Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 08

 

 

Б.Өлзийбаатарын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Л.Нямдорж, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 426 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын иргэн Иөншөөбү овогт Биймаагийн Өлзийбаатарын нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын иргэн Тангуд овогт Дампилын Отгонбаярт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, эд хөрөнгө гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Б.Өлзийбаатарын давж заалдах гомдлоор 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Өлзийбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Өлзийбаатар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 онд Д.Отгонбаяртай гэр бүл болсон. 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр том хүү О.Балжинням, 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр бага хүү О.Түвшинбаяр нар төрсөн. Манай нөхөр байнга архи ууж, агсам тавьж, зоддог. 2014 онд эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрлийн гэрээ байгуулж эвлэрч байсан. Энэ удаа мөн эвлэрүүлэн зуучлалаар орсон. Д.Отгонбаяр нь гэрлэхээсээ өмнө нь архи уудаг байсан. Би гэрлээд уухаа болино гэдэг байсан ч тэр хэвээрээ, дараа нь хүүхэдтэй болоод уухаа болино гэж байсан ч уугаад байдаг. Хүүхдээ төрөөд шөнө хүүхдээ аваад хонож байхад эгч рүүгээ чи зайл, би явлаа гээд явчихдаг байсан. Би архи уухаа болих байх гэж бодсон ч тийм зүйл болоогүй. Архи уухгүй 7 хоног байж чаддаггүй. Хэл амаар доромжилж хэрүүл хийж, хааяа надад гар хүрч зоддог. Намайг жирэмсний амралттай байхад сумаас авдар авдраар нь архи авчирдаг байсан. Аав, ээжид нь хэлэхээр үгэнд нь ордоггүй, зарим үед чиний юмыг хэрэглээгүй гэж өмөөрдөг. Сүүлдээ хутга шөвөг бариад хөөдөг, шөнө гарах гэхээр хувцас аваад үлдчихдэг.

 

Заримдаа гадаа аргалын бүтээлэг нөмрөөд, заримдаа эмнэлэг дээрээ хонодог байсан. Манай дарга нар энэ байдлыг бүгд мэдэж байгаа. Салах гэхээр хүүхдээ авна гээд байдаг байсан. Гайгүй болох байх гээд Завхан аймаг руу Лха таван тэнгэр гэх хүн рүү архинаас гаргуулахаар авч явсан. Дараа нь Сэлэнгэ аймаг руу н.Цэцэгмаа гэх хүн рүү, дараа нь Энэтхэгийн эм авчирч уулгаж байсан. Тэр эмийг уугаад 3, 4 сар уухгүй байж байгаад уучихсан. Уучихаад намайг ална гэж хутга барьж дайрч, агсам тавьдаг. Надад үхэх хүртэл бодол орж ирдэг байсан. Би хоёр хүүхдээ боддог, нэг удаа миний хурууг хутгаар зүссэн. Би тэр үед нь цагдаад хэлэхэд Д.Отгонбаяр нь мэс хэрэглэсэн гэх утгаараа 3-5 жилийн ял авах гээд байсан. Тэр үедээ хоёр хүүхдийнхээ эцгээс заавал ял өгөөд салаад яахав гэж бодсон. Хажуугаар нь Д.Отгонбаярын 9 эгч нь залгаад яаж ийж байгаад цагдаагаас салгаад ав гээд гуйгаад байхаар нь би гомдолгүй гэж хэлээд цагдаагаас гаргаж байсан. Одоо 2 хүүхдээ өөрийн асрамжид авч, хоёр хүүхдийнхээ тэтгэлгийг тогтоолгохыг хүсэж байгаа. Мөн хамтран амьдарч байхдаа Д.Отгонбаярыг архинаас гаргах гэж би өөрөө 9 сая төгрөгийн зээл, ээжийнхээ тэтгэврийн зээлийг аваад байсан 469 машиныг зарж мөнгөө нэмж байгаад хот хооронд ачаа тээвэрлүүлэхээр маяти машин авч өгч байсан. Дараа нь бас зээлээ нэмж аваад 1.350.000 төгрөгөөр Мустанг-200 мотоцикль авсан. Тэгээд цалингийн зээлээ нэмээд авсаар л байсан. Тэгээд ноднин архи уухаа болилоо, одоо зээлийг чинь даралцья ноолуурын мөнгө олоод өгөөч гээд би зээл дээрээ нэмээд 3 сая төгрөгийг авч өгсөн. Хүмүүсээс хавар ноолуур авна гээд шинэ жилийн үеэр мөнгөө тараасан. Одоо маяти машин нь байж байгаа. Ноднин эвдрээд чирч авчирсан. Хүний нэр дээр байдаг машин. 2010 онд 1 амбаартай 4 тал хашаа авсан. Тэр хашаагаа сунгаад нэмж граш барьсан. Үл хөдлөхийн гэрчилгээг авах гэхээр Д.Отгонбаяр нь нэр дээрээ шилжүүлж авахгүй байгаа. Би өөрөө авах гэхээр газар худалдан авах гэрээгээ Д.Отгонбаярын нэр дээр хийсэн учраас заавал үнэмлэх бичиг баримт нь хэрэгтэй гээд надад олгохгүй байгаа. Хэрвээ надад газар олгох шийдвэр гарвал Сумын Засаг дарга захирамжаар гаргаж газрын даамалдаа өгөөд тэндээсээ бичиг авч аймгаас гэрчилгээгээ гаргуулж авах боломжтой. Газрын гэрчилгээ нь Г.Гэрэл гэх хүний нэр дээр байдаг, эрх нь бол шилжсэн гэрчилгээ нь гараагүй байгаа. Намайг хавар ах нь малаа ав гээд малаа авах гээд очиход манай тэмдэгтэй 8 бүдүүн эр хонь байсан. Би хоёр хүүхэдтэйгээ нийлээд 6 эр хонь өг гэсэн чинь эр хонь, ямаа өгөхгүй гээд надад 5 хургатай 16 хонь, 60 ямаа 18 ишиг өгсөн. Хурга ишиг нь жилийн эцсийн тооллогонд ороогүй байсан. Тухайн үед малыг том ах нь өгч, мал тууж өгсөн. Би 120 малтай гэрлэсэн ч надад 100 мал өгсөн. Ах нь надад шүүхээр ороод хүүхдүүдийнхээ юмыг аваарай гэж хэлсэн. Тэр үед н.Цог гэх хүнийг эхнэртэй нь суулгаад дандаа том их ноолуур гардаг ямаануудаа өгөхгүй гээд дандаа жижиг мал өгсөн. Жижиг мал авсан ч мал нь өснө. Дундын хөрөнгө болох өвөлжөө, /хашаа, модон амбаар/ 4.000.000 /дөрвөн сая/, хаваржаа /чулуун хашаа, саравчтай 2 ихэр хашаа, чулуун амбаар/ 4.000.000 /дөрвөн сая/, хаваржаа /1 чулуун хашаатай/ 3.000.000 /гурван сая/ сумын төв ДЖЖ 4-7 дөрвөн тал хашаа, амбаар блокон грашны хамт 4.500.000 /дөрвөн сая таван зуун мянга/ жилийн эцсийн мал тооллогод бод 9 толгой 2.500.000 төгрөг, бог 180 толгой 11.500.000 төгрөг, Bongo frontier уг машинтай өөр хүний нэр дээр байгаа 3.500.000 төгрөг, мустанг-5-200 мотортой 700.000 төгрөг, 5 ханатай иж бүрэн гэр, 3.000.000 төгрөг, Хаан банкинд зээлийн үлдэгдэл 8.000.000 төгрөгийн үлдэгдэл уг зээлийг 2012 онд Д.Отгонбаярыг архины эмчилгээнд явуулаад маяти 2 маркийн машин аваад анх миний нэрээр цалингийн зээл авсан, уг зээл дуусаагүй байхад 2015 оны эхээр том хүүгийн бие өвдөөд нэмэлтээр зээл авсан. 2015 оны 12 дугаар сард 10.000.000 төгрөгийн цалингийн зээл авсныг би өөрийн цалингаас гэрээний дагуу төлж байгаа одоогоор 8.141.679 төгрөгийн зээлийн үлдэгдэл надад байгаа Д.Отгонбаяраас 4 тал хашаа граш амбаарын хамт, мөн bongo frontier машины зээлийн 50 хувийг төлүүлэх мөн малаасаа хувь авахыг хүсэж байна. Д.Отгонбаяр нь NBCH автобус компанид ажиллаж байгаа гэж хүүтэйгээ ярьсан байна лээ. Машиныг 2013 онд мотоциклийг 2016 онд худалдаж авсан. Д.Отгонбаярын нэр дээр биш өөр хүмүүсийн нэр дээр шилжүүлж аваагүй байгаа. Одоо 3 хүндээ хувааж 30 толгой хонь, 21 ямаа, сумын төв дээр байгаа 4 тал хашаа, эвдэрсэн байгаа машинаа авах хүсэлтэй байна. Д.Отгонбаярт байшин хашаа хороотой өвөлжөө, 2 хаваржаа, иж бүрэн тавилгатай буюу 5 өргөө хивстэй, 1х4 хивс, 2х1.5 хивс, 2х80 см хивс 1 ширхэг, модон ор, буйдан, зурагт, хүлээн авах, тоос сорогч, мөлхөө тавилга, зуух пийшин, гал тогооны хэрэгсэл, ширмэл эсгий хивс, бүтэн хулдаастай гэр зэрэг хөрөнгүүд бүгд Д.Отгонбаярт байгаа. Мөн Мустанг-200 мотоцикль байгаа. Хавар 3 сард авсан мотоциклыг Соёлын төвийн галчаас худалдаж авсан. Одоо н.Энхсайхан гэх хүргэн ахынх нь хашаанд байгаа. Тэр нь бичиг баримт байхгүй. Д.Отгонбаярын өөр дээр байсан бод малны тухайд маргаан байхгүй. Д.Отгонбаярт 2 адуу 1 үхэр, надад 1 үхэр 2 адуу байгаа. Надад 2 үхэр байсныг би идшинд энэ жил гаргачихсан. Би дахиж эвлэрэх хүсэлтгүй байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж, 2 хүүхдийг миний асрамжинд үлдээж, тэтгэлгийг тогтоож, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Отгонбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Дампил овогтой Отгонбаяр би 1982 онд төрсөн, 8 дугаар анги төгсөж, эцэг эхийн гар дээр амьдарч байгаад 2006 онд цэргийн албанд татагдаж, 2006 онд цэргээс халагдаж ирээд 2007 онд Биймаа овогтой Өлзийбаатартай гэрлэж, 2 хүүхдийн ээж, аав болсон билээ. Ингээд 2007 оноос 2013 он хүртэл гэр бүлийн халуун дулаан уур амьсгалтай, сайхан амьдарч байсан. 2013 оноос эхлэн хэрүүл байнга гарч архичин гэж үргэлж дарамталдаг болсон бөгөөд ална гэж гар хутгаар зүссэн, тэр ч бүү хэл мотоциклийг шатааж байхад би очиж унтраасан. Найз нөхөдтэйгээ гэртээ ирэхэд намайг болон тэднийг архичид зайл гэж элдэв муухай үгээр доромжлон хөөдөг. Би тэгээд хоёр хүүхдээ бодоод эргэж амьдармаар, хүүхдүүдээ эцгийн хайраар дутаалгүй явмаар санагдаж хоёулаа эргэж хамтдаа амьдарья гэж хэлж ярьсан боловч зөвшөөрөхгүй байгаа болно. Гол нь би өвчтэй хүүхдээ бодоод тэр хүүхдээ эцэг хүний хувьд эмчлүүлж, эдгэрүүлэх шаардлагатай байгаа. Миний хүү чихрийн шижин өвчтэй үргэлж эмчилгээ хийлгэж, хоолны өмнө 4 ширхэг тариа өдөрт хийлгэдэг. Сая би хотод байхдаа элэг хамгаалах эм 170.000 төгрөгөөр авч өгч, хотод хувийн эмнэлэгт хэвтүүлж 300.000 төгрөгөөр эмчлүүлж өөрөө харж байсан. Энэ хүүхдээ бодвол бид нийлж амьдарч үр хүүхдийнхээ сайн сайхан ирээдүйн төлөө хамтдаа зүтгэх ёстой гэж эцэг хүний хувьд бодож байна. Архи ууж, эхнэр хүүхдээ гомдоож байсандаа маш их харамсаж байна. Би бүх гэмээ ухаарч байна. Архинаас гарах эмчилгээ Улаанбаатар хотод хийлгэж, архи уухаа больсон. Би хань Б.Өлзийбаатар, хүү О.Балжинням, О.Түвшинбаяр нараасаа уучлал гуйж хойшид аз жаргалтай байлгах болно. О.Балжинням бид хоёрын халамжид байж эмчилгээ хийлгэж эдгэх шаардлагатай байгааг харгалзан үзнэ үү. Б.Өлзийбаатарын нэхэмжлэлийн талаар уншиж танилцан дундын хөрөнгө болох эд хөрөнгийн жагсаалт гаргаж үнэлгээ тавьсан зарим нэг зүйлийг үл зөвшөөрч байна. Өвөлжөөг өндөр настай аав маань өөд болохдоо бага хүү надад өвлүүлж үлдээсэн юм. Өвөлжөө, хаваржаа миний өмч биш, том ахдаа эзэмшүүлэх хүсэлтэй байгаа. Энэ бол бидний дундын өмч биш гэж үзэж байна. Баян-Уул сумд байгаа хашаа хүний нэр дээр байдаг. Малын хувьд би 2006 онд Б.Өлзийбаатартай суухдаа 450 бог, 25 бод мал, иж бүрэн тавилгатай гэр, зил 130 машин, иж-5 мотоцикльтой гэрлэсэн болно. 2015 онд мал тооллогоор 180 бог тоолуулсан боловч 2016 оны 05 дугаар сарын 20-ны үед Б.Өлзийбаатар нь 120 бог малыг ямаа самнахын өмнө аваад явсан. Одоо надад 30 бог мал байгаа, өөр юу ч үлдээгүй, хөдөө амьдрах боломжгүй болоод хотруу явсан. Бод мал 7 адуу, үхэр 5 байгаа. Гэрийн хувьд би эхнэр, 2 хүүхдэдээ гэр орноо орхиод ирсэн. Би хотод ажил хийгээд мөнгө төгрөг олоод архинаас гараад гэртээ очно гэсэн бодолтой байгаа гэвч Б.Өлзийбаатар нь өөр бодолтой байгаа, намайг архичин минь зайл, хүү О.Балжиннямыг чи үхэж далдраач, Д.Отгонбаяр та хоёрыг үхэхээр би жаргаж амьдрах гээд байна, шүүхийн шийдвэрээр салаагүй болохоор би хүнтэй сууж болохгүй байна, надад суух хүн бэлэн байна гэж байнга утсаар дарамталдаг. Өвчтэй хүүхдэд минь үхэж далдраач гэх мэтийн үг хэлдэг хүний эх байдаг юм уу? эцсийн эцэст Б.Өлзийбаатар өөр хүнтэй амьдарлаа гэхэд миний хүүхдэд юу ч олдохгүй. Тиймээс би Б.Өлзийбаатарын нэр дээр юм өгөхгүй, өөрийн гэсэн эд хөрөнгө гэхээр юм ч надад байдаггүй. Харин хүүхдээ насанд хүрсэн хойно нь надад байгаа эд хөрөнгөө шилжүүлэн өгөхөд харамсах юмгүй. Би ахин гэрлэнэ гэж боддоггүй, хүүхдийнхээ төлөө ажиллаж байна гэжээ.

Шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.5, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Тангуд Дампилын Отгонбаяр, Иөншөөбү Биймаагийн Өлзийбаатар нарын Говь-Алтай аймгийн Баян-Уул сумд 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 31 дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү Отгонбаярын Балжинням, 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүү Отгонбаярын Түвшинбаяр нарыг эх Б.Өлзийбаатарын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүү Отгонбаярын Балжинням, 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүү Отгонбаярын Түвшинбаяр нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоож, эцэг Дампилын Отгонбаяраас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг дурдаж, Нэхэмжлэгч Б.Өлзийбаатарын гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Өлзийбаатарт даалгаж, Тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол тэтгэлэг төлөгч Д.Отгонбаяр нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг зориулалтын дагуу зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Өлзийбаатар нь Д.Отгонбаярыг эцгийн хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлж, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс гэрлэлт цуцлуулах шаардлагад төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлэг 1.977.800 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 46.595 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод, гэрлэлт цуцлуулах шаардлагад нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг хариуцагчаас, нэхэмжлэгчийн дундын эд хөрөнгө гаргуулах шаардлагад төлсөн 229.295 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Өлзийбаатарт олгохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 426 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дүгээр заалт Нэхэмжлэгч Б.Өлзийбаатарын гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхихыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд: Б.Өлзийбаатар, Д.Отгонбаяр нар хамтран амьдрах хугацаандаа зээл авсан байсан. Үүний нотлох баримт хавтаст хэргийн материалд байсан, шүүх шийдээгүй орхисонд гомдолтой байна. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 8.141.679 төгрөг байсан. Үүний тал болох 4.070.899 төгрөгийг Д.Отгонбаяраас гаргуулах хүсэлтэй байна.

Мал: Одоо 30 хонь, 21 ямаа гаргуулах хүсэлтэй байгаа Малын тоо баримт хэргийн материалд байгаа.

Хонь 30-аас эр хонь 6, эм хонь 14, төлөг 10-ыг гаргуулах,

Ямаа: 21-ээс 11 эр ямаа, 10 эм ямаа гаргуулах хүсэлтэй байгаа. Малаа мөнгөн дүнд шилжүүлэхээр 3.680.000 төгрөг болж байгаа.

Иймд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 426 дугаартай Говь-Алтай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж эд хөрөнгийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Өлзийбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 426 дугаартай шийдвэрийн Б.Өлзийбаатар миний бие гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага хэлэлцэхгүй орхисныг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Үүнд: Б.Өлзийбаатар, Д.Отгонбаяр нар хамтран амьдрах хугацаандаа зээл авсан байсан. Үүнийг нотлох баримт хавтаст хэргийн материалд байсан шүүх шийдэхгүй орхисонд гомдолтой байна. 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр шүүх хуралдаан болох өдөр зээлийн төлөлтийн байдлыг шүүхэд өгсөн баримт байгаа. Одоо зээлийн үлдэгдэл 8.141.679 төгрөг байсан. Үүний тал болох 4.070.899 төгрөгийг Д.Отгонбаяраас гаргуулах хүсэлтэй байна.

Мал: Одоо 30 хонь, 21 ямаа гаргуулах хүсэлтэй байгаа малыг тооны баримт хэргийн материалд байгаа. Хонь 30-аас эр хонь 6, эм хонь 14, төлөг 10-ыг гаргуулах.

Ямаа 21-ээс 11 эр ямаа, 10 эм ямаа гаргуулах хүсэлтэй байна. Малаа мөнгөн дүнд шилжүүлэхээр 3.680.000 төгрөг болж байгаа.

Иймд 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 426 дугаартай Говь-Алтай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж эд хөрөнгийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Өлзийбаатар нь хариуцагч Д.Отгонбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, гэр бүлийн дундын эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

 

Шүүх гэрлэгчдийн гэр бүлийг цуцалж, хүүхдүүдийн асрамж, тэтгэлгийг тогтоож, бага насны хүүхдүүдийг эх Б.Өлзийбаатарын асрамжид үлдээж шийдвэрлэжээ.

 

Харин нэхэмжлэгчээс гэр бүлийн дундын эд хөрөнгөөс гэр бүлийн гүшүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага гаргасан байхад орхисон нь буруу байна.

Уг шаардлагыг хүлээн авч, хэлэлцэхгүй орхисон нь ойлгомжгүй байна.

 

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж, өөрчлөн гаргаж, улсын тэмдэгтийн хураамж төлж өгсөн /х/х-ийн 104, 105 дугаар тал/ байхад нэхэмжлэлийг хариуцагчид танилцуулж, хариу тайлбар хийх, нотлох баримт гаргаж өгөх зэрэг зохигчийн хуульд заасан эрхийг хангаагүй нь буруу гэж үзнэ.

 

Хавтаст хэргийн материалд байгаа нэхэмжлэлийн хувь гардуулсан, эрх, үүрэг тайлбарласан, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид эрх үүрэг тайлбарласан тухай баримтуудад шүүгчийн гарын үсэг байхгүй байгаа /х/х-ийн 18, 19, 20 дугаар тал/ зэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байна.

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 426 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 138.963 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсгүүдэд зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ш.БАТТОГТОХ

                               ШҮҮГЧИД                                      Л.НЯМДОРЖ

                                                                                      Т.ЖАРГАЛСАЙХАН