| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2020/0796/Э |
| Дугаар | 828 |
| Огноо | 2020-10-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 828
2020 10 20 2020/ШЦТ/828
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
.... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
улсын яллагч Ц.Майбаяр,
шүүгдэгч З.Б,
нарийн бичгийн дарга Б.Мөнхтөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар .... дүүргийн прокурорын газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, .... овогт З.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2011000000879 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт .... дүүргийн ... дугаар хороо, ....дугаар гудамж .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, .... овогт З.Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч З.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.Б нь 2020 оны 08 дугаар сарын 23-ны өдөр .... дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ....дугаар гудамж .... тоотод “...хамаатны хүүхэд ....ийг зодлоо...” гэх шалтгаанаар хохирогч бэр эгч ...тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний доод зовхи, хацар хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт үйлдэл хийсэн болох нь:
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
-шүүгдэгч З.Б--Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б- нь манай эхнэр Н-ийн төрсөн эгчийн хүүхэд болох О-ийг “хүүхдийг балайгаар дуудаж, хүүхэд гэрт оруулсангүй” гээд нуруун дээр нь цохисон байсан болохоор нь би дүүгээ өмөөрөөд Б-тэй маргалдсан юм. Тэгээд би Б-г аяга тавгаа угаадаггүй, арчаагүй, үүнийгээ цэвэрлэ гээд хэлсэн чинь Б- намайг сохор доголон гэх мэтээр доромжлохоор нь миний дургүй хүрээд Б-г нэг удаа хацар дээр нь алгадсан юм. ...Би бэр болох Б-гийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26х/,
- хохирогч ...гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 16 цагийн үед гэртээ байж байхад гаднаас манай охин Ц- орж ирээд “О- гэрт намайг тоглоё гэчхээд хаалгаа дотроос нь цоожилчхоод намайг оруулахгүй, “балай” гэж дуудаад байна" гэж хэлэхээр нь би гэрээсээ гараад хажуугийн гэр лүү орж, хаалгыг нь татахад хаалгаа дотор талаас нь цоожилсон байсан ба О- дотроос нь хаалгаа тайлж өгсөн. Тэгээд дотогшоо ороход хүргэн дүү Б- 2 охин нь орон дээрээ хэвтэж байсан ба гэрт ороод О-т “яагаад манай хүүхдийг балайгаар нь дуудаад байна” гэхэд Б-ийн 2 хүүхэд нь бид хоёр унтаж байсан ш дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би О-ийн нуруу луу нь гараараа 1 удаа цохиод гэрээс нь гарсан. Ингээд гэртээ байж байхад ойролцоогоор 30-аад минутын дараа манай хүргэн дүү Б-э, түүний эхнэр Н- нар орж ирээд “манай хүүхдийг зодож, гэрээс нь хөөдөг хэн бэ” гэхээр нь би юм дуугараагүй. Тэгсэн Б-э над руу гадаа тогоон дотор байсан аяга, нохойны идүүр авч миний нүүр лүү шидсэн. Мөн ширээн дээр ил байсан заазуур авч над руу далайсан. ...2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шинжээч эмч Т.С-ийн гаргасан 9779 дугаартай дүгнэлтэд бичигдсэн гэмтлийг Б-э учруулсан. Тухайн үед Б-э гараараа миний нүүрлүү 3-4 удаа цохисон. Гэхдээ зарим цохилт нь оноогүй, учир нь Б-ийн зүүн талын нүд нь юм хардаггүй юм. Тэр утгаараа онож чадаагүй гэж би бодож байна. ...Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 гарсныг нэхэмжилж байна. Намайг хэл амаар баахан доромжилсонд гомдолтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11х/,
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 9779 дугаартай “...гийн биед зүүн нүдний доод зовхи, хацар хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 18-19х/,
- шинжээч Т.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Уг гэмтэл нь нэг цаг хугацаанд үүссэн байна. уг гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд зүүн нүдний доод зовхи, хацар хамарсан гэдэг нь нэг хэсэг газар гэсэн үг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч З.Б хохирогч бэр эгч ...тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч ...гийн энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэхэмжилсэн 8.000 төгрөгийг тус хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд байхад төлж барагдуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч З.Б бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Харин хохирогч ... нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч З.Бд ял шийтгэл оногдуулахдаа хууль ёсны болон шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээсэн, бусдад төлөх төлбөргүй байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг нь харгалзан тохирох хэмжээгээр нь торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч З.Бд шүүхээс оногдуулсан торгох ялын төлөх хугацааг түүний орлого олох боломж, өөрийнх нь хүсэлтийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар шүүх тогтоов.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч .... овогт З.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.Бд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар З.Бд оногдуулсан торгуулийн ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.
5. Хохирогч ... нь энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, З.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ