Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 1871

 

 

 

 

 

 

   

2020        10          27                                     2020/ШЦТ/1871

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Санаасайхан,

Улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,

Шүүгдэгч Г.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Г-н Д-д холбогдох эрүүгийн 2006 00000 2478 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

           Шүүгдэгч Г.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэв Таун хотхоны 43а байрны 311 тоотод иргэн Б.Болдбаярын нүүрэн тус газарруу нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Дий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Болдбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ ... би найз охин Халиутай маргалдсан тэгтэл нөгөө өрөөнөөс Дөлгөөн орж ирээд намайг 2 гараараа боож унагаагаад орон дээр унагаагаад баруун гараараа миний нүүрэн тус газар 5-6 удаа цохиход миний үүдэн 1 шүд хугарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

Гэрч О.Халиугийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Дөлгөөнөө жижиг өрөөнөөс гарч ирээд Болдоогийн нүүрэн тус газар нь 1 удаа цохиход Болдоо буйдан дээр унасан чинь дээр нь гараад хоолойг нь боож байгаад баруун гараараа нүүрэн тус газар нь 9-10 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

Гэрч Э.Шижирмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тэгээд би хүн орилох чимээнээр өглөө 06 цагийн үед сэрээд би  том өрөө рүү ороод Болдбаяр, Халиу хоёр дээр очиход Халиу нь хацараа гараараа барьчихсан уйлсан байдалтай намайг цагдаад дуудлага өгчих гээд байсан. Тэгээд Болдбаяр нь орилоод амандаа юм бувтнаад байсан. Тэгээд гэнэт Болдбаяр нь том өрөөний ширээг өргөөд дээр нь байсан аяга, тавга, архины шилийг хамт хамаад шидсэн. Тэгээд найз охин Халиугаа зодох гээд хоолой руу нь гараа хүргээд цамцнаас нь татаад байсан. Би жижиг өрөөрүү ороод Дөлгөөний сэрээгээд Батболд Халиуг зодох гээд байна гэж хэлээд Дөлгөөн бид хоёр том өрөөнд орж ирсэн чинь Болдбаяр нь Халиугийн чихрүү нь алгадсан. Дөлгөөн энд юу болоод байгаа юм бэ гэж хэлээд Болдбаярыг буйдан дээр суулгатал Халиу нь Дөлгөөнд хандан Болдбаяр намайг байнга зоддог 14 хоног гэрээс гаргахгүй зодсон, байнга хоолой боогоод, биеийн далд хэсгээр зоддог гэж уйлж байсан ... Болдбаяр нь бид нарт агсам тавих гээд байхаар нь Дөлгөөн нь Болдбаярыг алгадаад буйдан дээр унагаагаад хэсэг зуур цагдаа иртэл Дөлгөөн нь Батболдыг хоёр гараараа дарахад Болдбаяр нь Халиуруу чи намайг цагдаад өгч байгаа юм уу гээд орилоод Халиуг зодох гээд байхаар нь Дөлгөөн Болдбаярыг заамдаад нүүрлүү нь 1 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/,

Батлан Хамгаалахын Эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 46 дугаартай “Б.Болдбаярын биед зүүн зовхинд цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, хүзүү, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Болдбаярын биед учирсан гэмтлүүд нь 3-5 өдрийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар 5 хувь алдагдуулна” гэсэн дүгнэлт /хх-ийн 59-67 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

Гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Г.Д нь 2020 оны 08 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах New Town хотхоны 43а байрны 311 тоотод хохирогч Б.Болдбаярын нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн зовхинд цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, хүзүү, баруун гуянд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан шүүгдэгч Г.Дий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, хохирогч Б.Болдбаярын “би найз охин Халиутай маргалдсан тэгтэл нөгөө өрөөнөөс Дөлгөөн орж ирээд намайг 2 гараараа боож унагаагаад орон дээр унагаагаад баруун гараараа миний нүүрэн тус газар 5-6 удаа цохиход миний үүдэн 1 шүд хугарсан. Би Дөлгөөнөө чи болиоч ээ гэж орилсон. Дөлгөөн надаас гараа салгахгүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8 дугаар хуудас/, гэрч О.Халиугийн “Тэгтэл Дөлгөөнөө жижиг өрөөнөөс гарч ирээд Болдоогийн нүүрэн тус газар нь 1 удаа цохиход Болдоо буйдан дээр унасан чинь дээр нь гараад хоолойг нь боож байгаад баруун гараараа нүүрэн тус газар нь 9-10 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр хуудас/, гэрч Э.Шижирмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Тэгээд би хүн орилох чимээнээр өглөө 06 цагийн үед сэрээд би  том өрөө рүү ороод Болдбаяр, Халиу хоёр дээр очиход Халиу нь хацараа гараараа барьчихсан уйлсан байдалтай намайг цагдаад дуудлага өгчих гээд байсан. Тэгээд Болдбаяр нь орилоод амандаа юм бувтнаад байсан. Тэгээд гэнэт Болдбаяр нь том өрөөний ширээг өргөөд дээр нь байсан аяга, тавга, архины шилийг хамт хамаад шидсэн. Тэгээд найз охин Халиугаа зодох гээд хоолой руу нь гараа хүргээд цамцнаас нь татаад байсан. Би жижиг өрөөрүү ороод Дөлгөөний сэрээгээд Батболд Халиуг зодох гээд байна гэж хэлээд Дөлгөөн бид хоёр том өрөөнд орж ирсэн чинь Болдбаяр нь Халиугийн чихрүү нь алгадсан. Дөлгөөн энд юу болоод байгаа юм бэ гэж хэлээд Болдбаярыг буйдан дээр суулгатал Халиу нь Дөлгөөнд хандан Болдбаяр намайг байнга зоддог 14 хоног гэрээс гаргахгүй зодсон, байнга хоолой боогоод, биеийн далд хэсгээр зоддог гэж уйлж байсан ... Болдбаяр нь бид нарт агсам тавих гээд байхаар нь Дөлгөөн нь Болдбаярыг алгадаад буйдан дээр унагаагаад хэсэг зуур цагдаа иртэл Дөлгөөн нь Батболдыг хоёр гараараа дарахад Болдбаяр нь Халиуруу чи намайг цагдаад өгч байгаа юм уу гээд орилоод Халиуг зодох гээд байхаар нь Дөлгөөн Болдбаярыг заамдаад нүүрлүү нь 1 удаа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 12-14 дүгээр хуудас/, Г.Дий мөрдөн байцаалтанд өгсөн “ ... Үүр цайж байх үед би ганцаараа сэртэл хүнийг алгадаж байгаа чимээ гарахаар нь би чихээрээ сонсож байтал Шижирээ өрөөнд орж ирээд найзыг чинь аллаашдээ гэхээр нь би орноосоо босоод том өрөө рүү ороод хартал Болдбаяр нь найз охин Халиуг гараараа алгадаж байсан ... Халиу нь миний чихэнд дөхөж ирээд Болдбаяр нь миний хавиргыг хугалаад хэвтэрт ортол зодож байсан. Одоо чи Болдбаярыг ал гэхээр нь би Болдбаярын дээр нь гараад аман дээр нь баруун гарын шуу хэсгээр хүчтэй дарж байгаад яагаад чи эмэгтэй хүнийг дээрэлхээд зодоод байдаг юм бэ чамайг хүн ингээд зодоод байвал ямар байна гэж хэлээд нүүрэн тус газар нь 2 удаа баруун гараараа цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 26-28 дугаар хуудас/, Батлан Хамгаалахын Эмгэг судлал, шүүх эмнэлгийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 46 дугаартай “Б.Болдбаярын биед зүүн зовхинд цус хуралт, баруун дээд 1 дүгээр шүдний булгарал, хүзүү, баруун гуянд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Болдбаярын биед учирсан гэмтлүүд нь 3-5 өдрийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар 5 хувь алдагдуулна” гэсэн дүгнэлт /хх-ийн 59-67 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгч Г.Дийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

          Хохирогч Б.Болдбаяр нь хэрэгт эмчилгээ хийлгэсэн талаарх хохирлын баримт гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Г.Дийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

          Харин хохирогчийн зүгээс шүд хийлгэх зардалд 3.000.000 төгрөг шаардлагатай, энэ зардлаа нэхэмжлэхээ илэрхийлсэн байх тул энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн цаашид гарах бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Г.Дөөс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Д нь Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Улсын яллагчаас Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох санал гаргасан бөгөөд Г.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн зүйлчлэл болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаахгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж оролцсоныг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус,  зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн” зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Г.Дий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Дий цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Х овогт Г-н Д-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Дд  450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Дд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

            4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Д нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдсүгэй.

            5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Хохирогч Б.Болдбаяр нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу Г.Дөөс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ХАТАНЦЭЦЭГ