаруулалтанд оролцож хайгуулын тусгай зөвшөөрөл авсан “Ч” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хэрхэн хөндөж хохирол учруулаад байгаа нь ойлгомжгүй байна.

Ашигт малтмалын газраас аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргад ирүүлсэн албан бичигт дурдсан чиглэлийн дагуу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/21 дүгээр тогтоолоор дээр дурдсан аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 1/6 дугаар тогтоолын солбицолд өөрчлөлт оруулалгүй, зөвхөн тусгай хамгаалалтанд авсан хугацааг 15 жил гэж тодруулан өөрчлөлт оруулсан болно. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 9/21 дүгээр тогтоол нь шинээр эрх зүйн үр дагавар үүсгэсэн акт биш, зөвхөн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн чиглэлийн дагуу бүрэн эрхийн хүрээнд  өмнө нь гаргасан тогтоолд өөрчлөлт оруулсан байгууллагын шийдвэр болно. Иймд “Ч” ХХКомпаниас аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсч байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... 2009 онд анх “Ч” ХХК-д Хавцал уул нэртэй газарт тусгай зөвшөөрлийг олгосон боловч 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоол гарч “Ч” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газрыг давхцуулаад тухайн газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг. Энэ тогтоолоор нийтдээ 139904.41 га талбайг байгалийн нөөц газрын ангиллаар буюу байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилго бүхий ой, амьтан, ус, ургамал, байгалийн нөөц газраар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан. Үүгээр юуг хэлэх гэж байна гэвэл:

2009 онд төрийн захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас ч гэдэг юм уу эсхүл компани хууль бусаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан энэ нөхцөл байдал дээр орон нутаг хамгийн анх 2012 онд тусгай хамгаалалтад авсан. Үүнд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй гэсэн зарчмыг баримталсан. Эрүүгийн шүүхийн шийдвэрийн хууль зүйн үр дагавар нь “Ч” ХХК 2009 онд Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл анхнаасаа эзэмшээгүй юм байна гэж дүгнэсэн. “Ч” ХХК-ийг хууль бусаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байхад нь Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2012 оны 11 дүгээр  сарын 26-ний өдөр тогтоол гарч хуулийн хугацаанд бүртгүүлэхээр Ашигт малтмал газрын тосны газарт хүргэгдсэн байдаг. Ашигт малтмалын газар 2012 оны тогтоолыг хууль зөрчсөн байна гэж үзээгүй, цэгцлэх асуудал байна гэж мэдэгдсэн байдаг. 

2014 онд Ашигт малтмал газрын тосны газрын даргын буруутай үйл ажиллагааны улмаас хохирол амссан гэх 106 аж ахуй, нэгж байгууллагад эзэмшиж байсан газрууд дээр нь дахин шинээр сонгон шалгаруулалт явуулж хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшүүлэхээр шийдвэр гарсан байдаг. Өмнөговь аймгийн Номгон сумын нутагт байрлах Хавцал уул нэртэй газарт хайгуулын тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалт зарлагдах гэж байна гэж бидэнд мэдэгдээгүй, Засаг даргаас ч санал аваагүй. Ашигт малтмалын газар нь Ч ХХК-д сонгон шалгаруулалтад шалгарсан тухайг мэдэгдсэн юм байна. Эндээс харахад 2 байгууллага л хоорондоо мэдээлэл солилцоод байсан байдал харагдаж байна. Гэтэл манайд ямар ч мэдээлэл ирээгүй. Мэдээж мэдэгдсэн бол тусгай хэрэгцээнд авахгүй байсан байх. Ашигт малтмалын газар нь байгууллагын facebook нүүр хуудсандаа тавигдсан байсан баримтыг  хэвлэж өгсөн байна. Энэ байгууллагын нүүр хуудсанд тавигдсан мэдээллийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрөө олж мэдэх үүрэггүй. Үүнийг давж заалдах шатны шүүх дүгнэхдээ мэдэгдэл нутгийн өөрөө удирдах байгууллагад очсон эсэхийг тодруулах хэрэгтэй гэж дурдсан гэж би ойлгож байна.

Мөн гэрч Дашдаржаагийн мэдүүлгээр тогтоолыг бүртгэсэн нь хууль зөрчсөн гэж тогтоож болохгүй. Ашигт малтмалын газар Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тогтоолыг 10 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн болохоор сонгон шалгаруулалтад оролцсон компанийг бүртгэх ёсгүй байсан. Шүүх 2009 онд өгсөн аймгийн Засаг даргын санал болон эрх олгохтой холбоотой бүх процессыг нь хууль зөрчсөн гэж үзээд хүчингүй болгочихсон байхад нэхэмжлэгч аймгийн Засаг даргын санал нь хүчинтэй гээд тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Ашигт малтмалын газар өнөөдөр бантан хутгаад сууж байгууллага. Бидний зүгээс хүчин төгөлдөр эрхтэй нь маргаагүй.

Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус тус гарч, Ашигт малтмал газрын тосны газарт хүргэгдэж, улмаар 2015 оны 10 дугаар сарын 30, 12 дугаар сарын 11-ний өдөр тус тус бүртгэгдсэн. Харин “Ч” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарч, шийдвэр гарснаас хойш 12 дугаар сарын 25-ны өдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь гарсан байна. Ингээд цаг хугацааны хувьд хэрвээ шийдвэр гарснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон гэж үзэж байгаа бол Өмнөговь аймаг болон Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолууд “Ч” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдохоос өмнө гарч, бүртгэлийн санд бүртгэгдсэн байна. Иймээс энэ хоёр тогтоол нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндөөгүй, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлж тогтоолыг гаргасан  тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ” гэв.

  Хариуцагч Н.Б шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: “ ... Өмнөговь аймгийн Номгон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд нэхэмжлэлд дурьдсан тухайн компаний ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан талбай бүхий газрыг 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/2 дугаар тогтоолоор байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалан хамгаалах зорилгоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан болно. Гэтэл нэхэмжлэгч “Ч” ХХК нь тухайн газарт 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авсан нь Номгон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 11/2 тоот тогтоолын дараа гарсан байгаа тул нэхэмжлэлийг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсч байна” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Бын тайлбартай цаг хугацааны хувьд санал нэг байна. Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал Ашигт малтмалын тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баримтлан тогтоолоо гаргасан. Тухайн нутаг дэвсгэрт оршин суудаг иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх гээд байсан учраас энэ газрыг тусгай хэрэгцээнд авсан юм.

... Бидэнд албан ёсоор Ашигт малтмалын газраас энэ сонгон шалгаруулалтын талаар мэдэгдээгүй. Манайд усны орд газар бий. Тэнд амьдарч байгаагийн хувьд би мэдэж байна. Олон мод бий. Энэ хүмүүс өөрсдөө очиж судалж үзэх хэрэгтэй. Өнөөдөр ард түмэн босч байна. Нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа тул миний бие сум орон нутгийнхаа нийт иргэдийн төлөөлөл болж энэ шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож байна. Бидний дуу хоолой холбогдох байгууллагад нь хүрэхгүй байна. Хайгуулын зөвшөөрөл авсан хүн дараа нь заавал ашиглалтын лизенцийг авдаг юм. Хэдийгээр компани хохирсон гэж байгаа боловч мөн иргэд хохирч байна. Урьд нь биднээс санал авч, шийдвэр гаргадаг байсан бол одоо урвуу байдлаар буюу биднээс санал авахгүйгээр дээд газар шууд шийдвэрлэдэг болжээ. Үүнд гомдолтой байна” гэв.     

Иргэдийн төлөөлөгч Б.М шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: “Өмнөговь аймгийн болон Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь Ашигт малтмалын тухай хуулийг үндэслэл болгохдоо Газрын тухай хуулийг үндэслэл болгох ёстой байсан боловч Газрын тухай хуулийг үндэслээгүй байна. Иймд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд нь хуульд нийцээгүй гарсан гэж бодож байна”  гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/21 дүгээр тогтоол, мөн аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/2 дугаар тогтоолуудын “Ч” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах гэж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр “... тогтоолуудын хавсралтад заасан талбайгаас “Ч” ХХК-ийн 020393Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж буй ... талбайтай давхцаж буй хэсгийг тус тус хүчингүй болгуулах” гэж тодруулжээ.

Нэхэмжлэгч талаас “... 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тогтоол гарахаас өмнө буюу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сонгон шалгаруулалт албан ёсоор зарлагдаж, 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол бүртгэгдэхээс өмнө сонгон шалгаруулалтын дүн шийдвэр нь гарсан. Өөрөөр хэлбэл сонгон шалгаруулалт 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хоёр тогтоол гарахаас өмнө түрүүлж зарлагдсан. Хууль зүйн үндэслэлийн хувьд Өмнөговь аймгийн болон Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Ашигт малтмалын тухай хуульд зааснаар газрыг тусгай хэрэгцээнд авах гэж байгаа бол Газрын тухай хуульд заасан үндэслэлээр авах ёстой байсан. Гэвч Газрын тухай хуулийг огт үндэслээгүй нь хуулийг зөрчсөн байна” гэж, хариуцагч талаас “ Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус тус гарч, Ашигт малтмал газрын тосны газарт хүргэгдэж, улмаар 2015 оны 10 дугаар сарын 30, 12 дугаар сарын 11-ний өдөр Кадастрын бүртгэлд тус тус бүртгэгдсэн. Харин “Ч” ХХК-д ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр нь 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гарсан. Цаг хугацааны хувьд шийдвэр гарснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон гэж үзэх юм бол Өмнөговь аймаг болон Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолууд “Ч” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдохоос өмнө гарч, бүртгэлийн санд бүртгэгдсэн байна” гэж тус тусын тайлбар, татгалзлаа гаргаж маргана.

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг харьцуулан шинжлэн судалж, тал бүрээс нь үнэлж дүгнээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/21 дүгээр тогтоолын хавсралтад заасан талбайгаас “Ч” ХХК-ийн 020393Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж буй талбайтай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/21 дүгээр тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Байгаль орчны сайдын 2000 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 07 тоот тушаалаар батлагдсан “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай” журмын 4.3 дахь заалтыг тус тус үндэслэн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1/6 дугаар тогтоолоор орон нутгийн тусгай хамгаалалтад авсан Гурвантэс, Номгон, Булган, Ханхонгор сумын нутаг дахь газрын доорхи цэнгэг усны орд газруудын солбилцолд өөрчлөлт оруулж, 2 дахь заалтаар тогтоолын хавсралтад заагдсан солбилцол бүхий газрыг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалах зорилго бүхий ой, амьтан, ус, ургамал байгалийн нөөц газраар 15 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн байх ба улмаар энэхүү тогтоолыг Ашигт малтмал, газрын тосны газар Кадастрын бүртгэлийн системдээ 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэжээ. /2-р хавтаст хэргийн 248-р хуудас/.  

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт “Хурлаас гаргасан тогтоол ... тухайн асуудлыг харъяалах дээд шатны байгууллагаас гаргасан шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн Хурал өөрчлөх буюу хүчингүй болгоно”, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Тодорхой газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа 5 жилээс доошгүй байна”, Байгаль орчны 07 тоот тушаалын 1 дүгээр хавсралтын 4.3 дахь хэсэгт “Газар нутгийг орон нутгийн хамгаалалтад авах асуудлыг Засаг даргын өргөн мэдүүлснээр Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3-т заасныг үндэслэн аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх ба түүний хилийн заагийг тогтоож, өөрчилж болно” гэж заасныг тус тус үндэслэн Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 9/21 дүгээр тогтоолыг гаргасан нь хуульд нийцсэн байна.    

Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” 114 тоот тогтоол /2-р хавтаст хэргийн 193-р хуудас/, Ашигт малтмалын газрын /хуучнаар/ 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 6-1056 тоот албан бичиг /2-р хавтаст хэргийн 189-р хуудас/, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай”  1/6 дугаартай тогтоол /3-р хавтаст хэргийн 22-р хуудас/, Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн хуралдааны тэмдэглэл зэрэг бичгийн баримтаас /2-р хавтаст хэргийн 241-246-р хуудас/ үзэхэд маргаан бүхий тогтоолд дурьдагдсан газруудыг орон нутаг тусгай хамгаалалтад авахаар өмнө нь шийдвэрлэж байжээ.

Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллага Ашигт малтмалын газрын /хуучнаар/ 2014 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 6-1056 тоот албан бичигт үндэслэн 2012 онд гаргасан шийдвэртээ өөрчлөлт оруулж, түүнчлэн хуульд заасан шаардлагыг хангуулан тодорхой газруудыг тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

2.Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 11/2 дугаар тогтоолуудын хавсралтад заасан талбайгаас “Ч” ХХК-ийн 020393Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж буй талбайтай давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/2 дугаар “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “к”, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь заалтууд, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2007 оны 8/7 дугаар тогтоолоор батлагдсан “Аймгийн тусгай хэрэгцээний газарт мөрдөх журам”-ын 1.3.2 дахь заалтууд, Байгаль орчны сайдын 2000 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 07 тоот тушаалаар батлагдсан “Газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтанд авах тухай” журмын 4.3 дахь заалтыг тус тус үндэслэн Тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Номгон сумын нутагт орших Бага Номгон уул орчим, Үнэгт уул, Хар цав, Хүрмэн цагаан овоо нэртэй газар, Задгай бүлээний нутаг, Оньт уул, Таван толгойн тал нэртэй газар, Гурамсангийн тал, нийт 336560.62 га газрыг байгалийн унаган төрх, хэв шинжийг хадгалан хамгаалах зорилгоор ой, амьтан, ус ургамал, байгалийн нөөц газраар 5 жилийн хугацаатай орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн ба түүнчлэн уг тогтоолыг Ашигт малтмал, газрын тосны газар 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Кадастрын бүртгэлийн системдээ бүртгэжээ. /2-р хавтаст хэргийн 248-р хуудас/    

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “к”-д “нутаг дэвсгэрийнхээ тодорхой хэсгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай Засаг даргын саналыг хэлэлцэн шийдвэрлэх”, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт “Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргах” гэж тус тус заасан байх бөгөөд энэ хуулийн зүйл, заалтад үндэслэн Өмнөговь аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд нутаг дэвсгэрийнхээ тодорхой газрыг тусгай хамгаалалтад авах тухай шийдвэр гаргасан нь холбогдох хуулийг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаан дээр “Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 9/21 дүгээр, мөн аймгийн Номгон сумын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/2 дугаартай тогтоолууд нь Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт зааснаар Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт заасныг үндэслэж гарах ёстой байсан. Гэвч хоёр тогтоол Газрын тухай хуулийг огт үндэслээгүй ба энэ нь тогтоолуудыг хүчингүй болгох үндэслэл” гэж маргадаг ч  хариуцагч Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан “...Тухайн нутаг дэвсгэрт оршин суудаг нийт иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх гээд байсан учраас энэ газрыг тусгай хэрэгцээнд авсан юм. Нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа тул миний бие сум орон нутгийнхаа нийт иргэдийн төлөөлөл болж энэ шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцож байна ... “ гэх тайлбарыг шүүх үнэлж, Газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “аймаг, нийслэл, сум, дүүрэг энэ хуулийн 16.1.1, 16.1.6, 16.1.7, 16.1.11-д заасан зориулалтаар өөрийн эрх хэмжээнд нийцүүлэн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авч болно” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлээр маргаан бүхий тогтоолуудыг хүчингүй болгох боломжгүй байна гэж дүгнэв.      

            4. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн тогтоол гарахаас өмнө буюу 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сонгон шалгаруулалт албан ёсоор зарлагдсан байсан. 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдөр буюу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол Кадастрын мэдээлийн санд бүртгэгдэхээс өмнө манай компанид тусгай зөвшөөрөл олгох тухай дүн шийдвэр нь гарсан байсан” гэж цаг хугацааны дарааллаар маргах боловч Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө” гэж заажээ. Өөрөөр хэлбэл энэ хуулийн заалтаас үзвэл эрх бүхий байгууллагад газрыг тусгай хамгаалалтад авах шийдвэр гаргах хугацааг хуулиар хязгаарлаагүй байх ба шаардлагатай гэж үзсэн нөхцөл байдал үүссэн ямар ч тохиолдолд энэ тухай шийдвэр гаргах эрх нь нээлттэй байна.  

             Ашигт малтмал, газрын тосны газар нь Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 216 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын онцлог, 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн сонгон шалгаруулалтын урилга, тухайн сонгон шалгаруулалтын үр дүн, шийдвэрийн талаар аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мэдээлэл хүргүүлээгүйгээс гадна мөн Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 9/21 дүгээр, Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 11/2 дугаар тогтоолуудыг Кадастрын мэдээллийн санд бүртгэсэн атлаа энэ газруудад сонгон шалгаруулалтыг явуулж, улмаар комиссын дүгнэлтийг үндэслэн эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаснаас энэ үр дагаварт хүрсэн гэж үзэхээр байна.

             Иймээс дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч “Ч” ХХК-ийн Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/21 дүгээр, мөн аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 11/2 дугаар тогтоолуудын хавсралтад заасан талбайгаас “Ч” ХХК-ийн 020393Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж буй талбайтай давхцаж буй хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2. “к”, 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.4, Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсгүүдэд тус тус заасныг баримтлан “Ч” ХХК-ийн Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан тогтоолд өөрчлөлт оруулах тухай” 9/21 дүгээр, мөн аймгийн Номгон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн “Зарим газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай” 11/2 дугаар тогтоолуудын хавсралтад заасан талбайгаас “Ч” ХХК-ийн 020393Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу эзэмшиж буй талбайтай давхцаж буй хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Хэргийн оролцогч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                         В.Ц

                                     ШҮҮГЧИД                          Б.С

                                                                                Л.Б