Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 812

 

 

 

 

    2020        10          12                                  2020/ШЦТ/812

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч С.Оюунжаргал,

шүүгдэгч Н.Д, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

нарийн бичгийн даргаар Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Дт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003003380258 тоот хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо 35б байрны 31 тоотод оршин суух хаягтай, урьд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 258 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 5 жил 6 сарын хорих ял оногдуулж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 429 дугаартай шүүгчийн захирамжаар тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Буянт овгийн  Н.Д

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Н.Д нь согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэг, жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Шүүгдэгч Н.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 06 дугаар сарын 15-ны шөнийн 23 цаг 40 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мөнгөн завьяа” дэлгүүрийн урд талын тээврийн хэрэгсэл зорчих замд “Тоёота Клугер” маркийн 29-42 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчин эсрэг урсгал руу орсны улмаас замаар хөндлөн гарч явсан явган зорчигч  А.Алтанбаярыг мөргөж амь насыг нь хохироон, улмаар зам тээврийн осол болсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт үйлдэл тус тус хийсэн болох нь:

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нарандэлгэрийн: “... Улаанбаатар хотод хэзээ ирснийг мэдэхгүй, буяны ажилд зориулагдах 3.000.000 төгрөгийг жолоочийн зүгээс гаргаж өгсөн бид нарын хувьд хохирлын тал дээр маргаан байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45х/,

- гэрч Х.Анх-Очирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш харчихсан буудлын баруун захад зогсож байсан, тэгээд машины гэрэл гялбаад түс тас болсон, тэгсэн хүн машинд мөргүүлээд газраас багадаа 1 метр орчим өндөр хөөрч байсан тэгээд газар унаад гулсаж явахад ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд явж байсан цэнхэр өнгийн “Тоёота Приус-20” маркийн машины урд купер доогуур орох үед нөгөө машин бас зогсож таарсан, тэр цэнхэр өнгийн машин мөргүүлсэн хүн дээгүүр гараагүй тулаад зогссон. Намайг буудал дээр ирээд зогсоод Дэлгэрзаяатай ярьж байхад мөргүүлдэг хүн зам гарах гэж байгаа бололтой замын хойд хэсэгт байр руу эргэж ордог буудлын ертөнцийн зүгээр баруун талын гарцын тэнд зогсож байгаад ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд зам хөндлөн гараад замын 1-р эгнээнд явж байгаа харагдсан тэгээд удалгүй түс тас болоод явсан. Ослын дараа нэг эмэгтэй гүйж яваад хүн мөргөсөн машины жолоочийг дагуулаад ирсэн, хар цамц хар өмд цэнхэр масктай хүн ирсэн. Тэгээд мөргүүлсэн хүнийг хараад утсаараа оролдоод байсан тэр үед жолооч “машинаа Орос элчингийн ард тавьсан” гэхээр нь би машиныг нь харах гээд явсан хойгуур нөгөө машины жолооч яваад өгсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 61-63х/,

- гэрч Б.Баттөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 15-ны 23 цагийн орчим найз Мөнхбаярын хамт гэртээ харих гээд өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 40-68 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Чингэлтэй дүүргийн нутаг Мөнгөн завьяа дэлгүүрийн урд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлд ойролцоогоор 40 орчим км цагийн хурдтай замын 3-р эгнээгээр явж байхад миний эсрэг урсгалаас нэг хар өнгийн автомашин маш хурдтай урсгал сөрөөд гараад ирснээ ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлд явган хүний гарцгүй газраар зам хөндлөн гарч байсан нэг хүнийг маш хүчтэй ирээд мөргөсөн. Тэгээд би тэр хүнийг мөргүүлээд түс хийсэн чимээ гарах үед тоормос гишгэсэн тэр үед явган зорчигч машинд мөргүүлээд агаарт хөөрч байгаад миний урд газар унаад намайг машинаа зогсоох үед миний машины урд гулсаж ирээд зогссон. Тэгээд машинаасаа буугаад харсан чинь урд куперийн харалдаа явган зорчигч хэвтэж байсан. Явган зорчигчийг мөргөсөн машин миний машины хажуугаар гараад жаахан цаашаагаа яваад Орос элчингийн гарц руу ороод зогсчихсон. Явган зорчигчийг мөргөсөн машины жолооч машинаа чөлөөлчхөөд ирээд тэр хавиар тойрч гүйж байсан. Нэг мэдсэн харагдахгүй болчихсон байсан. Хүн мөргөхөд хүчтэй түс гэсэн мөргөх чимээ сонсогдсон автомашин тоормосолж байгаа дуу чимээ сонсогдоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 65х/,

- гэрч А.Мөнгөнжигүүрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Дашка “манай эхнэр хүүхэд оройтож магадгүй манайд очиж 1,2 пиво” гэхээр нь гэрт нь очсон. Дашка 3 пиво уугаад дуусахаар нь дэлгүүр хаахаас өмнө гээд 0,5 граммын Сэнгүр пиво 6-г авсан. Буцаж гэрт нь ороод 1,1 пиво уугаад сууж байхдаа таньдаг Лхагваа руу ярихад “Сансарт гэртээ пиво ууж байна мөнгөгүй байна” гэхээр нь 2.5 литр пиво 2 ширхгийг нэг буудлаас аваад такси барих гэхээр пивоны мөнгө дутаад байхаар нь Дашка өөрийн 29-42 УНЯ улсын дугаартай хөх өнгийн “Тоёота Клугер” маркийн автомашинаа өөрөө жолоодон 21-р хорооллоос 23 цагийн орчим хөдөлсөн байх. Улсын их дэлгүүр өнгөрөөд 3 дугаар эгнээгээр явж байхад хажуу талаас машин шахсан уу урд явж байсан машин гэнэт тоормос гишгэсэн үү урсгал сөрөөд явахад гэнэт урд хүн гарч ирээд тэр хүнийг автомашины урд хэсгээр их хүчтэй мөргөөд нөгөө нь зам дээр шидэгдээд унасан.Нэг мэдэхэд Орос элчингийн хаалга хэсэг рүү эргээд зогссон. Бид хоёр “яахуу яахуу” гээд зогсож байхад нэг залуу хүүхэн хоёр “чи хүн дайрчихлаа ш дээ, түргэн дуудсан уу” гэхэд Дашка буусан. Би машиндаа сууж байхад нэг цагдаа ирээд цонх тогшихоор нь буусан. Би зогсож байхад Дашка буцаж ирээд “гар утсаа авчихаа машинаа орхиод зугтахгүй бол балрах гээд байна” гэхээр нь би гар утсаа аваад зам хойшоо гарсан. Дашкаг харсан боловч байгаагүй. Буцаж алхаад ослын газрын ойролцоо хайхад Мөнгөн завьяагийн арын байрнуудын нэг булангаас гарч ирсэн. Тухайн үед айсан сандарсандаа зугтаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75х/,

- цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 1293 дугаартай: “Талийгаачийн цогцост зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн орой хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт, хоёр уушгины уг, гол судас, өрц, зүүн бөөрний өөхлөг, нойр булчирхай, өвчүүний цус хуралт, элэгний баруун дэлбэнгийн няцралт, хэвлийн хөндийн цус хуралт, баруун дунд чөмгөний ил зөрөөтэй сэлтэрсэн хугарал, зүүн тойг шаантын холбоосны салалт, доод уруул, эрүү, баруун тохойн няцарсан шарх, баруун зовхи, уруул, зүүн гуя, өвдөгний цус хуралт, хамар, баруун хацар, цээж, хоёр шуу, тохой, хоёр гуя, хоёр өвдөг, зүүн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу авто ослын үед мөргөгдөх, шидэгдэх, доргих үед үүснэ. Хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай ба гэмтэл үүссэн дэс дарааллыг тогтоох боломжгүй. Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. Талийгаач нь тархины зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай, дагз, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн орой хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь нас барах үедээ мансууруулах бодис болон спиртийн зүйл хэрэглээгүй байна.” гэх дүгнэлт /хх-ийн 153-163х/,

- зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн: “асфальт, шулуун тэгш, автобусны зогсоол бүхий, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, эсрэг хөдөлгөөнтэй, 6 эгнээ, хашлагатай хайстай зам байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-5х, 7-16х/,

- автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6х, 17-20х/,

- цогцсын гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-31х/,

- жолоочийн эрхийн лавлагаа /хх-ийн 198-199х/,

- тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 82 дугаартай магадлагаа /хх-ийн 173-175х/,

- Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 35177 дугаартай дүгнэлт /хх-ийн 145-150х/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд шүүгдэгч Н.Дийн авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж согтуурсан үедээ авто тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн хоёр урсгалтай замын тусгаарлах тэмдэглэгээ болох үргэлжилсэн цагаан шугамыг давж эсрэг урсгалд орон зам хөндлөн гарч явсан зорчигчийг мөргөж амь насыг нь хохироон, улмаар авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдэн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэрэг бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд гарсан зардлыг шүүгдэгч Н.Д нь төлж барагдуулсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Нарандэлгэрийн өгсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.  

Шүүгдэгч Н.Дт ял шийтгэл оногдуулахдаа хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдал зэргийг тус тус харгалзан үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохирох ял шийтгэлийг оногдуулж, шүүхээс оногдуулсан ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлд заасан журмаар нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялыг тогтоон, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.  

Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн BCDE ангиллын 486518 дугаартай Н.Дийн жолооны үнэмлэхийг түүнд шүүхээс оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хэрэгжилтийг хангаж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн хүргүүлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

      ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Буянт овогт Н.Д согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар Н.Дт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 6 /зургаа/ жил, 6 /зургаа/ сараар хасаж, 4 /хоёр/ жил хорих ял, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 /дөрвөн зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Н.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 4 /дөрөв/ жил хорих ялд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 /наян зуун наян/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2 /хоёр/ сарын хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт хорих ялыг 4 /жил/ 2 /хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Н.Дт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэг үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн BCDE ангиллын 486518 дугаартай Н.Дийн жолооны үнэмлэхийг эрх хасах ялыг тооцуулж, хяналт тавиулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8. Шүүгдэгч Н.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Дт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 С.БАТГЭРЭЛ