Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дэмбэрэлийн Батбаатар |
Хэргийн индекс | 112/2021/0032/З |
Дугаар | 221/МА2022/0456 |
Огноо | 2022-06-23 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 221/МА2022/0456
Б.М-ын нэхэмжлэлтэй,
Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг
даргад холбогдох захиргааны
хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,
Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар,
Нэхэмжлэгч: Б.М,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд: Б.О,
Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолыг биелүүлж, нэхэмжлэгч Б.М-ыг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолыг биелүүлэхийг Төгрөг сумын Засаг даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нэмэгдлийг гаргуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай“,
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Б.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г, хариуцагч Б.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, гуравдагч этгээд Б.О нар,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,
Хэргийн индекс: 112/2021/0032/з.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.М Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргад холбогдуулан маргасан байна.
2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрээр: ”Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан Б.М-ыг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахгүй байгаа Төгрөг сумын Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолыг биелүүлэхийг Төгрөг сумын Засаг даргад даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М-ын нэхэмжлэлийг хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны 123 дугаар тогтоолоор хууль бус болох нь тогтоогдсон Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2021 оны Б/13 дугаар захирамжийн улмаас Б.М-т учирсан хохирол болох ажилгүй байсан хугацааны 270 хоногийн олговор 22,241.250 /хорин хоёр сая хоёр зуун дөчин нэгэн мянга хоёр зуун тавин/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулж, түүнээс эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргад даалгаж” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.1. Анхан шатны шүүх “урьдчилан шийдвэрлүүлэх журмаар зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргээгдсэн тул нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарласан.
3.1.2. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн.
3.1.3. Хариуцагч Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг үл биелүүлж, захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйн улмаас зөрчигдсөн эрхээ сэргээлгэх нэхэмжлэл захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарна гэж үзэж байна.
3.1.4. Төрийн албаны тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.4, 76.5, 76.6 дахь зохицуулалтууд нь Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй албан тушаалтанд авах хариуцлагын арга хэмжээг зохицуулснаас гадна хариуцагчид арга хэмжээ авснаар нэхэмжлэгчийн шууд ажилд үргэлжлүүлэн ажиллуулах үр дагавар үүсгэх зохицуулалт агуулаагүй гэж үзэж байна.
3.1.5. Иймд Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.2.1. Анхан шатны шүүх Б.М-ын гомдлын шаардлыг хүрээнд оролцогчдын тэгш байдлыг хангаагүй, хууль бус, хэтэрхий нэг талыг барьсан, танил тал харсан, намчирхсан, улс төржсөн Төрийн албаны зөвлөлийн 123 дугаар тогтоолоор шийдвэр гаргасанд гомдолтой байна.
3.2.2. Б.М- төрийн албаны ёс зүйн хэм хэмжээ, дэг журмыг зөрчсөн, албан тушаалын тодорхойлолтод заасан төрийн албаны зорилго, зорилтын чиг үүргийг хангалтгүй биелүүлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй, төсвийн сахилга бат, ажлын хариуцлага алдсан гэдэг үндэслэлээр зөвхөн албан тушаал бууруулсан, ажлаас халаагүй байтал гэм буруугаа ойлголгүй, зааж өгсөн ажлын байранд ажиллаагүй, өдийг хүрсэн.
3.2.3. Зөвхөн албан тушаал бууруулсан нь хэтэрхий энэрэнгүй хандсан гэж бодсон учраас би Авлигатай тэмцэх газарт хандсан, одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа тул хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан ч анхан шатны шүүх хангаагүй.
3.2.4. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.3. Гуравдагч этгээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.3.1. Б.М-ын нэхэмжлэл нь нэхэмжлэлийн хэлбэр, бүрдүүлбэр, шаардлагыг хангаагүй, утга агуулгын зөрүүтэй байсныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна.
3.3.2. Б.М-ын ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй, ямар хуультай зөрчигдөж байгааг тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй, зөвхөн Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг л хэрэгжүүлэх шаардлага тавьж, тогтоолыг хэрэгжүүлээгүйгээс ямар эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж, ямар хуулийн ямар заалт зөрчиж байгааг нотлоогүй.
3.3.3. Албан тушаал бууруулсан Засаг даргын захирамжийн үндэслэлүүдийг нотлох баримтын хүрээнд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлээгүй, зөвхөн Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг баримталж албан тушаал бууруулсан захирамжийн хууль зүйн үндэслэлийг харгалзаж үзэлгүй хэтэрхий нэг талд үйлчилсэн гэж үзэж байна.
3.3.4. Б.М-ын тухайд албан тушаал бууруулаад зогсохгүй, өөр хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авагдах үндэслэлүүд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа болно.
3.3.5. Иймд Б.М-ын ямар эрх, ашиг зөрчигдөж байгаа, ямар хууль зөрчсөнийг тогтоолгохоор дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
4. Нэхэмжлэгч хариуцагч болон гуравдагч этгээдийн, хариуцагч болон гуравдагч этгээд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлуудыг тус тус үгүйсгэж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянав.
2. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлуудыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:
2.1. Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д заасан үндэслэлүүд тогтоогдсон тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулах боломжтой.
2.2. Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг дарга 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар “хууль тогтоомж, төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, дэг журмыг зөрчин, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангалтгүй биелүүлж, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлсэн, өгсөн үүрэг даалгавруудыг удаа дараа биелүүлээгүй, төсвийн сахилга бат, ажлын хариуцлага алдсан” гэх үндэслэлүүдээр сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.М-ыг албан тушаал бууруулжээ.
2.3. Б.М- сумын Засаг даргын дээрх захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлын дагуу Төрийн албаны зөвлөл 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоолоор Төрийн албаны тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоож, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын 2021 оны Б/13 дугаар захирамжийг хүчингүй болгож, Б.М-ыг өмнө ажиллаж байсан Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажилд үргэлжлүүлэн ажиллуулахыг Говь-Алтай аймгийн Төгрөг сумын Засаг даргад үүрэг болгож, төрийн албаны төв байгууллагын шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд буруутай албан тушаалтныг үүрэг ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүлээлгэхийг мэдэгджээ.
2.4. Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.-д “Томилох эрх бүхий этгээд болон төрийн албан хаагч, уг албанд нэр дэвшигчийн хооронд энэ хуулийн 25, 26, 27, 45, 46, 47, 48 дугаар зүйл, 52.2, 66.1.11-д заасан асуудлаар гарсан маргаан болон төрийн жинхэнэ албан хаагчаас цалин хөлс, ажиллах нөхцөл, баталгааны талаар гаргасан бусад маргааныг хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол төрийн албаны төв байгууллага хянан шийдвэрлэнэ“, 76 дугаар зүйлийн 76.1-д “Энэ хуулийн 75.1-д заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлага, мэргэшлийн шалгалттай холбогдон гаргасан шийдвэр хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол төрийн албаны төв байгууллага өөрчлөх буюу хүчингүй болгоно”, 76.4-д “Төрийн албаны төв байгууллагын болон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, биелүүлсэн боловч албан хаагчийг хууль бусаар дахин ажлаас халсан албан тушаалтны шийдвэрийг энэ хуулийн 76.7-д зааснаас бусад тохиолдолд төрийн албаны төв байгууллага хүчингүй болгож, буруутай албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлөх мэдэгдлийг эрх бүхий этгээдэд хүргүүлнэ”, 76.6-д “Энэ хуулийн 76.4, 76.5-д заасныг зөрчсөн эрх бүхий этгээдийг төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр төрийн албанаас хална” гэж заасан.
2.5. Төрийн албаны зөвлөл хуулиар олгогдсон бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлж, хариуцагч албан тушаалтны маргаан бүхий захирамжийг хууль зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгосноор нэхэмжлэгч Б.М-ын зөрчигдсөн эрх сэргэсэн байна.
2.6. Тодруулбал, Төрийн албаны тухай хуульд заасан журмаар эрх бүхий этгээд нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн захиргааны актыг хүчингүй болгож, хариуцагч албан тушаалтанд нэхэмжлэгчийг үүрэгт ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулахыг үүрэг болгож шийдвэрлэсэн, хуулиар тухайн шийдвэрийг биелүүлэх арга журмыг тодорхой хуульчилсан энэ тохиолдолд уг асуудлаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
2.7. Анхан шатны шүүх энэ талаар зөв дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д нийцсэн байна.
2.8. Хариуцагчаас Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх “тогтоосон хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй” үндэслэлээр буцаасан нь хэргийн оролцогч нарын тайлбар, баримтаар тогтоогджээ.
2.9. Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 123 дугаар тогтоол хүчин төгөлдөр тохиолдолд түүнийг Төрийн албаны тухай хуульд зааснаар биелүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс “шүүхэд мэдүүлэх эрхийг хууль бусаар хязгаарласан”, хариуцагчаас “Б.М-ын гомдлын шаардлагын хүрээнд оролцогчдын тэгш байдлыг хангаагүй, хууль бус, хэтэрхий нэг талыг барьсан, танил тал харсан, намчирхсан, улс төржсөн Төрийн албаны зөвлөлийн 123 дугаар тогтоолоор шийдвэр гаргасан“, гуравдагч этгээдээс “зөвхөн Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг л баримталсан” гэж маргаж байгаа нь хуулийн дээрх заалтуудтай зөрчилдөж байна.
2.10. Шүүх Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 123 дугаар тогтоол гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, мөн хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлснийг буруутгах боломжгүй.
2.11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлуудыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлуудыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР