Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2022/0425

 

“А а ү” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Н.Хонинхүү,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Долгорсүрэн,

Илтгэгч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, Ч.Э, өмгөөлөгч В.Д нар,

Нэхэмжлэгч: “А а ү” ХХК,

Хариуцагч: Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг цуцлах тухай”А/71 дүгээр  захирамжийг хүчингүй болгуулах тухай”,

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Н, өмгөөлөгч Г.Ж, Г.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, Д.Г, өмгөөлөгч В.Д нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Мөнгөнзул,

Хэргийн индекс: 116/2021/0016/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А а ү” ХХК нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргад холбогдуулан “Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг цуцлах тухай” А/71 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр шийдвэрээр: ”Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.2.2, 48.3, Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А а ү” ХХК-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Дорнод аймгийн Баян түмэн сумын засаг даргын “Эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг цуцлах тухай” 2021 оны 06 дугаар сарын 18-ны А/71 дүгээр захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.1. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

3.1.2. “Б т а” ХХК-д олгосон “анхнаасаа үйлчлэлгүй” эрх зүйн зөрчилтэй буюу гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид газар эзэмшүүлсэн зөрчилтэй захиргааны актаас эрх шилжүүлэн авсан үйл баримтыг нэхэмжлэгч няцаагаагүй, анхан шатны шүүхийн шийдвэрт үгүйсгээгүй.

3.1.3. Б т а” ХХК-д газар олгосон А/88, А/29 дүгээр захирамжуудын үндэслэлд шүүх дүгнэлт өгөх шаардлагагүй гэж агуулгын хувьд илэрхий зөрүүтэй дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг баримталж, хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхээс зайлсхийж төвөгшөөсөн, мөн дүгнэх шаардлагагүй” гэж талуудын мэтгэлцэх зарчмыг хязгаарлах байдлаар нэхэмжлэгч талын эрх ашигт илэрхий үйлчилсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй.

3.1.4. Анхнаасаа үйлчлэлгүй, эрх зүйн зөрчилтэй захирамж эерэг сөрөг үйлчлэлтэй захиргааны актын аль ч хэлбэрт хамаарахгүй байх хууль зүйн үр дагаварт анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийхгүй орхисон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмуудыг зөрчсөн.  

3.1.5. Хэргийг тал бүрээс нь бодитой дүгнээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй, хуулийг илэрхий буруу тайлбарлаж хэрэглэсэн.

3.1.6. Иймд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, өмгөөлөгч В.Д нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.2.1. Анх газар эзэмших эрх олгохдоо гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид газар эзэмшүүлсэн зөрчил байгаа гэдгийг анхан шатны шүүхийн шийдвэрт үгүйсгээгүй байна.

3.2.2. Дээрх газар нь илт хууль бусаар гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанид олгогдсон бөгөөд хууль бусаар газар эзэмшсэнийхээ дараа түүнийгээ зөвтгөх оролдлого хийсэн байгаа нь нотлох баримтаар тогтоогдохын зэрэгцээ нэхэмжлэгч талын тайлбараар шүүх хуралдааны явцад тогтоогдсон.

3.3.3. Нэхэмжлэгч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д заасны дагуу 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах байтал уг хугацааг хэтрүүлж,  2 сар гаруйн дараа нэхэмжлэл гаргасан.

3.3.4. Газрын тухай хуулиар Засаг даргын газар эзэмших эрх цуцалсан захирамжид гомдол гаргах хугацаа, харьяаллыг тусгайлан заасан байгаа тул 30 хоногийн хугацаа хамаарахгүй.

3.3.5. Иймд Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгч хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, өмгөөлөгчийн давж заалдах гомдлууд үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

3. Шүүх хариуцагчийн давж заалдах гомдлуудыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

3.1. Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д “Монгол Улсад байнга /183 хоногоос дээш хугацаагаар/ оршин суугаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар ашиглуулах асуудлыг дуудлага худалдааны зарчмаар тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ”, Монгол Улсын Засгийн газрын 2003 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 28 дугаар тогтоолын 6 дугаар хавсралтаар баталсан Газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах дуудлага худалдаа явуулах журмын 1-д “Монгол Улсын иргэн, түүний гэр бүлийн гишүүн-Монгол Улсын иргэнд дундаа хамтран өмчлөх хэлбэрээр хуульд заасан зориулалтаар газар өмчлүүлэх (цаашид "иргэнд газар өмчлүүлэх" гэх), иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, түүнчлэн Газрын тухай хуулийн 44.4-т заасны дагуу гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газар ашиглуулах дуудлага худалдаа (цаашид “дуудлага худалдаа” гэх)-г зохион байгуулахад энэ журмыг дагаж мөрдөнө” гэж тус тус заасан.

3.2. Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/88 дугаар захирамжаар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт орших “Х м” нэртэй, хуучин тариалангийн 2000 га газрыг “Б т а” ХХК-д 30 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.

3.3. Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа явуулах тухай” А/15 дугаар захирамжаар сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу дуудлага худалдааны журмаар эзэмшүүлэх газруудыг хавсралтаар баталжээ.

3.4. Дээрх захирамжийн дагуу явагдсан дуудлага худалдаанд оролцож ялагч болсон “Б т а” ХХК-д Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/29 дүгээр захирамжаар (1 дэх хавтасны 133 дахь тал) тус сумын 2 дугаар багийн нутаг орших “Х м” нэртэй газарт төв оффис барих, мод үржүүлгийн, Үтрэмийн талбай барих зэрэг зориулалтуудаар 2, 5, 3 га газруудыг тус тус 30 жилийн хугацаагаар эзэмшүүлэхээр, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/114 дүгээр захирамжаар “Б т а” ХХК-ийн дээрх газар эзэмших эрхийг “А а ү” ХХК-д шилжүүлэн 30 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ.

3.5. Я Улсын иргэн Х С-гийн 100.000 ам.доллар, нэг бүр нь 100 ам.долларын нэрлэсэн үнэ бүхий 1000 ширхэг энгийн хувьцаа бүхий 100 хувийн хөрөнгө оруулалттай, үүсгэн байгуулагчтайгаар 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан “Б т а” ХХК-д 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дуудлага худалдаанд ялагч болсныг үндэслэн газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь дээр дурдсан хуулийн заалтуудад нийцээгүй ч тухайн компанийн үүсгэн байгуулагчийн 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр (1 дэх хавтасны 184 дэх тал) компанийн хувьцааны 90 хувийг Монгол Улсын иргэн Ц.Ц-д шилжүүлсэн, 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн “Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай” 01 дүгээр шийдвэрээр (1 дэх хавтасны 177 дахь тал) компанийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгасан, үүнээс өмнө 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр газар эзэмших эрхийг “А а ү” ХХК-д шилжүүлсэн нь баримтаар тогтоогджээ.

3.6. Гэтэл Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдөр А/71 дүгээр захирамжаар “эрх зүйн зөрчилтэй захиргааны акт” гэж үзэн сумын Засаг даргын 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/88 дугаар захирамжийн 1 дэх заалтаар “Б т а” ХХК-аас “А а ү” ХХК-д эрх шилжүүлэн эзэмшүүлсэн тариалангийн зориулалттай 2000 га газрын нэгж талбарын 000298676 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/29 дүгээр захирамжаар “төв оффис барих, мод үржүүлгийн, Үтрэмийн талбай барих зэрэг зориулалтуудаар 2, 5, 3 га газруудын 000298686, 000298685, 000298688 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг тус тус цуцалж, 2 дахь заалтаар 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/114 дүгээр захирамжийн “А а ү” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүйд тооцжээ.

3.7. Захиргааны байгууллага, албан тушаалтан Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох учиртай.

3.8. Хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга 2021 оны А/71 дүгээр захирамжийг гаргахдаа “2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/88, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/29 дүгээр захирамжууд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн аль хэсэгт заасан тохиолдолд хамаарахыг тогтоогоогүй атлаа “илт хууль бус захиргааны акт” гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг цуцалсан нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчимд нийцээгүй байна.

3.9. Мөн хариуцагч албан тушаалтан маргаан бүхий захиргааны актыг гаргах үедээ Газрын тухай хууль тогтоомжид заасан газар эзэмших эрх бүхий этгээд мөн эсэхэд дүгнэлт өгөлгүй, нэхэмжлэгч Монгол Улсын хуулийн этгээд болох  компани эрх үүссэнээс хойш буюу захиргааны байгууллага өөрөө эрх шилжүүлэх замаар газар эзэмших эрх олгосныг үндэслэн тухайн газарт багагүй хэмжээний хөрөнгө оруулалт оруулж, үйл ажиллагаа явуулж байсантай нь холбогдуулж тухайн оруулсан хөрөнгийг хэрхэх талаар анхааралгүй газар эзэмших эрхийг шууд дуусгавар болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчимд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, анх Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-д зааснаар зөвхөн дуудлага худалдаагаар газар ашиглуулах талаарх заалтыг зөрчсөн хариуцагч албан тушаалтны буруутай ажиллагаа нь нэхэмжлэгч компанийг буруутгах, улмаар холбогдох актыг “анхнаасаа үйлчлэлгүй, илт хууль бус” гэх үндэслэл болохгүй.

3.10. Эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан, тухайн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан бол сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж үзнэ.

3.11. Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/29, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/114 дүгээр захирамжууд нь “А а ү” ХХК-д газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлж, уг компанид газар эзэмших эрхийг олгож, аж ахуйн үйл ажиллагаа явуулах ашигтай нөхцөлийг бий болгосноороо Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д заасан “эерэг нөлөөлөл” бүхий захиргааны акт болно.

3.12. Иймд энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

3.13. Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д “Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болох”-оор заасан.

3.14. Хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг дарга 2021 оны А/71 дүгээр захирамжаар 2014 оны А/88, 2015 оны А/29 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газар эзэмших эрхийн гэрчилгээнүүдийг цуцалсан, 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/114 дүгээр захирамжийн “А а ү” ХХК-д холбогдох хэсгийг хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцсон” нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан хугацааг хэтрүүлсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.  

3.15. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч болон барьцаанд авсан этгээд нь Засаг даргын шийдвэрийг хууль бус гэж үзвэл тухайн шийдвэр гарсан өдрөөс хойш ажлын 10 өдрийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй” гэж заасан боловч Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон Засаг даргын хооронд үүссэн маргааныг тухайн Засаг даргын дээд шатны Засаг дарга”, 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж зааснаас үзвэл гомдол гаргагч этгээд нь маргааныг урьдчилан шийдвэрлүүлэх журмаар, эсхүл шүүхэд шууд хандах эрхээ сонгох эрхтэй байна.

3.16. Иймд маргааныг урьдчилан шийдвэрлүүлсний дараа шүүхэд гомдлоо гаргасан тохиолдолд шүүх түүнийг нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д зааснаар хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй.

3.17. Хуулийн дээрх заалтуудын дагуу нэхэмжлэгч “А а ү” ХХК хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/171 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар 2021 оны 07 дугаар сарын 07-нд хандсаны дагуу Дорнод аймгийн Засаг дарга 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2/1608 дугаар албан бичгээр “захирамжийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэлгүй” гэх хариуг өгсөн, улмаар шүүхэд ханджээ.

3.18. Тодруулбал, нэхэмжлэгч хариуцагч албан тушаалтны дээд шатны албан тушаалтан буюу аймгийн Засаг даргад хандан хариуг авч, улмаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

3.19. Эдгээр нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                                   Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                   Н.ДОЛГОРСҮРЭН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР