Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2017/00355

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 101/ШШ2017/00355

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, 1 дүгээр байр 0 тоотод оршин суух Б.А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 1 дүгээр гудамж, 2 тоотод оршин суух Т.Г-д холбогдох,

 

Ажилд оруулж өгөхөөр амлаж авсан 3.175.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Золзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Иргэн Т.Г, Т.Р гэх ах дүү 2 хүн намайг Орхон аймгийн 5 дугаар сургуульд багшийн ажилд найдвартай оруулж өгнө гэж 2016 оны 06 дугаар сарын 22-ны амлаж, итгэл төрүүлж байгаад 6 удаагийн үйлдлээр нийт 2.875.000 төгрөгийг Т.Г өөрийнхөө дансанд шилжүүлэн авсан. Түүнээс хойш Т.Г, Т.Р нар нь утсаа авахгүй худлаа ярьж намайг хуурч мэхэлсэн. Тэгээд миний бие энэ 2 хүнийг цагдаагийн газарт шалгуулж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Иймд иргэний шүүхийн журмаар Т.Г, Т.Р нараас дансаар шилжүүлсэн  2.875.000 төгрөг, өмгөөллийн хөлс 300.000 төгрөгийг нийт 3.175.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Миний бие Т.Г, Р.Р нарт холбогдуулан 2.875.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл хариуцагч Т.Р нь хаягтаа байхгүй тодорхой хаяггүй учир Т.Рг хариуцагчаар татсан нэхэмжлэлээс татгалзаж байна. Харин хариуцагч Т.Ггаас 2.875.000 төгрөгөө гаргуулж авна. Т.Г намайг Орхон аймгийн  5 дугаар сургуульд оруулж өгнө, багшлах эрхийн үнэмлэх гаргаж өгнө гэж дээрх мөнгийг өөрийнхөө данс руу шилжүүлж авсан бөгөөд мөн Ц гэх хүний дансанд 75.000 төгрөг, дүү М-ын дансанд шилжүүлж авсан болно. Би М, Ц нарыг танихгүй уулзаж учирч байгаагүй. Т.Г эгч өөрөө надтай хамт ажиллаж байсан болохоор түүний үгэнд итгэж мөнгөө  шилжүүлсэн болно. Түүнээс биш би Р гэдэг хүнийг мэдэхгүй. Ямар нэгэн яриа хэлцэл хийж байгаагүй. Р-д өгсөн  950.000 төгрөгийг манай энэ ахад өг гэж надаар өгүүлсэн болно. Иймд нэхэмжилсэн  2.875.000 төгрөгийг Т.Ггаас гаргуулж өгнө үү. Өмгөөллийн хөлс 300.000 төгрөгөөс татгалзаж байна” гэв.

 

Хариуцагч Т.Г, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Тус шүүхэд хэлэлцэгдэж байгаа Б.А-н нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар Т.Г намайг татсан байна. Нэхэмжлэлд дурдсан байгаа шиг би энэ хүнээс мөнгө аваагүй бөгөөд намайг залилагч мэтээр бичсэн байна. Миний Хаан банкны данс руу 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 1.350.000 төгрөг орсон. Энэ мөнгийг миний данс руу хийсний дараа надад хэлсэн бөгөөд уг мөнгийг тэр өдөр нь Т.Рд гаргаж өгсөн. Энэ мөнгөний асуудал Б.А, Т.Р нартай холбоотой бөгөөд намайг хариуцагч болгон мөнгөний тоогоо нэмэгдүүлж худал гүтгэж байгаад туйлаас эмзэглэж байна. Би түүнээс мөнгө залилсан тохиолдол байгаагүй. Тиймээс надад холбогдуулан гаргаж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигч, төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Т.Г, Т.Р нарт холбогдуулан залилан мэхэлж авсан 3.175.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Р-д холбогдох шаардлагаасаа татгалзаж, хариуцагч Т.Г-гаас Орхон аймгийн 5 дугаар сургуульд багшийн ажилд оруулах, багшлах эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөр авсан гэх 2.875.000 төгрөгийг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үнийн дүнг багасгажээ.

                                                    

Хариуцагч Т.Г нь нэхэмжлэгч Б.А-н гуйлтаар түүнийг Орхон аймгийн сургуульд ажилд оруулах талаар өөрийн ах Т.Р-тэй холбож өгсөн, түүний шилжүүлсэн мөнгийг Т.Р-д өгсөн учир нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэстэй гэж дүгнэв.

 

Зохигчид “О” сургуульд хамт ажиллаж байсан найз нөхдийн холбоотой байсан ба нэхэмжлэгч Орхон аймгийн сургуульд багшийн ажилд орох хүсэлттэй, туслах хүн байгаа эсэх талаар хариуцагчид хандаж байсан үйл баримтын хувьд тэд маргахгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Т.Г-ийн дансанд 1.370.000 төгрөг, хариуцагчийн хэлсний дагуу дүү Т.М-ын дансанд 240.000 төгрөг, Д.Ц-ийн дансанд 75.000 төгрөг тус тус шилжүүлсэн, мөн бэлнээр 950.000 төгрөг ах Т.Р-дээ өгүүлсэн гэж хариуцагчаас буцаан шаарджээ.

 

Нэхэмжлэгчээс хариуцагч Т.Г-гийн Хаан банкин дахь 0 тоот дансанд 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр 3 удаагийн гүйлгээгээр 20.000 төгрөг, 230.000 төгрөг, 1.120.000 төгрөг, нийт 1.370.000 төгрөг, мөн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Т.М-ын Хаан банкин дахь 0 тоот дансанд 240.000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Д.Ц-ийн Хаан банкин дахь 0 тоот дансанд 75.000 төгрөг тус тус шилжүүлсэн болох нь банкны орлогын болон мөнгөн шилжүүлгийн баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын дансны хуулгаар тус тус нотлогдож байна /хх-8, 10-13, 68, 72/.

 

Хариуцагч Т.Г нь нэхэмжлэгч Эрдэнэт явах замын зардал 20.000 төгрөг зээлж аваад дансаар буцаан шилжүүлсэн, үүний дараа дансанд нь шилжүүлсэн 1.350.000 төгрөгийг ах Т.Р-д өгсөн, Т.М, Д.Ц нарын дансанд мөнгө шилжүүлсэн болон бэлнээр 950.000 төгрөг өгсөн асуудлыг мэдэхгүй гэж маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

 

Т.М, Д.Ц нарын дансанд мөнгө шилжүүлсэн баримтад хариуцагчид шилжүүлэх талаар тусгагдаагүй байх тул уг баримтуудаар хариуцагчид мөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Хэрэгт нэхэмжлэгчийн эх Ц.Л-ын гомдлоор Т.Р-д холбогдуулан үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2016 оны 206 дугаар тогтоол, Ц.Л-ын өргөдөл, төлбөр барагдуулах гэрээ зэрэг баримт авагдсан ба талууд уг баримтуудтай холбоотой баримт, түүнчлэн нотлох баримт бүрдүүлэх талаар шүүхэд хүсэлт гаргаагүй учир эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны баримтыг тус иргэний маргаанд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлээгүй болно /хх-55-58/.

 

Мөн хариуцагчийн татгалзлыг нэхэмжлэгчийн дансны хуулгатай харьцуулж үзэхэд түүнээс замын зардал 20.000 төгрөг зээлсэн гэх цаг хугацаанд нэхэмжлэгчийн дансны үлдэгдэл 301.770 төгрөг байсан байх тул нэхэмжлэгчид 20.000 төгрөг зээлдүүлсэн гэх татгалзал үгүйсгэгдэж байна /хх-68/.

 

Иймээс Т.М, Д.Ц нарын дансанд шилжүүлсэн мөнгийг, мөн ах Т.Р-дээ бэлнээр өгүүлсэн 950.000 төгрөгийг тус тус хариуцагч Т.Г хариуцна гэх нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн шилжүүлсэн 1.350.000 төгрөгийг ах Т.Р-дээ өгсөн, мөн зээлсэн 20.000 төгрөг нэхэмжлэгч буцааж өгсөн гэх хариуцагчийн татгалзлыг тус тус шүүх баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэв. Мөн нэхэмжлэгчийн шаардсан дүнг нэгтгэн тооцож үзэхэд 2.635.000 төгрөг болж байх ба ямар үндэслэлээр зөрүү 240.000 төгрөг /2.875.000-2.635.000/ нэхэмжилж байгаагаа шүүхэд тайлбарлаагүй, баримт гаргаагүй болно.

 

Харин нэхэмжлэгчээс хариуцагчид 1.370.000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх боловч хариуцагч Т.Г нэхэмжлэгч Б.А-ийг Орхон аймгийн 5 дугаар сургуульд багшийн ажилд оруулах, багшлах эрхийн гэрчилгээ гаргаж өгөх үүрэг хүлээсэн байдал нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан  шаардах эрхтэй, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг  үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заажээ.

 

Иймд зохигчдын хооронд гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагч Т.Г-г өөрийн дансанд орсон мөнгөний хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж, түүнээс 1.370.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгохоор шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Г-аас 1.370.000 /нэг сая гурван зуун далан мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.505.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.А хариуцагч Т.Р-д холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 40 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Улаанбаатар хотын банкин дахь 2609006167 тоот данснаас, хариуцагч Т.Г-аас 36.870 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэгчийн төлсөн 60.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА