| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0791/Э |
| Дугаар | 822 |
| Огноо | 2020-10-14 |
| Зүйл хэсэг | 21.5.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 822
2020 10 14 2020/ШЦТ/822
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Л.Азжаргал,
нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Ялгуулсан гэгээн овогт Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011013280818 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс халх, Дээд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, ..... ХХК-д сантехникч гагнуурчин, ам бүл 3, ээж, дүү нарын хамт Хан-Уул дүүргийн .. дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 72 дугаартай Шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн ба уг ялыг 8 сарын хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж, асран хамгаалагчийн хяналтад өгч шийдвэрлэгдсэн, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 649 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж хугацааны өмнө тэнсэн суллагдсан, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 19- ний өдрийн 323 дугаартай Шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, нийтэд тустай ажил хийлгэх ялын 56 цагийг биеэр эдэлж, үлдэгдэл 194 цагийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14 дугаартай Шүүгчийн захирамжаар хорих ялаар солигдож, шийтгүүлсэн Ялгуулсан гэгээн овогт Б.А
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Б.А нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А нь 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн .. дугаар хороонд байрлан үйл ажиллагаа явуулдаг “...” зочид буудал дотор хохирогч Т.Б-той маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохисны улмаас хохирогч газарт унахдаа зүүн хөлөө эвгүй гишгэн, дарж бие махбодод нь зүүн шагайн үений гадна дотор хавчаар ясны далд хугарал, үений мултрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
-шүүгдэгч Б.Агийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн: “... архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Т.Б-ын хөлийг гэмтээсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна ..." гэх мэдүүлэг /хх-ийн 127х/,
-хохирогч Т.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 22 цаг 30 минутын үед найз Б, Н, Г, Знарын хамт Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо ... зочид буудлын караокед сууж байгаад бид нар гарч байсан... та нар яагаад манай найзыг дээшээ дагуулж ирээд пиво уу гээд шахаад байгаа юм гэхэд чамд ямар хамаатай юм гээд бид нар маргалдаад ...тэгсэн арай өндөр залуу нь миний хөлийн шагай хэсэг рүү хөлөөрөө өшиглөөд би газар унасан... би босох гэсэн боловч босож чадахгүй байхаар нь Н намайг түшээд лифтэнд суугаад бид нар гадаа гарч ирээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн... манай найз З 5 давхар руу авч явснаас болоод маргаан үүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26х/,
-гэрч М.Уөгсөн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгтэл тухайн ах залуугийн нүүр рүү А цохисноос болоод газарт унахдаа хөлөө хазгай гишгэж зүүн хөлийнхөө шагайг гэмтээсэн... тухайн ах газарт суучихсан зүүн хөлийнх нь шагай хэсгээр хавдчихсан байсан...” гэх /хх-ийн 33-34х/,
-гэрч Б.З өгсөн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б хэн цохисныг бол хараагүй цохиулснаас болоод газарт унахдаа хөлөө эвгүй гишгэж унасан. Б газарт уначхаад босох үед хөл нь гэмтчихсэн алхаж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 37-28х/,
-гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх- ийн Зх/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6х/,
-гэрэл зургийн үзүүлэлт/хх-ийн 7-11х/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 18-22х/,
-шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шинжээч эмчийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 934 дугаартай “...Т.Б--н биед зүүн шагайн үений гадна дотор хавчаар ясны далд хугарал, үений мултрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Б.Аг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч Т.Б-ыг үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар зодож хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад хохирогч Т.Б-ын хохирлын талаар гаргаж өгсөн нийт 372.500 төгөргийн баримтын дагуу шүүгдэгч Б.А нь хохирлыг төлж барагдуулсан болох нь баримтаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолыг гарах үед шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, гэм буруугаа хүлээж буй байдал, хохиролд 372.500 төгрөг төлсөн, урьд энэ төрлийн гэмт хэргээр 3 удаа ял шийтгүүлж байсан хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор 3.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлыг нь харгалзан хүмүүжүүлэх зорилгоор хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Агийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан СиДи 1 ширхэгт хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ялгуулсан гэгээн овогт Б.А хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ад 3000 /гурван мянган/ нэгж буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Б.Ад шүүхээс оногдуулсан 3.000.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтыг тус тус журамлан Б.Аг 2 /хоёр/ жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид нийт 372.500 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1 ширхэгийг хэрэгт нь үлдээсүгэй
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ