Шүүх | Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
Хэргийн индекс | 113/2019/0001/З |
Дугаар | 113/ШШ2019/0005 |
Огноо | 2019-04-03 |
Маргааны төрөл | Бусад, |
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 04 сарын 03 өдөр
Дугаар 113/ШШ2019/0005
Хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ганзориг би Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Н-ийн дүгнэлттэй, Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.О-т холбогдох “Татварын улсын байцаагчийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 0290026 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий дүгнэлт (гомдол)-ээр захиргааны хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “... миний бие прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Төрийн банкны гаргасан зөрчлийн шийтгэлийн хуудсыг дахин зөвтгөж, Төрийн банкинд шийтгэл оногдуулан ажиллана” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-д “Захиргааны хэргийн шүүх ... прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Н-н 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 113/ШЗ2019/0024 дүгээр шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Н-н “Татварын улсын байцаагчийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 0290026 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.О хүлээн зөвшөөрснөө 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 02/78 дугаар албан бичгээр шүүхэд гаргаж, илэрхийлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ...”, “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.
Иймд Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Н-н 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.О хүлээн зөвшөөрснөө шүүхэд бичгээр гаргаж, түүнээс гарах үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийг баримтлан Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Н-н “Татварын улсын байцаагчийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 0290026 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий дүгнэлтийг хариуцагч Говьсүмбэр аймгийн Татварын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.О хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасны дагуу Говьсүмбэр аймгийн Прокурорын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ