Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 827

 

 

 

 

 

 

     2020         10         20                                   2020/ШЦТ/827

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,

улсын яллагч С.Мөнхгэрэл,

шүүгдэгч Г.Э,

... бичгийн даргаар Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Г.Э холбогдох 2002004350268 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Орхон аймгийн ..... суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт Орхон аймгийн ..... сум ... дугаар баг ... дэнж .. гудамж ...тоотод оршин суух хаягтай, /Чингэлтэй дүүргийн .. дугаар хороо ... нийтийн байранд түр оршин суух/ гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Г.Э /РД:ФБ971227../,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: яллагдагч Г.Э нь мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, олж авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Э нь 2020 оны ... дугаар сарын 29-ний өдөр Орхон аймгийн ..... сумын нутаг дэвсгэрт байрлах “...” гэх газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” гэх нэршилтэй нийт 63 г жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авч, түүж бэлтгэн 2020 оны 8 дугаар сарын 14- ний өдөр хүртэл .. дүүргийн .. дугаар хороо .... тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Эын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,

- шүүгдэгч Г.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн:“...Би уг “өвс” гэх нэршилтэй бодисыг Орхон аймгийн ..... сумын ... гэх газраас түүж авсан юм. Тэр хавьд ганц хоёр бутаар ургасан байсан...би өмнө нь өвсний талаар интеонетээс уншиж байсан юм. ... гэх газар луу ... дугаар сарын 29-ний өдөр хадлан байгаа эсэхийг үзэхээр явж байгаад ургасан болохоор нь сонирхоод жоохон түүсэн юм. Хэн нэгэнд уг “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодисоос өгсөн эсхүл худалдсан асуудал огт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50х/,

- 2020 оны 8 дугаар сарын 14-ны өдрийн нэгжлэг хийсэн тухай “...гялгар ууттай ургамал илэрснийг эд мөрийн баримтаар хураан авав." гэх тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 4-7х/,

- Г.Эын биеэс биологийн дээж авч мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тест ашигласан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8- 10х/,

- гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай найз Э 2020 оны 0... дугаар сарын 30-ны өдөр ... аймгаас ирээд байрлах газар байхгүй гээд манай гэрт байрласан. Би эхэндээ би Э-ыг өвс гэх мансууруулах бодис авчирсныг мэдээгүй ээ. Харин 2020 оны 08 дугаар сарын 10, 11-ний үеэр миний түрээсэлж байгаа нийтийн байрны гадна Э- тэр өвс гэх бодисыг гаргаж ирэхээр нь би сонирхоод нэг удаа л хамт хэрэглэсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 21х/,

- 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 448... дугаартай шинжээчийн “...ногоон өнгийн ургамал мэт зүйлээс делта 9 тетрагидроканнабинол илэрсэн...” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 33-35х/,

- 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 4489 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн "Э- 2020.08.14” гэж хаягтай шээснээс тетрагидроканнабинол илэрч байна...” гэх дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 23-25х/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 82... дугаартай “...Г.Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай...хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43х/,

- зэрлэг олсны ургамлын тархцын талаарх судалгаа, /хх-ийн 61-83х/,

- эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 19х/,

- мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 14-15х/,

- ял шалгах хуудас /хх-ийн 59х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Г.Эын мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Г.Эод ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь харгалзан үзэж 1 жил хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэв.

Сэтгэцэд нөлөөлөх, мансууруулах бодисыг хэрэглэсэн хүн нь өөрийн хийж буй үйлдлийг ухамсарлаж чадахгүйн улмаас нийгэмд аюултай үйлдэл хийдэг бөгөөд бие махбоддоо эдгэршгүй олон тооны өвчнүүдийг тусах суурь болдгоороо нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээгээрээ аюултайд тооцогддог юм. Мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд зааснаар нийгэмшүүлэх, цээрлүүлэх, хүмүүжүүлэх зорилгоор хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа 74г, цэвэр жин нь 63г сэтгэцэд нөлөөт бодис нь шүүгдэгч гэмт хэргийн замаар хориотой ургамал олж авч түүнийгээ хэрэглэх, хадгалах зорилгоор ашигласан эд зүйл байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгах нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн мөрдөн шалгах ажиллагааг баримтжуулсан дүрс бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Г.Э мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, хадгалсан, буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн тусгай ангийн 20.... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Эод 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Г.Эод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр  тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Г.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Г.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалаатай байгаа 74г, цэвэр жин нь 63г сэтгэцэд нөлөөт бодис нь шүүгдэгч гэмт хэргийн замаар хориотой ургамал олж авч түүнийгээ хэрэглэх, хадгалах зорилгоор ашигласан эд зүйл байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулж, устгасан талаарх баримтаа шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн СиДи 1 ширхэгийг хэрэг үлдээсүгэй.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Г.Эод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ        С.БАТГЭРЭЛ