Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 09

 

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 215/МА2017/00010

 

 

Л.Бямбажавын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Л.Нямдорж, Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж даалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж шийдвэрлэсэн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 430 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн гудамжны 65 тоотод оршин суух, РД:ДЖ67072407, Цахар Лхамсүрэнгийн Бямбажавын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Жаргалан сумын Завхан гол багт оршин суух, РД:ДЖ63081638, Лхамсүрэнгийн Алтангэрэл, РД:ДЖ86101910, Бямбажавын Нямдаваа нарт холбогдох, Л.Алтангэрэл, Б.Нямдаваа нараас өөрийн өмчлөлийн малын үнэ 20.000.000 төгрөг, Б.Нямдаваагаас тэжээн тэтгүүлэх тэтгэмж 39.180.000 төгрөг, хүү Б.Батмэндийн хүний хөгжил сангаас олгодог 20.000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг эх Л.Бямбажавын нэр дээр шилжүүлж, 2013 оны 02 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарын дуусталх хугацааны хүүхдийн мөнгө буюу нийт 41 сарын мөнгө 820.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2017 оны 02 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Л.Алтангэрэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Цэцэгмаа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Л.Бямбажав шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Л.Бямбажав миний бие нь 1980 оноос эхэлж мал маллаж өөрийн 4 хүүхдийн хамт малынхаа ашиг шимээр амьдарч байсан. 2011 оноос миний 2 дахь хүү Б.Нямдаваа нь архи ууж агсам согтуу тавьж байнга хэл амаар доромжилж, ална гэж хутга заазуур барьж удаа дараа цохиж зодож ирсэн. Энэ хугацаанд намайг байнга зодож тархи толгой, гар, хөл хугаралттай, цууралттай болсон. Би энэ талаар цагдаагийн байгууллагад удаа дараа хандаж байсан боловч засрахгүй болохоор нь 2014 оны 01 дүгээр сард амьдралын эрхээр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт бүх эд хөрөнгө, малаа орхиод ирсэн. Энэ хугацаанд хүүг засарч төрсөн эхээ гэх болов уу? гэсэн байдлаар харсан боловч архи уух нь улам ихсэж, үг хэлээр харааж байгаа газар чинь очиж ална гэсээр өдийг хүрсэн. Би нутгаасаа гарахдаа өөрийн нэр дээр байсан 200 гаруй хонь, 300 гаруй ямаа, 5 үхэр, 4 тэмээ, 9 адуугаа Б.Нямдаваад үлдээгээд ирсэн. Энэ хугацаанд би ашиг шим, ноос ноолуурыг нь зарж борлуулсны төлбөрөөс нэг ч төгрөг авч байгаагүй. Тухайн 500 гаруй малаас Б.Нямдаваагийн гэх мал нэг ч байхгүй байсан. Одоо түүнээс зөвхөн 200 хонь, 200 ямаа нийт 400 бог малыг нэхэмжилж, тухайн малыг Улаанбаатар хотод авчрах хүн хүч, боломж бололцоо байхгүй тул 400 богийн үнэ одоогийн зах зээлийн дундаж үнэ 150.000 төгрөгөөр дүйцүүлэн 60.000.000 төгрөгийг гаргуулна. Мөн миний бага хүү болох Бямбажавын Батмэндийг намайг гэрээс явснаас хойш хүн ёсоор харж хандалгүй, халамж анхаарлаар дутааж байгааг нь ажиглаад хүүгээ 2016 оны 04 дүгээр сараас өөр дээрээ авч сургуулийг нь албан ёсоор шилжүүлэн Налайх дүүргийн 6 дугаар хороонд хүүгийн хамт бүртгэгдэж амьдрах болсон. Харин бага хүү Б.Батмэндийн хүний хөгжил сангаас сар бүр олгодог 20.000 төгрөгийн захиран зарцуулах эрх Б.Нямдаваагийн нэр дээр байгаа, түүнийг Төрийн банк миний хүсэлтээр захиран зарцуулах эрхийг шилжүүлэн шийдвэрлэх боломжгүй, шүүхийн журмаар, эсвэл Б.Нямдаваа өөрийн хүсэлтээр шилжүүлэх боломжтой гэсэн хариуг өгсөн. Иймд 20.000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг эх Л.Бямбажав миний нэр дээр шилжүүлэн хүүхдийн өдөр тутмын хэрэгцээнд нь зарцуулах эрхийг нь хууль ёсоор шилжүүлэх, 400 богийн үнэ 60.000.000 төгрөгийг Б.Нямдаваагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Л.Бямбажав шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн ирүүлэхдээ болон шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Л.Бямбажав миний бие нь 1980 оноос эхэлж мал маллаж өөрийн 4 хүүхдийн хамт малынхаа ашиг шимээр амьдарч байсан. 2011 оноос миний дунд хүү Б.Нямдаваа нь архи ууж, агсам согтуу тавьж байнга хэл амаар доромжилж, ална гэж хутга, заазуур барьж удаа дараа цохиж зодож ирсэн. Энэ хугацаанд намайг байнга зодож тархи толгой, гар, хөл хугаралтай, цууралттай болсон. Би энэ талаар цагдаагийн байгууллагад удаа дараа хандаж байсан боловч засрахгүй болохоор нь 2014 оны 01 дүгээр сард амьдралын эрхээр Улаанбаатар хот, Налайх дүүрэгт бүх эд хөрөнгө, малаа орхиод ирсэн. Энэ хугацаанд хүүг засарч төрсөн эхээ гэх болов уу? гэсэн байдлаар харсан боловч архи уух нь улам ихсэж, үг хэлээр харааж байгаа газар чинь очиж ална гэсээр өдийг хүрсэн. Би нутгаасаа гарахдаа өөрийн нэр дээр байсан 200 гаруй хонь, 300 гаруй ямаа, 5 үхэр, 4 тэмээ, 9 адуугаа Б.Нямдаваад үлдээгээд ирсэн. Энэ хугацаанд би ашиг, шим ноос ноолуурыг нь зарж борлуулсны төлбөрөөс нэг ч төгрөг авч байгаагүй, тухайн 500 гаруй малаас Б.Нямдаваагийн гэх мал нэг ч байхгүй байсан. Ах маань бие муутай учраас би л малаа маллаж өдий тооны мал болгосон. Б.Нямдаваа нас биед хүрээд мал өсгөхөөс үрэн таран хийх нь их байсан. Б.Нямдаваа, Л.Алтангэрэл нараас өөрийн үлдээсэн 200 хонь, 200 ямаа нийт 400 бог малын үнэ одоогийн зах зээлийн дундаж үнэ 150.000 төгрөгөөр тооцон 400 бог*150.000 төгрөг = 60.000.000 төгрөг түүнээс зарим хэсэг болох 20.000.000 төгрөгийг гаргуулах, мөн миний бага хүү болох Бямбажавын Батмэндийг намайг гэрээсээ явснаас хойш хүний ёсоор харж хандалгүй, халамж анхаарлаар дутааж байгааг нь ажиглаад хүүгээ 2016 оны 04 дүгээр сараас өөр дээрээ авч сургуулийг нь албан ёсоор шилжүүлэн Налайх дүүргийн 6 дугаар хороонд хүүгийн хамт бүртгэгдэж амьдрах болсон. Харин бага хүү Б.Батмэндийн хүний хөгжил сангаас сар бүр олгодог 20.000 төгрөгийн захиран зарцуулах эрх Б.Нямдаваагийн нэр дээр байгаа түүнийг Төрийн банк миний хүсэлтээр захиран зарцуулах эрхийг шилжүүлэн шийдвэрлэх боломжгүй шүүхийн журмаар, эсвэл Б.Нямдаваагийн хүсэлтээр шилжүүлэх боломжтой гэсэн хариуг амаар өгсөн тул 20.000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг эх Л.Бямбажав миний нэр дээр шилжүүлэн хүүхдийн өдөр тутмын хэрэгцээнд нь зарцуулах эрхийг нь хууль ёсоор шилжүүлэх мөн тухайн хугацаанд сар бүрийн 20.000 төгрөгийг буюу хуримтлагдсан 41 сарын мөнгө нийт 820.000 төгрөгийг хуулийн дагуу Б.Нямдаваагаас гаргуулах, дунд хүү Б.Нямдавааг би гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэх гэж 18 настайгаасаа мал маллаж хүнээс дутаахгүй эрүүл саруул өсгөсөн. Гэтэл нас биед хүрч архи дарсанд дуртай болж улмаар эхдээ гарч хүрч хамт амьдрах аргагүй болж Налайх дүүрэгт зугтаж ирсэн. Хүүхдүүдээ өсгөж мал маллаж байх хугацаандаа малаас хүнд халддаг бруцеллёз өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдаж группэд орсон. Би Налайх дүүрэгт өөрийн гэсэн орон гэр байхгүй, хөдөлмөр эрхлэх чадваргүй учраас группийн мөнгөнөөс өөр орлогогүй. Авсан мөнгөө бага хүүдээ зарцуулж амьдрал хэцүү, тарчигхан амьдарч байна. Б.Нямдаваад маш их гомдож байна. Өдийг хүртэл эрүүл саруул өгсөж өгсөн байтал, ийм байдалтай болгож эцэст нь шүүхээр асуудлаа шийд гээд ярьж байгаад эх хүний хувьд гомдоод барахгүй л байна. Одоогийн байдлаар Б.Нямдаваагаас өөр намайг асарч хандах боломж бололцоотой хүн байхгүй. Иймд Б.Нямдаваагаас тэжээн тэтгүүлэх зардалд 39.180.000 төгрөгийг гаргуулж тэжээн тэтгүүлэх тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Нямдаваа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бямбажав овогтой Нямдаваа миний бие Лхамсүрэнгийн Бямбажавын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие өөрийн дүү Б.Батмэнд, ээж Л.Бямбажав, түүний ах Л.Алтангэрэл нартай цуг амьдардаг байсан. Ээж Л.Бямбажав нь 2014 оны 10 дугаар сард дүү Б.Буян-Оргих нь Улаанбаатар хотод өрх тусгаарлах үед очиж тэндээ сар гаруй байсан, байх хугацаандаа н.Төрөө гэдэг хүнтэй танилцсан сурагтай байсан. Тэгээд нутагтаа буцаж ирчихээд байнга л Улаанбаатар хот явах гээд байдаг болсон. Бидэнтэй цуг амьдардаг ээжийн ах Л.Алтангэрэл нь бие муу даралт харвасан, байнга хүний асаргаа сувилгаа шаарддаг. Иймд ээжийг би ахын хоол ундыг хийж өгөх хэрэгтэй, би мал ахуй гээд завгүй байна гэж хэлж байсан. Гэтэл нэг өдөр яваад өгсөн байсан. Тэгээд дүү бид гурвыг үлдээгээд 2015 оны 02 дугаар сард бүр яваад өгсөн. Намайг ээж өөрийгөө байнга зодож, зовоодог тэсэхээ байгаад явсан гэж худал ярьсанд гомдолтой байна. Би зодож, зовоож байсан удаа байхгүй. Цагдаагийн байгууллагад ч бүртгэгдэж байгаагүй. Мөн надаас өөрийн өмчийн 400 бог мал түүний үнэ 60.000.000 төгрөг нэхэмжилсэн байна. Ээжид өөрийн өмчийн мал хөрөнгө гэж байхгүй. Надад ч мал хөрөнгө гэж байгаагүй. Ахынхаа малыг цэргээс халагдснаас хойш ирээд хамт мал маллаж амьдарч байна. Дүү Б.Батмэнд нь Жаргалант сумын 5 дугаар ангид сурдаг байсан. 2016 оны 03 дугаар сард ээжийгээ санаад байгаа байх гээд амралтаар яваад ир гэсэн буцааж явуулаагүй. Дүүгийн хүний хөгжил сангаас олгодог хүүхдийн 20.000 төгрөгийг 2005-2012 оны хооронд ээж захиран зарцуулж хэрэглэж байсан. 2012 онд ээж, бид хоёр яриад тус оны 11 дүгээр сард дүү Б.Батмэндийн нэр дээр төрийн банкинд хүүхэд хөгжлийн хадгаламж нээж өгч би боломжоороо хуримтлал хийж өгдөг цаашид миний дүүд хэрэгтэй. Хэрэв захиран зарцуулах эрхийг ээжийн нэр дээр шилжүүлвэл үрэн таран хийж дүүд өгөхгүй. Иймд хүлээн зөвшөөрөхгүй байна. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Алтангэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Л.Алтангэрэл нь 1963 онд төрсөн. Анх явахдаа бидэнд юу ч хэлээгүй, нэг л өдөр өрөөл татуу болсон ахыгаа, өөрөөсөө гарсан үрээ хаяж яваад яаж өмч хөрөнгийг минь булаалцалдаж байна, уг би дүүгээ сайн мэднэ, надтай өмч хөрөнгө булаалдах хүн биш гэдгийг ахынх нь хувьд би сайн мэднэ. Энэ хүн хүний дарамтанд байдаг юм биш үү гэж бодогдож байна. Би хоёр хүүхдийг нь хүртэл тусад нь гаргаж өгсний минь хариу энэ юм байлгүй. Цаана нь өөр хүн байгаа юм бишүү. Тэгээд одоо харж ханддаг хүнийг архи ууж, ирээд чамайг зодож байхыг би хараагүй, Б.Нямдаваад өмч хөрөнгө гэх юм байхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэг, Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 45 дугаар зүйлийн 45.1 дэх хэсэг, 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн /РД:ДЖ05260317/ Цахар Бямбажавын Батмэндийн хүний хөгжил сангаас олгогддог хүүхдийн мөнгийг захиран зарцуулах эрхийг эх /РД:ДЖ67072407/ Цахар Лхамсүрэнгийн Бямбажавт шилжүүлэхийг хариуцагч Бямбажавын Нямдаваад даалгаж, 2013 оны 02 дугаар сараас 2016 оны 07 дугаар сарыг дуусталх хугацааны сар бүрийн хүүхдийн мөнгө 20.000 төгрөг болох 820.000 төгрөгийг /РД:ДЖ86101910/ Цахар Бямбажавын Нямдаваагаас гаргуулан Л.Бямбажавт олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсэг болох малын үнэ 20.000.000 төгрөг, тэжээн тэтггүүлэх тэтгэмж 39.180.000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Хариуцагч Б.Нямдаваа нь Б.Батмэндийн асран хамгаалагчаар тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлээс хангагдсан хэмжээ болох хүүхдийн мөнгөний захиран зарцуулах эрх шилжүүлэх шаардлагад ногдох тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, 820.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 24.230 төгрөг, нийт улсын тэмдэгтийн хураамжид 94.430 төгрөгийг хариуцагч Б.Нямдаваагаас гаргуулан улсын орлогод оруулахыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Бямбажав давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Тэрэлжийн 6 дугаар хорооны 65 тоотод оршин суух ДЖ67072407 регистрийн дугаартай, Цахар овгийн Лхамсүрэнгийн Бямбажав би эдүгээ 50 настай, эмэгтэй, яс үндэс халх, ам бүл 2, 13 настай төрсөн хүүгийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрүүл мэндийн улмаас хөдөлмөрийн чадвар 50 хувийн алдалттай, Монгол Улсын иргэн билээ.

Лхамсүрэн овогтой Бямбажав би эхээс тавуулаа бөгөөд төрсөн ах Лхамсүрэн овогтой Гаадад, төрсөн дүү Лхамсүрэн овогтой Галсан, Лхамсүрэн овогтой Бямбацогт нар нь өрх тусгаарлаж, тэдэнд гал голомтныхоо мал идээнээс хувь тасалж өгсөн бөгөөд төрсөн ах Лхамсүрэн овогтой Алтангэрэлийн хамт өөрийн төрсөн эхийн гал голомтон дээр үлдсэн билээ.

Миний ээж Лхамсүрэн нь нас барсан цагаас хойш өөрийн төрсөн ах Лхамсүрэн овогтой Алтангэрэлийг өрх гэрийн тэргүүн болгож, мал идээгээ түүний нэр дээр тоолуулсаар өнөөдрийн хүрсэн болно.

Иргэн Л.Бямбажав би 3 хүү, 1 охин 4 хүүхэдтэй бөгөөд төрсөн ах Л.Алтангэрэл нь бие муутай, гэр бүл зохиогоогүй тул түүнийг асрахын хамт миний бие хүүхдүүдээ өсгөн 1980 оноос хойш мал малласаар яваа бөгөөд өөрийн мал малласан хүч хөдөлмөрөөрөө нэг хүү, нэг охиноо өрх тусгаарлан гаргасан билээ.

Миний том хүү Б.Нямдаваа. бага хүү Б.Батмэнд нарын хамт амьдарч байсан бөгөөд том хүү болох Б.Нямдаваа нь төрсөн эх намайг байнга үг хэлээр доромжилж, сүүлийн 3 жил удаа дараа зодож, ална хэмээн хутга мэс хүртэл барьж тулгах болсон

тул миний бие аргагүйн эрхэнд амиа хамгаалахын тулд Улаанбаатар хотод суух дунд хүү Б.Бат-Оргихынд зугтаж ирсэн билээ.

Л.Бямбажав би эдүгээ бие муу, эрхэлсэн ажил байхгүй, бага насны хүү Б.Батмэндийг асран хамгаалах, хувийн амьдралаа залгуулахад амьдрал хүрэлцэхгүй байх тул Говь-Алтай аймгийн Жаргалан суманд өөрийн төрсөн ах Л.Алтангэрэлийн нэр дээр байх мал идээ, өмч хөрөнгөнөөс хувь тасдаж авах хүсэлтэй байна. Миний ах Л.Алтангэрэл нь хүнд өвчтэй хөдөлмөрлөх чадваргүй болсон тул миний олон жилийн хүч хөдөлмөрөө зориулан байж өсгөсөн 300 гаруй ямаа, 200 гаруй хониноос 150 толгой ямаа зэргээ үлдээж ирсэн.

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт 2013, 2014, 2015 онуудын А дансны хуулбар түүнд миний нэр дээр мал байхгүй талаарх баримтыг надад танилцуулаагүй тийм баримт байгаа талаар мэдсэн бол би өөрийн зүгээс өөр нотлох баримт гаргаж өгөх байсан. Гэтэл би шүүхийн шийдвэрээс л тухайн баримтуудад миний шаардлагыг нотлох бус үгүйсгэсэн талаар мэдсэн. Гэтэл хэргийн материалтай танилцуулна гэсэн атлаа факсаар явуулсан баримтуудад л гарын үсэг зуруулаад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ер нь хуульд заасан эрхийнхээ дагуу хэргийн материалтай бүрэн танилцуулж хэргийг шийдвэрлүүлэх ёстой байдаг юм байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Бямбажав нь хариуцагч Б.Нямдаваа, Л.Алтангэрэл нарт холбогдуулан малын үнэ 20.000.000 төгрөг, Б.Нямдаваагаас хүү Б.Батмэндийн хүний хөгжил сангаас олгох хүүхдийн 20.000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг эх Л.Бямбажавын нэр дээр шилжүүлэх мөн 2013 оны 02 дугаар сараас 2016 оны 7 дугаар сарыг дуусталх хугацааны 20.000 төгрөг нийт 41 сарын хүүхдийн мөнгө 820.000 төгрөг гаргуулах, Гэр бүлийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн чадвартай болон амьдралын боломжтой том хүү Б.Нямдаваагаас эхийгээ тэжээн тэтгүүлэх тэтгэмжид 39.180.000 төгрөг нийт 60.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлахдаа ...миний бие 4 хүүхдийн хамт малынхаа ашиг шимээр амьдарч байсан. 2011 оноос хүү Б.Нямдаваа архи ууж, агсам согтуу тавьж зодож, цохих болсны улмаас мал хөрөнгөө орхиод Налайх дүүрэгт шилжин ирсэн. 200 хонь, 200 ямаа нийт 400 бог малыг зах зээлийн дундаж үнэ 150.000 төгрөгөөр тооцсон 60.000.000 төгрөгнөөс зарим болох 20.000.000 төгрөгийг ах Л.Алтангэрэл, хүү Б.Нямдаваа нараас гаргуулах, хүү Б.Батмэндийн хүний хөгжил сангаас олгодог сар бүрийн 20.000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг эх Л.Бямбажав миний нэр дээр шилжүүлэх, дунд хүү Б.Нямдавааг эрүүл, саруул өсгөж, өдий зэрэгт хүргэхэд архи дарсанд дуртай болж улмаар гар хүрч хамт амьдрах аргагүй болж зугтаж ирсэн. Иймд Б.Нямдаваагаас тэжээн тэтгүүлэх зардалд 39.180.000 төгрөг гаргуулж өгнө үү?.. гэжээ.

 

Хариуцагч Б.Нямдаваа нэхэмжлэлийн шаардлагын заримыг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэлээ тайлбарлахдаа: ...би одоо нагац ахтайгаа амьдарч түүнийг асарч, хамгаалж байгаа. Нэхэмжилж байгаа 60.000.000 төгрөгний эд хөрөнгө байхгүй...,

Хариуцагч Л.Алтангэрэл зөвшөөрөхгүй үндэслэлээ ...анх явахдаа бидэнд юу ч хэлээгүй, нэг л өдөр өрөөл татуу болсон ахыгаа, өөрөөсөө гарсан үрээ хаяж яваад яаж өмч хөрөнгийг маань булаацалдаж байна, би хоёр хүүхдийг нь хүртэл тусд нь гаргаж өгсний хариу энэ юм байлгүй. Харж ханддаг хүнийг архи ууж ирээд чамайг зодож байхыг би хараагүй, Б.Нямдаваад өмч хөрөнгө гэх юм байхгүй... гэжээ.

 

Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар аливаа этгээд хууль ёсны эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргах эрхтэй боловч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д ...нэхэмжлэгч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй...гэж заажээ.

 

Гэтэл нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн мал ахуйтай байсан эсэхээ шүүхэд баримтаар нотолж чадаагүй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа шүүхэд нотолж чадаагүй байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлж, Иргэний хууль, Гэр бүлийн тухай хуулиудын холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч нь ... хэргийн материалтай танилцуулсан гэсэн атлаа факсаар явуулсан баримтуудад л гарын үсэг зуруулаад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна... гэж давж заалдах гомдолдоо дурджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсаны дараа хэргийн материалтай танилцах эрх нэхэмжлэгч Л.Бямбажавт хуулиар олгогдсон ба уг эрхээ эдлэх боломжийг шүүх олгосон байх ба иргэний эрх зүйн чадамжтай нэхэмжлэгчийн хэргийн материалтай танилцсан баримт хавтаст хэрэгт авагдсан тул хэргийн материалтай танилцуулаагүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Шүүх хэргийн оролцогчийн эрхийг эдлэх боломжийг олгосон ба харин заавал эдлүүлэх үүрэг шүүхэд хуулиар ногдоогүй болно.

 

Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хэргийн материалаас зохигчид ач холбогдол бүхий баримт, материалыг факсаар танилцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж

заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 430 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

Т.ЖАРГАЛСАЙХАН