| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0767/Э |
| Дугаар | 801 |
| Огноо | 2020-10-06 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 06 өдөр
Дугаар 801
2020 10 06 2020/ШЦТ/801
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Г.Ууганбаатар,
хохирогчийн өмгөөлөгч Д.Гангантөгс,
шүүгдэгч П.Ү,
нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Цахирынбүрд овогт П.Ү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000795 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1994 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Төв аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Хаан банкинд борлуулалтын ажилтан ажилтай, ам бүл 2, эхийн хамт Төв аймгийн Зуун мод 6-р баг 40-44 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Цахирынбүрд овогт П.Ү
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч П.Ү нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Ү нь 2020 оны 7 дугаар сарын 30-ны шөнө 02 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХК-ны байрны гадаа хохирогч А.Батхүрэлийг чулуугаар толгойн тус газар нь цохиж, бие махбодид нь тархины доргилт, зүүн зулай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, шарх бүхий гэмтэл учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,
- хохирогч А.Батхүрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 30-ны шөнө 02:00 цагийн үед найз охин Цэцэгтуяагийн гэр болох Чингэлтэй дүүргийн 9-р хороо УБЦТС байрны гадна уулзаад буцаад гэртээ харих гээд найз охины гудамжаар уруудаад явж байтал нэг эмэгтэй хүнийг зодоод байгаа юм шиг хэрүүл маргаан болоод хүмүүс шуугилдаад байхаар нь би өөрийнхөө утсаар 102 дугаарт дуудлага өгөөд утсаа салгасан чинь нэг бараан өнгийн дээлтэй хүн орилоод гартаа хутга шиг иртэй зүйл барьчихсан намайг элдвээр хэлээд зодох гээд дайрсан тэгээд би нөгөө дээлтэй хүнийг түлхээд зугтаагаад шон тойрох үед алаг эрээн цамцтай, намхан халимаг үстэй залуу газраас чулуу аваад надруу дөхөөд ирэхээр нь зугтаж байгаад эргээд хартал миний ард ирээд миний толгой руу нэлээн хэдэн удаа цохисон. Тэгээд нөгөө залуугаас зууралдаж байгаад зугтаах үед гудамжинд явж байсан 3 залуутай тааралдаад тусламж гуйгаад хутга, чулуу барьчихсан хүмүүс явж байна. Миний толгойг хагалчихлаа гээд туслаарай гэж хэлээд тэр хүмүүс цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирсэн. Намайг түргэн ирээд найз охины хамт ГССҮТ аваад явсан. Гэмтэл дээр очоод толгойдоо 5-6 оёдол тавиулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 5х/,
- хохирогч А.Батхүрэлийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн “...Миний эмчилгээний зардалд 977.220 төгрөг зарцуулагдсан. Өмгөөллийн зардал 1.200.000 төгрөгийг зарцуулсан. Нийт 2.177.220 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 8х/,
- гэрч З.Цэцэгтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намайг гэртээ байж байтал манай найз залуу 23:00 цагийн үед ирээд бид хоёр манай гэрийн гадаа уулзаж байтал бороо орсон. Над дээр манай найз залуу Батхүрэл ирэхдээ найзуудтайгаа уулзаад пиво уучхаад ирлээ гэж ирсэн гэхдээ архи согтууруулах ундаа үнэртээгүй. 01:30 цагийн үед найз залуугаа зам руу дөхүүлж өгөх гээд явж байтал нэг эмэгтэй хүнийг зодоод байгаа юм шиг хэрүүл маргаан болоод хүмүүс шуугилдаад байхаар нь найз залуу Батхүрэл өөрийнхөө утсаар 102 дугаарт дуудлага өгөөд утсаа салгасан чинь нэг бараан өнгийн дээлтэй хүн орилоод гартаа хутга шиг иртэй зүйл барьчихсан. Батхүрэлийг чи яахаараа дуудлага өгдөг юм чамд хамаагүй гээд зодох гээд дайрсан тэгээд Батхүрэл нөгөө дээлтэй хүнийг түлхээд зугтаасан чинь алаг эрээн цамцтай, намхан халимаг үстэй газраас чулуу аваад Батхүрэлийн толгой хэсэгт нэлээн хэдэн удаа чулуугаар цохисон. Тэгээд зодоод болихгүй болохоор Батхүрэл зугтаж холдсон чинь дээлтэй хутга барьчихсан хүн найз охиныг нь алчихъя гээд хөөгөөд байсан. Батхүрэл бид хоёр зугтаж байгаад М-Ойл ШТС түгээгүүр рүү гүйж явтал замд дээгүүрээ цээж нүцгэн залуу нэг эмэгтэй хоёр явж байсан. Дээгүүрээ нүцгэн байсан залуу нь Батхүрэлийг зодох гээд барьж аваад Батхүрэлийн хөлд нь унасан. Энэ үед Батхүрэл биеэ хамгаалаад нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би салгаад манай найз залуугийн толгой хагалчихсан байна. Та нартай цуг байсан хүмүүс хаана байна дууд гэж хэлээд энд цуг байж бай, цагдаа дуудчихсан байгаа гэтэл за гээд цагдааг цуг хүлээж байсан. Тэгээд дээгүүрээ цээж нүцгэн залуу цагдаа нарт гэрээ зааж өгөөд үлдсэн. Батхүрэл бид хоёр ГССҮТ төв рүү явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13х/,
- гэрч Н.Одбаатарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би найз Өнөбат, Ганаа гэх хоёр найзтайгаа 2020 оны 07 дугаар сарын 30-ны шөнө 02 цаг орчим Өнөбатын гэрээс гараад дэлгүүр орох гээд явж байтал дээлтэй, хөдөөний 2 ах, эрээн цамцтай халимаг үстэй залуу, шар үстэй намхан туранхай эмэгтэй, түүний дүү гэх бас нэг намхан, майгадуу охин, буржгар үстэй, дээгүүрээ нүцгэн залуу гээд 6 хүн бид гуравтай гудамжаар зөрсөн. Зөрөхдөө нэг дээлтэй ах нь намайг хүнтэй андуураад “нааш ир чи, энийг алчихъя” гэхээр нь би “зүгээр байгаарай ах” гээд зөрсөн. Цааш явж байтал “М ойл” клонкийн хажуу талд нэг эрэгтэй найз охинтойгоо хамт цементэн дээр толгойноос нь цус гарчихсан “туслаарай” гээд сууж байсан. Тэгэхээр нь бид 3 очоод юу болсон талаар асуутал түрүүн бид нартай зөрсөн “дээлтэй залуу зодсон гэсэн. Тэгээд би дуудлага өгөх гэтэл миний утас унтарсан байсанаас найз охлЩх нь гар утсаар 102 руу залгаж дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-15-16х/,
- гэрч С.Тэмүүлэнгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...гадаа Үүрцайх, Луубаатар, нэг найзын хамт үзэх үү гээд орилоод байхаар нь гадаа гарах гээд цонхоор хартал Луубаатар, Үүрцайх, найз нь гурав нэг хүний араас хөөгөөд үзэх үү гээд гүйж байсан. Гадаа гараад иртэл гудамж руу хэсэг хүмүүс гүйлдээд зугтаж байсан. Тэгээд би араас нь гүйгээд очтол нэг залуугийн толгой хагарчихсан цус гарсан байдалтай байснаа чамтай цуг байсан хүмүүс хаана байна, миний толгойг хагалчихлаа гээд хайгаад над руу дайраад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19х/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн N98773 тоот “А.Батхүрэлийн биед тархины доргилт, зүүн зулай хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлдлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25х/,
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1х/,
- Натур эмнэлгийн толгойн компьютерт томографийн шинжилгээ /хх-ийн 27х/,
- Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 35х/ зэрэг болно. болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч П.Үын согтуурсан үедээ хохирогч А.Батхүрэлийг шалтгаангүйгээр танхай сэдэлтээр түүний толгойн тус газар нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч А.Батхүрэлд энэ гэмт хэргийн улмаас нийт 977.220 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч П.Үаас хохирлыг гаргуулж, хохирогчид олгуулахаар шүүх шийдвэрлэж, уг хохирлыг нэг сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Харин хохирогч А.Батхүрэл нь энэ гэмт хэргийн улмаас учирсан баримтгүй нэхэмжилсэн хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Шүүгдэгч П.Үад ял шийтгэл оногдуулахдаа хууль ёсны болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь харгалзан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Батхүрэл нь тогтоосон ажил хөдөлмөр хийдэг байх ба түүний орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шүүх тогтоов.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цахирынбүрд овогт П.Ү хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Үад 1000 /нэг мянга/ нэгж 1.000.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар П.Үад оногдуулсан торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан П.Үаас нийт 977.220 /есөн зуун далан долоон мянга хоёр зуун хорь/ төгрөгийг гаргуулж, хохирогч А.Батхүрэл /РД:УШ98020491/-д олгож, уг хохирлыг 1 /нэг/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоосугай.
6. Хохирогч А.Батхүрэл нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, П.Үад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ