| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/1607/Э |
| Дугаар | 1713 |
| Огноо | 2020-09-29 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | А.Сайнбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 1713
2020 09 29 2020/ШЦТ/1713
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,
улсын яллагч А.Сайнбаяр,
шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Э.Т-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 02532 1837 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол улсын иргэн Б овогт Э.Т, урьд өмнө нь 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 933 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял,
-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 277 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ял,
-Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 768 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.О маргалдан зодолдож улмаар эрүү яс, зүүн гайморын хөндийн урд ханийн хугарал, зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хажуу доод хэсэгт цус хуралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Э.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй, урьд үнэн зөв мэдүүлэг өгсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Н.О-д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 06 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө найз Т-тэй уулзах гээд Шар хадны 2-ын буудал дээр Т-тэй хамт явж байхад архи зардаг таньдаг ах нар тааралдаад юм яриад зогсож байтал өмнө нь маргалдаад салсан залуу тааралдаж надтай юм ярих гэж намайг дагуулж хашааны буланд очоод юм яриад зогсож байхад тэр залуугийн найз нь гэх намхан биетэй залуу ирээд надад бид нар шар хаданд 10 гаруй жил амьдарч байна. Чи яг яах гээд байгаа юм гэтэл цаанаас нэрийг нь мэдэхгүй залуу архи уучихсан согтуу ирээд надтай юм яриад зогсож байхад надтай юм ярина гэж дагуулж хашааны буланд очсон залуу миний эрүүнд нэг удаа цохихоор нь би газарт унатал миний зүүн талын хацарт өшиглөж гэдэсний баруун хэсэгт бас өшиглөсөн. Би архи уугаагүй эрүүл байсан. Намайг зодсон залуу архи уучихсан байсан. Миний биед учирсан гэмтлүүдийг Т учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,
Гэрч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ”...Т бид хоёрыг Шар хадны 2-н буудал дээр очиход өмнөх өдөр нь маргалдаад салсан залуутай тааралдаж Т тэр залуутай хашааны буланд очсон. Би наад талд нь хараад зогсож байхад тэр хоёр хоорондоо юм яриад зогсож байгаад Т тэр залуугийн нүүрэнд гараараа нэг удаа цохитол тэр залуу газарт унасан. Тэгэхээр нь дээрээс нь хэвлий хэсэгт нь нэг удаа өшиглөхөөр нь би Т-ыг татаж авсан ...” гэх мэдүүлэг / хх-ийн 11-13/ ,
Яллагдагч Э.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Г бид хоёрыг Шар хадны 2-н буудал дээр очиход өмнөх өдөр нь маргалдсан байсан залуутай тааралдаж хашааны буланд очиж юм яриж байгаад би тэр залуугийн эрүү хэсэгт нь гараараа нэг удаа цохиход тэр залуу газарт унасан. Тэгэхээр нь би дээрээс нь нэг удаа өшиглөсөн. Надад цохиулсан залуугийн нэрийг О гэдэг болохыг би цагдаагийн газарт ирээд мэдсэн. О архи уугаагүй байсан. О-г надаас өөр цохиж зодсон хүн байхгүй. О-ын биед хүндэвтэр гэмтэл би учруулсан нь үнэн. Би О-ын биед хүндэвтэр гэмтэл учруулсандаа гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №6083 тоот дүгнэлтэд:
1 Н.О-ын биед эрүү яс, зүүн гайморын хөндийн урд ханийн хугарал,зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хажуу доод хэсэгт цус хуралт гэмтэл мөр, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
3 Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх-ийн 17-18/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/, төлбөрийн баримт /хх-ийн 14-15/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Э.Т нь 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Г.О маргалдан зодолдож улмаар эрүү яс, зүүн гайморын хөндийн урд ханийн хугарал, зөөлөн эдийн няцрал, хэвлийн баруун хажуу доод хэсэгт цус хуралт бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч Н.О-ын: “...2020 оны 06 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө найз Т-тэй уулзах гээд Шар хадны 2-ын буудал дээр Т-тэй хамт явж байхад архи зардаг таньдаг ах нар тааралдаад юм яриад зогсож байтал өмнө нь маргалдаад салсан залуу тааралдаж надтай юм ярих гэж намайг дагуулж хашааны буланд очоод юм яриад зогсож байхад тэр залуугийн найз нь гэх намхан биетэй залуу ирээд надад бид нар шар хаданд 10 гаруй жил амьдарч байна. Чи яг яах гээд байгаа юм гэтэл цаанаас нэрийг нь мэдэхгүй залуу архи уучихсан согтуу ирээд надтай юм яриад зогсож байхад надтай юм ярина гэж дагуулж хашааны буланд очсон залуу миний эрүүнд нэг удаа цохихоор нь би газарт унатал миний зүүн талын хацарт өшиглөж гэдэсний баруун хэсэгт бас өшиглөсөн. Би архи уугаагүй эрүүл байсан. Намайг зодсон залуу архи уучихсан байсан. Миний биед учирсан гэмтлүүдийг Төгсбаяр учруулсан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Г: ”...Т бид хоёрыг Шар хадны 2-н буудал дээр очиход өмнөх өдөр нь маргалдаад салсан залуутай тааралдаж Т тэр залуутай хашааны буланд очсон. Би наад талд нь хараад зогсож байхад тэр хоёр хоорондоо юм яриад зогсож байгаад Т тэр залуугийн нүүрэнд гараараа нэг удаа цохитол тэр залуу газарт унасан. Тэгэхээр нь дээрээс нь хэвлий хэсэгт нь нэг удаа өшиглөхөөр нь би Т-ыг татаж авсан ...” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч Э.Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Э.Т-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Н.О-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 276.000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдав.
Шүүгдэгч Э.Т-т хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Э.Т-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Т-ыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Т-ын урьд цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагаар тооцон түүний эдлэх ялаас хасч /120 цаг/, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх цагийг 600 /зургаан зуу/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Т-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Т нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хохирол төлбөрт 276.000 төгрөгийг нөхөн төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.Т-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР