Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2017/00212

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 16 өдөр

   Дугаар 101/ШШ2017/00212

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо  “Ж” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороолол, 3 байр, 0 тоотод байрлах, “С” ХХК-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 5.898.750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, хариуцагчийн төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “…“С” ХХК нь “Ж” ХХК-тай 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ХАГ 0098/13 тоот зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээ байгуулан S3 mini маркийн нэг бүрийн үнэ нь 350.000 төгрөгийн үнэтэй гар утас 11 ширхэгийг 3.850.000 төгрөгөөр худалдан авсан. Мөн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ХАГ 0098/13+01 тоот нэмэлт гэрээ байгуулан S3 mini маркийн нэг бүрийн үнэ нь 350.000 төгрөгийн үнэтэй гар утас 1 ширхэгийг 350.000 төгрөгөөр, С1100 маркийн нэг бүрийн үнэ нь 53.000 төгрөгийн үнэтэй гар утас 15 ширхэгийг 795.000 төгрөгөөр, CS208 маркийн нэг бүрийн үнэ нь 60.000 төгрөгийн үнэтэй гар утас 15 ширхэгийг 900.000 төгрөгөөр, нийт 5.895.000 төгрөгийн гар утас зээлээр худалдан авсан юм. “С” ХХК нь зээлээр худалдан авсан гар утасны үнээс 1.962.500 төгрөгийг төлж барагдуулсан ба одоогийн байдлаар Ж” ХХК-д 3.932.500 төгрөгийн үлдэгдэл өр төлбөртэй байгаа. Иймд “С” ХХК-аас 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан ХАГ 0098/13 тоот гэрээ болон 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан ХАГ 0098/13+01 тоот нэмэлт гэрээний үүргийн биелэлт болох гар утасны үлдэгдэл төлбөр 3.932.500 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 1.966.250 төгрөг, нийт 5.898.750 төгрөгийг гаргуулан өгч, компанийг хохиролгүй болгож өгнө үү” гэв.

 

Хариуцагч “С” ХХК, түүний төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Эхний гэрээ байгуулагдаад графикийн дагуу төлөгдөөд явж байсан. Эдий н засгийн хямралтай холбоотой төлбөрөө төлж чадахгүй байдалд хүрсэн. Хэд хэдэн удаа төлбөр барагдуулах албаныхантай уулзаж тооцоо нийлсэн акт үйлдэж байсан. Тухайн үед алдангиас чөлөөлүүлэхээр харилцан тохирч үндсэн төлбөрийг төлнө гэсэн тооцоо нийлсэн акт үйлдэж байсан. Алдангийг гэрээ байгуулсан анхны өдрөөс өндөр тооцсон байна. Эдийн засгийн хямралтай энэ үед үндсэн төлөлтөө хийх боломжгүй байхад алданги тооцсоноор төлөх боломжгүй байна. Ерөнхийдөө бол компани үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон байгаа. Үндсэн гэрээний төлбөр тооцоог дуусгаагүй байхад нэмэлтээр гэрээ хийсэн. Иймд нэмэлт гэрээ хүчин төгөлдөр эсэх дээр эргэлзэж байна. Алданги тооцохдоо эхний гэрээн дээр алданги тооцно, нэмэлт гэрээн дээр алданги тооцох үндэслэл байхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын төлөөлөгчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу гар утасны үлдэгдэл төлбөр 3.932.500 төгрөг, алданги 1.966.250 төгрөг, нийт 5.898.750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал алдангийн 466.250 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж нэхэмжлэлийн үнийн дүнг багасгаж байна.

 

Хариуцагч “С” ХХК нь гар утасны үлдэгдэл төлбөр 3.932.500 төгрөг төлөхийг маргахгүй боловч алдангийн зарим хэсгийн талаар маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд байгуулсан 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХАГ-0098/13 тоот зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээгээр нэхэмжлэгч “Ж” ХХК нь хариуцагч “С” ХХК-д нэг бүр нь 350.000 төгрөгийн үнэтэй, S3 mini маркийн 11 ширхэг гар утсыг 3.850.000 төгрөгөөр худалдах, мөн 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ХАГ 0098/13+01 тоот нэмэлт гэрээгээр S3 mini маркийн 1 ширхэг гар утсыг 350.000 төгрөгөөр, нэг бүр нь 53.000 төгрөгийн үнэтэй, С1100 маркийн 15 ширхэг гар утсыг 795.000 төгрөгөөр, нэг бүр нь 60.000 төгрөгийн үнэтэй, CS208 маркийн 15 ширхэг гар утсыг 900.000 төгрөгөөр тус тус худалдахаар харилцан тохиролцжээ /хх-7-9, 11-12/.

 

Дээрх гэрээ “зээлээр бараа худалдах, худалдан авах гэрээ” нэртэй боловч зохигчид зээлээр худалдах, худалдан авах гэрээний үндсэн нөхцөл болох хүү төлөх талаар тохиролцоогүй байх тул шүүх тэдний хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсчээ гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгчээс гэрээнд заасан нэр төрөл, тоо хэмжээ, үнэ бүхий гар утсыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй ба Иргэний хуулийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно гэж зааснаар зохигчдын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Хариуцагч “С” ХХК нь нэмэлт гэрээний дагуу алданги тооцсоныг татгалзахдаа үндсэн гэрээний төлбөр тооцоог дуусгаагүй байхад нэмэлт гэрээ хийсэн учир нэмэлт гэрээний хүчин төгөлдөр эсэхэд эргэлзэж байна гэж маргаж, гэрээний 2.2.2-т “зээлээр авсан бүтээгдэхүүний үнийг бүрэн төлсөн тохиолдолд давтан зээлээр худалдан авалт хийх эрхтэй” гэж заасныг үндэслэжээ.

 

Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах ба гэрээний дээрх нөхцөл нь хариуцагчийн өөрийнх нь худалдан авах эрхийг зохицуулсан байх бөгөөд түүний татгалзалд дурдсанчлан нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх агуулгыг илэрхийлээгүй байна.  Мөн гэрээ ямар тохиолдолд хүчин төгөлдөр бус байх, эсхүл түүнийг хүчин төгөлдөр бусад тооцож болохыг зохицуулсан Иргэний хуулийн 56-60 дугаар зүйлүүд дэх үндэслэлд  хариуцагчийн татгалзал хамаарахгүй байна.

 

Хариуцагч нь 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид бичгээр хүсэлт гаргаж, 2013 оны 12 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулан нэмж гар утас худалдан авахыг хүссэнээр дээр дурдсан нэмэлт гэрээ байгуулагджээ /хх-39/.

 

Иймд нэмэлт гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж боломжгүй.  

 

Нэхэмжлэлд гар утасны үлдэгдэл төлбөр 3.932.500 төгрөг нэхэмжилснийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагчаас худалдан авсан барааны үнийг төлөх үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

 

Хариуцагч дээрх төлбөрт алданги 1.966.250 төгрөг тооцож нэхэмжилснийг маргаж байна.

 

Гэрээний 3.3-т худалдан авагч гэрээнд заасан төлбөрийг төлөх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч гэрээнд заасан нөхцлөөр алданги төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны 28 сар буюу 840 хоногийн алдангийг тооцоход 9.909.900 /3.932.500*0.3%*840/ төгрөг болох тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4- заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 1.966.250 төгрөг болсон гэж тайлбарлаж байна.  

 

Төлбөр төлөх сүүлийн хугацааг үндсэн гэрээгээр 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, нэмэлт гэрээгээр 2014 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гэж тус тус тогтоосон байх ба талууд 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлсэн баталгаа үйлдэж, төлбөрийн үлдэгдэл 3.932.500 төгрөгийг 2014 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөхөөр тохиролцжээ /хх-40/.  

 

Дээрх баримтуудаар хариуцагчийг 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс төлбөр төлөх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх тул нэхэмжлэгч алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцсон нь үндэслэлтэй.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алдангийн 466.250 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 1.500.000 төгрөг болгон багасгаж байна.

 

Иймд дээр дурдсаныг үндэслэн хариуцагч “С” ХХК-аас гар утасны үнийн үлдэгдэл төлбөр 3.932.500 төгрөг, алданги 1.500.000 төгрөг, нийт 5.432.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгох үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар хариуцагч “С” ХХК-аас 5.432.500 /таван сая дөрвөн зуун гучин хоёр мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “С” ХХК-аас алданги 466.250 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа нэхэмжлэгч “Ж” ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109.330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ““С” ХХК-аас 101.870 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгосугай.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА