Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 804

 

 

 

 

 

 

   2020        10           07                                 2020/ШЦТ/804

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч А.Х,

шүүгдэгч Ч.А, түүний өмгөөлөгч Г.Өсөхбаяр,

нарийн бичгийн даргаар Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Х, Ч.А нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000769 тоот хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Баянгол дүүрэгт орцны жижүүр ажилтай, ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт амьдардаг, Налайх дүүргийн 5 дугаар хороо, 70 дугаар байрны 01 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Ч.А

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2001 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр хоёр хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Зээлийн 1 дүгээр гудамжны 33б тоотод оршин суух хаягтай, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 229 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хорих ял оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 652 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.3.1-д зааснаар ял оногдуулахыг тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, Шаазгайд овгийн А.Х

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч А.Х, Ч.А нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, дээрэмдэн авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүгдэгч А.Х, Ч.А нар нь бүлэглэн 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Чингэлтэй дүүргийн хорооны нутаг дэвсгэрт гэр бүл болох хохирогч С.Ариунтөгс, Б.Жаргалмаа нарыг гудамд явж байхад нь С.Ариунтөгсийн нүүр рүү Ч.А нь 2-3 удаа цохиж, А.Х нь гар руу нь өшиглөх зэргээр хүч хэрэглэж, довтлон хохирогч Б.Жаргалмаагийн цүнхтэй эд зүйлсийг дээрэмдэж, нийт 295 700 гаруй төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:

- шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

- хохирогч С.Ариунтөгсийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Би Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт амьдардаг бөгөөд манай эхнэр Жаргалмаа бид хоёр салаад 6 жил гаруй хугацаа өнгөрсөн боловч ойрхон ойрхон сүүлийн үед уулзаж байгаа. Тэгээд өнөөдөр намайг тосоод аваарай гэж утсаар 21:30 минутын үед ярихаар нь би за за гэж хэлээд удалгүй төв зам дээр ирчихлээ гэхээр нь тосоод бид хоёр зам дагаад гудамж өгсөөд явсан. Жаргалмаа нэлээн уучихсан хөлөө олохгүй найгаж яваад байсан ба Чингэлтэй дүүргийн 13, 14 дүгээр хороог  заагласан гудамжинд очих үед өөдөөс хоёр үл таних залуу ирж байсан. Тэр үед манай эхнэр явж чадахгүй найгахдаа би нэг залууг нь мөрөөрөө бага зэрэг шүргэсэн, тэгсэн чинь тэр залуу “...Ах яагаад байна аа” гэхээр нь би “...Яасан юм миний дүү” гэсэн чинь шууд миний нүүр рүү цохиод нөгөө залуу нь бас над руу дайрахаар нь би барьцалдаж байхад цагаан футболктой залуу нь эхнэрийн цүнхийг булаагаад зугтсан. Харин би нөгөө залууг нь явуулахгүй ноцолдож байхад миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Тэгээд цагдаа дуудаад удалгүй ирсэн. Тухайн үед намайг согтуу л гэж бодсон байх. Нэг залуу нь цэнхэр футболктой хардуу гадуур хувцастай байсан ба тэр залуу нь цагаан футболктой жинсэн өмдтэй байсан. Цагаан пүүзтэй гэдгийг яаж мэдэж байна вэ гэхээр нэг залуутай барьцалдаад газар унасан байхад гарын хэсэг рүү нэг удаа өшиглөсөн юм байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-22х/,

- хохирогч Б.Жаргалмаагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай нөхөр намайг тосоод бид хоёр гудамж өгсөөд нэг халуун усны дэргэдүүр өнгөрөх үед урдаас хоёр залуу ирээд манай нөхрийг мөрлөөд хэрүүл өдсөн. Би тухайн үед согтуу байсан болохоор яг юу болсон талаар сайн ойлгоогүй бөгөөд тэр хоёр ямар ч байсан манай нөхрийг цохиж аваад барьцалдаад байсан ба би дундуур нь орж салгах гээд нэг цагаан өнгийн өнгийн цамцтай залуу миний гар цүнхийг хүчээр булаагаад аваад зугтаасан. ...Манай нөхрийг бариад авахаар нь би салгах санаатай дундуур нь орох үед намайг цагаан өнгийн цамцтай залуу түлхэж унагаагаад цүнх авах гэхээр нь би булаацалдаж байхад оосор нь тасраад цүнх аваад яваад өгсөн. ...Миний цүнхний голын цахилгаантай хэсэгт 2 ширхэг 20 000 төгрөг, 2 ширхэг 10 000 төгрөг, 1 ширхэг 5 000 төгрөг, 1 000 төгрөг болон 500 төгрөгийн хэдэн ширхэг дэвсгэрт, түрийвчинд 2 ширхэг 10 000 төгрөг, 1 000 төгрөг болон 500 төгрөгийн дэвсгэрт хэдэн ширхэг байсан. Мөн Хас банкны карт, ажлын жилийн өмнө Теди төвөөс 520 000 төгрөгөөр авсан, цүнхээ өнгөрсөн жил ажил дээрээс 25 000 төгрөгөөр түрийвчтэй хамт авч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25х/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Уг хэрэг болсон газар нь Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо Сургуулийн 41 дүгээр гудамжинд болсон байх бөгөөд дээрэмдүүлсэн гэх газар нь борооны ус урссан, гадаргуу нь шаварлаг болон чулуурхаг байх бөгөөд ямар нэгэн хэрэгт ач холбогдолтой ул мөр илрэх боломжгүй байсан тул шинжээч ерөнхий байдлаар  гэрэл зураг авч бэхжүүлсэн ба хэргийн газар анх дуудлагаар очсон эргүүлийн офицер, ахмад М.Мөнхзаяа эрэн сурвалжлах ажиллагааны үр дүнд Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны ертөнцийн зүгээр зүүн талын хаалганы дотор өвсөн дунд эмэгтэй хүний саарал өнгийн цүнх байна гэснээр уг хэрэг болсон газраас урд зүгрүү 1 км орчим явж Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны хаалгаар орж ертөнцийн зүгээр зүүн талын хаалган дээр очиход өвсөн дунд саарал өнгийн эмэгтэй хүний гар цүнх, саарал өнгийн түрийвч байсныг шинжээч цүнхийг А үсгээр, түрийвчийг 6 дугаараар тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлж, түрийвчин доторх эд зүйлсийг үзэхэд 20 000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 10 000 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 5 000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 1 000 төгрөгийн дэвсгэрт 6 ширхэг нийт 51 000 төгрөг, Жаргалмаа гэх хүний Хас банкны виз карт, ногоон өнгийн сам, уруул өнгөлөгч, хурууны лентүүд зэрэг байсныг тэмдэглэлд тусгаж, түр хураан авав...” гэх тэмдэглэл /хх-ийн 09-16х/,

-эд зүйлийн үнэлгээний тайлан 204.700 төгрөг /хх-ийн 43х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Г Ч.А, А.Х нарыг бүлэглэн шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор гудамд явж байсан хохирогч С.Ариунтөгс, Б.Жаргалмаа нараас эд зүйлийг нь дээрэмдэн авахаар С.Ариунтөгсийн биед хүч хэрэглэн халдан довтолж, Б.Жаргалмаагийн цүнхийг булааж авсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэргийн улмаас хохирогч С.Ариунтөгс, Б.Жаргалмаа нарт учирсан хохирлыг тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад биет байдлаар нь буцаан өгсөн болох нь хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан эд зүйл хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.А, А.Х нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Ч.Ад Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо А.Хтай адил, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй байдал, урьд ял шийтгүүлж байгаагүй хувийн байдлыг нь тус тус харгалзан үзэж шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жил хорих ял шүүх оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч А.Хт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо Ч.Атэй адил, гэм буруугаа хүлээж буй байдал, бусдад төлөх төлбөргүй байдлыг тус тус харгалзан үзэж шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан журмаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур буюу 1 жил хорих ял оногдуулж харин түүний урьд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээр 2 удаа ял шийтгүүлсэн хувийн байдлыг нь харгалзан  түүнийг хүмүүжүүлэх, цээрлүүлэх зорилгоор эдлэх хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Ч.А, шүүгдэгч Шаазгайд овогт А.Х нарыг  бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдэн авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.А, А.Х нарт тус бүр 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Ад оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, А.Х оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус  эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.А, А.Х нар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт эд баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.А, А.Х нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.БАТГЭРЭЛ