Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 790

 

 

 

 

 

 

 

 

 

   2020        09          30                                   2020/ШЦТ/790

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Б.Зэнээмэдрээ,

улсын яллагч А.Нямсүрэн,

шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, М.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011003630153 дугаар хэргийг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөхнуур овогт М.С 1991 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 19-35 тоотод бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо Хайрханы 15-24 тоотод түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч М.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.О нь - Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Яргайтын 20-314 тоотод хохирогч П.Баярбатын засуулахаар итгэмжлэн хариуцуулан өгсөн “Тоёота ланд” круйзер маркийн тээврийн хэрэгслийн обудтай 4 дугуйг 2019 оны 08 дугаар сард бусдад зарж борлуулан завшиж, 3.200.000 төгрөгийн хохирол учруулсан,

- мөн 2019 оны 08 дугаар сард хохирогч П.Баярбатын тээврийн хэрэгсэлд кузов засвар үйлчилгээг хийлгүйгээр дүр эсгэн замаск хийн хуурч 550.000 төгрөгийг урьдчилгаанд авч, 2019 оны 10 дугаар сард будаг хийнэ будагны мөнгө өг” гэж хуурч, 2019 оны 11 дүгээр сард “будаг хийхэд тээврийн хэрэгслийг ачиж зориулалтын байранд аваачна” гэж  хуурч 300.000 төгрөгийг авч, нийт 850.000 төгрөгийг залилан авсан тус тус гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч С.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би 2019 онд Чингэлтэй дүүрэг 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Яргайтын 19-35 тоот хашаанд хувиараа авто кузов засвар ажиллуулдаг байсан юм. Тэгэхэд би тухайн үед нэг хүний хамтаар засварын газар ажиллуулж байхад цуг ажиллаж байсан залуу фэйсбүүк дээр засвар үйлчилгээ хийнэ гэсэн зарыг оруулсан юм. Тэгэхэд надаар Ланд Круйзер 100 загварын тээврийн хэрэгслийг засуулахаар өгсөн ах залгаад машин янзлуулах гэсэн юм гэж холбогдож ярьж байгаад 21 дүгээр хороололд машиныг нь очиж үзээд засвар үйлчилгээ хийхээр болж П.Баярбат гэх хүн өөрөө ачигч машин түрээд тээврийн хэрэгслийг Чингэлтэй дүүрэг 18 дугаар хороо Яргайтын 19-35 тоот хашаанд авчирч надад хүлээлгэж өгөөд явснаас 2 хоногийн дараа урьдчилгаа мөнгө гэж 500.000 төгрөгийг өгөөд надад машиныг хурдан гаргаад өгөөрэй гэж хэлсэн тэгээд тэрнээс хойш чимээгүй байж байгаад 2019 оны 8 дугаар сард би өөрөө хувиараа хөдөө явж байгаад өөрийн тээврийн хэрэгслийнхээ моторыг нь зууруулаад мотороо худалдаж авах гэсэн чинь мөнгө олдохгүй болохоор нь Ланд- 100 загварын тээврийн хэрэгслийн 4 ширхэг обудтай дугуйг нь Өгөөмөр зах дээр очоод зогсож байгаад 350,000 төгрөгөөр зарж борлуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36х/,

- хохирогч П.Баярбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "... Би өөрийн эзэмшлийн Ландкруйзер 100 загварын тээврийн хэрэгслийг гэмтээсэн байсныг зар харж байгаад кузов засварт засуулахаар болж зард байрлуулсан байсан утасны дугаарын дагуу М.О гэх хүнтэй холбогдож ярьж байгаад уг тээврийн хэрэгслийг үзүүлээд 1,500,000 төгрөгөөр засуулахаар болоод тохиролцож сайн янзалж өгөөрэй гээд урьдчилгаа болох 550,000 төгрөг, тээврийн хэрэгслийг Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт тухайн үед хувиараа кузов засвар ажиллуулж байсан хашаанд М.О гэх залууд хүлээлгэж өгсөн юм. Тэгээд би уг тээврийн хэрэгслийг өгснөөс хойш 1 удаа юу болж байгаа талаар ирж үзэхэд уг тээврийн хэрэгслийн 4 дугуй нь байхгүй байсан юм тэгэхээр нь би өөрөөс нь асууж үзэхэд хүмүүс өөрөөс нь гуйгаад байхаар нь би тайлж аваад амбаарт хийсэн байгаа гэж хэлэхээр нь орж үзье гэж хэлсэн чинь түлхүүр нь яг одоо байхгүй байна эхнэр ажилдаа явахдаа аваад ажилдаа явсан байна гэхээр нь би итгээд нэг их тоогоогүй юм. Тэгээд тэр өдөр очиж үзэхэд тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ гэх зүйл хийгээгүй хэвээрээ байсан тэгээд асуухаар одоо ингээд засна гэсэн юм тэгээд 2019 оны 10 дугаар сард намайг ажил дээрээ байж байхад М.О нь надаас тээврийн хэрэгслийн дотор рамыг нь резинэн будгаар будна гэж хэлээд будаг авах гэсэн юм 150.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь уг мөнгийг түүнд бэлнээр өгөөд явуулсан, утсаар залгаад асуухаар засаж байгаа гэж хэлсэн. Резинэн будагны мөнгө авах гэж байгаа гэж мөнгө авснаас хойш сарын дараа буюу 2019 оны 11 дүгээр сард сүүлд намайг ажил дээрээ байж байхад ирээд одоо сэв зураасыг нь гаргасан одоо машиныг чинь тусгай зориулалтын байранд авч очиж код гаргуулан будуулахаа чирч явах машины төлбөрт 150.000 төгрөг шаардлагатай байгаа юм гэхээр нь өгсөн. Надаас нийтдээ уг тээврийн хэрэгслийг засварын төлбөр гэж 850.000 төгрөг авсан. Тэгээд огт утсаа авахгүй болохоор нь би анх машин өгсөн засварын газрын хашаан дээр ирэхэд машиныг сэв зураасыг нь гаргахгүйгээр шууд замаск тавиад сэвийг нь гаргасан байдалтай байсан машиныг үзэхэд засвар нь таалагдаагүй учир машинаа авч явах гэсэн боловч машины 4 дугуй байхгүй байсан учир Содном руу залгаж асуухад би хөдөө явж байна, хот ороод өөрөө очиж байгаад уулзаад дугуйг нь гаргаад өгье гээд таг болсон тэгээд би хайж байгаад хотоос олж аваад уулзаад дугуй гаргаж өг одоо машинаа авъя засвар үйлчилгээний урьдчилгаанд өгсөн мөнгөө авахгүй гэж хэлсэн чинь 4 дугуйг маань яасан гээд асуухаар зүс таних хүн гуйгаад байхаар нь өгөөд явуулсан чинь таг алга болсон гэж хэлсэн юм. Тэгээд би өгсөн хүнээ зааж өг би дугуйгаа олж авъя гэсэн чинь сайн танихгүй гэрийг нь мэдэхгүй хүнд өгөөд явуулсан юм гэж хэлж байсан. М.О 2019 оны 10 дугаар сард дотор рамыг резинэн будгаар будна гэж 150.000, 11 дүгээр сард ачигч машины төлбөр гэж 150.000 төгрөг авсан боловч энэ ажил хийгдээгүй байсан. М.О тээврийн хэрэгслийг хүлээн авахдаа надаас 550.000 төгрөгийн урьдчилгаа авсан тэрнээс хойш засвар үйлчилгээг хийлгүйгээр шууд зузаан замаск тавьснаас өөрөөр засвар үйлчилгээ хийгээгүй. Би хэд хэдэн удаа уулзаж хойноос нь явсан мөн гэрээр нь хэд хэдэн удаа очсон боловч нуугдаад байдаг өнөөдөр гэрт нь орон доогуураа ороод нуугдсан байхад нь олж дагуулж ирж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/,

- гэрч Б.Хумбааны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Яргайтын 19-35 тоот хашаанд байхад М.О хувиараа авто засварын газар ажиллуулж байхдаа одоо гомдол гаргаад байгаа хүний машины кузов засварыг хийхээр авсан. Би 2 хүүхдийн хамтаар хөдөө явахад гомдол гаргасан хүний машин манай хашаанд 4 дугуйтайгаа байсан. Тэгээд би 2019 оны 09 дүгээр сард гэртээ ирэхэд 4 ширхэг дугуй нь байхгүй байхаар нь асуухад эзэн нь өөрөө аваад явсан гэсэн, удалгүй машины эзэн ирээд дугуй хаана байна, дугуйгаа авъя гэх яриа гаргасан. Тэгээд би Содномоос асуухад мөнгөний хэрэг гараад зарж борлуулсан юм гэж хэлсэн тэгээд мөнгийг нь яасан гэхээр яаснаа хэлэхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х/,

- Дамно ХХК-ий Хөрөнгийн үнэлгээний “...2019 оны 8 дугаар сарын зах зээлийн үнэлгээгээр нийт 3.200.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх тайлан /хх-ийн 22-23х/ болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч М.О нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдыг хуурч, 850.000 төгрөгийг залилсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шууд санаатайгаар, шунахай сэдэлтээр хохирогч П.Баярбатын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг зарж борлуулан, олсон мөнгийг хувьдаа завшсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирогч П.Баярбат нийт 4.050.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдсон байх ба хохирогч П.Баярбат нь “...М.О нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан учир цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Миний зүгээс ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул шүүгдэгч М.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж  шүүх үзэв.

Шүүгдэгч М.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч М.Од шүүхээс оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, түүний энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 22 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цаг байхаар тооцон 176 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн, оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, биечлэн эдлэх ялыг 544 цагийн нийтэд тустай  ажил хийлгэх ялаар тогтоов.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч М.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явж болохгүй хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Хөхнуур овгийн М.С бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт,

мөн бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авч бага хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан М.Од шүүхээс оногдуулсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун ная/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 720 /долоон зуун хорь/ цаг нийтэд тустай ажил ялаар тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Оын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 22 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цаг байхаар тооцон 176 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд шилжүүлэн, оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, биечлэн эдлэх ялыг 544 /таван зуун дөчин дөрөв/ цагийн нийтэд тустай  ажил хийлгэх ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар М.Од шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман цагаар эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч М.О нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч М.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явж болохгүй хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.Оыг шүүх хуралдааны танхимаас нэн даруй сулласугай. 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Од авсан түүнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явж болохгүй хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       С.БАТГЭРЭЛ